UBLife Logo
Алисагийн Булан

Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?

Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?

Би ойр дотнын хүмүүсээсээ энэ асуултыг асуусан юм. "Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?" 


Би өөрийнхөөсөө эхэлье.

The West Coast Pop Art Experimental - I Won't Hurt You

Дөнгөж хорин нас гарсан, амьдралаас юу хүсэх эсвэл юунд тэмүүлж байгаагаа ч үл мэдэх охин анх удаа хэн нэгэн надад зориулж тийм гоё дуу сонсгохтой таарсан юм. Дуу хөгжмийг зүгээр л сонсох биш бүхлээр нь дуу хөгжмөөр амьсгалдаг хүнтэй уулзаж байхад анх удаа нэг чихэвчээ салгаад надад өгөхөд нь энэ дууг сонсож байсан. Тэр үеэс хойш хааяахан Вес Андерсоны киног үзэхэд тааралддаг тус дуу хачирхалтай содон дурсамжаар дүүрэн хоногшжээ. Гэхдээ инээдтэй нь, энэ дууны нэр "Би чамайг өвтгөхгүй" атал өвтгөчхөөд л явсан даа. Тийм болохоор энэ дууг сонсох бүрд улам л сонин санагддаг. Нэг тийм хөндүүр.


Daniel Caesar - Japanese Denim

Тайван, амгалан, энгийн, гэхдээ үнэ цэнтэй, нэгэндээ бүрэн найдаж болохоор хайр байв. Түүний илгээсэн энэ дуу ч яг л тийм дулаахан мэдрэмжийг мэдрүүлдэгт нь дурлаж, догдлон сонсох дуртай байлаа. Одоо бол дуу нь, мэдрэмж нь, дурсамж нь л үлджээ.

You're my four-leaf clover... Чи үүнийг уншиж байвал зураг, дурсамжаа хайрлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.

-С.


The Lumineers - Sleep On The Floor

Оюутан байхдаа нэг сургуулийнхаа охинтой үерхдэг байлаа. Анх "Хаврын гоёл" гээд шоу болдог байхад тэнд зураг авч байтал тэр хамгийн урд эгнээнд суучихсан үзэж байхад нь таарч байсан юм. Тэр үед би зургийг нь аваад, танилцаад үерхэж байсан. Тэр Польшийн эрлийз байсан юм. Удалгүй Варшав хот руу суралцахаар болсон. Үерхэж байх хугацаандаа ганц л удаа үнсэж байсан. Явсан хойноо над руу энэ дууг явуулж байсан юм.

-Ананд


Stan Getz, Joao Gilberto - Desafinado

Би энэхүү хөгжмийг анх надад сонсгож сонорыг минь мялаасан хүнд насаараа талархаж явна гэж боддог. Одоогоос таван жилийн өмнө тэр хүнтэй танилцаж байлаа. Тухайн үед урлаг, уран зохиол, дуу хөгжмөөс өөрийг мэддэггүй эд оргилуун насан дээрээ жазз хөгжмийг тийм ч их зорьж сонсоод байдаггүй, аль болох ритм хурдтай дуу сонсдог, гунигтай үедээ л симфоноос салдаггүй байсан. Харин тэр хүн анх надад энэ жазз аялгууг сонсгоход надад яг л нэг тийм шинэ тив, шинэ үүд хаалга өөр дотроо нээчихсэн аятай санагдаж билээ. Тэр үеэс хойш жазз гэх агуу том урлагт улам их татагдаж, гүн рүү нь шумбах тусам өөрийнхөө дотоод руу өмнөх өмнөхөөсөө илүү өнгийх болсон. Хаанаас ч хайгаад олоогүй амар амгалан энэ аялгуутай цуг миний амьдралд ирсэн дээ. Бүхий л урлаг, тэр тусмаа хөгжим хүний сэтгэл болоод сүнсийг хөглөгч, анагаагч гэдэг дээ. Үүн шиг энэ хөгжмөөр би сэтгэл болоод сүнсээ анагааж, хөглөж өдий хүрлээ. Ямар ч хамаагүй үед, өдөр болгон сонсож үнэгүйдүүлэхгүй ч хамгийн ховор нандин үедээ үнэ цэнтэй хүмүүстэйгээ сонсдог. Найз нөхөд гэдэг надад юу юунаас ч илүү тав тух байдаг болохоор тэдэндээ бас тав тухыг энэ аялгуугаар дамжуулж мэдрүүлхийг их хичээдэг.

Сүүлд найзууд маань хэлэхдээ “Чамайг санахаараа сонсдог, хаа нэгтээ сонсвол чи шууд санаанд орж ирдэг, жазз гэдгийг чамаас анх мэдэрсэн” гэхийг нь сонсоод маш их баярласан. Мөн энэ аялгууг сонсгож амьдралд минь асар том зай эзлэн, гэрэл нэмсэн тэр хүнд талархсан. Богинхон энэ амьдралд нэг нэгнийхээ сонорыг урмын үг, сайхан аялгуугаар мялааж, сүнс сэтгэлийг нь баясгаж яваарай.

-Orchid


James Blunt - You're Beautiful

2005 оны хавар надад энэ дууг илгээж байлаа. Надад үнэхээр сайн болсон байсан юм. Даанч би эргээд сайн болж чадаагүй юм. Надад тэр их л сайн хүн шиг санагдаж билээ. "Энэ дууг би чамд зориулан сонсдог" гээд зурвасаар илгээж билээ. Хариу хайр өгч чадахгүй дээ өөрийгөө буруутгаад ч юм уу энэ дууг сонсоод зөндөө уйлж билээ.

-Э.


Beach House - Space Song

Энэ дууг сонсохоор намайг санагдуулаад байдаг гэж нэг залуу над руу явуулж байсан юм. Урьд нь би өөрөө зөндөө л сонсдог байсан ч тэр үеэс хойш энэ дууг сонсохоор тэр залуу санагддаг болсон. Энэ дууг машинд чанга сонсоод хамт явбал гоё байх даа, ойрхон салхилчхаад ирэх үү гэж байсан ч би хамт салхинд гараагүй ээ.

-Tia


indigo la End - 素晴らしい世界

2012 билүү дээ, найз маань шөнийн 1.30 цагт унтаж байхад залгаж сэрээснээ "Найз нь гоё дуу сонсгох уу?" гэдэг юм. Нэг их түвэгшээгээгүй за гэтэл энэ дууг эхнээс нь дуустал, дундуур нь нэг ч таслалгүйгээр сонсгосон. Төгсгөлгийн минут нь бараг миний өмнөөс орилж өгч байгаа юм шиг л санагдаж, нэг их том юм дотроос аваад хаячих шиг санагдаж билээ. Одоо бол орилмоор үедээ хааяахан гаргаж ирж сонсдог...

-Т.


Chromatics - Cherry

Салсан найз залуутайгаа анх харьцаж байх үед над руу явуулж байсан юм. Тэгээд энэ дууг сонсохоор байнга бодож догдолдог байж билээ. Үерхснийхээ дараа хамт алхаж явахдаа дуулаад л явдаг байлаа.

-Нэр нууцалсан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
10
0
4
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.