UBLife Logo
-

Хотуудын хөгжлийн түүх №2: Бээжингийн хот төлөвлөлтийн нууц

Хотуудын хөгжлийн түүх №2: Бээжингийн хот төлөвлөлтийн нууц

“The Guardian” сонин “Хотууд” буландаа дэлхийн соёл иргэншилд онцгой нөлөөтэй хотуудын түүхийг өгүүлдэг билээ. “UB.life” тэдгээрийг цувралаар хөрвүүлэн хүргэж байна. Архитектур, дизайны шинжээч Оливер Вэйнрайт өмнөд хөршийн нийслэл Бээжингийн түүх, хөгжлийн онцлогийг хүүрнэжээ.

 

Тяньаньмэний талбайн захад байрлах Бээжингийн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимын гүнд тус хотын макет бий. Мод, шилээр барьсан, тоо томшгүй хавчиг барилга, орон сууцны, хаус хорооллууд хаанаас авчраад өрчихсөн юм гэмээр түмэн янзын цамхагуудтай чихцэлдэн хотын тойргийг гадагш түлхэнэ.

22 сая хүнтэй аварга хотыг төлөвлөнө гэдэг биелэгдэшгүй даалгавар гэлтэй. Хотын өөрчлөлт бүрийг тусгахад энэ хавтан багадна. Бараг 1000 км урт замаар хүрээлэгдэх долоо дахь тойргоо босгож байгаа Бээжинг агуулахад энэ барилга ч жижигдэнэ. Гэхдээ хотыг эгц дээрээс нь ажвал энэ бүх замбараагүйн цаана маш нарийн зохион байгуулалт нуугдаж байгааг олж харна. Геометрийн төгс харьцаа нь газраас лав харагдахгүй. Учир нь авцалдаагүй мэт санагдах энэ метрополис үнэндээ хүн төрөлхтний түүхэн дэх хот төлөвлөлтийн анхны баримтуудын нэгээс урган боссон нандин бүтээл юм.

Юун түрүүнд та хотын өмнөд ба хойд хэсгийг хуваасан 20 км урттай шугамыг олж харна. Үлэмж урт энэ тэнхлэг Бээжингийн хоёр хязгаарыг Хориотой хотын тэг дундуур яг л тектоник хөдөлгөөнөөр салгачихсан мэт тусгаарлах аж. Бээжинг голтой, 73 га талбайтай хааны ордныг нь чулуутай зүйрлүүлж болно. Ордныг хотын голд шидээд долгион үүсгэчихсэн мэт. Байшин, хороолол, гудамж бүр нь тэгш хэмтэй. Эзэн хааны удирдлага дор дэг, эв журам цогцолсон хот байгуулна гэж зурагласан болохоор аргагүй биз.

Бээжин хааны хязгааргүй эрх мэдлийн илэрхийлэл байлаа. 3000 гаруй жилийн өмнө Жи хот нэрээр байгуулагдсан Бээжин өнөөгийн хэлбэрээ Мин гүрний (1368-1644) үед олжээ. Энэ бол Юнлэ хаан улсынхаа нийслэлийг Нанжинаас ийш нь нүүлгэж авчирсны дараах үйл явдал.  

Байшин, хороолол, гудамж бүр нь тэгш хэмтэй. Эзэн хааны удирдлага дор дэг, эв журам цогцолсон хот байгуулна гэж зурагласан болохоор аргагүй биз.

Хотын ерөнхий зургийг гаргахдаа МЭО V зуунд бичигдсэн “Жуан Зы” бичигт багтдаг “Байгуулах зарчим”-аас (Kaogong ji) санаа авсан нь Күнзийн захиргаадалт, удирдлагын сургаалын нэг хэсэг байлаа. “Нийслэлээ төлөвлөхдөө эртний тоолол, дэг жаягийг зориуд сонгон авсан нь эрх мэдлээ бататгах зорилготой байсан” хэмээн Лестерийн их сургуулийн судлаач Тоби Линкольн ярилаа. Хот төлөвлөлтийн хамгийн анхны бичиг баримтуудын нэг болох “Байгуулах зарчим”-д өмнөд, умард зүгийг хэрхэн тогтоохоос эхлээд нийслэл, жижиг, том хотуудыг ямар хэмжээ, хэмжээсээр байгуулах хүртэл хот байгуулахад хэрэгтэй бүхнийг заасан ажээ.

