UBLife Logo
-

Чөтгөрийн өмгөөлөгч

Чөтгөрийн өмгөөлөгч

Чөтгөрийн өмгөөлөгч үхжээ. Вьетнамын эрлийз, коммунист, үндэстнийхээ дөрөвний нэгийг нухчихсан өнгөрсөн зууны манлай зандалчин Пол Потын найз, Алжирын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг дэмжигч, дайны гэмт хэрэгтэн наци Клаус Барбие, Венесуэлийн алан хядагч, “цөөвөр чоно” хочит Карлос, Пол Потын хамтран зүтгэгч Кхиү Сампан гээд дэлхийн түүхэнд зөвхөн муугаар дурсагдах тавилантнуудыг өмгөөлөн хамгаалагч Жак Верже урт удаан энх тунх амьдарсаар өвдөж зовсон ч үгүй 88 насандаа зүрхний шигдээсээр хорвоог орхижээ. Тэр орой тэр найзуудтайгаа оройн зоог барихаар зэхэж байсан гэх.

“Мао их сайхан хүн байж билээ”, “Би Хитлерийг эргэлзэх юмгүй өмгөөлөх байсан” гэх мэтийн нинж дүүрэн үгс Буддагаас биш бол Вержегийн амнаас л гарах байсан бизээ. Тэр бол зөрчилдөөн, үзэн ядалт, цус нулимс, тэмцлээр дүүрэн өнгөрсөн зууны түүх, бидний олж хараагүй, хархыг хүсээгүй шудрага ёс, худлын цаадах үнэнг хайгч байсан юм.

Колоничлогч, колоничлуулагч (Эцэг нь Франц цэрэг, эх нь Вьетнам бүсгүй байв) нарын дундаас мэндэлж, өсвөр насаа колони улсад өнгөрөөсөн нь хүчтэй нь хүчгүйгээ бариж иддэг, хүний нийгмийн мөн чанарыг түүнд нээж өгсөн бололтой. Шүүх хурал гэдэг бол урлаг хэмээн ярьдаг тэр “Цуврал өмгөөлөгч” зэрэг хэд хэдэн жүжиг бичсэн бөгөөд хуульзүйн хүрээнийхэн тэдгээр бүтээлийг нь ямар ч сургуулийн лекцээс илүү гэх юм билээ. Гэхдээ түүний хамгийн алдартай жүжиг нь “Өмгөөлөх хүсэл тэмүүлэл”. Тэр ажилдаа яг л ингэж хүсэл тэмүүллээр дүүрэн ханддаг байв. Түүн шиг үйлчлүүлэгчдээ эцсийн амьсгалаа ч зориулхад бэлэн, эгээ л шүүхийн танхимд зүрх нь зогсчих мэт тачаалаар дүүрэн ажилладаг өмгөөлөгч байгаагүй гэх.

Тэр зүрх сэтгэлдээ л үнэнч нэгэн байв. 1960 онд эрх чөлөөт Конгогийн анхны ерөнхий сайд Патрис Люмюмбагийн аллагын эсрэг жагсаалд оролцож, тэр үерээ буудуулж байсан бол зургаан жилийн дараа тэр аллагад холбоотой гэгддэг Мойз Чомбег өмгөөлж байв. Барууны улсууд Сербийг бөмбөгдөж эхлэхэд тэр “Хуулийн ялгаварлан гадуурхал: Олон улсын гэмт хэргийн шүүх”, “Сербичүүдэд шудрага ёс” зэрэг нийтлэлүүддээ бичиж, барууны олон нийтийн Сербийн талаарх бодлыг өөрчлөхөөр оролдож байв. Иракийн гадаад хэргийн сайд Тарик Азизийг өмгөөлөхөөр Иракт нэвтрэхийг хүссэн ч АНУ Иракийн виз олгоогүй гэдэг. 

-Ноён Верже та чөтгөрт татагддаг уу?

-Байгаль бол ширүүн догшин, тааварлах аргагүй бас аймшигтай. Чөтгөрийн бие төлөөлөгч болон ярих чадвар л хүнийг амьтдаас ялгадаг. Гэмт хэрэг бол бидний эрх чөлөөний бэлэг тэмдэг юм.

-Тун увайгүй ертөнцийг үзэх үзэл байна.

-Маш бодитой гээч.

-Та орчин үеийн түүхэн дэх хамгийн өөдгүй хоморголон устгагчдыг хамгаалж, үүнийхээ төлөө “чөтгөрийн өмгөөлөгч” гэж нэрлэгдсэн. Карлос эсвэл Клаус Барбие зэрэг үйлчлүүлэгчтэй ажиллахдаа та юу мэдэрдэг байв?

-Юу хийсэн нь хамаагүй, хүн бүр шударга шүүхээр шүүгдэх ёстой гэдэгт би итгэдэг. Тийм хүмүүст олон нийт үргэлж л маш хурдан “мангас” гэсэн хоч өгдөг. Гэхдээ мангас, чөтгөр гэж хаана ч байхгүй. Миний үйлчлүүлэгчид бүгдээрээ л хоёр нүд, хоёр гар, сэтгэл хөдлөлтэй хүн төрөлтнүүд.

-Та яг юу гэх гээд байна?

