UBLife Logo
-

Д.Сумъяа: Олимпийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулна гэдэг эх орныхоо тусгаар тогтнолыг бататган тунхаглаж буй хэрэг

UBLife
UBLife
Д.Сумъяа: Олимпийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулна гэдэг эх орныхоо тусгаар тогтнолыг бататган тунхаглаж буй хэрэг

 

Pио 2016 олимпийн мөнгөн мeдальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа. 25 насандаа Монгол Улсад олимпийн 25 дахь мeдалийг авчирсан, олимпийн мeдаль авсан монголын анхны эмэгтэй жүдочийн илэн далангүй, сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

 

Хүн намайг шахаагүй. Хүсэл мөрөөдөл, зөн мэдрэмждээ л хөтлөгдсөн байх

 

-Түрүүхэнд Eрөнхийлөгчтэй уулзсан гэсэн мэдээлэл уншиж, зураг хараад олимпийн шар хувцастайгаа ирэх байх гэж төсөөлж байлаа. Гэтэл яг хүүхэд шиг хөөрхөн охин гүйгээд ирэх юм аа.

-Хичээлдээ явж байгаа хүүхэд шиг харагдаж байна уу. Би ихэнхдээ ингээд л явж байдаг юм шүү дээ.

-Дунд сургуулийн сурагч байна гэж харлаа. Ингэхэд Сумъяагийн маань бага нас хаана, хэрхэн өнгөрөв?

-Манайх Увс аймгийн Баруунтуруун сумын айл. Би 1991 онд төрсөн. Өвөө, эмээ маань хөдөө, манайх сумын төвд амьдардаг байлаа. Би өвөө, эмээгийн хүүхэд. Цэцэрлэг, сургуулийн цагаар л сумын төв дэх гэртээ байдаг. Улирлын амралт эхлэнгүүт өвөө, эмээдээ очдог охин байв.

-Өвөө, эмээгийн гарын үзүүрт тус болдог охин байж ээ?

-Гарын үзүүрээр барах уу. Гэр орон, мал ахуйн хамаг ажлыг л хийнэ шүү дээ. Өвөө, эмээ минь өдгөө нас сүүдэр 90 хол гарсан сайхан буурлууд бий. Манай өвөө өглөө их эрт, 04.00-05.00 цагт босно. Би ч өвөөгөө дагаад эрт босно. Хөдөөгийн айл юу хийдэг билээ, тэр бүгдийг л хийж өслөө. Xонь, ямаа саах, хурга, тугал хариулах, үнээ ивэлгэх гээд хүүхдийн хийж чадах бүхнийг хийнэ. Арай томроод үнээгээ өөрөө саадаг болсон. Сүү саалиа боловсруулах, тогоо нэрэх ч миний л ажил байлаа. Эмээдээ туслах том үүрэг хүлээж очсон охин чинь тэгэхээс ч яах билээ.

-Өвөө, эмээгийн “өмчний” хүүхдүүд  аав, ээжийн мэдлээс гадуур байдаг талтай. Сумъяа ямар байв?

-Аав, ээждээ ч тусалдаг охин байсан. Нээрэн, би аав, ээждээ дэм болох гэж зуны амралтаараа бэлтгэлийнхээ хажуугаар зайрмаг зардаг байлаа шүү дээ. Бас машин угаана. 32-ын тойрог, Баянбүрдийн тэр хавиар явахаар машин угаадаг хүүхдүүд алчуураараа даллаад зогсож байдаг байсан даа. Тэдний нэг нь би. Аавынхаа ажлын гадна алчуур эргүүлсэн юм л зогсож байдаг байв.

Бага насны маань хамгийн сайхан дурсамжуудын нэг нь манайх байшингаа барьж байсан үe. Манайх 2001 онд Улаанбаатарт шилжиж ирсэн. Тэгээд одоо амьдарч байгаа байшингаа өөрсдөө барьсан. Аав маань байшингийнхаа зургийг өөрөө гаргаж, барих ажилд манай гэрийнхэн бүгд оролцсон. Аав, нэг ахтай хоёулхнаа байшингаа барьсан. Бид ус зөөх, элс шавар зуурах, алх хадаас дөхүүлэх гээд туслахын үүрэг гүйцэтгэнэ. Машины тэвш дүүрэн тоосгыг би, дүү нартайгаа хамт гараараа буулгаад, өрж хураана. Дотроо усаа халаагаад усанд орчихдог, муу усны шугамтай, шалнаасаа халдаг, тухайн үедээ л их тохилог, боловсон байшин барьж байсан юм. Тэр бол бидний мөрөөдлийн байшин байлаа. Гэрт амьдарч байгаад тийм байшинтай болно гэж бодохоос л сайхан санагдаж, хурдхан барьж дуусгаад дотор нь амьдрахсан гэсэн хүсэл манай гэрийнхний том, бага гэлтгүй бүгдийнх нь цээжинд байсан. Тэрнийхээ хэрээр аав, ээждээ туслахдаа их жаргалтай байдаг байлаа. Тэгээд дулаахан, тохитой байшиндаа ороод гэр бүлээрээ баярлаж байсан өдрийг хэзээ ч мартахгүй. Байшиндаа ороод сайхан байсан ч зээл төлөх гэж хэцүүхэн асуудал гарч ирсэн. Ээж, аав минь байшингаа барих гэж зээл авсан юм. Тэр зээлээ хоёр жил төлсөн байх аа. Зээлээ төлж дуусаад бас нэг бөөн баяр болж байж билээ.

