Шинэхэн дугаарынхаа тэргүүн нүүрэнд бид анх удаа загвар, загварын моделиос өөр нэгнийг, өнөөдрийн поп соёлын шинэ давалгаа болсон гурван туурвигчийг "Шинэ сонгодгууд" хэмээн онцоллоо. "Сонгодог" гэдэг үгийн учир гарвал нь сонгогдон үлдсэн, сонгомол гэх агуулгатай. Тэгвэл энэ цаг үед шинээр сонгогдож буй Ц.Энгүүн, Ж.Ариунжаргал, АМ-С нарын өнөөдөр хийсэн, цаашид туурвих ажлууд нь шинэ сонгодгууд байх ирээдүйтэй уран бүтээлчид хэмээн "Гэрэг"-ийн редакци нэрлэж байна.
Ц.Энгүүн-Таны хөгжим бүтээх гол арга барил чинь юу вэ?-Одоогоор би шинэ уран бүтээлч болохоор бүгдийг нь өөрөө хийе гэж зүрхлэхгүй байгаа. Надад туршлага хэрэгтэй. Уран бүтээл туурвина гэдэг тийм амар зүйл биш. Хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ маш сайн ойлголцож, олон үе шат дамждаг юм билээ.Уур амьсгал миний уран бүтээлд хамгийн чухал. Монгол хөгжим пентатоник хөгтэй болохоор R&B, Soul стильд оруулахад илүү баялаг дуугаралт хэрэг болоод байдаг. Тиймээс хөгжим талаасаа надад аккордууд чухал, септ аккордуудад дуртай. Ая зохиогчуудаас ирсэн аялгуугаа шинжиж, баяжуулж байгаад гаргадаг.-Хөгжимд дурласан шалтгаан тань?-Сургуулилт. Би төрөхийн л дуунд дуртай байсан. Таван настайгаасаа хийл сурч эхэлсэн. Эхэндээ учрыг нь мэдэхгүй, хэлүүлж байж давтдаг байсан бол хийлийн тэмцээн уралдаанд оролцоод эхлэхэд өөрийн эрхгүй шар хөдөлж, давталтаа ахиулж эхэлсэн. Уур хүрээд байгаа хэрнээ хайрлаад давтах нь улам бүр намайг дурлуулдаг. Уйдах зав ч гарахгүй. Арван дөрөв, таван жил хөгжмөө тоглоод ирэхээр хийл миний биеийн нэг хэсэг шиг санагддаг болсон. Хийлээс гадна сонсдог хөгжмүүд минь намайг бас хөглөдөг. Поп хөгжмийг би эрэл хайгуул хийж сонсохоос биш голдуу сонгодог, рок хөгжим сонсдог.-Монголын хөгжмийн салбарыг хэрхэн харж байна вэ?-Хөгжмийн урлагийн салбарыг Монголд дөнгөж эхэлж байна гэж харж байгаа. Сонсогчдын хувьд насны ангиллаараа ялгаатай байх шиг анзаарагдсан. Өглөө радио асаахад хуучин дуунууд явдаг. Хүн хуучин дуу сонсоод дурсамжаа санах сайхан л даа. Гэхдээ шинэ хөгжимд дасаж сонсохдоо бид хоцроод байна. Зүгээр beat аваад түүн дээрээ дуулчихсан дуунуудыг миний бодлоор хөгжим гэхэд хэцүү. Мэдээж бүх уран бүтээлчид биш л дээ. Нийтийн хөгжмийн боловсролтой л холбоотой байх. Сонсогчид уран бүтээлч биднээс юм хүлээнэ. Бид сайн юм хийхгүй бол сонсогчид тийм хэмжээнд л байна. Өөрсдөд нь хөгжил нэмэх хөгжим хүмүүс сонсоосой.-Хөгжим нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ?-Сайхан хөгжим сонсдог хүмүүс сайхан хүмүүс байдаг. Ёсзүй, хандлага талаасаа тийм хүмүүс илт ялгардаг.-Хөгжмийн хүн болоогүй бол…?-Дотрын мэс засалч болох байсан.
АМ-С-Таны хөгжим бүтээх гол арга барил чинь юу вэ?-Beat-ээс бусад ая, үг, хөгжийн найруулга, микс, мастераа өөрөө хийдэг. Beat-үүдийг бусад уран бүтээлчдээс авдаг. Хөгжим бүтээхэд нэг төрлийн урсгал гэдэг зүйл надад байдаггүй. “Gund” цомогт багтсан дуунд бүх зүйлсийн гүний тухай нэг бүхэл агуулгатай хэдий ч стилийн хувьд өөр байлгахыг бодсон. Дууны санаа надад их чухал. Санаагаа кино, ном, амьдралын хэв маяг, найз нөхдөөсөө олж авдаг.-Хөгжимд дурласан шалтгаан тань?-Хийж байгаа дуунууд маань хүнд их бага хэмжээгээр хань болдог гэдгийг мэдрэх тусам хөгжимд би улам дурладаг. Аав маань урлагийн хүн байсан нь надад бас нөлөөлсөн байх.
