
Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын захирамжийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэнгээний газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт хийж эхэллээ. Уг шалгалт нь Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн биелэлт, хууль, тогтоомжийн хэрэгжилт бодит байдал дээр ямар түвшинд байгаатай танилцаж, хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгуулах зорилготой юм.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, дүүргийн Прокурорын газар хамтарч өнгөрсөн баасан гарагаас бямбад шилжих шөнө Баянзүрх дүүргийн III, VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг цэнгээний газруудад нэгдсэн шалгалт хийсэн байна.
VII хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 49 аж ахуйн нэгжээс 36 нь “Баянцээл”-ийн гудамжинд байдаг аж. Мөн Сансарын үйлчилгээний төв орчимд 33 баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг байна. Баар, цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллуулдаг болсноос хойш сансрын “Баянцээл”-ийн ойр орчимд гэмт хэргийн гаралт, архидан согтуурах явдал нэмэгдсэн гэнэ. Мөн цагдаагийн байгууллагад ирэх гэмт хэргийн дуудлага эрс нэмэгдэж, өглөөний 06:00 цаг хүртэл ачаалалтай ажилладаг болжээ.
“Баянцээл”-ийн ойр орчимд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газрууд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн тав тухыг алдагдуулж, аюулгүй, амгалан тайван амьдрах эрхийг зөрчсөөр байгаа талаар иргэд, оршин суугчид онцолсон юм.