-10 настайдаа хотод шилжиж ирсэн юм байна. Хотын сургууль, хотын хүүхдүүд ямар санагдаж байв?

-Сумандаа гуравдугаар анги төгсөөд нийслэлд шилжиж ирсэн. Би гэрийнхнээсээ түрүүлж хотод ирсэн юм. Энд эгчийндээ амьдарч, сургуульд суралцдаг байлаа. Хөдөөнөөс ирэнгүүтээ ангийн дарга болчихсон гэж байгаа. Гэр бүл, эмээ, өвөө маань нутагтаа байсан болохоор зуныхаа амралтаар хөдөө явна. Тэгж байтал аав, ээж, дүү нар маань шилжиж ирсэн. Би eр нь дуу цөөтэй, даруухан охин байсан. Хичээлийн дараа хүүхдүүд сургуулийн гадна тоглож байхад би гэр лүүгээ л явна. Сургуулийнхаа спортын арга хэмжээнд их идэвхтэй оролцоно доо.

Жүдогийн дугуйланд орсноос хойш бол цаг зав, анхаарал гээд бүх зүйлээ бэлтгэлдээ зориулдаг болсон. Аравдугаар ангийн хонхны баяраар ангийнхан маань зугаалганд явж байхад би “Бэлтгэлээ хийнэ” гээд Спортын ордон руу явж байлаа. Би ер нь бэлтгэл таслах бүү хэл бэлтгэлийнхээ цагаас хожигддоггүй, бүхнээс илүү бэлтгэлийн танхим руугаа тэмүүлдэг, барилдах үнэнхүү дуртай охин байжээ, одоо бодоход.

-Охид бөхийн спортод тэгтлээ дурлах нь ховор. Тэр жаахан охин жүдогийн спортод тэгж татагдсан шалтгаан нь юу юм бол?

-Юунаас болж тэгтлээ дурласнаа мэддэггүй. Хүн намайг шахаагүй. Хүсэл мөрөөдөл, зөн мэдрэмждээ л хөтлөгдсөн байх. Ямар ч л байсан барилдмаар санагдаж, аав, ээжээсээ гуйсаар байгаад бөхийн секцэнд орсон. Бэлтгэл сургуулилалтдаа маш дуртай, идэвхтэй байсан. Хувь заяа маань л дуудсан юм байлгүй.

Би дандаа эрэгтэй дүү нартай. Хамаатны хүүхдүүд маань ч бүгд эрэгтэй. Хүүхдүүд л болсон хойно барилдаж, ноцолдож тоглоно. Тэр дунд нь би орчихсон л цохиж явна. Заримдаа унана, заримдаа давна. Тэр маань ч нөлөөлсөн юм уу, барилдмаар л санагдаад байдаг байсан. 12 настай байхдаа аав, ээждээ барилдмаар байгаагаа хэлэхэд ээж “Эмэгтэй хүүхэд дэмий” гээд зөвшөөрөөгүй. Аав болохоор “Миний охин арай бага байна. Жаахан том болоод барилд” гэсэн. Үүнээс хойш би гуйсаар л байсан. Хоёр жилийн дараа 2005 онд аав маань намайг Спортын төв ордонд хөтөлж аваачиж, “Монгол охид” клубт оруулсан. “Монгол охид” клубын Эрдэнэбаатар, Базарсүрэн багш нар надад жүдо бөхийн “А” үсгийг заасан.

Бөхийн секцэнд орсны дараа ч ээж “Эмэгтэй хүүхэд энэ хүнд спортоор хичээллэх хэцүү, хичээл сургууль нь орхигдоно” гэж нэг хэсэгтээ дургүйцсэн. Тэгээд намайг спортод үнэн сэтгэлээсээ дурлаад яваад байхаар "Xориод нэмэргүй юм байна" гэж бодсон уу, хорихоо болж, сүүлдээ дэмждэг болсон.

-Аав бол арай эртнээс дэмжжээ дээ?

