Улсын онцгой комисс өнөөдөр өглөө Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдлаа. Хурлын эхний хэсгийг шадар сайд өөрөө даргалсан бол дунд хэсгээс батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ удирдсан юм. Учир нь тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт таван түймэр дэгдсэн Төв аймгийн Батсүмбэрт очиж ажиллахаар явжээ.
Тус хурлын хамгийн онцлох бөгөөд тайвшруулам мэдээлэл нь ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран ажиллахаар болж, түймэр унтраах зориулалтын нисдэг тэрэг ирүүлэхийг хүссэн явдал байлаа. Хөршийн талаас дэмжиж ажиллахаа мэдэгдсэн бөгөөд албан ёсны хариуг өнөөдөртөө багтаан явуулах аж. Тэдгээр онгоц нэг удаагийн нислэгээр 1-2 тонн ус тээвэрлэн түймрийн голомтод цацах боломжтой юм байна.
Өнөөдрийн байлдлаар 22 газар түймэртэй байгаагаас нэг түймрийг цурманд оруулжээ. 2017 он гарснаас хойш 145 удаагийн ой хээрийн түймэр дэгдсэн бөгөөд долдугаар сарын 1-ний дотор асч байсан 15 түймрийг унтраасан байна.
Сэлэнгэ аймагт есөн түймэр асч байна. Үүний гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр асч байна. Төв аймгийн хувьд Батсүмбэрт тав, Эрдэнэ суманд нэг, Булган аймгийн Гурван булаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асч байна.
“Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар өссөн байна. Он гарснаас хойш 66500 га талбай шатсан. Түймрийн шалтгаан нөхцөл байдлын 70-80 хувь нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байна. Сүүлийн өдрүүдэд хуурайшилт ихтэй байгаа учраас түймрийн нөхцөл байдал нэмэгдсэн” хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газрын Штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээллээ.
Автомашингүй хүрэх боломжгүй Асралт хайрхан зэрэг гурван газарт 4-5 цэг хиймэл дагуулаар илэрсэн.Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг нисдэг тэргээр есөн удаа хүргэж, Зэвсэгт хүчнээс 230 гаруй албан хаагчийг дайчилж ажилласан. Наадмын өмнө өгсөн үүргийн дагуу говийн аймгууд буюу эрсдэл багатай аймаг, нийслэлээс 109 албан хаагчийг Төв, Сэлэнгэд хуваарилан ажиллаж байгаа.
Түүнчлэн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас түймрийн голомттой газарт үүл буудуулж, бороо оруулах арга хэмжээ авч байгаа юм байна. Энэ сарын 16-18-нд баруун болон зүүн аймгуудын хойд, төвийн аймгуудын зарим нутгаар, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд баруун, говийн зарим нутгаар, 22-24-нд болон сарын эцсээр баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй.