UBLife Logo
-

Хотуудын хөгжлийн түүх №3: Ромыг хэзээ ч төлөвлөж байгаагүй

U
UBLife
Хотуудын хөгжлийн түүх №3: Ромыг хэзээ ч төлөвлөж байгаагүй

Ромын хамгийн агуу түүхч Такитусын бичсэнээр Капитол толгод дээр байрлах Жюпитер Оптимус Максимусын агуу сүм эртний Ромын ирээдүйн хот байгуулалтын үндсэн түлхүүр болсон гэнэ.

Манай эриний 69 онд сүмд гарсан галын тухай бичихдээ Такитус “Сүм агуу хотын бэлгэ тэмдэг байсан бөгөөд сүмд гарсан их түймэр дайснууд болох галличуудад хотыг эзлэх сэдэл, урам өгсөн” гэжээ. Тэрбээр “Гай дуудсан их түймэр тэнгэрийн хилэгнэл ромчууд дээр байгааг баталсан агаад Алпийн хүмүүст тусгаар тогтнолоо алдахыг зөгнөсөн муу ёр байв” хэмээн бичсэн байдаг.  

Гэвч Такитусын айдас биелээгүй юм. Галличуудын бослого дарагдаж, сүмийг сэргээн барьсан бөгөөд эцэст нь христэд итгэгч эзэн хаан Теодосиус 392 онд хотыг эзэлсэн байна. Гэвч үнэндээ 455 онд болсон Вандалчуудын дайралтаар Ромын сүр хүч зүүнд шилжсэн түүхтэй. Сүмийн алтан хаалгануудыг салган авч одсон ба Италийн цэргийн жанжин Кассиодорус “Сүр жавхлант сүмийн орой дээр зогсох үед хүн төрөлхтөний оюун ухааны бүх бүтээлийн дээжийг харна” хэмээн бичсэн байдаг.   

Хотын төв цэг болсон сүм Ромын сүүлчийн хаан Лусиус Тарквани Супербусын хаанчлалын эхэн үед буюу ойролцоогоор 1000 жилийн өмнө баригдаж эхэлсэн бөгөөд 509 онд түүнийг хаан ширээнээс түлхэн унагаж, Ромын бүгд найрамдах улсыг байгуулах үед бүрэн дуусчээ. Тухайн үед Капитол дэлхийн хамгийн том сүм байсан агаад 24 баганатай, 53х63 метрийн харьцаатай нүсэх том байгууламж байв. Дотор нь латинчуудын бурхад болох Жуно, Жюпитер, Минервагийн хөшөө байрлана. Харин оройд нь дөрвөн морьт тэрэг хөллөсөн Жюпитерийн хөшөө байдаг байв.

Ромчууд Капитолыг шашных нь “төрсөн гэр” хэмээн үзэж, чухагт тооцдог

Роберт Коутес Стефенс

Перужиагийн их сургуулийн профессор Филиппо Коурелли “Ромын хаад Жюпитер Оптимус Максимус, Жуно Режина, Минерва бурханд зориулж Капитол Триадыг байгуулсан нь шашны чухал өв болсон” гэжээ. Мөн Капитолыг байгуулахдаа тэд улс төрийн төвийг ч давхар бий болгоно хэмээн төлөвлөж байсан хэмээн түүхчид үздэг.  

Ром дахь Британийн их сургуулийн доктор Роберт Коутес Стефенс “Ромчууд Капитолыг шашных нь “төрсөн гэр” гэж үздэг. Учир нь тэд толгод дайснуудад эзлэгдсэн ч сүм халдашгүй дархан хэвээр үлдэнэ гэж итгэдэг байсан юм. Тэдний итгэл биеллээ олж, 390 онд галличууд толгодыг эзэлсэн боловч сүм яагаа ч үгүй” гэжээ.

Тиймээс сүмийг Ром даяар дуурайлган барьж, ромчуудын амьдралын хэв маягийн нэгэн хэсэг болгосон байна. Мөн Ромын эзэнт гүрэн орчин үеийн хотжилтод хамгийн их нөлөө үзүүлсэн улсад тооцогддог. Ромын суурь МЭӨ VIII зууны үед буюу “Ромулус ба Ремус”, Вергилийн “Энеида” бичигдэх тэр л үед Тибер мөрөнтэй ойр, долоон толгодын дээр тавигдсан байна.

Оксфордын Гэгээн Жонын их сургуулийн эртний түүх судлалын профессор Жорж Кантор “Эртний болон дундад зууны үеийн чухал хотуудын адил Ром ч бас Тибер мөрний сав газрын хамгийн нам цэгт байгуулагдсан. Гэхдээ тэнгистэй тийм ч ойр биш учир болзошгүй аливаа эрсдлээс хол. Тиймээс Виа Салариа болон Давсны зам хотууд эх газрын давсны хэрэглээг залгуулдаг чухал газар болж хувирсан” гэжээ.

Капитол толгод шашны сүнслэг төв болсон агаад Ромын хаадууд намгийн халуун хумхаа өвчнөөс сэргийлэх, иргэд хоорондоо чөлөөтэй худалдаа наймаа хийх нөхцөлөөр хангахын тулд долоон толгодын дундах намгийг хатааж, хуурай газар болгох их ажлыг хийж байв. Мөн Сервиус Туллиусын хаанчлалын үед Капитолыг хамгаалах зорилгоор аварга том хэрэм тойруулан босгож байжээ.

Ром дахь Их Британийн их сургуулийн профессор Кристофер Смит “МЭӨ VI зууны төгсгөл гэхэд Ром хот төв хэсэгтээ нэгдэж, асар том хана хэрмээр хүрээлэгдсэн байв. Ром Италийн хамгийн сүр жавхлантай, хамгийн чухал газар болж хувирсан” гэжээ.

