UBLife Logo
Newsfeed

Гүн хар мэдрэмжээс чөлөөлөгдөхөд чинь туслах үгс

Гүн хар мэдрэмжээс чөлөөлөгдөхөд чинь туслах үгс

Хэн ч чамайг ойлгохгүй, яагаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй үе заримдаа тулгардаг уу? Цээжин дотор жижиг хар зүйл томорсоор хүндэрсээр... Яаж хөнгөлөхөө мэдэхгүй ч нэг тийш зугтмаар аль эсхүл чангаас чанга орилмоор үгүй бол бүр дуугаа хураагаад нуугдчихмаар. Хэрэв энэхүү мэдрэмжүүд чамд төрж байвал чи ганцаараа биш шүү найз минь.  

Хүн бүр өөр өөрийн асуудалтай. Тэдний амьдралын өнгө, асуудлуудын шалтгаан л өөр болохоос төрдөг мэдрэмжүүд ижилхэн байдаг. Чингээд бодохоор энэхүү ертөнцөд хэн нэгнийг үзэн ядах нь өрөөсгөл ойлголт мэт.  

Тиймээс найз минь утга учрыг эрэлхийл. Өөрийгөө анирд. Яг үнэндээ чамд чамаас өөр хүн үгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Чи бол өөрт байгаа цор ганц эрдэнэ бас боломж. Тэд чамайг ойлгохгүй л байг. Угаас бид бодол унших боломжгүйгээс хойш өөр хоорондоо ойлголцохгүй үе тохиох нь байдаг л нэг хэрэг. Иймд өөрөө өөрийгөө ойлгох аяллыг одооноос эхлүүлээрэй.

Унах ёстой бол уна. Энэ өндрөөс үсэр гэсэн үг огтоос биш шүү. Мэдрэгдэж буй мэдрэмжийг тултал нь мэдэр гэж байгаа юм. Заримдаа бид мэдрэгдэх мэдрэмжүүдээ нууж явсаар түүндээ бүр идэгдэж орхих нь бий. Тиймд яг одоо чамд юу мэдрэгдэж байна түүнийгээ анзаар. Ойлго, гадагшлуул, өөрийгөө энхрийлээрэй.  

Угтаа гүн хар мэдрэмж гэдэг нэг л өдрийн дотор бий болчихдог зүйл биш юм. Энэ нь хурсаар хурсаар олон өдөр, сар жилийн хугацаанд сэтгэлд чинь хуримтлагдсан мэдрэмжүүдийн цуглаан юм. Иймд хэнд  ч бурууг өгөх хэрэггүй дээ найз минь. Гагцхүү тэрхүү мэдрэмжүүдийг чөлөөлж хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Иймд өөрийгөө буруутгах хэрэггүй дээ. Бага насны дурсамж, нийгэм, хүрээлэл, туулсан бүхэн чинь өнөөдрийн чамайг бүтээсэн. Юунд ч бүү харамс, өөрийгөө бүү ялла. Бодит байдлыг хүлээж авах, буруутгах хоёр өөр хэрэг юм шүү. Чи бол энэ ертөнцийн аялагч юм. Аяллын утга учир нь үзэж, харах, мэдрэх гэдгийг чи сайн мэдэж байгаа байх. Угаас үүрдийн зүйл гэж үгүй. Зовлон, гуниг харуусал, аз жаргал ч тэр түр зуурынх учраас энэ бүгд өнгөрнө гэдэгт итгээд нар руу хараарай. Нар чамайг гаднаас чинь анагаах болно. 

Хүндэтгэсэн- М. Гэрэлмаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.