И.Мөнхтуяа
Стилист, загвар зохион бүтээгч
Тал тал тийшээ үсчсэн олон их наяд атом маш нарийн өвөрмөц сонин байдлаар хоорондоо зохицож, эвлэн угсрагдсаны дүнд чи буй болоод энд зогсож байгаа юм. Энэ бол өмнө нь огт байгаагүй, цаашид ч байхгүй, цор ганц удаа тохиолдох тийм л загвар эвлүүлэг. Эрт галавт байсан протоплазмын шөлөн дэх өчүүхэн дусал нь хоёр хөл дээрээ явдаг орчин үеийн оюунт хүн болон өөрчлөгдөх хүртэл тун урт хугацаа зарцуулсан. Энэ хооронд төрх болон шинж тэмдгээ ямар олон удаа сольсон гэж санана. Төсөөлшгүй урт хугацааны хувьслын замыг туулан давж гарсан, чухам тэр шугамд хамаарч байснаараа чи маш их азтай. Тэрнээс гадна өөрийн чинь дээд угшил гайхалтай тохиолдлоор өдийг хүрсэн гэдгийг санаарай. Уулс, гол мөрөн, далай тэнгис оршсоор байсан 3.8 тэрбум жилд эх эцгийн чинь аль аль талын дээд угшил нэг нэгнээ зөв олж, үр удмаа үлдээхүйц эрүүл саруул байж, азтай хувь тавилан болон нөхцөл нь бүрдсэний хүчээр үр удмаа үлдээх хүртлээ хангалттай урт насалжээ гэдгийг эргэцүүлж нэг бодоорой. Гинжээ таслахгүйгээр бүр нэгбүрчлэн ийм зам туулсан байна. Генетик материалаа зөв хосдоо, хэрэгтэй агшинд нь дамжуулахаасаа өмнө чамтай холбоотой бүх дээд угшлынхнаас хэн нь ч няц дарагдаагүй, амьтны зууш болоогүй, усанд живээгүй, өлбөрч үхээгүй, үр удмаа үлдээж чадахгүй хэмжээнд шархтаж бэртээгүй явсаар эцсийн бүтээгдэхүүн болох чи мэндэлжээ.
Хэрэв өөр гаригт амьдрал байгаад, тэдний соёл иргэншил дэлхийнхтэй зарим талаар төстэй байж гэмээнэ хүн нь иймэрхүү харагдах болов уу гэмээр стильтэй, муурны чихтэй сансрын малгай, мөн л сансрын нисгэгчийнх шиг куртиктэй, цамцан дээрээ харь гаригийн хүний зураг голлуулсан, жүржийн өнгөт үстэй энэ охин “Хэрвээ чамд өнгөрсөн рүү аялах боломж олдвол аль цаг үе рүү очих вэ” гэсэн асуултад маань “1960, 1970-аад он руу л очно доо” гэж хариулсан нь жигтэй санагдаж билээ. “Хөгжмийн бүхий л мундаг хүмүүс тэр цаг үед амьдарч, залуус нь хэчнээн догь стильтэй байлаа даа. Бас сансрын эрин гэдэг шүү дээ” гэхэд сая учрыг ойлгов.
“The Multiverse” студи, “Futuristic type” хувцасны брэнд нь түүний ажил мэргэжлийг илтгэх бол утасных нь хонхноос “Super Mario”-гийн ая жингэнэхээс сонирхлыг нь тааж болно. Компьютерийн хөгжлийг дагаж өссөн үеийнхний төлөөлөл тэрбээр бидний л адил хөгжлийнхөө үе шатуудаа “Segа”, “Playstation”, “PC”-ийн хамт даван туулсаар өдийг хүрсэн. Ердөө энэ л түүнийг бидэнтэй өөриймсүүлэх цөөн хэдэн шалтгааны нэг. Бүхэлдээ гэж яривал энэ тэс ондоо юм болох болно. Тэр хийсэн бүхнээс нь өөрийн гэсэн өнгө аяс мэдрэгддэг, давтагдашгүй чанартай Монголын цөөхөн стилистийн нэг. Барагтай бол гадагш гардаггүй, өөрийн нь хэлснээр шинэ хүмүүсийг өөртөө нээх нэг их дургүй Мөөнөө “Гадагшаа тэлэх тусам хэрэггүй мэдээлэл, хэрэгцээгүй хүмүүс гараад ирдэг учраас би өдрийн ихэнхийг студидээ өнгөөрөөдөг” гэв.
