UBLife Logo
Дотор хүн

Дотор хүний үгс | Одонд шивнэсэн хүсэл

Г.Сүрэн
Г.Сүрэн
Дотор хүний үгс | Одонд шивнэсэн хүсэл

Хүслээ шивнэх дуртай хүүхэд байлаа, цөмөөрөө… Од харваж байна! Хүслээ шивнэе. Дээгүүр онгоц нисчихлээ! Нүдээ аниарай. Сормуус чинь уначхаж! Хэнийх нь хүсэл биелэх вэ? Хөөх, алтан цох явж байна! Хүслийг минь биелүүлээрэй… гээд л хэзээд хэлэхэд эвлэчихсэн үгс минь, хүсэл минь. Тэгэхэд юм бүхэн сонин, өдөр бүхэн өөр, өнгө бүхэн шинэ байв. Модод зөвхөн мод биш, модны судал байдаг л хээ биш, хараад л байвал юу ч хамаагүй-аварга заан, аймхай зараа хүртэл нүдний өмнө биежээд, жижиг жижиг зураасаас нь нэг л мэдэхэд элдэв дүрс амилчихдаг жир бусын "гайхал" байв. 

Тэгэхэд би хүүхэд байв! Хүслээр дүүрэн, гэхдээ хэзээ нэг өдөр биелнэ гэдэгт итгэх эсэхээ ч шийдэж мэдэхгүй цав цагаан цас байв. Цастай хамт бударч, цав цагаан бүтээлэг хараад гашуудна гэдгээ ч тааж мэдэхээргүй бичиггүй цулгуй цаас байв. Тэр цаасан дээр цаг хугацаа улаан хөх цохлон бичигдсээр, анх ямар байсан нь мэдэгдэхээргүй элдэв өнгөөр давхарлан хучигдчихаж. Хов хоосон, юу ч хийлгүй, "зүв" зүгээр нэг өдрийн аз жаргал оршиж болдгийг мартах шахжээ. Өдөр бүрээс ямар нэгэн онц гойд зүйл хайж, хүн бүрээс ямар нэг дулаан дотно үг горьдож, хийсэн бүхнээсээ утга учир эрээд л... Томоор бичсэн мөрөөдлүүдээ баллуурдаад, одоо харандааны хар ором л үлдчихэж. Түүндээ цадчихаж. Багынхаа дүүрэн хүслээ шуудайлаад, өвлийн өвгөн аав шиг үүрээд гарсан боловч ёроолдоо цоороод, ууттай хүслүүд минь замын голд гээгдчихэж. Ээ халаг! Ээжтэйгээ дэлхийг тойрох, томоос том мод ургуулах, нэг л хүнийг насан туршдаа хайрлах, түүнд итгэх, үргэлж инээмсэглэдэг "гоё" эгч болох, таван давхар номын сантай болоод ямар ч жаал ганцаардаж уйлдаггүй ертөнцийг бүтээх... Одонд шивнэсэн дэврүүн, хэтийдсэн хийсвэр хүслүүд минь оддын сонорт хүрээд эргэн над дээр буухдаа замын голд шургаад уначхаж. Явсан замаараа эргэн хайгаад үзвэл олдох болов уу? Цалингаараа түрээсээ төлөх, хайртай номоо худалдаж орхиод ганц аятайхан гутал болгох, ижийтэйгээ ганц үг л сольж амжих, тэр залууд итгэхгүй байх, огт догдлохгүй байх, зүрхээ хамгаалж бүтэн үлдэх, өдөр нь амгалан байх, шөнө нь тайван нойрсох... Өдөр бүрийн нарыг аргацаасан хүслүүд минь уутны ёроолд над өөд гайхангуй ширтэглэнэ. 

Амьдралаас айсан; цохолж балласан мөртүүдээс эмээсэн; нулимс минь дуслаад норгох вий гэж гэмшсэндээ л одонд шивнэсэн хүслүүдээ арагш нь орхиод, арай амархан, арай л дутуу, арай өнгөгүйг сонгоод байжээ... Ерөөс энэ амьдрал сонголт минь, ямар хүслээ чухагт тооцон хайрлах, ямарыг нь ой санамжийн цэцэрлэгтээ булж орхихоо шийдэх шийдэл минь байж. Алсын од минь, шивнэсэн хүслийг минь хадгалж байгаарай! Мартаад гарсан түлхүүрээ хаана орхисноо би саначихлаа! 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
50
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.