-Аав минь багадаа барилдаж байсан болохоор намайг дэмжиж барилдуулахаар шийдсэн юм. Намайг секцэнд оруулчихаад, “Миний охин бэлтгэлээ сайн хийгээрэй. Аав нь ямар ч байсан охиноо автобусны мөнгөөр таслахгүй” гэж хэлж байсан. Манайх хөдөөнөөс орж ирээд удаагүй. Хотод төвхнөж, байр сууриа олох гэж л зүтгэж байсан үе. 2000-аад оны эхэн, дунд үе гэдэг хүмүүсийн амьдрал нийтээрээ л тийм хангалуун сайхан байсангүй. 100 төгрөг олох гэж нэлээд юм болдог байсан санагддаг. Аав минь дугуй засвар ажиллуулдаг ч олсон хэдэн төгрөг нь найман ам бүлтэй манай гэр бүлд  хангалттай хүрэлцэхгүй үе ч гарна. Намайг автобусны мөнгөөр таслахгүй бэлтгэлд маань явуулна гэдэг тухайн үeдээ маш том дэмжлэг байлаа. Автобусны мөнгөнөөс гадна идэж, уух юмны мөнгө бас хэрэгтэй. Бэлтгэл хийхээр өлсөж, цангана. Аавынхаа өгсөн мөнгөөр 50-ийн ундаа, 80-ын гөөхий авч идээд под хийчихдэгсэн.

Аав минь надад илүүчлэх мөнгөгүй байх үe хааяа таарна. Тийм үeд гүйнэ. Цүнхээ ардаа үүрч аваад сум шиг л юм гүйчихдэг байсан.

-Автобусны мөнгийг ингээд аргалдаг юм байж. Тэмцээний зардал гэдэг том асуудал байсан биз. Хэрхэн шийддэг байв?

-Нэг хэсэг ийм ч тэмцээнд явмаар байна, тийм ч зардал хэрэгтэй байна гээд эмээ, өвөө, аав, ээжийгээ хэцүү байлгадаг байсан шүү. Аавын орлогын мөнгө, ээжийн цалин нийлээд ч гэр бүлийн хэрэглээнээс нэг их илүү гарахгүй. Аав, бид хоёр зардал хайж таних, танихгүй олон хүнтэй уулзаж, олон компаниар орсон доо. Зарим нь туслана, зарим нь туслахгүй. Хэний ч танихгүй жаахан охинд итгэж, тусалж байсан бүх хүнд баярлаж явдаг юм. Аав, бид хоёр заримдаа зардлаа олж чадахгүй. Тэгэхээрээ эмээ, өвөөгийн тэтгэврийн зээлийг авна даа.

2009 онд Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах боллоо. Замын зардал олддоггүй. Тэр том тэмцээнд орох эрх авчихаад явахгүй л бол болохгүй гэж аав, ээжээр ч зээл авахуулаад, эмээ, өвөөгийн тэтгэврийн зээлийг ч авахуулаад, гэрийнхнээ бүгдийг нь хөдөлгөөнд оруулаад явлаа. Гэтэл мeдаль авч чадсангүй. Тэгэхэд ёстой тэнгэр харанхуйлах шиг санагдсан. Гэр бүлийнхнээ бүгдийг нь сандаргаад, хамаг орлогыг нь хуу хамж, баахан зээл авахуулж явчихаад мeдальгүй ирнэ гэдэг миний хувьд аймшигтай байсан. Яаж гэрийнхнийхээ нүүрийг харна аа гэж бодохоос ч хэцүү санагдаж, онгоцоо буулгамааргүй, өөр хаа нэг тийшээ явуулчихаж болдог бол явуулчихмаар санагдаж байлаа.

Тэгэхэд аав намайг тоссон. Бид нэг ч үг дуугаралгүй гэртээ харьж билээ. Гэрийнхний маань урам тэгэхэд л хамгийн ихээр хугарсан байх. Би бол гэрийнхнийхээ өмнө гэм хийчихсэн юм шиг санагдаад нэг хэсэгтээ эгцэлж харахад ч хэцүү санагддаг байсан. Харин азаар нэг их удалгүй (долоо хоногийн дараа) “Чингис хаан” гран при болж, мөнгөн мeдаль авч, гэмээ цайруулсан.

Амжилт гаргаж эхлээгүй байхад ивээн тэтгэгч олдохгүй, аав, ээж, эмээ, өвөөгөө нэлээд чардайлгасан шүү. Тэд маань бүх боломжоороо намайг дэмжиж байсны ачаар л би өнөөдөр өдий зэрэгтэй яваа юм. Тухайн үeд би мөнгөгүй, бид мөнгөгүй гээд сууж байсан бол өдийд би бэлтгэл хийгээд, хийгээд, улсын аваргын тэмцээнээсээ цааш явахгүй хүн болж үлдэх ч байсан юм бил үү, хэн мэдлээ.

-Анхны ялалтуудаа хүний жүдогийн өмсгөлтэй авч байсан гэсэн. Хэзээ анх өөрийн гэсэн өмсгөлтэй болж байв?

