“Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар байгуулсан “Эрдэнэт медипас” эмнэлгийн нээлтийн ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. 2012 онд суурийг нь тавьж, зэсийн үнийн уналт, эдийн засгийн хямрал зэргээс болж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оролгүй ажил нь сунжирсан ч анх бодож төлөвлөснөөрөө хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулж, гадаадад очиж авдаг эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдүүлж чадсан нь уг эмнэлгийг барьж байгуулсан хамт олны амжилт.
Эмнэлэг байгуулах санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь гаргасан бөгөөд нийт 35 сая ам.доллар буюу 69 тэрбум төгрөгөөр уг эмнэлэг босчээ. “Эрдэнэт медипас” эмнэлэг 170 ажилтны орон тоотой бөгөөд энэ оны нэгдүгээр сараас 120 орчим эмч, эмнэлгийн ажилтантайгаар туршилтын журмаар ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийж, япон маягийн урьдчилан сэргийлэх цогц үзлэгт 1700 орчим хүн хамруулжээ. Тус эмнэлэг ирэх сараас бүрэн хүчин чадлаараа ажиллах аж. Эмнэлгийн ажилтнууд “Манай эмнэлгийн тоног төхөөрөмж хамгийн орчин үеийнх. Тэр дундаа дүрс оношилгоо, дурангийн тасаг, лабароториуд дэлхийн түвшинд өрсөлдөхүйц тоног төхөөрөмжтэй. Mанай дурангийн тасаг Монголд хамгийн том хүчин чадалтай нь” хэмээн бахархангуй танилцуулах аж.
Мөн “Эрдэнэт медипас” эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэх, үйлчилгээгээ иргэдэд ойртуулах, хөнгөвчлөх зорилгоор цахим эмнэлэг болох зорилго тавьж, түүндээ хүрчээ. Эмнэлгийн мэдээлэл, технологийн албаны дарга Мөнгөнсүх “Бүрэн автоматжсан, цахим эмнэлэг болж чадсан нь манай эмнэлгийн нэг том давуу тал. Бид найдвартай, хурдан шуурхай, эмч нарынхаа хүч боломжийг зөв зохион байгуулалттайгаар ашиглах гэсэн гурван зарчмыг баримталж, цогц цахим шийдэл хийгээд дууслаа. Хорь гаруй жил Японд туршигдсан системийн суурин дээр, япончуудын зөвлөгөө, туслалцаатайгаар эмнэлгийн цахим системийг хийсэн. Дүрс оношилгоо, лаборатори мэдээлэл, захиалга дамжуулах, эмнэлэг удирдах зэрэг таван том багцын 84 системийг цогцоор нь хийлээ. Одоо бид шаардлагатай тохиолдолд шинжилгээний хариуг Япон руу явуулж, япон эмч мэргэжилтнүүд цаг алдалгүй тэр шинжилгээг уншиж, хариу өгнө. Тэнд япон эмч шинжилгээний хариу, тохирох зөвлөгөөг бичиж байхад бид энд түүнийг нь япон, англи, монгол хэлээр уншаад сууж байна” гэв.
“Эрдэнэт медипас” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн олонхи нь дотоодод мэргэжил эзэмшжээ. Эмнэлэг нь Японы менежментээр ажиллах тул Японоос эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд богино хугацаагаар ирж сургалт зохион байгуулах, эмч нарыг Японд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдуулах зэргээр чадавхижуулах юм байна.
Уг эмнэлгийг байгуулах санхүүжилтыг “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь гаргасан тухай дээр дурдсан. Тэгвэл япончууд ямар гэрээгээр, ямар нөхцөлөөр уг эмнэлгийн менежментийг хариуцаж буйг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуугаас тодруулахад, “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч, оношилгоо, эмчилгээний төв байгууллаа. Олон жил судалж, анхнаасаа япон менежменттэй, япон тоног төхөөрөмжтэй эмнэлэг байгуулна гэж төлөвлөсөн. Тэгээд ТӨХ, ОХУ-ын талын хувь нийлүүлэгчидтэйгээ зөвшилцөөд барьж, байгуулж эхэлсэн.
Орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж бүхий эмнэлгийн цогцолбор төслийн бүтээн байгуулалтад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Японы эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар Япон Улсын эмнэлгийн менежментийг Монгол Улсад нутагшуулах зорилгоор “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн оны есдүгээр сард Япон Улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааг дэмжих “Medipas” нийгэмлэг, Японы Улсын хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-тай урт хугацааны туршид хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээ дөрвөн гол нөхцөлтэй.
Нэгдүгээрт, Японы эрүүл мэндийн менежментийг нэвтрүүлэх, хоёрдугаарт, Японы хөрөнгө оруулалтаар 200 ортой эмнэлэг байгуулах, гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад хөнгөлөлттэй нөхцлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, дөрөвдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрээс оруулсан хөрөнгийг Японы тал эргүүлэн төлөх гэсэн нөхцөлтэйгээр гэрээ байгуулаад, ажил эхэлсэн” гэв.
Гэрээ ёсоор бол, Японы тал 18 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт эмнэлэг байгуулсан хөрөнгийг буцаан төлөх, гурван жилийн хугацаанд 200 ортой хэвтэн эмчлүүлэх эмнэлэг байгуулах үүрэг хүлээж буй аж. Өөрийн хөрөнгөөр барьсан эмнэлгээ япончуудад менежментийн хувьчлалаар өгчихсөн эрдэнэтчүүд, монголчууд эмнэлгийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар тодруулахад “Эрдэнэт” үйлдвэр хяналт тавина” гэж хариулав.
Эмнэлгийн үйлчилгээ авахаар гадаад руу урсаж буй вальютын урсгалыг Монголдоо үлдээх, дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэмээн зорилгоо тодорхойлсон “Эрдэнэт медипас” эмнэлгийнхэн үзлэг, оношилгооны үнэ тарифаа Улаанбаатарын “Интермед”, “Грандмед”, “Сонгдо” зэрэг эмнэлгийнхээс дунджаар 10 хувийн хямд тогтоожээ. Орхон аймгийнхан төдийгүй хангайн бүсийнхэнд үйлчлэх, олон улсын жишигт хүрсэн оношлогоо эмчилгээний төв болгоно гэсэн ТЭЗҮ-тэй тус эмнэлгээр одоохондоо эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжгүй. Шинээр байгуулагдсан эмнэлэг хоёр жил үйл ажиллагаа явуулж байж магадлан итгэмжлэгдэж, эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх боломжтой болох хуулийн заалттай. Харин орон нутгийн иргэдийг шинэ технологитой, орчин үеийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжоор хангах талаар Засгийн газар санаа тавьж, магадлан итгэмжлэл олгох хоёр жилийн хугацааг наашлуулах талаар анхаарна гэж амалжээ.









Хагалгааны хэсэг


Ариутгалын тасаг

Эд эсийн лаборатори

Эмэгтэйчүүдийн оношлогооны тасаг

Зүрхний өнгөт эхо