Капитол Триадын сүмийн загвар

Ялагдсан дайснуудтайгаа худалдааны түнш болох бодлого баримталсан учир Ромын бүгд найрамдах улс байгуулагдсаны эхний жилүүдэд мөнгөний их урсгал орж ирсэн байна. Тиймээс хувь хүмүүс хөрөнгөжиж, Триадын сүмийн бэлээр өндөр модон барилгууд барьснаар аяндаа нарийхан, холимог өнгө төрхтэй гудмууд үүсчээ.

Тэгэхээр Ромын хөгжлийг удирдан чиглүүлж байсан ямар нэг гол зарчим байна уу?

Эхэн үеийн хаад болон бүгд найрамдах засаглалд шилжсэний дараахан хот дахин төлөвлөлтөд анхаарах хэн ч байгаагүй. Гэвч түүхч Ливинийн бичсэнээр зарим хаадын үед хот төлөвлөлт хийж байсан ч галличууд тэр бүрт нь устгадаг байсан гэнэ.

МЭӨ 63 онд агуу уран илтгэгч Цицеро Ромыг Кампаниа хоттой харьцуулан ихэд гутарч байжээ. Учир нь уулархаг, намгархаг газар төлөвлөөгүй байгуулсан Ром тэгш тал дээр сайтар төлөвлөж барьсан Кампаниагаас дэндүү өөр байв.

Мөн хотын нэгдсэн төлөвлөгөө байхгүй учир агуу ялалт байгуулсан баатрууд, баян улстөрчид хүссэн газраа хүссэн барилгаа босгодог байлаа. Жишээ нь, чинээлэг улстөрч Юлий Цезарь олон нийтийн хүсэлтээр худалдааны зах барьж байсан бол Помпей өөрийн нэрэмжит театр, Сулла шинэ архивын газар байгуулж байлаа. 

Хувь хүний энэ их амжилт Ромын давуу тал болохын зэрэгцээ сул тал нь ч болж байв. Манай эриний 64 онд Эзэн хаан Нерогийн үед Ромын тал нь шатсан бол Тацитын хаанчлалын үед өргөн гудамж, чулуун барилгын стандарт тогтоох шинэчлэл хийгдсэнд унаган байгалиа алдах нь хэмээн ард иргэд ихэд эсэргүүцэж байж.

1563 онд Английн Хатан хаан Элизабет I “Romam uno die non fuisse conditam” буюу “Ромыг ганц өдрийн дотор бариагүй” хэмээх алдартай үгийг хэлсэн түүхтэй.  

Эртний Ром өнөөдөр: Капитол толгодын бэл дэх “Санчир” сүмийн балгас

Өнөөдөр Ромын бүгд найрамдах улс дундад зууны болон сэргэн мандалтын үеийн Ром дор дарагдсан. XVIV зуунд буюу 1871 онд Италийн нэгтгэлийн үед Ром үгүй болжээ. Алдарт долоон толгодыг тэгшилж, шинэ суурингууд байгуулсан юм.

Өнөөгийн бидний мэдэх дэлхийд эзлэгдсэн эртний, хүчирхэг, бүгд найрамдах Ром хотын түүх бидэнд хот төлөвлөлтийн тухай чухал хичээл заана. Өнөөдөр бид Ромын гэрээслэн үлдээсэн санаануудын дагуу барьсан олон давхар барилга, хатуу хучилттай зам, явган хүний гарцтай хотуудад аж төрж буй.   

Хот төлөвлөлтийн амин сүнс болсон сүлжээний тогтолцоог Ром МЭӨ III зуунаас эхлэн Европ даяар “экспортолсон” ч өөрөө ажилчин хөлсөлж үүнийг хийлгэж байгаагүй билээ.

Ромчууд цэргийн түр буудаллах хуарангаас сүлжээний тогтолцооны санааг олж байсан ч толгод, намаг, хувь хүний хэт их эрх мэдлээс болж хэзээ ч зохих ёсоор нь байгуулж чадаагүй юм.

326 онд хаант улсын нийслэлийг Константинополь руу нүүлгэх үед аяны  хөлийг давж чадах хүн бүр дагаж явсан түүхтэй. Гэвч хотыг гашуун тавилан хүлээж байж. Дайсны гарт ээлж дараалан орсоор сэргэн мандалтын үед л алдсан гайхамшигт бүтээлүүдээ сэргээн барьж, Папууд эргэн иржээ. Ерөнхийдөө ХХ зууны үед л хуучин хэвэндээ бүрэн орсон гэж үзэж болох аж.

Гэсэн хэдий ч Триад буюу Гурвалын сүмийн үлдэгдэл 1536 он хүртэл буюу Микеланжело Ромын пап гэгээн хутагт Пол III-т сүмийн зарим хэсгийг сэргээн засварлаж өгөх хүртэл тэсч үлдэж чадсан юм. Одоо эл сүмийн үлдэгдэл “Michelangelo’s Palazzo dei Conservatori” музейд бий.

Ром хот төлөвлөлтийн хамгийн муу жишээ болон одоо ч холимог хэвээр үлдсэн. Гэвч Ром “ганцаардахгүй”. Туркийн Синоп, Германы Триер, Их Британийн Честер, Италийн Верона хотууд ч бас хот төлөвлөлтийн алдаатай жишээнд орно.

Капитол толгодын санаа яваандаа Америкт хүрсэн бөгөөд өнөөдөр АНУ даяар есөн Капитол толгод бий. Эдгээрийн нэг дээр АНУ-ын Конгрессийн ордон байрладаг билээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...