НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр тус байгууллагын тэргүүнд нэр дэвшигчдийн урьдчилсан сонгууль боллоо. Энэ сарын 21-нд болсон тус сонгуулийн дүнг албан ёсоор зарладаггүй ч хэвлэлийнхэн хэн гэгч эрхэм тэргүүлснийг олоод мэдчихсэн байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр Португалийн Ерөнхий сайд асан Антониу Гутерриш хамгийн их санал авсан гэнэ. Тэрбээр 2015 он хүртэл НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын алба хашиж байсан юм.

Антониу Гутерришиэс гадна НҮБ-ын тэргүүний сонгуульд Словен улсын ерөнхийлөгч асан Данило Тюрка, ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова (Болгар), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Хелен Кларк (Шинэ Зеланд), НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн гүйцэтгэх захирал Кристиана Фигерес (Коста-Рика), Аргентиний Гадаад хэргийн сайд Сусана Малькорра, Словакын ГХ-ийн сайд Мирослав Лайчак, Черногорийн ГХ-ийн сайд Игор Лукшич болон гадаад хэргийн сайд асан Срджан Керим (Македон), Наталья Герман (Молдав), Вук Еремич (Серб), Весна Пусич (Хорват) нар өрсөлдөж байна. Хоёр дахь шатны сонгууль энэ сарын 29-нд болох гэнэ. НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 2007 оноос хойш энэ албан тушаалыг хашсан бөгөөд 2016 оны сүүлээр бүрэн эрхийнх нь хугацаа дуусах юм.