Уг баримтад улсын нийслэл хааш хаашаагаа есөн ли (Хятадын уламжлалт хэмжээс: нэг ли=500 м), тал бүр нь гурван гарцтай байх учиртай гэжээ. Хотын өмнөд хязгаараас хойд, зүүн захаас баруун хүртэл тус тус есөн өргөн чөлөө байна. Ингэхдээ тус бүрээр нь есөн морин тэрэг явахуйц өргөнтэй байхаар заасан байдаг. Агорафобтай (задгай орон зайгаас эмээх айдас) хүмүүсийн айдсыг төрүүлэм уудам замууд нь эндээс эхтэй ажээ.

Хан гүрний хаад, ноёд хотыг хязгааргүй эрх мэдлийн бэлгэдэл хэмээн огторгуйгаар төсөөлдөг байж. Энэ ертөнцийн төв нь мэдээж эзэн хаан. Төгс хот тэг дөрвөлжин (дэлхийг ийм хэлбэртэй гэж үздэг байв) байх бөгөөд төв замууд нь нийслэлийг эзэнт гүрний есөн аймгийг төлөөлсөн есөн хэсэгт тэнцүү хуваахаар зураглажээ. Тал бүрт диваажин, дэлхий, хүнийг төлөөлсөн гурван хаалга байв. Харин дөрвөн талын хаалгууд нийлээд дорнын зурхайн 12 жилийг төлөөлнө. Дундад гүрний тулах цэг болсон эзэн хааны эрхшээлд  хот, улс, цаашлаад орчлон ертөнц багтахуйн бэлгэдэл энэ байж.  

Бээжин тэр үед ямар хот байсан гэж санана. Мин гүрэн гартаа авч, засаж өөрчлөхөөс ч өмнө, XIII зуунд очсон Марко Поло хотыг “үлэмж, төгөлдөр, баялаг ийм загварыг давах шийдэл хаана ч байхгүй” хэмээн тодорхойлж байв. Юнлэ хаан XV зууны дундуур 10 метр өргөн хана бариулж дуусах үед Бээжин дэлхийн хамгийн том хот байлаа (XIX зууны эхэн хүртэл). Хамгийн эртний, баялаг соёл иргэншлийн төв болсон Бээжин шинжлэх ухаан, технологийн ололтоороо дундад зууны харанхуйгаасаа арайхийн ангижирсан Европоос илт давуу байсан юм.

Эрх мэдэл, хэв журмыг цогцлоож, арга билгийг хослуулсан энэ санаа Барууны ертөнцийн хэв маягаас эрс ялгаатай байв. “Шидэт дөрвөлжин: Эртний Хятадын хотууд” номыг бичсэн Альфред Шинц үүнийг “Эртний түүхэнд дэг журмыг хот байгуулалтад ашигласан хамгийн нарийн, нягт санаа” хэмээн тодорхойлсон.

Үлэмж, төгөлдөр, баялаг ийм загварыг давах шийдэл хаана ч байсангүй.

Хотын загвар иргэдийн өдөр тутмын амьдралд онцгой нөлөөтэй байв. Хотын хаалга бүр өөр өөр үүрэгтэй байжээ. Зүүн захын Чаоянмэнь хаалгаар үр тариа нэвтрүүлдэг учраас гадна талд нь төрөл бүрийн агуулахууд байх бол умард Аньдинмэнь хаалгаар өдөр бүр хар шороо оруулж ирдэг байсан аж. Аньдинмэний хаалганы гаднах чингэлгүүдэд чийглэг хар хөрсийг хатаан, фермерүүдэд зардаг байсныг дагаад хөдөө аж ахуйн худалдаа хөгжсөн түүхтэй. Харин өмнөд Чянмэнь хаалга худалдаа наймааны гол гарц. Зах, худалдааны төвүүд одоо ч тэнд бий. Харамсалтай нь 2008 оны Олимпийн наадмын өмнө уг гудам дагуух жижиг мухлагуудыг албадан нүүлгэжээ.

