"Euphoria" цувралын Катын дүрээр олонд ихээхэн танил болсон Барби Феррейра гуравдугаар бүлэгт тоглохгүй болсноо мэдэгдлээ. Тэрээр өөрийн инстаграм дээрээ "Маш онцгой, нандин Катын дүрийг бүтээсэн 4 жилийн араас би энэхүү дүрдээ нулимстайгаар баяртай гэж хэлэх болж байна" хэмээн бичжээ.
HBO-ийн тус цувралын хувьд Кат бол өөртөө хайртай, өөрийгөө байгаагаар нь хайрлаж чаддаг байдлаар эхний бүлэгт гарсан бол хоёрдугаар бүлэгт тэр болгон дүрийн хөгжүүлэлт хийгдээгүй хэмээн үзэгчдийн зүгээс үзсэн билээ. Мөн түүний хэсгүүдээс хүртэл хассан гэх яриа гарсан юм.
Харин энэ тухайд тус цувралын зохиолч, найруулагч Сам Левинсон тэр хоёрын хооронд асуудал үүссэн гэх бөгөөд түүний дүрийг хангалттай хөгжүүлээгүйгээс болж тэрээр ихээхэн сэтгэлээр унаж, бухимдан зураг авалтын үеэр хүртэл гарч явсан гэх мэдээллийг DeuxMoi инстаграм хаяг нийтэлж байсан юм.
Барби HBO-ийн "Divorce", Apple TV+ Afterparty, 2020 онд гарсан Unpregnant зэрэг кинонуудад дүр бүтээсэн билээ. Мөн хамгийн сүүлд Жордан Пийлийн "Nope" кинонд дүр бүтээжээ.