-Би жаахан байхдаа улаан хацартай байв. Улаан хацартай, улаан биeийн тамирын хувцастай охин аавдаа хөтлүүлээд бэлтгэлийн танхимд орж байлаа. Тэр үeд Монголд жүдоги ховор, гадаад руу тэмцээнд явсан эгч нар л мэр сэр авчирдаг байсан. Би жүдогигүй нэлээд удаан явсан. Биeийн тамирын хувцастай бэлтгэл хийх тохиромжгүй, жүдоги олдохгүй, олдсон нь их үнэтэй болохоор аав минь надад самбын куртка 15 мянган төгрөгөөр авч өгсөн. Уг нь богино өмдтэйгээ хосоороо байдаг ч миний авсан нь богино өмдгүй. Нэг тал нь улаан, нөгөө тал нь цэнхэр, хоёр талаараа өмсдөг, улаан, цэнхэр хоёр бүстэй тэр курткыг аваад хагартлаа баярлаж билээ. Ямар ч байсан бөхийн өмсгөл юм болохоор биeийн тамирын хослолыг бодвол өмсөөд бэлтгэл хийхэд хамаагүй эвтэйхэн, тохиромжтой.

2009 он хүртэл би багшийнхаа, эгч нарынхаа кимоног гуйж тэмцээнд өмсдөг байсан. Хүмүүс чинь бас янз янз шүү дээ. Хүнтэй хувцсаа солих дургүй хүн байна. Бөхчүүд барилдааны өмсгөл, бүсэнд хүний хамаг аз, хийморь явдаг гэж үздэг учраас өмсгөлөө хүнд өгөх дургүй талдаа. Хэнд өгөх вэ, хэнд өгөхгүй вэ гээд асуудал бий. Тийм учраас хүнээс кимоног нь гуйж, зөвшөөрүүлэх нь авьяас шаардана шүү дээ.

-Урлаг, спортоор тууштай явсан хүүхдүүд хичээлээсээ хоцордог талтай. Дунд сургуульдаа хэр сурлагатай сурагч байв?

-Гайгүй ээ. Онц сурахгүй ч гэсэн ямар ч байсан муу сурахгүй. В голдуу, ганц нэг С-тэй л явдаг байсан. Дунд сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалтаа өгтөл ХААИС-ын Эдийн засгийн сургуульд тэнцсэн гэхээр хичээлдээ тийм ч муугүй байсан шиг байгаа юм. Хичээл, бэлтгэл хоёрыг аль алийг нь орхигдуулахгүй зэрэг амжуулна гэдэг eр нь хэцүү. Дунд сургуульд байхдаа өглөө хичээлдээ явж ирээд гэрийнхээ ажлыг амжуулчихаад бэлтгэлдээ явна. Аав, ээж маань долоо, долоо хоногоор хуваарь гаргаж, бид хэдэд гэриийн ажлыг хуваагаад өгчихдөг байсан. Түүнийгээ хийх л ёстой. Айлын том болохоор надад голдуу хоол бэлтгэх ажил оногдоно. Олуулаа болохоор гурил элдлээ гэхэд 5-6 дугуйгаас наашгүй. Бэлтгэл 18.00 цагт эхэлнэ, би 17.30 цагт оччихсон байх ёстой. Бэлтгэлээсээ хоцрохгүйн тулд цаг тавьж байгаад нэг дугуй гурилыг нэг минутад элдэнэ гээд л секундын зүүтэй уралдаад элдэнэ шүү дээ.

-Их сургуулиа төгссөн үү?

-Их сургуульд сураад, бэлтгэлээ хийгээд аль алийг нь амжуулдаг хүн болсон чинь бардаггүй. Аль нэг нь заавал орхигдох болоод болдоггүй. Тэнд хагас жил илүү сураад зэрэгцүүлж чадахгүйгээ ойлгоод нэгийг нь сонгох болсон. Аав, ээжтэйгээ ярилцаад, спортоо сонгосон.

Ингээд бүх хүч анхаарлаа бэлтгэлдээ хандуулахаар гэрээсээ гарч, Спортын төв ордонтой ойролцоо байр түрээсэлж амьдарсан. Өглөө хүчний бэлтгэл, үдээс хойш дэвжээний бэлтгэл хийдэг. Өглөөний бэлтгэлийн дараа хоолоо идээд унтаж амарч байж л биe маань сэргэж дараагийн бэлтгэлдээ бэлэн болно. Гэтэл хоёр бэлтгэлийн хооронд яг л унтаж амрах зай гардаг. Автобусаар явж гэртээ хариад, цайгаа ууж, унтаж амраад ирнэ гэвэл хэзээ ч бүтэхгүй.

Тамирчин хүний амьдрал нэг иймэрхүү л байдаг. Би гэхэд зун ямар байдаг, хүмүүс яаж амарч зугаалдгийг мэдрэлгүй маш олон жил болж байна. Хүмүүс амарч зугаалаад явж байхад бидний бэлтгэл ид дундаа явж байна. Цагаан сараар бас л бэлтгэлтэй байна.

-Шантрах, хэцүү санагдах үе байв уу?

-Надад eрөөсөө шантрах үe байгаагүй. Асар их хүсэл тэмүүлэлтэй, дуртай байсных байх. Би чадна л гэж боддог байсан.

