UBLife Logo
Алисагийн Булан

Алисагийн тэмдэглэл: Нэгэнт бугласан гомдол эргээд биднийг залгиж эхэлдэг тухай

О.Анхзаяа
О.Анхзаяа
Алисагийн тэмдэглэл: Нэгэнт бугласан гомдол эргээд биднийг залгиж эхэлдэг тухай

Тэмдэглэл бичээгүй уджээ. Та бүхэнтэйгээ бичсэн зүйлэрээ уулзаж, холбогдох нь миний бодит амьдрал дээр мэдэрдэг хамгийн сайхан зүйлсийн нэг байдаг билээ. Цаашид тогтмол бичих болохоор хүлээн уншиж, уулзаж байгаараа гэж хүсье.

Өглөө гарахдаа идсэн хоёр зүсэм талх, өдөр найзын өгсөн нэг чокопай, цэвэр усаар өөрийгөө болгосон энэ өдөр бусад өдрүүдийн л нэгэн адил авч миний цээжийг давж юу юугүй үерлэх гээд байх шиг хачин олон мэдрэмжийг би мэдэрч байна. Хоолой давах шахаад нулимс дүүрээд ирэхэд залгисаар дотроо живэх шахсан олон өдрүүдээс харин ялгаатай нь би юу юугүй живчих юм шиг санагдана. Үүнийхээ учрыг олсонгүй. Сарын тэмдэг ирсэн бол бас ойлгож болохсон. Ойрд таагүй зүйл юу боллоо гээд бодлоо. Хүү минь одоо эрүүл саруул, гэртээ ээж ааваа хүлээгээд бондойчихсон сууж байгааг төсөөллөө. Зурагтаа эвдэлчихсэн ч зээлээр шинэ зурагт захиалаад хүлээж байгаа. Өглөө нөхөртэйгөө багахан муудалцсан ч утсаар инээлдэж яриад л бүгд ард хоцорсон. Гадаа хүйтэн байгаа, бусад нийгмийн хар бараан асуудлууд гээд гуних зүйл их ч ингэтлээ гомдож, өмрөх гээд байгаагаа ойлгосонгүй.

Ухаад бодоод л байлаа. Би юунаас болоод ингээд байна? Хаанаас би таагүй мэдрэмж авчхав?

Тэгсэн чинь энэ бүхэн сая болсон ямар нэг зүйлээс биш бүр хэдэн жилийн өмнөх гомдол байсныг мэдлээ. Бага багаар дотор минь эргэлдсээр, тэгэх бүрдээ томорсоор, багтаж шингэхгүй болж байгаа бололтой. Ходоодондоо боловсруулаад шингээчих юм сан, гаргачих юм сан, болдог бол бөөлжөөд, уйлаад, үхтлээ гүйж хөлрөөд гаргачих юм сан. Гэвч болсонгүй. Болохгүй нь. 

Энэ мөчид л би удаан хадгалагдсан гомдол гэдэг хамгийн зовуурьтай өвдөлт болохыг мэдсэн юм. Гаргаад хаячхаж болохгүй нь. Одоо эргээд хэлье, гомдсон гэдгээ мэдэгдчихье, тэгвэл дотор онгойно гэж найдсан ч аль дээр болсон учир одоо хэтэрхий оройтжээ. Тэрхэн үедээ л зориг гаргаад "та намайг гомдоосон шүү" гээд хэлчихсэн бол өдийд би ингэж суухгүй байхгүй юу. Зарим үг бидний уруулыг давж гарахдаа зүсчих юм шиг л санаж дотроо залгих юм. Гэтэл тэр болгон нь дотрыг улам бүр сийчиж байдгийг даанч ойлгоогүй байж.

Заримдаа бидэнд тэнэг зориг хэрэг болдог. Хүссэнээ хэлэх, илэрхийлэх, харуулах тийм зориг. Яг хэлэх гэж байсан ч боломж нь алга болоод, хэлэхгүй үлдэх нь их. Гэхдээ тэглээ гээд яана гэж? Хэн хохирох гэж? Зөвхөн гомдож үлдсэн нь шүү дээ.  Гомдоод зогсохгүй, хэлж чадаагүйдээ нэмж шархална. Хэлж чадахгүй байгаадаа өөртөө бухимдаж улам бүр шанална. Хэлэхэд хэтэрхий оройтсон байгаагаа ухаарч бас шанална. Биднийг хэн нэгэн гомдооход бид зөвхөн гомдоод өнгөрдөггүй. Гомдохын хажуугаар өөртөө эргэлзэж, улам бүр гүн рүү нь шигдсээр, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлөн үлдэнэ. Гомдол ганцаар ирдэггүй. Гомдол өөрийн найзууд болох үзэн ядалт, уур бухимдал, цөхрөл, гэмшлийг дагуулаад ирдэг. Бас бид гомдохдоо хэзээ ч ганцаараа гомддоггүй. Бидний дотор орших хүүхэд давхар гомддог. Гомдол үргэлжилсээр улам бүр дэвэрсээр, эргэн тойрны минь хайртай хүмүүсийг хамт өвтгөж эхэлдэг. 