-III Рейхийн уран зохиолууд, “Уналт” /Der Undertag/ киноноос “мангас” Хитлерыг нохойдоо маш хайртай, нарийн бичгүүдийнхээ гарыг үнэсдэг байсныг мэдээд би үнэхээр гайхсан шүү. Үйлчлүүлэгчдээ яагаад тийм аймшигт зүйл хийх болсныг нь нээж олох надад маш сонирхолтой байдаг. Тэднийг тухайн үйлд хөтөлсөн замыг гэрэлтүүлэх нь миний туйлын хүсэл. Сайн шүүх хурал гэдэг яг л Шекспирийн жүжиг шиг урлагийн бүтээл байх ёстой.

-Та яг одоо Парисийн Маделейн театрын тайзан дээрх өөрийнхөө бичсэн ганц хүний жүжгийн гол дүр шиг байна. 

-Мэдээж хэрэг миний тэр жүжиг хуульч мэргэжил хийгээд шүүх хурлын мөн чанарын тухай юм. Шүүх хурал бүрийн яллах ба өмгөөлөх үйл явцын дуэл олон нийтийн өмнө болж өнгөрдөг. Хоёр тал гарцаагүй үнэн биш ч тийм байх боломжтой түүхийг хүүрнэнэ. Эцэст нэгийг нь ялагч гэж зарлана. Гэхдээ шийдвэр нь туйлын шударга байх албагүй.

-Танд өмгөөллөө үргэлжлүүлэхийн тулд зарчмаасаа хазайх үе тохиодог уу?

-Миний нэг зарчим бол ямар ч зарчимгүй байх. Тийм ч учраас би хэнийг ч өмгөөлөхөөс татгалзаж байгаагүй.

-Тэгвэл Адолф Хитлерийн талаар ярилцъя л даа?

-Би Хитлерийг өмгөөлөх байсан. Түүнчлэн Осама Бин Ладен, тэр бүү хэл гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөх аваас Жеорж В.Бушыг ч өмгөөлнө.

-Та Хитлерийг Бин Ладен, Буштай хамт дурдчихлаа.

-Гэмт хэрэг, гэмт хэрэгтэн бүр онцгой. Хэн нэгнийг нөгөөтэй нь харьцуулах боломжгүй.

-Таны сүүлчийн үйлчлүүлэгч Кхмерийн удирдагч Киү Сампан та хоёр эртний андууд. Та түүнтэй 55 жилийн өмнө Парист уулзаж байсан. Тэр удахгүй геноцид үйлдсэн Пном Пендээ шүүгдэх болно.

-Камбожид хоморголон устгал болоогүй.  

-Тийм гэж үү? Улаан кхмерийн үед дөрөв хүрэхгүй жилийн дотор 1,7 сая хүн алагдсан шүү дээ. 

-Ж.В. Энэ тоо бол хэтрүүлэг. Тэнд аллага болсон. Тэдгээрийн заримыг нь уучлах аргагүй тухай миний үйлчлүүлэгч надад ярьсан. Мөн өршөөх аргагүй залхаан цээрлүүлэлт байсан. Гэсэн хэдий ч энэ явдлыг геноцид гэж нэрлэж болохгүй. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь өлсөж, эсвэл өвчнөөр үхсэн.  

-Гэхдээ энэ бүх зовлон гамшгийн хариуцлагыг оршин тогтнож байсан дэглэм нь үүрэх ёстой.

-Яг тийм. Гэхдээ энэ бол өөр асуудал бөгөөд АНУ-ын гадаад бодлогын шууд үр дүн. Камбожийн түүх Улаан кхмерүүд төрийн эрхэнд гарсан 1975 оноос эхэлдэггүй. Үүнээс ч өмнө тэнд цус урсч байсан. 1970 онд АНУ-ын ТТГ Камбожид төрийн эргэлт зохион байгуулж байсан. Ерөнхийлөгч Ричард Никсон, Үндэсний аюулгүйн зөвлөх Хенри Киссинжер нарын удирдлаган доор америкчууд 1970-аад оны эхэн үед Камбожийн гэм зэмгүй номхон иргэдийг хэрцгийгээр бөмбөгдөж байлаа шүү дээ. Тэнд Америкчууд дэлхийн хоёрдугаар дайны үер япончуудыг бөмбөгдсөнөөс гурав дахин их бөмбөг хаясан гэдэг. Маш олон жилийн дараа л гэнэтхэн тэд шүүх хурал зохион байгуулж бүх бурууг Улаан кхмерүүдэд оноохоор оролдож байна.

-Тэгвэл та Хенри Киссинжерийг Улаан кхмерийн шүүх хуралд гэрчээр дуудаж болно шүү дээ.

-Би энэ эрхээ ашиглахаа түр азнах болно. Гэхдээ түүнийг царайгаа харуулна гэдэгт би эргэлзэж байна. 

-“Нөхөр Дюх” нэрээрээ алдаршсан, Улаан кехмерүүдийн залхаан цээрлүүлэх шоронг удирдаж байсан Канг Кек Иевийн шүүх хуралд зориулан НҮБ ба Камбожийн засгийн газар 50 сая доллар зарцуулсан талаар та юу хэлэх вэ?