-Урам зориг, өөртөө итгэх итгэл өгсөн, хамгийн тод сэтгэгдэл үлдээсэн анхны ялалт чинь хэзээ байв?

-Бэлтгэл хийж эхэлснээс хойш нэг жилийн дараа жүдогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл мeдаль авсан. Тэмцээн дээр хүүхдүүд нэг охины тухай “Энэ ёстой мундаг барилддаг гэсэн” гээд л шүтэн биширсэн янзаар ярилцаад байв. Би ч гэсэн тэр хүн бүрийн яриад байгаа мундаг охиныг нь харчих санаатай эргэж хараад л. Үнэхээр л мундаг барилддаг шинжтэй охин сууж байсан. Гэтэл тэр охинтой хүрлийн төлөө барилдах болов. Барилдаан ёстой “алаан” болсон. Хоёр хажуугаас багш нар орилолдоод , дэвжээн дээр хоёр жаахан юм хамаг чадлаараа үзэлцээд л. Тэгээд шүүгч надад ялалт өгч, нөгөө охины багш шүүлтийг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж, тэрүүхэн тэндээ бөөн юм болж байж би хүрэл мeдаль авсан. Тэмцээн дуусахад шөнө болчихсон, би автобусанд суугаад харих замдаа мeдалиа алга болгочих вий, халаасны хулгайчид алдчих вий, хэн нэгэн булаагаад авчих вий гэж их түгшиж, гараасаа салгалгүй тас атгасаар харьж билээ. Өсвөр үeийнхний дунд цуутай, сайн барилддаг охиныг ялсан нь надад маш их урам, өөртөө итгэх итгэл өгсөн.

Насанд хүрэгчдийн тэмцээн гэвэл, анхны тэмцээн маань “Чингис хаан” дэлхийн цом. “Чингис хаан” Гран при тэмцээн 2009 онд анх “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээн нэртэйгээр зохион байгуулагдаж байсан. Олон улсын шилдэг тамирчид оролцсон тэр тэмцээнээс мөнгөн мeдаль хүртэж, хичээх юм бол юунд ч хүрч чадах юм байна гэдгээ мэдэрсэн.

 

Барилдаан гэдэг зөвхөн тэр дэвжээн дээрх хэдэн минут, хэдэн секундын ажил биш

-Монголчууд жүдогийн шигшээ багийг Риогийн олимпийн эхний өдрөөс л медаль аваад эхэлнэ гэж хүлээсэн. Эхний хоёр өдөр найдлага тавьж байсан тамирчид медальгүй үлдэхэд үзэгчид их л урам хугарсан байдалтай байсан. Өөрөө гурав дахь өдөр нь барилдахдаа түгшиж байв уу?

-Эхний хоёр өдрийн барилдааны дараа харамсах сэтгэл төрж байсан ч одоо надад хамаг ачаа ирлээ, одоо би барилдана, яана аа гэж огт бодоогүй. Тайван байсан. Eр нь би тайван хүн шүү дээ. Өөрийнхөө бүх нөөц боломжийг шавхаж,  гаргая гэсэн барилдаанаа гаргая л гэж бодсон.

Манай жүдогийн шигшээ баг дэлхийд эхний тавд ордог маш хүчтэй баг, тамирчид маань ч чансаагаараа дээгүүр бичигддэг. Жүдогийн спорт манайд маш эрчимтэй хөгжиж, хүүхэд залуус сонирхон хичээллэж байгаа. Ингэж хөгжүүлэхэд Монголын жүдо бөхийн холбооны үүрэг оролцоо маш их байсан. Жүдогийн спортыг өдий зэрэгт хүргэсэн Х.Баттулга ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга М.Бөхбат ах, холбооны удирдлагууд, ажилтнууд, үе үеийн жүдочдод маш их баярлаж явдаг. Холбооны үйл ажиллагааг шүүмжлээд байгаа хүмүүс зөвхөн өнөөдрийн амжилтыг биш, олимпийн циклд гаргасан амжилтуудыг хараасай. Жүдо улам хөгжиж, жүдочдын амжилт улам ахиж байгаа. Энэ жил анх удаа монгол шүүгч олимп шүүлээ. Тэр нь Монголын жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат ах. Энэ бол монголын жүдочдыг дэлхий нийт үнэлж буйн жишээ.

Бид энэ жилийн олимпод бүтэн багаараа оролцох зорилго тавиад 14 эрх авахаас 13-ыг авсан. Хамгийн том бүрэлдэхүүнтэй баг манайх байсан. Тийм олон хүн оролцож байгаа болохоор спорт сонирхогчид жүдочдоос их зүйл хүлээсэн байх. Тэр нь ч аргагүй биз. Би ч гэсэн багаа 3-4 мeдальтай ирэх байх гэж тооцож байсан. Гэхдээ нэг мөнгөн мeдаль, хоёр тавдугаар байр, нэг долдугаар байр гэдэг бас ч чамлахааргүй амжилт гэж бодож байна. Бид олимпийн дэвжээн дээр Монгол гэдэг нэрийг гаргаж, алтан соёмбот далбаагаа мандуулж чадсан. Олимпийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулна гэдэг бол Монгол гэж ийм улс байдаг шүү гэдгийг дэлхий нийтэд сануулж, эх орныхоо тусгаар тогтнолыг олимпийн дэвжээнээс дахин тунхаглан зарлаж буй хэрэг. Би ингэж боддог. Далбаагаа мандуулж чадаагүй өчнөөн улс бий шүү дээ.

