UBLife Logo
-

Нэг бадаг, таван аялгуу

Нэг бадаг, таван аялгуу

 

I

Аав нэгэн жигд, намуухан дуулж эхэлнэ. Хэзээд томддог энгэрт нь чихээ нааж, дуулахыг нь сонсвол тэр аялгууны цаад үзүүрт ямар нэг хөндий хоосон орон зай байх шиг хүнгэнэн, цуурайлна.

Жавраасаа наашаа жаварлаад байдаг

Жавар нь яасан хүйтэн бэ хө

Жаргалтай ганцаасаа салнаа гэдэг

Жамбал гуай ямар гөөжүүтэй вэ

гээд л, хүнд зовхио хагас буулган, хоёр тийш ганхан аялсхийнэ. “Миний хөгшин ээж л өвөр дээрээ дүү нарыг суулгаад ингэж дуулдагсан. Ээж минь 1800-аад оны сүүл үеийн хүн. Тэгэхээр энэ дуу дариу 200 гаруй жилийн настай, түүнээс өмнө хэчнээн ч зуун жил дуулсан бэ юм бүү мэд. Харин өөр хүн дуулж байхыг би л лав сонсоогүй” гэж ярина. Миний өндөр эмэг болох, нүүрний тал нь гэрэл цохиж бүдгэрсэн хар зурагнаас өөрөөр сайн мэдэхгүй түгдгэр, зузаан бор хөгшний уламжлуулсан эл дууг мэдэх удмынхаа сүүлчийн сонсогч нь би байж ч болох юм. Яг л Хосегийн удмын сүүлийн хүн шиг.

II

Хүний бараа тоотой үзэгдэх зэлүүд нутаг. Араажаваар хаа нэгтээ явах ардын дуунууд, П.Баярсайханы “Хөх туурийн тал”өгүүллэг. Хачирхуулах сонингүй бага насны минь дурсамж яагаад ч юм ардын дуутай хамаарна. Эсвэл тэрхүү дурсамжийн нэг хэсэг учраас ингэж тод санадаг юм уу, бүү мэд.

“Гомдол жаргалын нулимс унасан нь багагүй. Нулимсан дусал шингэсэн өвс ногоо хөх туурийн талд ургаж хагдарч бас дахиад л ургаж байдаг. Энэ тал нутаг хайртай дуугий нь ч элгэндээ тэврэн авчээ. Одоо тэр дууг өвгөнөөс өөр хэн ч үл мэднэ. Тэр дууг гараагүй бол өвгөн өдийд ямаршуу явах байсан юм бэ,  мэдэхгүй. Нэг л мэдэхэд дуулж явжээ.

Бүрэнхий цаг нь боллоо ДэлгэрмааБүрхтэй залуу нь ирлээ ДэлгэрмааУй нь үгүй л яваарайдаа ДэлгэрмааУлбаа нь үгүй л одооройдоо Дэлгэрмаа…”

гээд нүүрэн талдаа эргүүлдэг гурван товчтой орос хүлээн авагчийн дуу улам өндөрсөх шиг болсноо хэсэг чимээ алдрахад манай гэрийнхэн ч дагаад цөм чимээгүй болдогсон. Хөх туурийн тал гэж яг л миний нутаг шиг ийм тал байдаг биз. Энэ талаар хэчнээн хүн нулимс бүрхсэн нүдээр орчлонг сүүмийлгэн дуулж явсан болоо гэж одоо бодогдоно. Ийм талаар хэн нэгэн бүгээн сарны доор дуулж явна гэж бодохоор өөрийн эрхгүй гуниг төрөх шиг.

III

Нүгэл чиг нүглээс айсангүй дээ хө, нүдний нь хөөрхөнд даслаадаа гэсэн ардын дууны үгийг шинэчлэн их аятайхан хэлчихсэн нэг дуу бий. Бадар-Ууган агсны хоолойд үг, ая нь захиалгын гэдэг шиг зохицсон билээ. Тэнд,

Наадан тоглох нүд чинь ээ хөНүглийг ч мартмаар тормолзоно доо хө

гэх мөр байдаг. Энд буй нүглийг би л хувьдаа бурхны шашны нүгэлтэй хамаатуулмааргүй санагддаг. Барих биегүй сэтгэлийн дотор хэчнээн зүйлс амилж, амьдарч бас хувирдаг билээ. Түүн дотроос хайртнаа гэх сэтгэлээ үлдээн бусдыг нь хөөж чадсан бол нүгэлгүй сэтгэл нь тэр биз. Хүсэл шуналаас давж чадсан сэтгэл бүхэн нүгэлгүй гэсэн үг ч бий. Тиймээс бурханы шашин бус монголчуудын үзлээр хайр сэтгэл ийм байх билээ.

