UBLife Logo
-

ИНФОГРАФИК: Америкчууд шиг бус, монголчууд шиг хоолло

UBLife
UBLife
ИНФОГРАФИК: Америкчууд шиг бус, монголчууд шиг хоолло

Дэлхий тэр чигтээ өлсөхөө бараг л болиод байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Сахарын Африк болон Зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнуудын хоол тэжээлийн дутагдлын түвшин буурсан. Харамсалтай нь, хоол тэжээлийн чанарын асуудал араас нь урган гарч ирэв. “The Lancet Global Health” сэтгүүлд 1990-2010 оны хооронд дэлхийн 187 оронд хийсэн судалгааны дүнг өнгөрсөн лхагва гарагт нийтэлжээ.

Доорх графикаас хамгийн эрүүл хооллодог (ногоон) болон хамгийн эрүүл бус хооллодог (улаан) улс орнуудыг харж болно. Эхний зургаас бүхэл үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, загас, самар, шош, буурцаг, сүү зэрэг эрүүл хүнсийг улс орнууд хэр их хэрэглэж байгааг харж болно. Жишээ нь, Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали, Турк зэрэг улсын иргэд эрүүл хүнсийг бусдаасаа илүү их хэрэглэдэг нь харагдана. Хоёр дахь зургаас өөх тос, давс, чихэртэй ундаа, боловсруулсан болон боловсруулаагүй улаан мах зэрэг эрүүл бус хүнсийг улс орнууд хэр их хэрэглэдгийг харна уу. Эндээс АНУ, Орос, Австри, Чех, Бразил зэрэг улсын иргэд эрүүл бус хоолонд бусдаасаа илүү дурладаг нь тодорхой харагдана.

Харин дараагийн гурван газрын зураг 1990-2010 онд улс орнуудын хооллолтын хэв маяг хэрхэн өөрчлөгдсөнийг харуулна. Ногооноор тэмдэглэгдсэн улс орнууд илүү эрүүл өөрчлөлт хийж, улаан нь эрүүл бус хооллох хэв маягт шилжсэнийг илтгэнэ. Орос, Монгол, Лаос, Парагвай зэрэг орон эрүүл, тэжээллэг хоол хүнсний хэрэглээгээ дорвитой нэмснээрээ бусдыгаа хошуучилж буй. Харин хоёр дахь зурагт Уганда, Вьетнам, Армен улс тос, чихрийн урхинд орсныг харуулж байна. Сүүлчийн зургаас Хятад, Ангол, Конго улс хооллох хэв маягаа өөрчлөх тал дээр тийм ч их амжилт гаргаагүйг төвөггүй  мэдэж болох юм.

Судлаачдын баг эл газрын зургуудыг хийхийн тулд хооллолтын талаар улс тус бүрийн хийсэн олон зуун судалгааг нэгтгэн дүгнэсэн юм. Судалгааны дүнг ерөнхийд нь авч үзвэл дэлхий даяар 20 жилийн өмнөхийг бодвол харьцангуй тэжээллэг хүнс хэрэглэдэг болсон ч эрүүл бус хоолонд улам бүр оржээ.

“Шим тэжээлтэй, эрүүл хоол хүнсний хэрэглээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд алгуурхан өссөн ч эрүүл бус хооллолт эрс өссөн нь харамсалтай” гэж судлаачид ярьсан юм. Ахимаг насныхан залуу насанд хүрэгчдээс хавьгүй эрүүл хүнс хэрэглэдэг бөгөөд тэр дундаа эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эрүүл хооллодгийг тогтоожээ.

Мөн улс орнуудын орлогын түвшнээс хамааран бүс нутгаараа ихээхэн ялгаатай байгаа юм. АНУ, Канад, Баруун Европын хүн амын эрүүл бус хоол хүнсний хэрэглээ хэт өндөр байгаа ч урьдынхаасаа багассан нь цусны даралт, цусан дахь холестериний хэмжээ, зүрх судасны өвчлөл буурч байгааг харуулна. Хөгжиж буй улс орнууд харьцангуй эрүүл, тэжээллэг хүнс хэрэглэж байгаа ч эрүүл бус хүнсний хэрэглээ нь өмнөхөөсөө нэмэгдсэн нь харамсалтай.

Нийгэм, эдийн засгийн эл өөрчлөлт нь хүн амын эрүүл мэндэд хор хөнөөл дагуулж буй. Олон улсын хүнсний хөтөлбөр өлсгөлөнтэй тэмцэхэд голлон анхаардаг ч дэлхийн бараг бүх бүс нутагт хооллолтын хэв маягаас болж үүссэн асуудал тэжээлийн дутагдлаас үүдсэн асуудлаас харьцангуй их байдгийг судлаачид онцолжээ. Халдварт бус архаг өвчний ихэнх нь хүнснээс болсон байдаг аж. 2020 он гэхэд дэлхий даяарх нийт нас баралтын бараг дөрөвний гурав нь халдварт бус архаг өвчнөөс шалтгаална гэсэн тооцоо бий. Тиймээс хоолны чанарт томоохон өөрчлөлт хийхгүй бол энэ төрлийн өвчин болон хэт таргалалт дэлхийн хамгийн ядуу хүн амын дунд илүү түгээмэл болох гэнэ.

Бага орлоготой улс орнууд чухам яагаад илүү эрүүл бус хоол идэж байгаа нь тодорхойгүй ч шалтгаан нь өөр өөр байх магадлалтай. Cудлаачид Сахарын Африкийн баруун хойд хэсэгт бүс нутгийн хамгийн баян хүмүүст зориулж эрүүл бус хүнсний зах зээл, эдийн засгийн либералчлал явагдсан нь хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, чанар муудахад хүргэсэн гэв. Зөрчил мөргөлдөөн нь ч бас улс орнуудын хүнсний үйлдвэрлэл, худалдаанд саад болж буй.

"Бид хүнс тэжээлийн боломжийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засаг, улс төрийн хүчин зүйлтэй холбож өгч туслах ёстой бөгөөд дэлхийн хамгийн ядуу орнуудын эрүүл хүнсний хэрэглээний боломжит зөрүүг тодорхойлж өгөх нь чухал” хэмээн судлаачид бичжээ. 

Эх сухвалж: http://www.motherjones.com/blue-marble/2015/02/world-our-diets-are-getting-worse

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
16
7
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.