-Монголын хөгжмийн салбарыг хэрхэн харж байна вэ?-Би урлаг Монголд тийм ч их хөгжсөн гэж боддоггүй. Орчин үеийн хөгжмийн салбар энтертэймент талаасаа хөгжиж эхэлж байна. Хөгжилд нь бага ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэж боддог.-Хөгжим нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ?-Мэдрэмж ижил хүмүүсийг хөгжим уулзуулдаг гэдэгт би итгэдэг. Манай өнөөгийн нийгэм дэх хөгжмийн нөлөө их биш. Харин хэн нэгний өдөр тутмын амьдралд хань болж, тусалж байна гэж хардаг. Хөгжлийнхөө хэрээр энэ нь нэмэгдэнэ байх аа.-Хөгжмийн хүн болоогүй бол…?-Хуульч, прокурор болох байсан.
Ж.Ариунжаргал-Таны хөгжим бүтээх гол арга барил чинь юу вэ?-Одоогоор хөгжмөө хараахан өөрөө бичээгүй ч үг, ая бичих гэж оролдоод байгаа. Хөгжим дэх хамгийн чухал зүйл минийхээр эмоци. Зүв зүгээр, инээж ханиалдаж байх үед хүнд их юм бодогддоггүй. Харин гуньж гутарсан юм уу, аливааг бодогдуулах мөчүүдэд хүнээс юм гардаг. Тийм мөчүүдийг би ихээр хүлээнэ. Тэдгээр нь надад үг, агуулгаар бууж ирдэг.-Хөгжимд дурласан шалтгаан тань?-Хөгжимд дурлахад нөлөөлсөн олон хүчин зүйлийн хамгийн анхных нь гэр бүлийн орчин. Хөгжмийн гэр бүлд төрж өссөн болохоор хөгжим бий болох үйл явцыг багаасаа л ойлгодог байсан. Ойлгомжтой байсан болохоор ч би энэ салбар луу хурдан орчихсон. Багаасаа л хөгжим бүтээх, дуучин болох хүсэлтэй байлаа. Аав ээж маань намайг урлагийн хүн болгохгүй гээгүй ч дуучин болно гэхэд айдастай байсан. Үүний учир нь дуучны зэмсэг нь хоолой учраас дуулах боломжгүй, хоолой асуудалтай боллоо гэхэд уналтад орно гэж үзнэ. Хоёрдугаар ангиасаа мэргэжлийн төгөлдөр хуурчаар сурах гээд үзсэн боловч бүтээгүй. Би сахилга баттай, яс суудаг зүйлд угийн дургүй юм л даа. Дуучин болсон шийдвэр маань дуунаас өөрөөр яаж эмоцио илэрхийлэхээ мэддэггүйтэй холбоотой. Хэлэх гээд байгаа юмаа дуугаар хэлчихдэг нь надад амар байдаг. Дуулах өөр нэг шалтгаан гэвэл дууны утга нь. Утгыг нь бусдад би ярьж дуулах дуртай. Сэтгэлээсээ дуулах үед тэр нь бусдад хүрдэг.
-Монголын хөгжмийн салбарыг хэрхэн харж байна вэ?-Одоогийн хийж байгаа хөгжмүүдийг монголчууд таван жилийн өмнө хүлээж авах боломжгүй байсан байж магадгүй. Хөгжим манайд яг одооноос, энэ жилээс л хөгжиж байгаа юм шиг харагдаж байна. Үүний улбаа нь соёлын солилцоо гэж боддог.-Хөгжим нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ?-“Хэрэв хүн төрөлхтний соёлд урлаг гэдэг зүйл байхгүй болбол сүйрнэ” гэдэг үгийг сонсож байсан юм. Хөгжимтэй холбоотой, холбоогүй ямар ч ажил хийдэг хүн ямар нэг хөгжим сонсохгүй байвал ер нь удаан тэсэхгүй байх аа. Хөгжим хүнийг материаллаг бусаар хөглөж, тайвшруулж байдаг зүйл.-Хөгжмийн хүн болоогүй бол…?-Ямар нэгэн байдлаар урлагийн мэргэжилтэй холбогдох байсан байх аа. Зураач болох байсан байж ч магадгүй.
Нүүр будагч Лина Үсчин Д.Пүрэвдорж, Б.Анударь Модел Ц.Энгүүн, Ж.Ариунжаргал, Am-CГутал PedroХувцас Zara, ДБЭТЭнгэрийн зүүлт, ээмэг Mulya Handmade JewelryСтилист, толгойн гоёл Х.Сүрэн Креатив директор, гэрэл зурагчин З.Энхмөнх