IV

Энэ ая намайг сургуульд орсон хойно ч тосгоны Соёлын төвд явдаг байсныг санаж байна. “Задгай цагаан үүл”. Аль нь задгай, аль бөөн болохыг тогтоох гэж өвсөн дунд тэнгэр ширтэн хэвтээд, салхины үзүүрээр тархан одохдоо ямархан хэлбэр, дүрс гаргахыг нь хачирхан хардагсан. Задгай цагаан үүл яагаад борооных болохыг, зангирч гардаг нулимс заавал яагаад янагийнх болохыг ухаарахааргүй балчир цагтаа сонссон юм. Одоо бол энэ дууны үг социалист нийгэм, соёлын довтолгоо, 70-аад оныг л санагдуулна. Гэлээ ч тэнд нэг мөр бий.

Дан дээлтэй гарсан юмсан

Даараа болов уу, яагаа бол

Хэний ч амнаас унаж болмоор, энгийн үгс. Гэвч хагацаж салсан амрагийнхаа араас ийн дуулж явсан нэгэн цаг үеийн өнөөтэй харьцуулах хэрэггүй. Өөр хүнийг даган хошуу алгасан одсон амрагийнхаа араас,

Гишүү мод нь гэрэлгүй дээ хонгор минь Гэнэтийн амраг нь жаргалгүй шүү үр минь хө

гэж дуулсан нь ч бий. Үгийн ур хийцийн талаас сайрхах зүйлгүй ч эдгээр мөрнүүдийн цаана жинхэнэ хайр сэтгэлийн бодит чанар  нуугдаж байж ч болох билээ.

V

Монгол киноны түүхэн дэх үзэгдэл гэж бардамхан нэрлэж болмоор нэг бүтээл байдаг. Тэр нь Д.Чимэд-Осор найруулж, Ц.Цэгмэд, Д.Ичинхорлоо, Г.Гомбосүрэн нар тоглож, Д.Намдаг зохиолыг нь бичиж, Д.Лувсаншарав хөгжмийг нь зохиосон “Нүгэл буян” кино. Нийгмийн хүчийг шашны хүчинд уусгаж, сарниулах гэсэн зорилго монголчуудын хэчнээн зууны турш ямар нөхцөлд авчирсныг харуулна. Нэгэнтээ эргэж эхэлсэн хүрдэндээ үлдэхийг хүсэгч, түүнээс зугтагч залуус, хайр сэтгэл, үзэл бодол, шүтлэг гээд монголчуудын сэтгэлзүйг үнэхээр сайхан гаргасан шиг санагддаг. Үүнээс хамгийн сонин нь киноны дуу.

Нинжин сэтгэлээр цоолдог байлаа хөНигүүлсэх гэсэндээ шагайдаг байж дээ хөНүгэл буяныг ялгаснаас хойшНөхөж цойлдоод яах билээ хө

Эхний хоёр мөр ёстой л Фройдын онолоор тайлбарламаар нарийн утгатай. Эмэгтэй хүн бол нүглийн дээд нүгэл гэх сургаалаар өссөн залуу ламын дурлал нинжин сэтгэл, нигүүлсэх үйлээс хальж хэрхэн чадах. Харин нүгэл буяны жинхэнэ төрхийг ялгаснаас хойш цонхны цоорхойг ч, сэтгэл зүрх, мухар сүсгийн цоорхойг  ч цойлдох хэрэг үгүйг танина. Утга уянгын гэхээсээ нэгэн үеийн монголчуудын сэтгэлзүй, амьдрах хэв маяг, түүхийг шингээсэн эл дууны үг их содон санагддаг билээ.

Дууг дураараа зохиохоос өмнө, арилжаа наймаанд хутгахаас бүүр өмнөх монголчуудын сэтгэл хөдлөл, хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл ая эгшиг, үг хэлэнд нь шингэн үлдсэн гэх миний бодол эндүү байваас дээрх “нэг бадаг, таван аялгуу”-г тэвчинэ буй за.  

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
47
31
15
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...