-Ж.В. Магадгүй Дюхийн эсрэг шүүх хурал удахгүй эхлэх байх. Гэхдээ үлдсэн дөрвөн хоригдол болох Улаан кхмерүүдийн хоёрдахь удирдагч Нюон Чеа, сайд асан Иенг Сари, Иенг Тирит, удирдагч Кию Сампаны хувьд шүүх хурал болохгүй. Яагаад гэвэл Пном Пенийн шүүх аль хэдийн найдвартай байдал, хууль ёсны дагуу ажиллах чанараа мөрийтэй тоглоод алдчихсан.

-Яагаад? 

-Би энд зөвхөн прокурорын мэргэжлийн бус байдлын талаар хоёр жишээ хэлье. Иенг Сари 1996 онд Камбожийн шүүхээр шүүгдэж, эзэн хаан уучлал үзүүлсэн. Гэтэл түүнийг яг тэр хэргийнх нь төлөө ахин шүүх нь хуулийн бүхий л стандартыг зөрчсөн үйлдэл. Мөн шүүх хэдийгээр гурван хэлийг хүлээн зөвшөөрнө гэж байгаа ч кхмер хэл дээр бичигдсэн баримтуудын хэсгээс илүү зүйлсийг франц хэл рүү орчуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Миний хувьд тэдгээр нотлох баримтуудгүйгээр үйлчлүүлэгчээ өмгөөлөх нь боломжгүй юм.  

-Та геноцидийн эсрэг шүүх хурлын талд байгаа улс төрчдийн эсрэг зогсдог уу?

-Ийм зүйлсээс дандаа л ялагчийн шударга ёс ханхалж байдаг. Нюрнбергийн шүүх хурал ч гэсэн тийм байсан. Гэхдээ бас тодорхой дүрмүүд байсан. Жишээлбэл: III Рейхийн эдийн засгийн сайд асан Хяалмар Шахтыг гэм буруугүй гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч Кию Сампан ч гэсэн эдийн засгийн явдлыг хариуцдаг байсан. Гэтэл Нюрнбергтэй харьцуулахад бид хуулиас гадуур улсад байгаагаа Пном Пенийн шүүх хурлын өмнө мэдсэн. Тэнд хууль бус дээрэмчдийн шударга ёс үйлчилдэг. 

-Таны улаан кхмерүүдийн талаарх энэрэнгүй сэтгэл чинь тэдэнтэй тогтоосон хувийн харилцаатай тань холбоотой юу? Та 1950-иад онд парист эхлээд Пол Поттой дараа нь Кию Сампантай танилцсан.

-Би тэр үед коммунист оюутан байлаа. Би маш олон зүүний үзэлт гадаад оюутнуудтай холбоотой байсан. Салот Сартай уулзаж байсан минь үнэн. Тэр хожим өөрийгөө Пол Пот гэж нэрлэх болсон. Тэр Рэмбогийн шүлгүүдэд дурласан залуу байж билээ.

-Тэр бол хоморголон устгагч, Хитлер, Мао, Сталины дараа орох өнгөрсөн зууны хамгийн муу хүмүүсийн нэг шүү дээ.   

-Эзэн хаан Сиханоукийн тэтгэлгээр Францад суралцаж байсан кхмер оюутануудаас Кию Сампан хамгийн оюунлаг нь байсан. Тэр Камбожийн эдийн засгийг хөгжүүлэх тухай маш ухаалаг диссертац бичиж байсан. Түүний улс төрийн үзэл бодол төлөвшихөд миний үзүүлсэн нөлөө ч бий. Салот Сар, Кию Сампан бол бусдын л нэгэн адил колоничлолын эсрэг тэмцэлдээ тохирох загвар хайсан оюутнууд байсан. Кию Сампан хожим марксист болсон.

-Та түүнийг дараа нь хэзээ харсан бэ?

-2004 оныг хүртэл хараагүй. Тэр үед тэр надад удахгүй шүүгдэх гэж буй тухайгаа хэлсэн. Ингээд би Камбожид очиж, түүний Таиландын хилийн ойролцоох байшинд бид хамтдаа дөрөв хоног өмгөөллийн стратегиа боловсруулсан.

-Энэ тэгээд ямархуу байсан бэ?

-Маш энгийн. Миний үйлчлүүлэгч хэзээ ч орон нутгийн засаг захиргаа цагдаа болон аюулаас хамгаалах чиглэлд ажиллаж байгаагүй. Тэр ёс төдий төрийн тэргүүн байсан бөгөөд улс орноо гадаадад төлөөлөх л үүрэгтэй байсан. Тэр хэзээ ч хэлмэгдүүлэлтэд оролцоогүй. Тэр их зөөлөн хүн. Тэр гэм буруугүй.

-Та үүнд нь үнэхээр итгэдэг гэж үү?

-Тийм ээ, мэдээж хэрэг. Тэр улс төрд тогтсон кастын системийг үгүй хийхийг хүсдэг байсан. Тэр тэр бүхний нэг хэсэг байгаагүй. Тэр хувьсгалт санааны араас хөөцөлдсөн идеалист нэгэн байсан. АНУ ардчиллыг түгээн дэлгэрүүлэх зорилготой дайнд хэдэн мянган хүнийг алж, Гуантанамо, Абу Грайбийн шоронгуудыг байгуулж, Францууд Алжирт маш их бохир зүйлс хийсэн шүү дээ.

