Зарим компани ажилчдынхаа бүтээмжийг дээшлүүлж, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг бүрдүүлэхийн тулд цалинтай амраах бодлого хэрэгжүүлж эхлээд байна. АНУ-ын Колорадо мужид төвтэй FullContact технологийн компани 2012 оноос хойш "цалинтай амралт" бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнийхээ оронд ажилчиддаа ганцхан шаардлага тавьдаг гэнэ. Тэр нь амралтын үеэр ажлаа хийхгүй, мэйлээ шалгахгүй, ажлын холбогдолтой дуудлага авахгүйгээр цагийг зугаатай өнгөрүүлэх юм.
Тус компанийг Барт Лоран, Травис Тодд, Дэн Линн нар 2010 онд үүсгэн байгуулсан бөгөөд дөнгөж 10 ажилтантай, спарт-ап компани байхдаа энэхүү бодлогыг нэвтрүүлжээ.
Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Барт Лоран хэдэн жилийн өмнө найз бүсгүйтэйгээ Египет рүү аялахаар явсан аж. Тухайн үед Лоран хүн төрөлхтний гайхамшгийн нэг хэсэг болсон пирамидын дэргэд зогсож байхдаа ч тасралтгүй мэйлээ шалгаж, утсаар ярьж, ажлаа хийсээр байж. Эцэст нь тэрбээр гэрлэлтээ ийм байдлаар эхлүүлж болохгүй юм байна гэдгийг ойлгож, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах нь туйлын чухал болохыг ухаарсан байна. Эргэж ирээд тэрбээр "цалинтай амралт" бодлогыг компанидаа нэвтрүүлжээ.
Эдүгээ FullContact дэлхий даяар нийт 200 гаруй ажилтантай бөгөөд 60 нь АНУ-д байрлаж ажилладаг юм байна. Тиймээс ажилчдын цалинтай амралтын зардалд жилд 1 сая орчим доллар зарцуулдаг болсон гэж Лоран ярьжээ. Гэлээ ч энэ нь ажилчдын бүтээмжид эерэгээр нөлөөлж, ашиг тусаа өгч байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Тухайн ажилтан аль улсын салбарт ажилладаг, ганц бие эсвэл гэр бүлтэй эсэхээс үл хамаарч жил бүр 7500 долларын урамшуулал аван аялалд гардаг гэнэ. Компанийн удирдлага дөрвөн гишүүнтэй нэг бүл таатай амрахад хүрэлцэх зардлыг тооцож улмаар дээрх үнийн дүнг гаргажээ.
Эх сурвалж: Money.com