“Жэт” англи хэлний сургалтын төвийн багш, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны тэргүүн Б.Фатиматай англи хэл хурдан сурах арга барил болон түүний амжилт бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу.
- Өнөөдөр хүн бүр англи хэл бол хэрэглээ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сурах гэж олон жил хичээсэн ч үр дүнд хүрээгүй хүмүүс бий. Англи хэлийг хурдан хугацаанд, үр дүнтэй суралцах арга байдаг уу?
- Дан ганц англи хэл гэлтгүй гадаад хэл сурах гэж байгаа бол хувь хүн өөрт тохирох арга барилаа олох хэрэгтэй. Хувь хүний онцлог, зан чанараас хамаараад сурах арга барил өөр байдаг. Экстроверт, интроверт гэж хоёр төрлийн суралцагч бий. Гадагшаа чиглэсэн нээлттэй хүмүүс чөлөөтэй ярилцаж, хөгжилтэй байдлаар сурвал үр дүнтэй. Харин дотогшоо чиглэсэн хүний хувьд уншиж, бичиж хийсэн зүйлээ амархан тогтоодог. Гэхдээ дотогшоо чиглэсэн хүнд ч гэсэн экстроверт арга нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Өөрт тохирох арга барилыг олохын тулд залхууралгүй бүх аргийг турших хэрэгтэй. Тоглоомын аргаар ч англи хэл сурч болно. Англи хэлийг хувь хүний хөгжилтэй хослуулж сурахыг хүсдэг залууст “You are a badass”, “The subtle art of not giving a fuck” зэрэг номыг зөвлөж байна.
- Гадаад хэл сурахын тулд олон дамжаа, курсээр явсан хүмүүс байдаг. Зарим нь хичээсэн ч дорвитой үр дүнд хүрдэггүй. Ер нь хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа юу вэ?
- Олон жил сургалт, дамжаагаар явсан ч үр дүнд хүрэхгүй байгааг бид нар "архагшсан" англи хэл гэж ярьдаг. Англи хэл нь "архагшсан" хүмүүс өөрийгөө уйдаахгүй, хөгжилтэй аргаар сурах хэрэгтэй. Кино болон өөрийнхөө сонирхдог чиглэлээр телевизийн шоу үзэх хэрэгтэй. Хэрэв өдөр тутмын яриагаа сайжруулахыг хүсэж байгаа бол “Friends” цувралыг санал болгож байна. Хүмүүс дүрэмдээ хэт анхаараад ярих чадвараа орхигдуулдаг. Гэхдээ бодит байдал дээр хүн яриагаараа өөрийгөө илэрхийлнэ шүү дээ. Мянга дүрэмдээ сайн байлаа гээд хоёр үг холбоод өөрийгөө ойлгуулж чадахгүй бол нэмэргүй. Гэтэл зарим хүн яриандаа сайн хэрнээ дүрэмдээ муу байх тохиолдол бий. Тиймээс сул байгаа чадвараа сайжруулахад цаг зарцуулах хэрэгтэй. Дан ганц яриа, эсвэл дүрэм гээд байж болохгүй. Сонсох, бичих гээд бүх чадвараа орхигдуулахгүй зэрэг хөгжүүлэх нь чухал.
- Таны хувьд англи хэл сурахад нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ?
- Би бага ангидаа англи хэлний гүнзгийрүүлсэн системтэй хувийн сургуульд сурдаг байсан. Сургууль маань миний суурийг маш сайн тавьж өгсөн. Бас нээлттэй, чөлөөтэй хувь хүн болж төлөвшихөд тусалсан. Бага ангиа төгсөхөөсөө өмнө өөр сургууль руу шилжсэн юм. Суралцах орчин өөрчлөгдсөн тул бага зэрэг төвөгтэй болсон. Учир нь шинэ ангийнхан маань дөнгөж англи хэл үзэж байсан. Харин миний хувьд дүрмийн болон ярианы чадвар харьцангуй сайн байсан. Тэр үед англиар ойлголцдог хүмүүс бага байдаг юм байна гэдгийг ойлгосон доо. Тухайн үед багш нар надад тусад нь академик түвшний номууд өгдөг байлаа. Би бараг англи хэлний бүх дүрмийн номуудыг дуусгасан. Нэг ном дуусгаад л дахиад нэг дүрмийн ном нээнэ. Таван жил дараалаад дүрмийн номоор “нүдсэн” болохоор дүрмийн хувьд ямар ч асуудалгүй болж сайжирсан. Өдөр бүр уйгагүй дүрмийн ном шагайлгасан зүйл хор шар байсан юм уу даа гэж боддог. Өөр нэг газар, хэн нэгэн хүүхэд, илүү боломжтой нөхцөлд, илүү сайн багшаар хичээл заалгуулж байгаа шүү дээ. Жоохон хүүхэд хэрнээ тэдгээр хүүхдүүдээс дутуу байж болдоггүй юм шүү гэсэн бодол толгойд хадаастай явдаг байлаа.