-Та 1957 онд Алжирын үндэсний чөлөөлөх фронтын маш олон гишүүдийг өмгөөлж байсан. Таны үйлчлүүлэгчид Францын колоничлогчдын эсрэг терроризмын арга ашиглан тэмцсэн. Та тэдэнтэй хамт гэдгээ зарлаж байсан.  

-Тийм ээ. Би тэр үед тэдэнд “Би та нарын уур хилэн, тэмцлийг ойлгож, та нарын хийж буй үйлийг дэмжиж байна” гэж хэлсэн. Мөн би тэдний үйлдсэн хүчирхийллийг хүлээн зөвшөөрсөн.

-Та хүчирхийллийг ойлгож, зөвшөөрснийхөө төлөө шаналж байв уу?

-Энэ бүхэн яг л фэшн шиг шүү дээ. Хэн нэгний шударга ёсны төлөөх тэмцэл нь хэн нэгнийг золиос болгодог. Би үүнийг үзэн яддаг. Миний эцэг Вьетнам эмэгтэйтэй гэрлэсэн учраас Индочайнагийн колонийн консулын албанаасаа татгалзсан. Дараа нь тэр биднийг африкийн эрэг дэх Францын Реюнионд аваачиж, тэндээ эмчээр ажиллах болсон. Би эрлийз. Гэхдээ би тарчилж байгаагүй. Би хэвлийдээ уур хилэнтэй төрөөгүй. Би уур хилэнг олж авсан. 

-Таны бага нас Парист эцэг эхийнхээ хайр ивээлд өссөн хүүхдүүдээс өөр өнгөрсөн байх.

-Мэдээж хэрэг. Би хүүхэд байхаасаа л ялгагдан гадуурхагдаж эхэлсэн. Би нэг удаа Мадагаскарт итгэмээргүй тарган европ хос турж эцсэн нутгийн эрийн хүн тэргэнд сууж явахыг харсан. Тэд зогсох дохиогоо өгөхдөө хөөрхий тэрэгчнийг зүгээр л өшиглөж байсан. Тэд сармагчинтай ч тэгэж харьцах ёсгүй. Би колоничлол гээч юу болохыг хүүхэд байхаасаа л мэдэрсэн. Би хүүхэд байхаасаа л доромжлолтой нүүр тулж эхэлсэн.

-Та 1942 онд Европт ирж, Францын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчидтэй нэгдсэн. Яагаад?

-1942 онд 17 настайдаа би Шарль Де Голлийн Чөлөөт Францын хүчнийхэнтэй хамт нацигийн түрэмгийллийн эсрэг тэмцэж эхэлсэн. Яагаад гэвэл би Францыг хамгаалахыг хүссэн. Монтень, Дидро, Робеспьер, Францын хувьсгал гээд л Францыг хайрлах хангалттай шалтгаан надад бий. Шарль Де Голлийн удирдлага доор, Францын засгийн газар алах ял төлөвлөчихсөн хэн нэгний доор зүтгэх нь надад маш их таалагддаг байсан. Бид Англи, Алжирт бэлтгэгдэж, Итали, Францад тулалддаг байлаа. 

-Та 1957 онд Алжирын эсэргүүцлийн хөдөлгөөний тэмцэгч, тэсрэх бөмбөг ашиглан гэмгүй иргэдийг хороосон Жамила Боухиредийн ямар ч найдваргүй хэргийг авсан. Энэ таны анхны томоохон ажил байсан.

-Би зуун хувь түүний талд байсан. Тэр эх оронч эмэгтэй байсан. Түүнийг шоронд аймшигтайгаар тамласан.

-Тэр шүүх хурал дээр та улс төрийн сөрөг довтолгоо хийх замаар үйлчлүүлэгчээ хамгаалдаг алдартай стратегиа анх удаа ашигласан.

-Алжирчуудын хэргийг авсан бусад өмгөөлөгчид цэргийн шүүгч нартай харилцаа тогтоохоор оролддог байсан юм. Шүүгчид бол АҮЧФ-ийг гэмт хэргийн бүлэг гэж үзнэ. Харин яллагдагчид маань довтолгоогоо эсэргүүцлийн зайлшгүй хэлбэр гэж үзнэ. Өөрөөр хэлбэл зөвшилцөлд хүрэх ямар ч боломж байгаагүй юм. Иймд би болж буй үйл явдлыг шүүхийн танхимаас гаргаж, яллагдагчдын талаарх олон нийтийн анхаарлыг татахыг хичээсэн.

-Энэ стратеги чинь амжилттай хэрэгжиж, таны зохион байгуулсан олон улсын кампанит ажиллагааны дараа цаазын ял аваад байсан Боухиред суллагдаж, дараа нь таньтай гэрэлсэн. 1963 онд та Мао Зэдунтай цай уухаар Боухиредийг дагуулаад Хятад явсан. Яаж яваад та тэр аугаа удирдагчид бараалхчихав?    