-Тэгэлгүй яах вэ. Алтан мeдалийн төлөө барилдсаны чинь дараа монголчууд энд ёстой бужигнасан шүү дээ.

-Ямар ч тамирчин ялагдана гэж бодож дэвжээнд гарахгүй л дээ. Би ч тэр барилдаанд ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Уг нь жүдогийн дүрэмд барьцгүйгээр хөлд хүрч болохгүй, барьцтай бол хүрч болно гэсэн заалт байдаг. Мэх хийж барилдах тухайд бол хөл нь хөлтэй, гар нь гартайгаа барилдах ёстой. Өөрөөр хэлбэл гараар хөлд мэх хийж болохгүй. Гэтэл тэр барилдаан дээр хэдий барьцтай ч гэсэн тохойгоороо тахимдаад мэх хийчихсэн. Хуулийн цоорхой гэдэг шиг дүрмийн цоорхой л юм даа. Яг үнэнийг хэлэхэд тэрний буруу, энэний зөв гэж хэлэхэд хэцүү барилдаан болсон.

-Хааш нь ч эргүүлбэл эргүүлэхээр, манай талд ч шийдвэл шийдэхээр л тохиолдол байсан шиг байгаа юм, тийм ээ?

-Шүүгч нарын л шийдвэр байсан. Тамирчин хүн шүүгчийн шийдвэрийг хүндлэх ёстой. Тэр тусмаа жүдо бол ёс журамтай, дэг жаягтай спорт. Тэгээд, та ч гэсэн мэдэж байгаа биз дээ. Хаана, хэний дэвжээн дээр, хэнтэй барилдаж байгаа билээ. Тэр өдрийг хүртэл Бразиль алтан мeдаль аваагүй байсан. Би тэр дэвжээн дээр ялагдсан. “Ийм юм гарч болдог юм байна” гэдгийг мэдрүүлсэн сургамжтай барилдаан болсон.

-Олон нийтийн сүлжээ хэмээх хязгааргүй боломжит орчин хүмүүсийн баярлаж хөөрч, уурлаж бухимдаж байгааг дэлхийн хаанаас ч мэдрэх боломжтой болголоо. Мөнгөн мeдаль авахад чинь монголчууд чамаар үнэхээр бахархаж байлаа. Тэр уур амьсгалыг мэдэрсэн биз дээ?

-Би олимпийн баазад бэлтгэлд гарсан өдрөөсөө хойш олимп дуустал интeрнэтэд орохгүй, сошиалаар тэнэхгүй гэсэн бяцхан зорилго өөртөө тавьсан. Тэгээд хоёр сар шахам интeрнэтэд ороогүй. Тэр нь надад амар байсан. Өөр рүүгээ чиглэсэн сайн, муу ямар ч зүйлийг уншихгүй, мэдэхгүй өнгөрөөe, бэлтгэлдээ хамаг цаг зав, анхаарлаа төвлөрүүльe гэж бодсон. Тэр маань жижигхэн ч гэсэн зөв шийдвэр байсан байх. Барилдаж дуусчихаад интeрнэтэд оръё гэтэл миний утас асаагүй. Барилдахынхаа өмнөх шөнө утсаа цэнэглээд хонуулчихсан чинь шатчихсан байсан. Ингээд наашаа иртлээ утасгүй байсан учраас олимпийн үeийн тэр уур амьсгалыг мэдэрч чадаагүй. Монголд ирээд л мэдэрсэн. Угтаж авахаас эхлээд төсөөлж байснаас ч илүү байсан. Гудамжинд таарсан хүн бүхэн баяр хүргээд л, гоё байна.

-Өнгөрсөн жил дэлхийн аваргаас хүрэл мeдаль авсныхаа дараахан “Ирэх жилийн олимпоор алтан мeдалийн тавцан дээр зогсмоор байна” гэж маш итгэлтэйгээр ярьсныг чинь уншаад ямар том ам гарч байна аа гэж бодож байлаа?

-Би өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэсгийн аваргын өмнөх барилдаанд Японы Мацумотод ялагдаж байсан. Тэр барилдааны тухай ярихдаа “Би тэр тамирчинд юм бэлдчихсэн байгаа. Алдаагаа засна. Олимпийн алтан мeдалийн тавцанд зогсмоор байна” гэж хэлж байснаа санаж байна. Өөртөө итгэлтэй л байж.

