UBLife Logo
Нийгэм

Налайхын автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ

Налайхын автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ

Налайх дүүргийн нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөж, төлбөрийн журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр автобусаар зорчигч иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Налайх-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэр өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол энэ сарын 1-нээс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг болсон байна.

Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нийслэлийн Тээврийн газартай удаа дараа уулзаж, Налайх дүүргээс санал тавьсны үндсэн дээр ийнхүү нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Нийтийн тээврээр зорчигч иргэд автобусны чиглэл өөрчлөгдөж, хотын төв хэсэг рүү хүрдэг болсонд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн Налайхын оюутан залуучууд автобус дамжиж суухгүй сургуульдаа хүрэхэд илүү амар болсныг хэлэв.

Мөн картаар зорчдог болсонтой холбогдуулан карт авах, сунгуулах газар хаана нь мэдэгдэхгүй байгаа талаар иргэд санал, гомдол ихээр ирж байсан юм. Тус дүүрэгт жижиг машинд карт зарах, сунгах үйлчилгээ хийгдэж байгаа аж. Мөн энэ сараас эхлэн дээрх чиглэлээр зорчих өндөр настан, хүүхэд, оюутнууд зөрүү мөнгө төлөхгүй юм. Хөнгөлөлт эдэлдэггүй иргэд 25000 төгрөгийн нэг сарын хязгааргүй зорчих эрхтэй карт худалдан авах боломжтой.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
17
45
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.