UBLife Logo
-

Япон, Монгол хоёрын маш энгийн нэг ялгаа

Япон, Монгол хоёрын маш энгийн нэг ялгаа

Дэлхийн №3 эдийн засагтай, Азийн тэргүүлэх гүрэн Японыг Монголтой харьцуулна гэдэг цаг алдсан хэрэг. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, эдийн засаг, технологийн хөгжил бүгд тэнгэр газар шиг ялгаатай. Жаргал, зовлон нь хүртэл ондоо.

Өнгөрсөн сарын дундуур Японд хоёр удаа дараалан газар хөдөлж, цөөнгүй хүний амь нас эрсдэн, олон зуун барилга байшин, зам эвдэрч сүйдсэн тухай мэдээ дэлхий нийтийн сонорт хүрсэн. Гэвч дэлхий дээр шуугиант үйл явдал тасардаггүй болохоор бид энэ мэдээг дорхноо мартаж, дараачийн дуулиануудад сонор тавьсан. Харин энэ зуур япончууд амсхийгээгүй аж. Дээрх хоёр зурагт газар хөдөлсний дараах болон түүнээс долоо хоногийн хойдохыг яг нэг газраас авч харуулсан байна. Долоо хоног нутгаасаа хол яваад эргээд ирсэн хүнд бол энд юу ч болоогүй мэт л харагдах нь. Эвдэрч сүйдсэн бүгдийг богино хугацаанд засч, хэвийн горимд нь оруулжээ. Энд л Япон болон Монголын хамгийн том ялгаа байх шиг. Хэлж биш хийсч ирдэг байгалийн гамшгийн өмнө тэд хэзээд бэлтгэлтэй байдаг. Бэлтгэлтэй байгаад ч сүйд хийж чадах байгалийн хүчний эсрэг ямар ч техник, технологийн хөгжил хүчин мөхөсдөх тохиолдол бишгүй. Тийм тохиолдолд нөхөн сэргээх, эвдэрч сүйдсэнийг түргэн хугацаанд эргэн хэвэнд нь оруулах соёл, сэтгэл тэдэнд байна. Тэгвэл үүнтэй төстэй нэг Монгол жишээ бий.

Монголд ганцхан байдаг Түлэнхийн төвийн эмнэлэгийн барилгыг сэргээн засалгүй удаан жил болж, барилга “байгалийн шалгарал”-ыг даалгүй элэгдэж муудсан учраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт 2013 онд гарч, шинэ барилга барих яриа эхэлсэн. Гэвч үүнээс хойш гурван жил өнгөрөөд байхад барилгыг нурааж, суурийг тавьснаас өөр ямар ч ажил эхлээгүй байна. Одоо бол барилгын ажил бүр таг гацчихсан. Түлэнхийн төвийг эхлээд “Мөнгөн гүүр” гэх хувийн эмнэлэг, дараа нь Гэмтлийн эмнэлэг рүү нүүлгэснээр өөр зохицуулалт хийгдсэнгүй. Барилгын ажил хэзээ эхлэх, хэзээ ашиглалтанд орохыг хэн ч хэлж мэдэхгүй байна.

Япон, Монгол хоёрын хөгжил дэвшил хийгээд жаргал, зовлон ч ондоо. Хамгийн чухал нь жаргал болоод зовлондоо хариу барих нь бүр ч өөр ажээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.