"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарын "Уусахуй" буланг хүргэж байна. Тус буланд "Гэгээ студи"-ийн хамт олны бүтээсэн интерьер дизайны ажлыг онцолсон юм.
Орчин цагт хүмүүсийг бүтээмжтэй ажиллахад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл нь оффисын интерьер болжээ. “Албажуу” төрхтэй хуучин цагийн интерьерүүд ул тах болон ард хоцорсон байна. Цаг үе өөрчлөгдөж, залуус тав тухтай, олон талаар ашиглахуйц шийдэлтэй ажлын байранд “соронз” мэт татагддаг болсон билээ. Энэ удаа бид уншигчдадаа “Гэгээ студи”-ээс эрхлэн гаргасан шинэлэг дизайнтай, сонирхолтой хийц шийдэлтэй оффисын интерьерийг танилцуулж байна.
Угтах хэсэг
Энэхүү оффис нь 150 мкв талбайтай, 6 метр өндөр таазтай бөгөөд интерьерийн дизайн нь индастрил, минимал дизайны хосолсон шийд-лээр урлажээ. Оффист ойролцоогоор 30-40 хүн ажиллах боломжтой бөгөөд угтах хэсэг, хурлын том, жижиг өрөө, хүлээлгийн хэсэг, кофены хэсэг, борлуулалт, маркетингийн ажилчдын ганцаарч-лан ажиллах нам гүм тухлаг хэсэг, хамт олноороо алжаалаа тайлж тоглож, кино үзэх булантай төдийгүй хурлын өрөөний дээд хэсэгт амрангаа ном сэтгүүл уншин, дугхийх бүхээгүүд гээд ажилчдын хэрэгцээг хангах юм бүхэн бий.
Том, жижиг хурлын өрөөнүүд
Захирлын өрөө
Ажиллах хэсэг
Хурлын өрөө болон хүлээлгийн хэсэг
“Гэгээ студи”-ийн зургийн багийнхан “Оффисын интерьер зургийг бүтээхдээ хүний сэтгэлзүйд эерэгээр нөлөөх завсрын зөөлөн өнгө сонгосон. Энэ нь хүмүүст илүү тав тухтай, таатай орчин, мэдрэмжийг төрүүлдэг” гэв. Мөн дизайныг маш зоригтой хийц элементүүдээр чимсэн нь давтагдашгүй орчныг бүрдүүлж байгаа юм.
Интерьерийн шийдлийн хувьд бас нэгэн онцлог нь дүүжин ширээ, сандлын хослол байв. Сууж буй хүний хөл чөлөөтэй байх нь тав тухыг илүү ихээр бүрдүүлэх аж. Түүнчлэн тус оффисын дотоод тохижилтыг хурц ирмэг, өнцөг гаргалгүй мөлгөр, дугуйрсан хэлбэртэй хийсэн нь албаны хүйтэн хөндий хийцийг эвджээ. Захирлын өрөөг минимал загвараар бүтээж, хар бараан өнгийг дагнан сонгосон нь илүү тансаг, үнэ цэнэтэй тухтай орчныг мэдрүүлнэ.
Хүмүүс өдөр тутмын ажилдаа компьютер, гар утас зэрэг технологи ашиглах нь нүдийг ядраахаас эхлээд нуруу, хүзүү хөших гэхчлэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс “Гэгээ студи”-ийн хамт олон энэ асуудлыг шийдэхийн тулд ногоон байгууламж, ургамлыг түлхүү байрлуулсан нь ажилчдыг байгальд ойрхон байгаа мэт мэдрэмж төрүүлж, орчныг хүчилтөрөгчөөр ханган, тоос тоосонцрыг дарж, цэвэршүүлэх юм. Ийм орчинд хүмүүс ажилдаа илүү төвлөрч, бүтээмж нь нэмэгддэг байна.
Ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ажиллах хүслийг оргилуулдаг тав тухтай оффисын интерьер үүний адил шинэлэг, олон талын үр ашигтай байх нь орчин үеийн хүмүүсийн хүсэл болжээ. Та ч гэсэн оффисоо тохижуулахаар зэхэж байгаа бол энэхүү интерьерээс санаа авч болох юм.
Интерьер дизайныг “Гэгээ Студи”-ийн хамт олон урлав.