Зээл
Банкууд 9981 иргэний 613.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авснаас 3113 иргэний 5 хувийн хүүтэй 148 тэрбум төгрөгийн, 5712 иргэний 8 хувийн хүүтэй 384.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1389 зээлдэгчийн 56.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-5 хувь руу шилжүүлжээ.
Элсэлт
Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жил Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сарын 22-26-нд бүртгэхээр болсон. Нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг бүртгэх юм. Харин 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 5 настай хүүхдүүдийг бүртгэхгүй. Сургуулийн өмнөх боловсролд 92900 хүүхэд суралцаж байгаагаас бэлтгэл бүлгийг 22292 хүүхэд төгсчээ. 2016-2017 оны нэгдүгээр ангид элсэх 6 настай 27629 хүүхэд элсэх судалгаа гарчээ.
Сонгуулийн зардал
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд оролцох нам, эвсэл тус бүрийн зардлын дээд хэмжээг нэг тэрбум 142.5 сая төгрөгөөр тогтоосон гэж Нийслэлийн Аудитын газраас өнөөдөр мэдээллээ. Мөн Дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн тойрогт нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг ч тогтоосон байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 48.8 сая, Сонгинохайрхан дүүрэгт 47.7 сая, Баянгол дүүрэгт 43.9 сая, Хан-Уул дүүрэгт 42.2 сая, Чингэлтэй дүүрэгт 42.2 сая, Сүхбаатар дүүрэгт 41.6 сая, Налайх дүүрэгт 31.7 сая, Багануур дүүрэгт 29.9 сая, Багахангай дүүрэгт 27.7 сая төгрөгийн хэмжээ тогтоосон байна. Энэхүү дүн нь зардлын дээд хэмжээ аж. Зардлын хэмжээг тогтоохдоо Төрийн аудитын тухай хуулийн 13, Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйл болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 121 дүгээр тушаалыг үндэслэсэн байна.
Жолооны үнэмлэх
Энэ долоо хоногоос жолооны үнэмлэхийг албан ёсоор хэвлэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Замын цагдаагийн газар 40 мянга гаруй жолооны үнэмлэх хэвлэх захиалгатай байгаа. Үүнд шинээр авах болон хаясан үнэмлэхээ солиулах хүсэлт багтаж байгаа юм. Энэ 40 мянган үнэмлэхийг наймдугаар сарын 20-ны дотор хэвлэж дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. Жолооны үнэмлэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас хэвлээгүй бөгөөд энэ хугацаанд Замын цагдаагийн газрын Лицензийн төвөөс гурван сарын хугацаатай жолооны түр үнэмлэх хэвлэн жолооч нарт тараажээ. Түр жолооны үнэмлэхний эцсийн хугацаа наймдугаар сарын 5-нд дуусч байгаа бөгөөд жолооны үнэмлэх хэвлэх ажил жигдэртэл түр үнэмлэх олгох ажээ.
Орон нутаг
Энэ сарын 16-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургадугаар багийн нутаг, "Муу хөөтийн Морины энгэр" хэмээх газарт малын шүлхий өвчин гарчээ. Төв аймгийн Аргалант сумаас дээрх нутагт нүүж очсон иргэн н.Шинэбилэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн н.Бямбасүрэн, н.Мандах нарын гурван өрхийн 140 үхрээс 21 үхэр өвчилсөн гэх мэдээллийг хүлээн авчээ. Зургаан үхрээс өвчний дээж авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн байна. Энэ сарын 18-ны өдөр урьдчилсан байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин гэсэн дүгнэлт гаргажээ. Үүнтэй холбогдуулан 18-нд Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамж гарч, Их уулын зам, Дөрвөлжин, Эвз зэрэг газарт гурван пост, нэг хөдөлгөөнт эргүүл гаргаж, нийт дөрвөн хяналтын пост ажилуулж эхэлсэн байна. Мөн тус аймгийн засаг даргын захирамжаар энэ сарын 18-нд болох байсан Баянтал сумын баяр наадмын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж. Голомт болон сэжигтэй бүсэд 11 айл өрхийн 59 хүн байгаа судалгааг тус аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн, тандалт хийжээ. Одоогоор эрүүл мэндэд нь аюул учирсан хүн байхгүй, 37 үхэр өвчилж, нэг үхэр үхээд байгаа аж. Говьсүмбэр аймгийн онцгой комисс энэ сарын 18-ны 18:00 цагт хуралдаж, өвчилсөн малыг аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан саналын дагуу устгасан байна.
Засвар, үйлчилгээ
Нийслэлийн хэмжээнд хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажлыг төлөвлөсөн графикийн дагуу хийж байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Таван шар орчим, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21 дүгээр хороолол орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлан, дулааны шугамд засвар үйлчилгээ хийж эхэллээ. Засварын ажлыг энэ сарын 28-нд дуусгахаар төлөвлөжээ.
Албан бичиг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээв. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.
Даншиг наадам
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах тухай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан. Жуулчны улирлын үед тэдэнд үзүүлэх юмтай байх, үндэсний зонхилох шашны соёл уламжлалыг төрийн зүгээс дэмжих, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг нь хадгалан үлдэх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулахыг дэмжиж байна” гээд ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан ажлаа төсвийн хэмнэлттэй, чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн тэрээр наадмын үеийн цаг агаар, талбайн тохижилт, худалдаа үйлчилгээ, наадамчид, гаднын зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд анхааруулсан байна.
13:40 цагт
Гааль татварын ерөнхий газарт НӨАТ-ын урамшууллын "e-barimt" сугалааны 13 дахь тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудад батламж гардуулж байна.