- Зарим хүмүүс багаасаа гадаад хэл сураад гаднын соёлд хэт автаж байна гэсэн шүүмжилдэг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
- Багаасаа гаднын соёлд автаж цаашлаад үндэсний дархлаагүй хүмүүс бий болж байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хэлний мэдлэгт анхаардагтай адил эх оронч сэтгэлгээтэй хүн болж төлөвшихөд ч гэсэн анхаарах хэрэгтэй. Мэдээж гадаад хэл маш чухал юм байна гэдгийг нийтээрээ ойлгосон учраас хүүхдийг багаас нь англи хэлтэй болгож байна. Гэхдээ эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв монгол хүн болж хүмүүжих нь бүр ч чухал.
- Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний хичээлийн хөтөлбөрт ямар өөрчлөлт оруулбал илүү үр дүнтэй байх бол? Ихэнхдээ л дүрэм зааж, үг цээжлүүлдэг шүү дээ.
- Гадаад багштай болбол харьцангуй үр дүнтэй байна гэж боддог. Англи хэлэндээ сайн юм байна гэдгийг батлах зүйл чинь дүрэм биш, яриа. Тиймээс ярих чадварт анхаарч, хүүхдүүдийн нээлттэй, чөлөөтэй сэтгэх чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхэд хангалттай хэмжээнд өөрийгөө илэрхийлж чадаж байвал аяндаа сонсох, бичих гээд бусад чадваруудаа хөгжүүлэх сэдэл төрдөг. Гэтэл дүрэмдээ сайн ч гэсэн ярьж чадахгүй байхаар хүн шантардаг. Би ярьж чадахгүй байна гээд хаях хүүхдүүд цөөнгүй бий. Сургалтын системд яриаг түлхүү оруулах хэрэгтэй гэж боддог.
- Та харьцангуй залуу багш. Сурахын хажуугаар багшлана гэдэг тийм ч амаргүй байх. “Жэт”-д багшлах боломж хэрхэн гарсан бэ?
- Би зун багшийнхаа ажлыг хийдэг. Учир нь бусад үед миний хичээлтэй давхацдаг. 2016 онд “Жэт” 20 жилийн ойгоо тохиолдуулж нийгмийн идэвхтэй, англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй 20 залууст англи хэлний бүх түвшинд үнэгүй суралцах тэтгэлэг зарласан. 200 орчим залуусаас шилдэг 20-т багтаж тэтгэлэг авсан. Тухайн үед миний нэрийг хамгийн сүүлд дуудаж байсныг санаж байна. Миний хувьд маш том ахиц байсан. Дүрмээр нүдчихсэн, дээр нь яриандаа сайн байсан учраас хоёр түвшин үзээд л дуусахаар байлаа. Сургалт дууссаны дараа Ц.Алтансор захирал хүүхдийн ангийн багшаар ажиллах санал тавьсан. Би шууд “за” гэж хэлээгүй. Хэрвээ тэнцэх юм бол ажиллая гэсэн. Учир нь би огт багшилж байгаагүй. Дээр нь хүнд юм заана гэдэг маш хариуцлагатай ажил шүү дээ. Тэгээд яг ном журмын дагуу шалгалт өгч удирдлагуудад, багш нарт хичээл зааж шалгуулаад тэнцсэн дээ. Миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг. Хүүхдүүдэд багшилж эхлээд надад илүү хөдөлгөөнтэй, хүмүүстэй харьцсан мэргэжил тохирдог юм байна гэдгийг ойлгосон.
- Их сургуулийнхаа оюутны холбооны тэргүүн гэж сонссон. Өнөө цагийн оюутнуудад тулгамдаж буй асуудал юу гэж боддог вэ?