-Би тэр үед АҮЧФ-ын дэмжлэгтэйгээр Алжирт “Африкийн хувьсгал” нэртэй сонин эрхлэн гаргадаг байлаа. Нэг удаа Хятад улс редакцын ажилтнуудыг Бээжинд урьсан юм. Бид улс төрийн ноцтой асуудлуудаар олон хэлэлцүүлэг хийсэн. Мао хувь хүн талаасаа намайг бишрүүлсэн. Ямар нэг сэтгэл хөдөлгөм зүйл түүнд байсан. Нэг удаа тэр надаас Жамилатай гэрлэх санаатай байгаа эсэх талаар их л чин сэтгэлээсээ асуусан юм. Намайг “Тийм ээ” гэж хариулхад тэр “Гэрлэх хэрэгтэй. Магадгүй энэ амаргүй харилцаа байна байх. Гэхдээ хайр бол хорлон сүйтгэх ажиллагаа шүү дээ” гэж билээ. 

-Та одоо ч гэсэн, Маогоос болж 30 сая хүн өлсгөлөнгөөр үхсэн гэдгийг мэдсэн хойноо ч түүний талаар ийм эерэгээр боддог хэвээрээ юу?

-Хүн бүрд л сайн бас муу талууд бий. Надад Маогийн зөвхөн сайн талыг олж харах онцгой хувь тавилан тохиосон юм.

-Та бас Че Геваратай уулзаж байсан.

-Тийм ээ, Парист. Тэр Швейцар руу хийсэн аяллаасаа дөнгөж эргэж ирээд байлаа. Түүний анхны эхнэр манай редакцад ажилладаг байсан юм. Тэр итгэмээргүй бусдыг татах хүчтэй, гүнзгий сэтгэгдэл төрүүлэм нэгэн байсан.

-Таныг хожим террористуудад өөрийн биеэр тусалсан хэмээн сэжиглэж байсан. Энэ үнэн үү? Та үйлчлүүлэгч нарынхаа тэмцэлд нэгдэх талаар бодож байсан уу?

-Би тэдний ихэнхийнх нь үйл хэргийг хүндэлдэг байсан. Гэхдээ өөрийн биеэр ямар нэг зүйл хийх талаар бодож байгаагүй.

-Алан хядагчдыг хүндлэх гэнэ ээ. Энэ бүхэн таны сэтгэл болон хууль зүйн мэдлэгтэй тань хэрхэн тохирдог хэрэг вэ?

-Жишээ нь Карлосын амраг Магдалена Копп байна. Сурвалжлагч болохыг хүссэн гэрэл зургийн ангийн залуухан оюутан нэг л өдөр хүсэл мөрөөдлөө орхиод Ойрх дорнодод очиж Палестинчуудын талд тулалдаж эхэлсэн. Энэ амь бие хайргүй үйлийн тухай сонсохоор надад энэлэн хайрлах сэтгэл л төрдөг.

-Гэхдээ та хуульчийнхаа хувьд улаан шугамыг давах ёсгүй шүү дээ?   

-Улаан шугам гэж яг юу юм бэ? Хэн нэгнийг, үүний дотор хамгийн ноцтой гэмт хэрэг тулгагдсан хүмүүсийг хамгаалах нь өмгөөлөгчийн хувьд надад оногдсон хараал идсэн үүрэг. Хоёрдугаарт, би юуг ч тодорхойлж чадахгүй. Хэрвээ Клаус Барби үйлчлүүлэгчийн хувиар ари арьстнуудын давуу эрхийн талаар надтай ярилцах гэвэл би “Намайг уучлаарай. Би ингэж чадахгүй. Би бол Верже, Парист зөвшөөрөл авсан өмгөөлөгч. Би Оберштурмфюрер /III Рейхийн цэргийн цол/ биш” гэж хэлэх байсан.

-Та Гестапогийн удирдагч Лионы зандалч хочит Клаус Барбиг өмгөөлөх саналыг хүлээн авахаасаа өмнө тээнэгэлзсэн үү?

-Секунд ч тээнэгэлзээгүй. 1987 онд Лионд болсон шүүх хурал дээр би түүний эсрэг талд байгаа 39 хуульчтай уулзсан. Энэ л надад хангалттай байсан.

-Та шүүх хурлын танхимд маш олон францчуудыг наци нартай хамтарч байсных нь төлөө буруутгаж, Францын бодит байдлыг илчилсний дараа таньд цагдаагийн хамгаалалт хэрэгтэй болж байсан. Барби таньд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?

-Тэр ямар нэгэн өвөрмөц зан авиргүй гайхмаар энгийн хүн. Гэхдээ тэр 40 гаруй жилийн өмнө хийсэн хэргийнхээ төлөө шүүгдэж байсан гэдгийг мартаж болохгүй. Энэ бүх хугацаанд тэр өөрчлөгдсөн нь дамжиггүй.

-Та 1970-аад онд гэр бүлийнхэндээ ч юу ч хэлэлгүй 8 жил алга болсон. Тэр үед таныг хаана юу хийж байсныг хэн ч мэддэггүй.

-Андре Малрау нэгэнтэй “Тухайн хүний талаарх үнэн нь түүний хэлээгүй зүйлс юм” гэж хэлсэн байдаг. 

-Танд энэ нууцыг тайлах талаар ямар ч санаа алга уу?

