#31#. Дугаар нууцлах үйлчилгээг ашигладаг бол та энэ тоог андахгүй мэдэх биз. Дугаараа нууцалж хэн нэгэн рүү залгаад, элдвийн юм асуух тохиолдол бишгүй л гардаг. Марзан, мангар юм асууж байгаагаа мэдэгдэхгүй гэсэн нэрэлхүү зантай холбоотой болов уу. Нэгэнт хэрэгцээ байгаа учраас үүрэн холбооны компаниуд дугаар нууцлах үйлчилгээг нэвтрүүлсэн биз ээ. Тухайлбал, “Mobicom” компанийн дугаар нууцлах үйлчилгээг ашиглахад сард 1200 төгрөг буюу нэгж төлдөг. Харин “Unitel” компанийн эл үйлчилгээ нэг удаа залгахад 20, “Skytel”-ийнх нэг өдөрт 40 төгрөг байдаг аж.



Хамгийн хачирхалтай нь сар бүр утасны төлбөртөө 1200 төгрөг төлөөд дугаар нууцлах үйлчилгээнд бүртгүүлсэн ч, таны дугаар ил гараад ирдэг гээд бод доо. Тодруулбал, “Mobicom”-ын дугаараас #31# хийгээд “Skytel” рүү ярих үед “No caller ID” гэсэн бичиг гарна. Гэхдээ мөнөөх “Skytel”-ийн эзэн таны дуудлагыг тасалбал 137777 дугаараас “Танд 99****** дугаараас 2016.04.06 14:30 цагт дуудлага ирсэн байна” гэсэн мессеж ирэх юм. Өөрөөр хэлбэл, “Mobicom”-ын дугаар зөвхөн сүлжээндээ л 100 хувь нууцлагддаг гэсэн үг. Тэгвэл энэ талаар тус компаниас тодруулахад “Манай сүлжээн дотор #31# хийгээд ярих үед “Unknown” гэсэн бичиг гардаг. Харин бусад сүлжээнийхэн нууцалсан дугаарыг мессежээр илгээдэг эсэхийг бид мэдэхгүй” гэсэн бүрхэг хариулт өглөө.