Амьдралын утга учир, аз жаргал өчүүхэн мэдрэмжүүд дээр тогтдог мэт. Нар жаргахыг харах, борооны дараах бяцхан эморол, шинэхэн кофены анхилам үнэр энэ бүгд аз жаргал мөн билээ. Бас хайр. Гудамжаар зөрөх хүмүүсийн хайр, гомдол, харуусал бүгд угтаа утга учир мөн. Харин бид урсан өнгөрөх цаг хугацаанд дэндүү завгүй амьдраад байх шиг. Агшин бүрийг мэдрэх, амьд байгаагаа тунгаахад амс хийх мөч хүн бүрд хэрэгтэй. Иймд өдөр бүрийн амьдралдаа багахан амсхийх орон зайг бүрдүүлэхэд чинь туслах агшнуудыг хүргэе.#1 Өглөөний нар
Нар чамайг гаднаас нь эмчилж харин сар чамайг дотроос чинь анагаадаг гэх үг бий. Өглөөний нар юм бүхний эхлэл мэт шинэлэг мэдрэмжийг төрүүлэх нь гарцаагүй. Босдог цагаасаа аравхан минут эртлэн босоход таны өмнө хэчнээн гайхамшиг тохиохыг хараарай.#2 Хэсэг дуг хийх
Шууд утгаараа бүх юмнаас завсарлага авч амс хийх хамгийн шалгарсан арга бол богино хугацааны нойр авах буюу дуг хийх юм. Угаас унтсанаар хүний тархи болон бие тайвширдаг ба энэ нь стрессийг бууруулах, сэтгэл санааг дээшлүүлэх ач тустай. Надад итгээрэй дуг хийх нь танд сайнаар нөлөөлөх болно. #3 Гадаах орчноо ажиглан алхах
Яг үнэндээ бид амьдралынхаа хором мөч бүрийг үл ажран үргэлж л аливааг эргэцүүлж явдаг шүү дээ. Гудамжинд алхахдаа, машин барихдаа маргаашийн ажлаа төлөвлөж явах нь тийм буруу биш ч гэлээ таны тархийг ачаалуулсаар л байдаг. Үүний оронд одоо цагтаа хором мөч бүрийг мэдэрч гадуур алхахдаа тан дээр ээх наран, салхинд найгах моддын сэрчигнээн, юмс бүрийг талархан нэг ажаад үзээрэй.#4 Өөрийнхөө аргаар бясалга
Бясалгал гэхээр бид тусгай орчинд завилан суухыг төсөөлдөг. Гэтэл угтаа бясалгал нь амьдралаас амс хийн бодлоо чөлөөлж амарч тайвшрахыг хэлдэг. Хүн бүрд амсхийх, тайвшрах, бясалгах өөр өөрийн арга барил бий. Жишээ нь би тагтан дээр кофе ууж суухдаа хамгийн амар тайван байдаг агаад энэ нь надад бясалгал болдог. Иймд та ч бас өөрийгөө чагнан амар амгаланг мэдрүүлдэг зүйлээ эрж олоорой. Чингэснээр таны амьдрал илүү утга учиртай болох ба өөрт зарцуулах чанартай цаг бий болон стрессийн түвшин ч буурах юм. #5 Өдөрт ердөө 30 минут
Хоногийн 24 цагийн 30-хан минутыг зөвхөн өөртөө зарцуул. Энэ хугацаанд утсаа оролдолгүй. өөр хэн нэгний төлөө санаашрахгүй, ирээдүйд зовниж, өнгөрсөнд харамсалгүй өнгөрөөгөөрэй. Мэдээж энэ нь уншигдаж байгаа шиг ээ тийм ч амар биш. Гэлээ ч та өдрийн 30 минутыг өөртөө зарцуулах бүрэн эрхтэй шүү дээ. Энэхүү хугацаанд зөвхөн өөр дээрээ төвлөрч өөрийгөө хайрлаарай. 30 минут юуны ч төлөө бүү хичээ. Тархиа чөлөөлөн дуртай зүйлээ хий. Хөгжим сонсож, ном уншиж аль эсхүл бүжиглэж болно шүү дээ.
Эцэст нь танд л гэж бичихэд урсан өнгөрөх өдөр бүрд, завгүй амьдралын хажуугаар амс хийх мөчийг өөртөө олгох хэрэгцээ хэн бүхэнд бий гэдгийг санаарай. Та энэ ертөнцөд амьдрах гэж л ирсэн. Иймд яг одоо өөртөө цаг гаргаарай.