-Яагаад тэгэх ёстой гэж. Орчин үеийн цагдан сэргийлэхтэй ертөнцөд намайг арван жил хаана байсныг мэдэх нэг ч хүн байхгүй байна гэдэг инээдтэй хэрэг. Миний талаар улаан кхмерүүдтай Камбожид эсвэл Палестинд, Хятадад бүүр Францад байсан гээд л янз бүрийн л таамаглалууд байдаг. Надад зориулсан эмгэнэлийн үгийг унших надад таатай санагддаг байлаа. Тэнд хорвоог орхин одсон маш авьяаслаг залуугийн тухай бичсэн байдаг. 

-Та ихэнх хэргүүдээ үнэ төлбөргүй өмгөөлдөг. Таны үйлчлүүлэгчдийн дийлэнх нь ядуу хүүхдүүд, гудамжны янхнууд байдаг. Таны хуулийн фирм хэрхэн санхүүждэг юм бэ?

-Санаа зовох хэрэггүй. Би өөр олон компанийг төлөөлөн ажилладаг. Тэд надад хангалттай төлдөг. 

-Таныг Африкийн дарангуйлагч нарт зөвлөхөөр ажилладаг тухай цуурхал бий. Люмюмбагийн аллагад холбогдсон Конгогийн улс төрч Мойз Чомбе тэдний нэг гэгддэг. Мөн Эмнести Интернэшнл таныг Тогогийн хуучин ерөнхийлөгч Гнассингбе Эйадемаг төлөөлдөг хэмээн шүүхэд өгч байсан.

-Энэ бүхэн худал. Сайн байгууллагад ч гэсэн хүндлэлийн тодорхой хязгаар байх ёстой.

-Та Чомбе, Эйадема нар шиг хүмүүстэй ажил хэргийн хувиар хэзээ ч холбогдохгүй гэж хэлж чадах уу?

-Тийм ээ би чадна. Гэхдээ энэ нь эмч өвчтөндөө “Чи ДОХ-ын халдвар авчээ. Гэхдээ би хар хүмүүст дургүй. Би тэднийг гэмт хэрэгтнүүд гэж боддог. Энэ нь миний жигшлийг төрүүлдэг. Тэгэхээр би чамайг эмчилж чадахгүй нь дээ” гэж хэлэхтэй ижил.

-Эмч нар тусламж үзүүлэх ёстой. Гэхдээ өмгөөлөгчид үйлчлүүлэгч бүрд зөвшөөрөх үүрэг хүлээгээгүй.

-Хэрвээ чи цус эсвэл язарсан шарх, идээ бээр харж чаддаггүй эмчтэй таарвал түүнийг буруу мэргэжил эзэмшжээ гэнэ. Тэгвэл гэмт хэрэгтнүүд, дарангуйлагч нарт дургүй хуульч бол яг л тийм эмчтэй адил.

-Та нэг удаа “Миний ёс суртахуун бол бүх ёс суртахууны эсрэг байх. Яагаад гэвэл тэр амьдралыг хазаарлаж байдаг” гэж бичиж байсан.

-Тийм ээ. Миний намтарчилсан ном. Намайг нэг сэтгүүлч “гайхалтай зулбасга” гэж нэрлэснийх нь дараа номоо би тэгэж нэрлэж билээ.

-Та өөрийнхөө мэргэжлийг ихэвчлэн оюунлаг өдөөн хатгалга хэлбэрээр ашигладаг байсан.

-Би мэргэжлээ ихэвчлэн оюунаа хөгжүүлэхэд зориулан ашигладаг байсан. Би сексийн хэт донтой эмэгтэй, онгон охин, гэмт хэрэгтэн, цагдаа, алан хядагчдын өнцгөөр дэлхий ертөнцийг харсныхаа төлөө мэргэжилдээ талархдаг. Миний мэргэжил миний харааг тэлсэн гэдгийг л би хэлж чадах байна.

-Та орчин үеийн олон улсын гэмт хэргийн хуулийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Олон улсын шүүхийг барууныхан өөрсдийнх нь эсрэг зогсож буй улс үндэстнүүдэд зориулан байгуулсан юм. Сербийн удирдагч С.Милошевич мөрдлөгийн үер шоронд нас барсан. Түүний бие хүндхэн байгааг, түүнд амралт хэрэгтэй болохыг Орос, Серби, Францын шинжээчид баталсаар байсан юм шүү дээ. Тэр шүүх хуралд 1945 оныг хүртэл наци нартай холбоотой байсан гэгддэг Боснийн анхны ерөнхийлөгч Изетбегович яллагч талын гэрчээр оролцож байлаа шүү дээ. Барууныхны таалал тэр байсан юм.

Хо Ши Минийг бөмбөгдсөн “Төлөөлөгч Жүрж” ажиллагаанд өртсөн маш олон гэмгүй хүүхдүүд хожим сохорч, дүлийрч, саажсан. Гэвч АНУ хариуцлага хүлээгээгүй. Хүчтэй нь сул доройгоо шүүж, сул дорой нь гэм буруутан болж, шоронд орно. Үнэн хэнд ч хамаагүй.

-Та хэдэн долоо хоногийн өмнө НАТО-ийн бөмбөгдөлтийн бай болоод буй Ливид зочилсон. Аяллынхаа талаар хэдэн үг хэлээч?