Хэрмэн хот айлаас өрх хүртэл бүхий л оршин суугчдын амьдралд дэг журам тогтоодог байлаа. Эзэн хааны ордны 9000 өрөө нарийн шатлалтайн адилаар Бээжингийн барилга, байшин бүр Күнзийн гэр бүлийн онол, эрх үүргийн шатлалын илэрхийлэл байв. Сыхэюань буюу дөрвөн байшингаар хашаалсан цэцэрлэгт сууцуудад ч гэр бүлийн гишүүд үүрэг, хариуцлагынхаа шатлалаар байрлана. Сыхэюаний хойд жигүүрт гэрийн эзэн эхнэртэйгээ (эхнэрүүдтэйгээ), зүүн жигүүрт ахлах хүү, баруун жигүүрт хоёр дахь хүү гэхчлэн амьдрах  бол гудамжинд ойр, урд хэсгийн байранд зарц, тогоочид амьдардаг байжээ. “Сыхэюань доторх нэг өрхийн амьдрал нийгмийн орших хэлбэрийг харуулдаг” хэмээн антропологич Франческа Брэйн тодорхойлсон юм.  

Хожмоо нийгмийн хэв журмыг сахиулах энэ аргыг БНХАУ-ын дарга Мао Зэдун ашигласан байдаг. Гэхдээ тэрбээр иргэдээ гэр бүлийн зарчмаар бус, ажлын байраар нь удирдахаар шийджээ. Иргэн бүр ажлын нэг байранд (danwei) харьяалагдах бөгөөд тэр ажлын газар нь захиргааны нэгж болсноор хувийн амьдралыг нь ч удирдахад амар болов.

“Danwei” яг л хот доторх хот мэт байлаа. Ажил олгогч нэгж бүр ажилчдынхаа байр, хоол, боловсрол, эрүүл мэндийг хариуцах бөгөөд нийтийн усанд орох, хоолны газартай. Гэвч нийгмийн төлөөх нэгдмэл үзлийг дэмжих учиртай энэ загвар нь аажимдаа өөр хоорондоо өрсөлдсөн, хаагдмал “арлууд”-ыг бий болгосон юм. Иргэд төрөхөөс нь үхэх хүртэл амьдралынх нь үйл явдал бүрт оролцож, гэрлэх, салах, хүүхэдтэй болох, эсэхийг нь шийддэг ажил олгогчдодоо л үнэнч байв. Ингээд урьд нь сайн тосолсон хөдөлгүүр шиг ажилладаг байсан нийгэм задарч эхэлжээ.

Сыхэюань доторх нэг өрхийн амьдрал нийгмийн орших хэлбэрийг харуулдаг

Тэр цагаас хойш ажлын нэгжээр удирдах тогтолцоог халж, төрийн эзэмшлийн компаниудын нэлээд хэсгийг хувьчилсан ч өнөө хэр нь Бээжингийн “хэрмэн” хяналт амьд хэвээр.  1920-иод онд Бээжинд очсон швед түүхч Освальд Сирэн хотыг хараад “Хана, хана, бас дахин хана” хэмээн тэмдэглэж байв. 1960-аад онд метро барихаар хотын хануудыг буулгасан ч ерөнхий загвар нь өөрчлөгдсөнгүй. Нарийн гудмуудаар алхсан тэмдэглэлүүдийг нь уншихад одоогийн Бээжингийн дүр зураг нүдэнд бууна. Хувийн сургууль, амралтын төвүүдээр хүрээлэгдсэн хаус, орон сууцны тансаг хорооллуудтай  тун ч төстэй загварыг амьжиргааны “өөр” түвшний дүүргүүдээс харж болно.

Бээжингээс урагшаа байдаг Шоубаожуан тосгонд хүрэх зам дагуу  “Аюулгүй байдлаа хамгаалж, гэмт хэргийг багасгая” гэсэн бичигтэй самбарууд дурайна. Ажил эрж хөдөөнөөс ирсэн 7000 гаруй оршин суугчдынх нь хувьд энд үдшийн цагаар хөл хориотой. Бээжинг хүрээлэн орших, Шоубаожуанаас гадна 15 тосгоныг 2010 оноос хойш “хаалттай менежмент”-ээр зохицуулах болсон нь тэр. Хязгааргүй эрх мэдлээр хянах схем Бээжингээс арчигдсан юм гэхэд нийгмийн хэв журам тогтооход хот байгуулалтыг ашиглах зарчим нь урьд урьдахаасаа бүр ч чухал болжээ.

Зургийг "Reuters"

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
34
20
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.