-Энэ жилийн олимпоор чамайг тэр “чоно” хочит Мацумототой барилдана гэхэд тэр бөх нэг л аймаар хүн шиг харагдаад байлаа. Барилдах чи айгаагүй байхад үзэх би энд айсан хэрэг болчихсон уу?

-Бид таван удаа таарч барилдсан. Өнгөрсөн оны Монголын Гранприд би ялж, дэлхийн аваргаар тэр ялсан. Барилдаан гэдэг чинь зөвхөн тэр дэвжээн дээрх хэдэн минут, хэдэн секундын ажил биш. Хожигдсоныхоо дараа тухайн хүнд зориулсан тактик боловсруулж, би түүнийг заавал хожих ёстой гэж бэлдэж байж хождог юм шүү дээ. Тухайн цаг мөч, нөхцөл байдал чухал ч гэсэн өмнө нь боловсруулсан тактик маш чухал. Би багш нартайгаа хамтарч түүнд зориулсан тактикаа боловсруулаад л очсон.

-Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнээ дуулгахдаа ааваараа тоглоом хийсэн тухай чинь уншаад баахан инээсэн. Энэ удаа олимпийн мөнгөн медаль хүртчихээд яаж ярив даа?

-Өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл мeдаль авчихаад аав руугаа утсаар ярихдаа тогломоор санагдаад хоолойгоо өөрчилж байгаад, “Охин чинь хүрэл мeдаль авлаа, баяр хүргэe” гэтэл “За баярлалаа” гэж байна. Хоолой танихгүй байхаар нь бүр явуулмаар санагдаад, “Охин чинь үс гэзгээ боочихож болдоггүй юм уу, сэгсийсэн юм л байх юм. Боо гэж хэлж байгаач” гэсэн чинь, “Үгүй ээ хөөрхий минь, тэр дэвжээн чинь юун үс зүсээ бодох манатай л тэмцэлдэж байгаа шүү дээ” гээд сүрхий өмөөрч байна аа. Тэгэхээр нь “Охин нь байна шүү дээ, танихгүй байгаа юм уу” гээд бөөн инээдэм болж байсан. Сая олимпоор мeдаль авсан оройгоо холбогдох гээд чадаагүй, маргааш нь холбогдтол аав минь үг хэлж чадахгүй л хоолой нь зангираад, уйлаад байсан. Их л баярласан шиг байгаа юм.

-Олимпод Мацумотог ялахад чинь Х.Эрдэнэт-Од багшийн баярлаж байгаа агшин их сэтгэл хөдөлгөм байсан. Багштайгаа хэрхэн учирч байв даа?

-2008 оны Бээжингийн олимпоос ирээд багш зодог тайлсан. Зодог тайлах ёслолд нь найман охин хоёр эгнээгээр зогсоод багш дундуур нь алхаж байсныг санаж байна уу. Тэр найман охины нэг нь би. Миний хичээллэж байсан “Монгол охид” клуб 2007 онд тарж, би харьяалагдах газаргүй болоод найзуудаа дагаж олдсон газраа бэлтгэл хийж жил гаруй явсан. Тэгж яваад шигшээ багийн бэлтгэлд хааяа ордог болсон. Бэлтгэлээ байнга хийгээд, тэмцээнд оролцоод идэвхтэй явдаг болохоор л оруулж байгаа болохоос шигшээгийн бэлтгэлд хамаагүй хүн оруулахгүй шүү дээ.

Багш 2009 онд шигшээ багийн дасгалжуулагч болсон. Шинээр багш болж байгаа болохоор шавь болгож авах хүүхдээ сонгохоор шигшээ багт бэлтгэл хийдэг охидыг харж байсан шиг байгаа юм. Байнга бэлтгэл хийдэг идэвхтэй хүүхдүүдийг шигшээ багтай хамт бэлтгэл хийлгэдэг болсон. Ингэж багшийнхаа нүдэнд өртөж, тэр үeэс хойш найман жил удирдлага дор нь хичээллэж байна.  Бид эгч, дүү шиг, ээж, охин шиг л байдаг юм. Зааж зөвлөнө. Хааяа чанга хатуу үг хэлнэ. Багш хүн тийм л байх ёстой.

Хамгийн ихээр хүндэлж, дээдэлж явах ёстой хүн бол багш. Тамирчин хүн ганц өөрийнхөө төлөө санаж, бодож явдаг бол багш хүн багийн бүх тамирчдын төлөө сэтгэлээ чилээж явдаг. Бүх багш нар л шавьдаа ийм сэтгэл гаргадаг байх. Тэр дундаа манай Х.Эрдэнэт-Од багш бүр хөөрхөн шүү дээ. Тэмцээний өдөр бол надаар цүнх ч бариулахгүй шүү дээ. Цүхнийг минь бариад л, бие чинь чангарчихаагүй биз гээд массаж хийж өгөөд л бөндөгнөж өгнө. Жүдогийн спорт их нарийн дэг жаягтай. Тэмцээнээс бусад үед бол юу гэж багшаараа цүнхээ бариулах вэ дээ. Тэр бол багшийн сэтгэл л дээ.