Би үнэхээр энэ гомдлоос салмаар байна. Гэхдээ яаж гэдгийг нь мэдэхгүй байна. Би яах ёстой вэ?

Одоо хэлэхэд хэтэрхий утгагүй. Ийм зүйлд гомдсоор явааг минь сонсоод хүмүүс инээлдэнэ дээ гэж айдаг. Эсвэл тэр хүн зөрүүлээд намайг бүр их гомдоох үгс хэлбэл яах вэ? Одоо байгаагаасаа дордчихвол? Эргэж хэзээ ч буцаах аргагүй алдаа болох болно. 

Гэхдээ зүрх минь шаналсаар байгааг яаж чимээгүй болгож, өвдөлтийг нь намдаах вэ? Бие өвдөхөд өвдөлтийг намдааж болдог атал сэтгэл зүрх өвдөхөд өвдөлтийг нь болиулах эм тариа байдаггүй. Байдагсан бол би бүгдийг нь нэг дор ууна.

Над шиг, хүмүүс бас ингэж шархалдаг болов уу? Үргэлж бусдын үг үйлдэлд гомдож, түүнийгээ хэлж ч чадахгүй дотроо шаналж явдаг болов уу? Эсвэл би ганцаараа л ийм тэнэг юм болов уу? Гэхдээ ойрд уйлаагүй юм байна гэдгээ үүнийг бичиж байхдаа анзаарлаа. Өмнө нь би ойр ойрхон уйлдаг байлаа. Жаахан л таагүй байхад уйлаад гаргачихдаг, өөрийгөө хоосолчихдог байсан бол одоо би өөрийгөө хүчлээд ч ганц нулимс унагааж чадахгүй байна. Гэтэл ашгүй өнөөдөр, эцэст нь нэг уйлах гэж. Уйлах тэнэг, уйлах муухай, уйлах надад дэндүү эмзэг санагддаг. Гэхдээ энэ нулимс надад яг тэврэлт шиг санагдаж байна. Ямар ч найзын, ямар ч амрагийн өгч байгаагүй тийм тэврэлт. Угаас би хэн нэгэн намайг тэврэхэд бүхнээ хэлээд уйлчихдаг хүн биш болохоор, үргэлж ганцаараа бүхнийг ганцаараа мэдэрч ирсэн болохоор тэгэх ч надад таатай байхгүй байх. Гэхдээ л энэ нулимс надад ямар их хань болж байна аа.

Гомдол минь бага багаар гадагшлаасай. Бид бүгдийн доторх гомдол гадагшлаасай. Хэн ч дотроо ийм өвдөлтийг битгий мэдрээсэй. Нэг хутга бүхлээрээ яваад орчихсон юм шиг, бас яг тэгнээд гацчихсан юм шиг... Би ийм өвдөлтийг дайсандаа ч хүсэхгүй. 

Гомдол хэзээ ч ганцаараа мэдрэгддэггүй. 

Бас гомдол тайлагдахдаа хэзээ ч бүхлээрээ арилдаггүй. 

Би үргэлж энэ гомдлын нэгээхэн хэлтэрхийг дотроо тээсээр, үргэлж энэ шархнаас үлдсэн ул мөртэй хамт амьдрах болно. Учир нь энэ гомдол миний өөрийгөө үнэлэх үнэлэмж, итгэл найдварт нөлөөлсөн юм. 

Хэн нэгэн ирээд уучлал гуйгаасай. Худлаа ч хамаагүй. Тэгвэл сэтгэлээ хуураад чимээгүйхэн аж төрөхсөн. Ядаж л байнга түүнийгээ бодохгүй амар байхгүй юу... 

Бусдад гомдох үед би тэр хүний хэлсэн зүйлд шархалж байгаа болоод л тэр... Ядаж л "Үгүй шүү дээ" гэх багахан эсэргүүцэл дотроос цухалздаг. Гэтэл би энэ бүхнээс болж өөрийгөө улам бүр шархлуулж, муухайгаар хэлж, бодож, түүндээ бүр итгэж байгаа хэрнээ өөртөө гомдож чадахгүй байгаа минь ямар гээч тэнэг хэрэг вэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.