О.Биндэрьяа алхах маш дуртай. Тэгж явах зуураа Улаанбаатарын хаана, юуг, хэрхэн өөрчилвөл илүү бүтээлч бөгөөд өвөрмөц харагдаж болохыг дотроо төсөөлдөг. Түүний төсөөлөл яаж харагдахийг Berylluss фэйсбүүкийн хуудсан дахь #reimaginedUB цэснээс үзэх боломжтой.Английн Лафборогийн их сургуулийг Агаарын тээврийн менежментийн чиглэлээр төгссөн тэрбээр өдгөө March Nine Media компанид дизайнераар ажилладаг. Анимейшн, хүүхэлдэйн кино, шинжлэх ухааны-зөгнөлт кинонд дуртай. Дуу сонсох үедээ урам зориг авч, зургаа хийгээд суух тохиолдол ч цөөнгүй.“ Oh Wonder, Honne, Tom Misch нарт үнэхээр хайртай, Coldplay нэг их сонсдоггүй байж байгаад тоглолтыг нь үзээд бараг ид шидийн юм болсон, Joe Hisaishi, Alan Menken хоёрыг үнэхээр биширдэг “юу идэж уухаараа” хүний мэдрэмжүүдийг хөгжим рүү тэгж нарийн нандин орчуулаад байдаг юм гэмээр”
Тэр зургуудаа ихэвчлэн өөрөө авдаг. Хааяа Lightroom ашиглах нь ч бий. Түүний хувьд эдгээр зургууд нэг төрлийн өөрийгөө илэрхийлэх хэлбэр. Эргээд хүмүүст үүгээрээ дамжуулан хүргэхийг хүсдэг зүйл мэдээж бий.
“Хүмүүс сэтгэлгээгээ битий хайрцаглаасай, аль болох юмыг өөр өнцгөөс харж, задгай сэтгэдэг болоосой гэж хүсдэг. Нэгэн хэвийн байдаг л зүйлст ч онцгой шинж байж л таараа. Яахав Улаанбаатар маань нэг их үзэмжтэй хот биш ч гэсэн өөрөөр, өнгөлөгөөр хараад “Ийм болоосой, ийм болгоё” гэсэн сэдэл төрүүлэхийг хичээдэг. Нүдээр харж байгаа зүйл чинь сэтгэлд чинь хүрэхгүй бол дотоод ертөнцдөө өнгөлөг бөгөөд холимог “бантан” бүтээчихэж болно”