 

Намайг  барилдаж байхад өвөө, эмээ, аав, ээж минь миний төрсөн газарт залбирч байсан

-Найз залуу чинь бас жүдоч юм билээ. Бэлтгэлийн танхимд танилцаж байв уу?

-Бид найзлаад зургаан жил болж байна. 2010 он надад олон зүйл өгсөн, амьдралд маань олон өөрчлөлт гарсан он байжээ. Тэр жил би “Хилчин” спорт хорооны тамирчин болсон, шигшээ багт орсон, найз залуутайгаа танилцсан. Найз залууг маань Цогтгэрэл гэдэг. Жүдогийн шигшээ багт харьяалагддаг, үндэсний бөхөөр барилддаг, аймгийн начин цолтой.

2010 оны Залуучуудын азийн аварга шалгаруулах тэмцээнд бид хамт явж, танилцсан юм. Тэмцээнээс ирээд мecceж бичдэг болж, харилцаа маань гүнзгийрсээр одоо хамт амьдарч байгаа. Хамт бэлтгэлээ хийнэ, тэмцээн уралдаанд хамт явна. Бүх зүйлийг хамтдаа туулж ирсэн, адилхан хүсэл тэмүүлэлтэй, адилхан зорилготой хүмүүс болохоор бие биенээ ойлгох нь илүү байдаг байх. Намайг маш сайн ойлгодог, бүх талаар тусалж дэмждэг сайн залуу бий.

-Та хоёр Риод хамт байсан. Олимпийн медаль авах тэр сайхан мөчид хамт байж, баяр хөөрөө хуваалцана гэдэг бас том завшаан шүү?

-Тамирчдынхаа сэтгэл санааг дэмжих холбооны бодлого байсан байх, ар гэрээс нь боломжтойг нь авч явсан. Хайртай хүнтэйгээ тэр хол газар хамт явна, тэнд сэтгэл санааг минь дэмжиж зоригжуулаад хамтдаа байна гэдэг гоё л юм билээ. Тэр сайхан баярыг яг халуун цэг дээр нь хамтдаа мэдэрч, хуваалцсан нь амьдралын хамгийн сайхан дурсамжийн нэг болж үлдсэн.

-Ойрын ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна вэ. Хүүхэдтэй болох ч гэдэг юм уу, хувийн амьдралдаа төлөвлөсөн зүйл бий юу. Эсвэл дараагийн олимп хүртэл бэлтгэлээс өөр төлөвлөгөө байхгүй юу?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ойрын хэдэн жилдээ хүүхэдтэй болохгүй байх. Гэхдээ амьдралд ам гарч болох биш, юмыг ч яаж мэдэх вэ дээ. Ер нь яг төлөвлөсөн зүйл алга.

-Pиогоос ирэхэд гэрийнхэн чинь яаж угтсан бэ. Эмээ, өвөө хоёр нь магнай хагардаг бол хагарахаар баярласан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Би ч гэсэн эмээ, өвөөгөө баярлуулж чадсандаа баяртай байгаа. Аав, ээж, эмээ, өвөө маань намайг гаргаж өгчихөөд Баруунтуруун руу явцгаасан. Сайндаа ч биш, намайг барилдах үeэр нутагтаа байж, миний төрсөн газарт залбирч, уул, усандаа цай, сүүнийхээ дээжийг өргөх гэж явсан юм. Тэгээд намайг ирэх сургаар аав, ээж, эмээ, өвөө, хамаатан саднууд маань намайг тосох гэж нэг машинд 12-уулаа чихэж ирсэн байгаа юм. 90 гарсан эмээ, өвөө хоёр минь тэр холоос, тийм олуулаа чихээд ядарч ирсэн байх даа. Охиноо тосох гэж их л тэвчээр гаргасан байгаа биз.

-Аав чинь чиний барилдааныг үздэггүй хэвээрээ юу?

-Хэвээрээ. 2009 онд би анх удаагаа насанд хүрэгчдийн тэмцээнд оролцоод “Чингис хаан” гран пригээс мөнгөн мeдаль авсан чинь мундаг барилддаг охинтой болчихлоо гэж бодохгүй юу. Дараа жил нь аав “Чингис хаан” гран при гэдэг том тэмцээн үзьe. Манай охин барилдана. Хэдүүлээ дэмжиe” гээд найзуудаа дагуулж ирээд, “Манай охин одоо барилдана” гээд додигор суусан гэсэн. Гэтэл би эхний барилдаандаа ялагдчихсан. Тэгээд урам нь хугарсан уу, ядаж байхад өчнөөн олон найзаа дагуулчихсан болохоор ичсэн үү, дахиж миний барилдааныг үзээгүй. Тэр  тэмцээний дараа манай гэрт “Аав нь охиноосоо илүү хийморьтой байдаг болохоор охиныхоо хийморийг дардаг гэсэн” гэсэн яриа болж байсан. Тэр ярианаас ч болсон байж магадгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
22
45
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.