-Ливи эхлээд барууны улсуудтай маш сайн харилцаатай байсан. Саркози Каддафиг Парист урьж, түүнд онгоц, үйлдвэрүүд зарахаар оролдож байв шүү дээ. Харин дараа нь бид түүн рүү довтлохоор шийдсэн. Ингээд энгийн иргэдийг хамгаалах тухай төлөвлөгөө боловсруулсан. Гэвч тэнд энгийн иргэд алагдаж байна. Роланд Дюма бид хоёр эмнэлгээр ороход тэнд дүүрэн шархдагсад байсан. Санамсаргүйгээр бид нэг хөлөө алдсан эртэй таарсан юм. Түүнд юу тохиолдсон талаар асуухад тэр зүгээр л таксигаа бариад явж байсан гэж хэлсэн. Оффис дээр нь бөмбөг дэлбэрснээс болж хараагүй болсон нэгэн ч байсан.

Энэ энгийн иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа биш гэж үү. Гэтэл барууныхан ийм зүйлийг энгийн үзэгдэл гэж л үздэг. Фашист уу, ардчилсан уу ялгаа байхгүй. Нидерландын засгийн газрыг эрхэндээ оруулахын төлөө наци нар Роттердамыг бөмбөгдөж, хэдэн мянган энгийн иргэдийг алсан. Маргааш нь Нидерландын арми бууж өгсөн. Хэдэн зуун мянган энгийн иргэд амиа алдсан Дрездений бөмбөгдөлтийг юу гэх вэ. III Рейхийн хувь заяа нэгэнт шийдэгдчихсэн үе байлаа шүү дээ. Нагасаки, Хорошима?

Манай засгийн газар босогчдыг хамгаална гэсэн. Гэвч Ливийн үйл явдал хувьсгал биш юм. Каддафигийн өөдөөс ард түмэн нь босоогүй. Үүнийг бид түүний төрсөн хот Сиртед очихдоо л мэдсэн. Тэндэхийн иргэд Каддафигийн талаар өчүүхэн ч гомдоллоогүй бөгөөд сургууль, эмнэлгийг бөмбөгдөж буй НАТО-ийнхон гарч явахыг л хүсэж байсан. Бид гэмт хэргийн ертөнцөд амьдарч байна. Надад өнөөдрийн улс төрчид тэмбүүгийн гуравдугаар шатанд орсон хүмүүс шиг л санагддаг. Барууны улсууд XIX зуунд далайд хяналтаа тогтоох замаар колоничлолоо явуулдаг байсан. Өнөөдөр тэдний цэргийн хүч аль ч дэглэмийг түлхэн унагаах чадалтай. Гэхдээ тухайн бүс нутагтаа тогтвортой засгийн газар байгуулах улс төрийн хүч чадал алга. Бид Ливид анархизмийг л харсан. Яг л зааны ясан эрэгт болсон шиг үйл явдал тэнд өрнөж байна.

-Та Иракийн гадаад хэргийн сайд асан Тарик Азизийг өмгөөлхөөр оролдож байсан.

-Тарик Азиз намайг өмгөөлөгчөөрөө сонгосон. Гэвч надад түүнийг хамгаалах боломж олдоогүй. АНУ-ын тоглоомын засгийн газар надад Иракт нэвтрэх виз олгоогүйн дээр үйлчлүүлэгчтэй маань ч уулзуулаагүй. Христийн шашинтай Азиз Муслим улсын төр дэх хамгийн хүчирхэг албан тушаалуудын нэгийг хашдаг байлаа. Өнөөдөр бид түүнийг цаазлахыг хүсэж байна. Гэвч цагтаа тэр бол барууны улс төрчдийн хамт зургаа авахуулахыг хамгийн ихээр хүсдэг хүмүүсийн нэг байлаа шүү дээ. Иракийн дайнд барууныхан эргэлтгүй ялагдсан. Энэ бүхний эцэст тэнд Шийтүүд л яллаа. Бид Афганид талибуудтай тулалдсан. Үр дүнд нь тэд өмнө нь байснаасаа ч илүү хүчирхэг боллоо. Барууны улсууд зөвхөн эдийн засаг болон цэргийн хүч л хэн ялагч болохыг тодорхойлно гэж үздэг. Тэд ёс суртахууны талаар огтхон ч боддоггүй. 

-Та Чад, Габон, Того гээд л африкийн маш олон улсын удирдагчийг хамгаалж байсан. Энэ талаараа яриач?

-1960-аад оны Африкийг төсөөлцгөөе. Генерал Де Голь маш авьяаслаг улс төрч байсан юм. Тэр бодит байдлыг гярхай ажигласны үр дүнд африк дахь Францын колони улсуудын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн юм. Энэ бодлогын үр дүнд шинэхэн тусгаар улсуудын удирдагчид Францаас хамааралтайгаар сонгогдсон юм. Тэр цагт түрүүч генерал, хуучин захирагч ерөнхийлөгч болж байлаа. Тэдгээр улсууд болон Францын харилцаа нь захирах ёс ба хамтын ажиллагааны холимог байсан гэх үү дээ. Өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдөж байна. Лорен Гбагбо бол үүний тод жишээ. Тэр Француудтай эрх мэдлээ хуваалцахыг хүсээгүй. Африкийн ихэнх улсын төрийн тэргүүнүүд Францын аварга корпорацуудтай дотно холбоотой. Эсрэгээр нь манай аварга корпорацууд африкийн улсуудыг халаасандаа хийчихсэн ч гэж хэлж болно. Би тэдгээр удирдагчдыг өмгөөлөх бүртээ Францын аль нэг аварга корпорацын араас мөшгөх шаардлагатай болдог. 