- Монголын их, дээд сургуулиуд болоод оюутнуудад тулгамдаж буй асуудлууд цөөнгүй. Би өөрөө оюутан учраас илүүтэй мэддэг. Надад тулгарч буй асуудал өөр олон залууст тохиолдож байгаа шүү дээ. Оюутнууд мэдлэг, мэдээллээр хомс байдаг. Сонсож чадахгүй байгаа мэдээллийг хүргэж өгөхөд нь туслах газар бол оюутны холбоо юм. Бид сургууль, оюутан хоёрын хоорондын гүүр болон ажилладаг. Шинэ оюутан өөрийгөө хөгжүүлэх сайн дурын клубд хэрхэн элсэхээ ч мэдэхгүй байх тохиолдол байдаг шүү дээ. Зарим үед өөрийгөө хөгжүүлье гэсэн ч хүссэн чиглэлээр нь үйл ажиллагаа явуулдаг клуб байдаггүй. Байсан ч зохиож байгаа үйл ажиллагаа нь хангалттай хэмжээнд оюутнуудад хүрэхгүй байгааг анзаарсан. Энэ мэт оюутнуудад тулгардаг олон асуудлыг шийдэж, өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн тул тэргүүнд нэр дэвшиж байлаа. Би эерэг хандлагатай залуус олон болоосой гэж хүсдэг. Үүний тулд мэдээж би өөрөө үлгэрлэх хэрэгтэй. Өдөр бүрийг боломж гэж харж, залуус болон дүү нартаа зөв хандлага бий болгохын тулд цагтай биш, секундтэй уралдаж хичээнгүйлэн суралцах хэрэгтэй гэж боддог. Залуу хүмүүс улсаа хөгжүүлье гэж ярихаас илүүтэй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэж монгол ардын үг байдаг шүү дээ. Аугаа өөрчлөлтийн эхлэл хувь хүнээс эхтэй.
- Мөн илтгэх урлагаар нийслэлийн аварга болж байсан юм билээ. “+300” илтгэх урлаг, мэтгэлцээний клубийн хүндэт гишүүн. Өнөөдрийг хүртэл гаргасан бүх амжилтад өөрийгөө илэрхийлэх чадвар их нөлөөлсөн байх?
- Одоо цагт илтгэх урлаг гэдэг бол хувь хүний эзэмших ёстой наад захын чадвар шүү дээ. Үзэл бодлоо цэгцтэй илэрхийлдэг болохын тулд анх 11-р ангидаа “+300”-д элсэж байсан. Түүнчлэн өөрийгөө зөв илэрхийлж, сайн ярьж сурахгүй бол нийгэмд гологдох юм байна гэдгийг ойлгосон. Илтгэл гэдэг дан ганц уран яруу ярих биш. Ярьж байгаа юм бүхэн чинь үнэн, бодитой, баримттай байх ёстой гэдгийг ойлгуулсан багш нартаа баярладаг. 30-хан гишүүнтэй үйл ажиллагаа эхлүүлсэн “+300” өнөөдөр бүх оюутан залуусын мэддэг илтгэл, мэтгэлцээний клуб болтлоо хөгжсөн байна. Тус хамт олны нэгээхэн хэсэг болсон нь өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг юм. Тухайн жилдээ илтгэх урлагийн нийслэлийн аваргад оролцсон. “Хүний мөс” гэдэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байсан. Олон мундаг хүүхдүүд оролцож байсан учраас сандрал их байсан шүү.
- Залуу хүний хувьд нийгэмд залуусын боловсрол, хувь хүний хөгжил рүү чиглэсэн үйл ажиллагаа хангалттай зохиогддог гэж боддог уу?
- Сүүлийн үед залуус руу чиглэсэн үйл ажиллагаа харьцангуй их зохиогдож байгаа. Гэхдээ нөгөө л нэг хардаг царай, нөгөө л нэг танил маань явж байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн идэвхтэй нэг хэсэг бүлэг л байна. Гэхдээ очдоггүй байлаа гээд муу гэсэн үг биш. Аль хэдийнэ амьдралынхаа өнцгийг олчихсон, юу хийх ёстойгоо мэддэг залуус бий. Бүр төөрчихсөн, хаана байгаагаа мэдэхгүй залуус ч байгаа. Залууст чиглэсэн үйл ажиллагаа бага байгаа гэхээсээ илүүтэй залуус өөрсдөө хангалттай хэмжээнд өөрийнхөө төлөө гүйхгүй байна гэж боддог. Өөрөө явж, судалж түүндээ цаг гаргах нь хамгийн чухал.Дээр нь хийж байгаа бүх зүйлдээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Хэдий хэмжээний хариуцлага хүлээж чадна. Тэр хэмжээний эрх мэдэл чамд ирнэ.
- Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд илүү байр суурь эзэлдэг шүү дээ. Сургуулийнхаа оюутны холбооны анхны эмэгтэй тэргүүн гэж сонссон. Үнэхээр дайчин зан чанар ажиглагдаж байна?
