21-р зууны иргэний суурь хэрэгцээг “Хоол, хувцас, орон байр…. удаах нь утга учиртай ажил” хэмээн тодорхойлоход буруудахааргүй болжээ. Тийм ч учраас утга учиртай ажил өнөө цагийн шинэ мөнгөн тэмдэгтэд тооцогдож байна. Учир нь хүмүүс хийж буй ажлаасаа утга учрыг мэдрэхийн тулд бага цалин авахаас ч буцахгүй болжээ.Судалгаанаас үзэхэд хүмүүс өөр өөр шалтгаанаар ажлаа солихыг хүсдэг аж. Тухайлбал, илүү цалин орлоготой болох, ажил амьдралын балансаа сайжруулах, хамт олон, хийж буй ажлаасаа илүү их сэтгэл ханамж мэдрэх гэх мэт олон янзын шалтгаантай байдаг. Тэдгээр шалтгааны дотроос хийж буй ажлаасаа зорилго, утга учрыг мэдрэхийн тулд ажлаа сольж, бага цалин авахад ч бэлэн байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.Тухайлбал, АНУ-д 2005 оноос мэргэжил сонголтод тухайн ажлын утга учиртай байдлыг харгалзан үзэх нь эрс нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор Harvard Business Review саяхан 26 өөр салбар, мэргэжлийн (албан тушаал, цалин, компанийн хэмжээ харилцан адилгүй) хүмүүсээс авсан гайхашрал төрүүлэм судалгааны үр дүнг нийтэлжээ.
Тэдгээрээс дурдвал:
Судалгаанд оролцсон 10 хүн тутмын 9 нь утга учиртай ажил хийхийн тулд бага цалин авахаас татгалзахгүй гэжээ
Мөн тэд утга учиртай ажил хийхийн тулд ирээдүйд олох нийт орлогынхоо 23 хувийг танахад бэлэн байгаа аж
Судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь цалингаа 20 хувиар нэмэгдүүлэхийн оронд ажил дээрээ гаргаж буй амжилт, зорилго төлөвлөгөөнд нь анхаарал хандуулдаг даргатай байхыг илүүд үзнэ гэсэн байна
Судалгаанд оролцогчдоос 20 хүн тутмын ердөө нэг л одоо байгаа ажлаа байж болох хамгийн утга учиртай ажил гэж үздэг
Ажлаа утга учиртай гэж бодож хийдэг хүмүүс дунджаар 7 хоногт 1 цаг илүү ажиллаж, жилд цалинтай чөлөө авах нь хоёр өдрөөр багасдаг. Түүнчлэн нэг ажилтан жилд 9078 доллараар илүү бүтээмжтэй ажилладаг гэх тооцоо гарчээ
Тэгвэл утга учиртай ажил гэж ямар ажлыг хэлэх вэ?
Утга учиртай ажил гэдгийг олон янзаар тодорхойлж болох ч ажлын байран дээрээ аз жаргалыг мэдрэх, утга учрыг мэдрэх хоёрыг салгаж ойлгох ёстой гэнэ. Учир нь дээрх хоёр хүчин зүйлийн урт хугацаанд үзүүлэх үр дүн харилцан адилгүй аж.