-Та өнгөрсөн зун Зааны ясан эрэгт очиж, ерөнхийлөгч асан Лорен Гбагботой уулзсан. Энэ улсад яг юу тохиолдсон юм бэ?

-Зааны ясан эргийн ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч өрсөлдсөн. Эхнийх нь үндэсний үзэлтэй Гбагбо, түүний өрсөлдөгч нь барууныг дэмжигч Оуаттара. Барууныхан мэдээж хэрэг өөрийн хүнээ дэмжсэн. Сонгуулийн үер маш их хууль бус үйлдэл гарсан. 60 хүнтэй хэсгийн хороонд 65 хүн санал өгснөөс бүгд Оауттараг дэмжсэн байх жишээтэй. Жинхэнэ булай хэрэг. Энэ тухай олон баримтууд Роланд Дюматай хамтран бичиж буй миний шинэ номонд орж байгаа. За ингээд сонгуулийн үр дүнд Гбагбо ялагч боллоо. Ингээд барууныхан Оауттарад үнэнч хүмүүсээр дамжуулан Гбагбог түлхэн унагаах төлөвлөгөө хэрэгжүүлсэн. Үймээн дэгдээгчид Францын тусгай хүчнийхний дэмжлэгтэйгээр ялалт байгуулсан. Энэ явцад аймшигтай нядалгаа болсон. НҮБ-ийн тайланд дурдсанаар зөвхөн мачетегээр хэрчиж хуваасан 700 хүний цогцос олдсоны дотор хүүхдүүд ч байсан гэсэн. Үнэндээ энэ үймээнд иргэд Гбагбог дэмжиж байсан юм. Өнөөдөр Оуаттара өөрийн хүмүүсээ улс орныхоо өнцөг булан бүрээр явуулж дэмжлэг хүсэж байна. Гэхдээ энэ төлөвлөгөө бүтэхгүй л болов уу. Яагаад гэвэл өнөөдөр XIX зуун биш. Африкчууд үзэл бодлоо илэрхийлэн тэмцдэг болсон. 

-Та шүүх хурлыг урлаг гэж хэлж байсан. Түүнчлэн та уран зохиол, урлагийг сүслэн биширдэг хүн. “Шудрага ёсны уран зохиол” ном тань үүний тод жишээ. Та хуульч болох гэж буй оюутнуудад юу захих вэ?

-Уран зохиол шүүх хурал хоёр бол нягт холбоотой. Заримдаа нэгэн дэвсгэр дээр бичигдэх нь ч бий. Софклийн Антигон л гэхэд шүүх ажиллагааг дэлгэсэн бүтээл шүү дээ. Жанна Де Аркийн шүүх хурлыг санацгаая л даа. Жинхэнэ эмгэнэл. Антигонд бурхдын эсрэг тэрсэлсэн хаант засаглалын тухай гардаг. Энэ бүх ажлуудаар дамжуулан бид ертөнц дахины хэв журмын талаар эргэцүүлэн бодох боломжтой болдог. Ф.Достоевский байна. Тэр хэв журмыг өөрчлөх талаар үргэлж л ярьдаг. Л.Толстойн Анна Каренина байна. Дэлхийн эмэгтэй жүжигчдийн чансааг шалгадаг энэ дүр бол өөрөө өөрийгөө шүүж буй эмэгтэй юм. Биднийг үргэлжлүүлэн амьдрахад маань тусалдаг санаанууд Толстой, Достоевский, Стендаль, Шекспирийн зохиолуудаас урган гардаг. Жанна Де Аркийг шүүсэн шүүх ажиллагаа бүгдээс онцгой. Тэр шүүх ажиллагаа байгаагүй бол тэр гэгээнтэн болохгүй байсан. Түүнийг шүүх буруутайд тооцож цаазалсан. Харин дараа нь тэр гэгээнтэн болсон. 

Алжир Францын дайн үер Парист бөмбөг дэлбэлсэн эмэгтэйчүүдийн бүлгийг өмгөөлөх тухай санаа надад орж ирсэн юм. Залуу эмэгтэй олон нийтийн газар тэсрэх бөмбөг байрлуулсан бөгөөд маш олон хүн амиа алдсан. Тийм болохоор тэр үед бүх л хүн энэ хэргийг сонирхож байлаа. Би тэр бүлгийн нэг гишүүнийг өмгөөлсөн. Шүүх хурлын дараа Ёоссеф Кахина тэр бүсгүйн тухай “Алжирын Жамила” нэртэй кино хийсэн. Шүүх хурал тэр эмэгтэйн амьдралыг өөрчилсөн. Тэр энгийн нэг тэмцэгч биш бэлэг тэмдэг, домог болж хувирсан. Коммунист Димитровийг санацгаая. Энгийн л нэг коммунист залуу рейхстагт гал тавьсан. Нацигийн шүүх түүнийг шүүж, Димитров ялалт байгуулсан. Улмаар тэр наци Герман дахь коммунизмын билэг тэмдэг болсон. Шүүх хурал бол урлаг. Шүүх хурал бол ид шид. Хэрвээ ялж л чадвал бүх зүйл боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.