- Би эмэгтэйчүүдийн эрх боогдсон улсад төрсөн. Дөрвөн нас хүртлээ тэнд амьдардаг байлаа. Карьер хөөнө гэдэг бараг л мөрөөдөл. Тэнд эмэгтэйчүүд ажил хийнэ, төсөл бичнэ гэсэн ойлголт огтхон ч байхгүй. Энэ бүх эрх зөвхөн эрчүүдэд хамааралтай. Хэрэв та эрэгтэй хүн болж төрсөн бол энэ улсад хаан. Харин эмэгтэй хүн болж төрсөн бол та тэр эрэгтэй хүний боол. Ийм л дүрэм тэнд үйлчилдэг. Тэнд маш олон охид гэрээсээ гарч чадахгүй амьдарч байна. Гадуур явахад ихэд хүндрэлтэй. Эмэгтэй хүн тийм үнэ цэнэгүй болчихсон улс зөндөө бий. Ялангуяа исламын шашинтай оронд энэ үзэгдэл их. Гэтэл манай улс эмэгтэй хүний эрхийг боодог билүү. Бид чинь нэг үеэ бодоход хөгжөөд л яваа шүү дээ. 10-хан жилийн өмнө манай улс ямар байлаа. Интернет ингэж хөгжинө гэж хэн ч төсөөлөөгүй байсан. Өнөөдөр Монголд эмэгтэй хүн гарааны бизнес эрхэлж, энтрепрёнер сэтгэлгээтэй байж болно. Та өнөөдөр номын сангаас зугтаж байхад хэн нэгэн тэнд ном уншихыг мөрөөдөж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Залуучууд өнөөдөр номын санд оочирлодоггүй. Номын сангийн үнэ цэнийг мэддэггүй. Бид байгаа зүйлээ ашиглаж чадахгүй хэрнээ байхгүй байна гэж гомдоллодог. Хүн бүрт тэгш заяасан зүйл бол цаг хугацаа. Цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлж, зөв ашиглаж чадсан тэр хүн л амжилтад хүрнэ. Өнөөдөр Монголд эмэгтэй хүн өөрийн байр сууриа бий болгох бүх нөхцөл, боломж байна. Яагаад эрэгтэй хүн өнөөдөр улс төрд илүү амжилттай яваад байна. Яагаад эрэгтэй хүний ажлаа удирдаж байгаа арга барил илүү үр дүнтэй байгааг судлах хэрэгтэй. Өнөөдөр хэн байхыг хүсэж байна түүнийхээ төлөө хичээж чадвал хэн ч байж болно. Манай улсын хувьд өнөөдөр эмэгтэйчүүд олон салбарт манлайлж байна. Гэхдээ яг удирдлагын түвшинд харахаар эрчүүд голлодог. Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь давуу болон сул тал бий. Үүнийг уншиж байгаа охидуудад хандаж ширээнд ойрхон суу гэж хэлмээр байна.
- Нийгэм, хувь хүний хөгжил рүү чиглэсэн олон зүйл хийхээр мэдээж цаг хугацаа ихээхэн шаардлагатай. Гэр бүлийнхэн нь хэр ойлгож, дэмждэг вэ. Ойрын болон хэтийн зорилгоосоо хуваалцана уу?
- Гэр бүл минь надад сурч боловсрох хангалттай цаг хугацаа өгдөг. Ээж минь надад хэлж байсан юм. Охиндоо өгч чадах хамгийн том зүйл бол цаг хугацаа гэж. Үнэхээр өглөөнөөс орой хүртэл оюутны холбооны ажил, сайн дурын үйл ажиллагаа гээд надад гэртээ тогтох үе ховор. Тэр бүхнийг ойлгож, дэмждэгт нь үнэхээр их талархдаг. Эхэндээ дургүйцэх үе гардаг байсан. Гэхдээ миний гаргаж байгаа амжилт тэр дургүйцлийг зөв тийш нь эргүүлсэн. Хэрвээ гэрийнхэн чинь сайн дурын үйл ажиллагаа зэрэг зүйлсийг ойлгохгүй байвал үр дүн гартал нь хичээх хэрэгтэй. Энэ онд англи хэл болон хувь хүний хөгжилтэй холбоотой видео контент хийж, фэйсбүүк пайжээр хүргэхээр төлөвлөж байна. Дээр нь сургуулиа амжилттай төгсөөд, дэлхийгээр аялж, орон орны залуусын сэтгэлгээтэй танилцмаар байна. Би эгэл даруу манлайлагч байхыг хүсдэг.
Бэлтгэсэн: Х.Хулан