Хийж буй ажлаасаа аз жаргалыг эрэлхийлнэ гэдэг нь тааламжтай, биед амар байдал руу тэмүүлж, тав тухгүй бүсээс зайлсхийж, аль болох өөрийнхөө чаддаг зүйлийг тогтмол хийхийг чухалчилж буй хэлбэр гэнэ. Харин утга учиртай ажил идэвхтэй оролцоотой, эргэх холбоотой байж, тодорхой нэг үнэт зүйлд хувь нэмрээ оруулж (гэр бүл, байгаль орчин, ажил гэх мэт), хүмүүст туслахыг зорьдог байна. Өөрөөр хэлбэл, та утга учиртай ажлаас таашаал, сэтгэл ханамжийг мэдрээд зогсохгүй стресс, хүчин зүтгэл, асуудал аль алинтай нь нүүр тулгарах болно. Харин нийтлэг утгаараа дараах хүчин зүйлүүд утга учиртай ажил гэсэн тодорхойлолтыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна.Утга учиртай ажлын 6 жор:
1. Оролцоо, хандлага: Үүнд таны авч байгаа цалин, албан тушаал, компанийн эрэмбэ бус өдөр бүр, цаг бүр таны юу хийж байгаа нь чухал юм. Оролцоо хандлагыг бий болгодог дөрвөн хүчин зүйлд:
Ажлаа өөрийнхөөрөө гүйцэтгэх эрх чөлөө
Эхлэх болон дуусах хугацаа нь тодорхой үүрэг даалгавар
Олон төрлийн үүрэг даалгавар
Ажлаа хэр сайн гүйцэтгэж байгааг мэдэхэд туслах санал, сэтгэгдэл багтдаг аж.
2. Бусдад туслах: Судалгаанаас үзэхэд загвар зохион бүтээгч, хөрөнгийн шинжээч, телевизийн мэдээний найруулагч гэх мэт ажил хийдэг хүмүүсийн 90 орчим хувь нь хийдэг ажлаа утга учиртай гэж боддоггүй хэмээн хариулсан байхад гал сөнөөгч, сувилагч, эрх баригч зэрэг мэргэжилтэй хүмүүс эсрэгээрээ ажлаа хамгийн их утга учиртай гэж дүгнэжээ. Тиймээс бусдад туслах нь утга учиртай ажлыг бий болгох чухал зүйлийн нэг болох аж. Сайн дурын ажил хийдэг хүмүүс бага стрессдэж, илүү эрүүл байдаг нь ч үүнтэй холбоотой гэнэ. Дэлхий нийтийн хэмжээнд хийгдсэн өөр нэг судалгаанаас үзэхэд буяны үйл ажиллагаанд хандив өргөдөг хүмүүс зүгээр л хадгаламжинд мөнгөө хийдэг хүмүүсээс хоёр дахин илүү амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэсэн үр дүн гарчээ.
3. Хийж буй ажилдаа сайн байх: Эерэг сэтгэлзүй шинжлэх ухааны үүднээс үзэхэд хийж буй ажилдаа сайн, чадварлаг байх нь ажилдаа сэтгэл хангалуун, амжилттай байх түлхүүр болдог гэнэ. Мөн өөрийнхөө чадвар, оруулж буй хувь нэмрээ зөв үнэлснээр шударга цалин хөлс авах, бусад тохиролцоонд хүрэхэд эерэгээр нөлөөлдөг гэжээ.
4. Дэмжлэг сайтай хамт олон: Бид мөрөөдлийнхөө ажлын тухай бодохдоо ихэвчлэн хийх зүйлдээ анхаарал хандуулдаг боловч хэнтэй хамт хийх вэ гэдэг нь тэрнээс ч чухал. Хамт олонтойгоо нийцтэй биш, даргаа үзэн яддаг бол ажлаасаа утга учрыг эрээд ч хэрэггүй. Гэлээ гээд энэ нь ажлын газрынхаа бүх хүнтэй найз бол гэсэн үг биш юм. Харин санаа нийлдэг тодорхой бүлэг, хамтран ажиллагсад байвал уйтгартай ажил ч сонирхолтой байж болно гэсэн санаа аж.
5. Сөрөг хүчин зүйлс бага: Ажлаа утга учиртай болгоход дээрх зүйлс зайлшгүй байх шаардлагатай бол “байхгүй байснаараа” ажлыг тань илүү тав тухтай болгодог хүчин зүйлс ч бий. Тухайлбал, хэвийн хэмжээнээс олон цагаар ажиллуулах, ажилчдын хөдөлмөрийг зөв, шударга үнэлэхгүй байх нь эдгээрт багтана.
6. Хувийн амьдралтай нийцэхүйц: Ажил, хувийн амьдралын тэнцвэрт байдлыг хадгалахад ажлын орчин сөргөөр нөлөөлдөггүй байх нь чухал гэжээ.