UBLife Logo
-

Арьс өнгөөр ялгаварласаар байх уу?

UBLife
UBLife
Арьс өнгөөр ялгаварласаар байх уу?

Мэрилэндийн их сургуулийн сэтгүүл зүйн тэнхмийн багш,  “Diamondback” сонины редактор, CNN агентлагийн гэрээт сэтгүүлч Тайлор Свак арьс өнгөөр ялгаварлах үзэл яагаад устахгүй байгааг тайлбарлалаа.

Итгэдэг зүйл тань худлаа гэдгийг мэдсэн тийм нэгэн гонсоймоор өдөр таны амьдралд байсан уу? Арьс өнгөөр ялгаварлах тухай орчин үеийн залуусын байр суурийг асуух үед ийм өдөр надад тохиосон юм.

“Цагаан арьстай залуучууд арьс өнгөөр ялгаварлах үзлийг үргэлжлүүлж байна”, “Өсвөр үеийнхэн боддогоосоо илүү их арьс өнгөөр ялгаварладаг” зэрэг гарчигтай нийтлэлүүд гарахад би үнэхээр гайхдаг байлаа. Орчин үеийн залуусыг тодорхойлохдоо би техник технологи сайн ойлгодог оюуны чадамжтай хүмүүс, гар утасны донтнууд, зугаа цэнгэлд дурлагчид зэргээр дүгнэдэг байснаас биш хэзээ ч арьс өнгөөр ялгаварлагчид гэж бодож байсангүй.

“Generation Me” номын зохиогч Жин Твинж "Орчин үеийн залуусын хамгийн том давуу тал нь хүлцэнгүй байдал болон эрх тэгш байх үзэл юм. Учир нь тэд бэлгийн чиг хандлага, хүйсийн эрх тэгш байдал, арьс өнгөний үзэл, трансжендер хүмүүсийн асуудал дээр өмнөх үеийнхнээс илүү мэдлэгтэй бөгөөд хүлцэнгүй хандаж чаддаг" гэж хэлсэн. Гэвч хүлээцтэй бөгөөд хүн дугаарладаггүй байх нь арьс өнгөөр ялгаварлах үзлийг устгахад хангалтгүй ажээ.

Доктор Эдуардо Бонилла-Силва “Эргэн тойрныхоо өнгөт арьстай хүмүүсийг санаатайгаар гүтгэх, үзэн ядах, ялгавартай хандах зэрэг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн бүрэн дүүрэн тодорхойлолт биш” гэжээ. “Түүхийн үүднээс авч үзвэл энэ нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ноёрхсон нийгмийн систем" гэж социологийн ухааны профессор Дюк хэлсэн.

Үнэндээ ялгаварлал бол чи хар арьстан учир би чамд дургүй, эсвэл чи цагаан арьстан учраас чи надад таалагдахгүй байна гэх хандлага юм. Энэ нь арьс өнгөний үзлээс болж хууль ёсоор зарим хүмүүс нь ашиг олж, зарим нь хохирох ёстой нийгмийн бүтцээс тэс өөр ойлголт билээ.

“Арьс өнгөөр ялгаварлах үзлийн олон хэлбэр байгаа боловч бидний хүн нэг бүр өөрсдийн хандлагад дүгнэлт хийж, шаардлагатай бол засах хэрэгтэй. Хүн бүртэй нөхөрсөг байх нь хамгийн зөв хандлага юм” гэж Мэрилэндийн их сургуулийн захирал Патрик Ронк хэлсэн удаатай.

Өнгөт арьстан оюутнуудын холбооны ерөнхийлөгч Жасмин Ваят “Арьс өнгөөр ялгаварлах үзэл яагаад өнөө хэр оршсоор байгаагийн шалтгаан нь нэг үеэс нөгөөд уламжлагдсантай холбоотой. Түүх дахин давтагдаж байна. Бид үүнтэй тэмцэхгүй бол энэ нь бусдын үзэл бодлыг бага багаар өөрчлөх гэж оролддог" гэжээ.

АНУ олон үндэстэн ястнаас бүрдсэн, урьд өмнө нь хэзээ ч оршин тогтнож байгаагүй онцгой улс бөгөөд олон янзын үзэл санаа, соёлыг хайлуулж нэгтгэдэг тогоо юм. Тиймээс арьс өнгөөр ялгаварлах үзлийг бүрмөсөн устгах ёстой.

Өнөөдрийн нийгэмд бид арьс өнгөний тэгш бус байдлыг юунаас харж байна вэ? Бид ямар өөрчлөлт хийж болох вэ? хэмээн өөрсдөөсөө асууж, бие биенээ ойлгохын тулд илүү хичээх хэрэгтэй. Энэ үеийн залуус болон өсвөр үеийнхэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэх зогсолтгүй хүч болж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.