"Алдрын од"
Энэ жилийн “Алдрын од” одонг “Харанга” хамтлагт гардуулахаар болсон талаар Монгол Улсын баатар, “Хонхны дуу” клубын тэргүүн Э.Бат-Үүл мэдээллээ. Пентатоник академийнхан “Харанга”, “Өргөө”, “Инээмсэглэл” хамтлагуудын нэрийг дэвшүүлж нууц санал асуулга явуулан тодруулсан байна. Энэ хүрээнд долдугаар сарын 30-ны өдөр 13:00 цагт Соёлын төв өргөөний дэргэд “Алдрын од” гардуулах ёслол болох аж. Мөн Чингисийн талбайд 21:00 цагаас хүндэтгэлийн тоглолт болно. Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, "Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. "Алдрын од"-ын анхны эзнээр "Соёл Эрдэнэ" хамтлагт тодорсон юм.
11:50 цагт

“Рио-2016” Зуны олимпын XXXI, паралимпын XV наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагчдаа үдэх ёслол яг одоо Чингисийн талбайд эхэллээ. Өнөөдөр баг тамирчдадаа олимпын наадамд өмсөх ёслолын хувцас, мөнгөн хандив болон төрийн далбааг гардуулан өгнө. Мөн тамирчдын төлөөлөл, жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа, боксын тамирчин Д.Отгондалай нар тангараг өргөх юм.
11:30 цагт
Улаанбаатар хотын цагдаагийн газарт "Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой" алба хаагчдыг шагнах арга хэмжээ эхэллээ.
11:20 цагт
Монголын телевизүүдийн холбоо, Казах залуучуудийн холбоо хамтран Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэддээ туслахаар “Өлгийчүүддээ туслая” нэртэй хандивын аян өрнүүлэх талаар мэдээлж байна.
Шагнал
Афганистан улсад НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын цэргийн багийн III ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. Албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байгаа манай цэргийн багийн алба хаагчдыг энэ сарын 15-нд “НАТО”-гийн медалиар шагнасан байна. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, баазын орлогч дарга, дэд хурандаа Рэйн Сигрейвис зэрэг хүндэт зочид уригдан оролцож, цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НАТО-гийн медалийг гардуулан өгч баяр хүргэсэн байна. Тэд Монголын дайчидтай хамтран ажиллахад урамтай байдаг, сонор сэрэмжээ алддаггүй, өндөр хариуцлагатай дайчид бол монгол цэрэг хэмээн онцолсон байна. Шагнал гардуулсан хүндэт зочдод манай энхийг сахиулагчид үндэсний соёл уламжлал, урлагийн тоглолт, гардан тулааны үзүүлбэрээ сонирхуулжээ.
11:00 цагт
Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсон талаар НЗДТГ-ын А танхимд зарлаж байна. Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, "Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долоодугаар сарын 30-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Ямар хамтлаг, дуучинг энэхүү одонгоор шагнах болсныг эргээд мэдээлнэ.
10:50 цагт
Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа "Амарбаясгалант" зочид буудлын өмнөх талбайд болж байна. Тус тэмцээнд Монгол, БНХАУ, Казахстан зэрэг 15 орны тамирчид өрсөлдөх юм.
Цахим үнэмлэх
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарт Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гадаад паспорт захиалах, иргэний цахим үнэмлэх захиалах зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас мэдээлж байгаагаар нийслэлийн иргэд үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан иргэний цахим үнэмлэхээ Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд захиалах боломжтой болжээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316, Засгийн газрын харьяа, Яам болон агентлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хамтын ажиллагаа
Нидерландын “Spar International” компани өөрийн жижиглэнгийн худалдааны сүлжээ дэлгүүрийг Монголын “Макс” Групптэй хамтран Монголд нээхээр болсноо зарлажээ. Энэ ажлын хүрээнд 2020 он гэхэд 60 хүртэл тооны салбар нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнгөрсөн долоо хоногт Нидерландын ерөнхий сайд Марк Рутте АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцохоор Улаанбаатар хотод айлчлах үеэр болсон байна. “Spar International” нь Монгол болон ОХУ-ын Иркутск, БНХАУ-ын Өвөр Монголд салбаруудаа нээж бүс нутгийн хэмжээний сүлжээ үүсгэх зорилготой аж. Энэхүү жижиглэн худалдааны сүлжээ нь 1932 онд байгуулагдаж, одоо дэлхий даяар 35 оронд 12500 гаруй салбартай юм байна.
Цаг агаар
Маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
Олимп
Хүн төрөлхтөн Олимпийн наадмыг тэсэн ядан хүлээж буй. Тун удахгүй тодруулбал 16 хоногийн дараа эхлэх 2016 олимпийн наадамд эх орон, ард түмэн, тамирчдаа төлөөлөх шигшээ багийн тугчаар Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Баттулгын Тэмүүлэн тодорчээ. Тэрбээр олимпийн наадамд жүдо бөхийн +100кг-д өрсөлдөх юм. “Бразил-2016” олимпийн наадамд оролцох Монголын шигшээ баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болно.
Энэ өдрийн лавлах
Өнөөдөр Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна. Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Түүнчлэн ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, говь, талын нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
Зуны адаг хөхөгчин хонь сарын дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Билгийн тооллын 16.Үс засуулбал: Өвчин ирнэНаран ургах, шингэх: 05.15-20.38Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Хий06:57 цагт сар тэргэл болно.Аргын тооллын долоодугаар сарын 20, Буд гараг. Билгийн тооллын 16, Элдэв тэнгэртэн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.