“Жинхэнэ хүн”. Бидний ярилцлагын турш тэр энэ үгийг хэдэнтээ хэлсэн. Яг үнэндээ өнөө цагт жинхэнэ хүн байхаа больсон нь түүний ойг гутаадаг зүйлсийн нэг юм. Цэвэрлэгч ч байлаа, дарга ч байлаа гэсэн хийж буй ажилдаа дурлаж, түүндээ үнэн сэтгэлээсээ ханддаг хүмүүс цөөрч, мөнгөний төлөө дуртай дургүй юуг ч юм хийж, түүндээ бухимдаж өдрийг бардаг хүмүүсийг тэр ойлгодоггүй. Яагаад гэвэл тэр тийм биш. Түүний ажил автомат машинд хуруугаа уншуулснаар өглөөг эхэлж, орой гарах цагаа бүртгүүлдэггүй, тэр өглөө эрт босох дургүй. Тэр зөвхөн мэдрэмжээ л дагадаг. “Өглөө хүмүүс ажилдаа гарч шоргоолж шиг бужигнаад эхлэх үед нь би унтаж байдаг. Харин үдэш бүх зүйл аяндаа номхорч эхлээд, тайван болох үед би ажилладаг. Ер нь шөнө их бүтээлч байдаг” гэж Мөөнөө ярив.
Энэ тайван зангаа тэр эцэг эхээсээ олж авсан үнэт зүйлсийн нэг гэж боддог. Багаасаа л аймшгийн кинонд дурлаж, монголчууд Халловиний баярын тухай бараг л мэддэггүй байх үед бяцхан чөтгөрийн хувцасны загвар гаргаж, ээжээрээ оёулж өмсдөг, анимэд нугасгүй, жаахан охины ой ухаанд багтахаас багтахгүйг хүртэлх уудмыг төсөөлж, мөрөөдөж өсчээ. Түүний бага нас олон хүнийхээс ондоо өнгөрсөн. Гэхдээ энэ нь элдэв гаж гэсэн үг огтоос биш. Зүгээр л өөр гээд та ойлгочих. Дээр дурдсанчлан өөрийнхөөрөө байна гэдэг түүний нэг чухал хэсэг. Багадаа бүхий л хүүхдийн хэрэглэдэг тууш дэвтэр сонирхолгүй санагддаг болохоор нь хайчлаад жижигхэн болгочихдог, бас хар бэхээр дармалдаж бичдэг байсан гэсэн.
“Би өөрийнхөө зөнг л дагах дуртай. Гэвч цэцэрлэг, сургуулиас эхлээд нийгэм намайг өөрчлөх гэж олон удаа оролдож, миний төсөөллийн ертөнцийг мартуулах гэж их чармайсан. Жишээ нь, багш самбарын өмнө гаргаад “Үсээ яагаад бусдаас өөрөөр засуулсан” гэхчлэн зэмлэнэ. Харин манай гэрийнхэн чөлөөтэй сэтгэхүйтэй, хүнийг “эвдэх” дургүй, тайван хүмүүс байсан болохоор, би өөртөө үнэнч үлдэж чадсан” гэлээ. Уран бүтээлч, мэдрэмжээ дагаж амьдардаг хүмүүст энэ хамгийн том дэмжлэг, бас эрхэм чанар. Дэвтрээ хайчлах, бичмэлээр бичихгүй байх нь, үсээ ондоогоор засуулах нь сургуулийн орчинд дүрэм зөрчсөн хэрэг мөн боловч үүнд ямар ч гэм, бусдад хортой зүйл байсангүй.
Мөөнөөг би эртнээс мэдэхгүй ч үснийх нь өнгө байсхийгээд л хувирдгийг нь анзаарснаа асуухад “Би үсэндээ бараг л бүх өнгийг туршсан. Үсний өнгөө солих бүрт миний дотоод, бас ааш зан дагаж хувирдаг. Жишээ нь, өнгөрсөн өвөл цэнхэр өнгөөр будсаны дараа би их хүйтэн хүн болсон шиг санагдсан. Харин нил ягаан, ногоон өнгө хоёр миний сэтгэл зүйд ямар ч нөлөө үзүүлээгүй гэв”.
Хэрэв та фэйсбүүк дэх “The Multiverse”, “Futuristic type” хуудсаар зочилбол сансрын уудам, гариг эрхэсийн тухай өөрийн эрхгүй төсөөлнө. Мөөнөө дөрөв, таван жилийн өмнөөс одон орон, шинжлэх ухаанд дурлаж эхэлсний ул мөр ч гэж хэлж болмоор. Үүнд Стэнли Кубрикийн “2001: Space Odyssey” кино бас нөлөөлжээ. “Манай гариг, улмаар хүн төрөлхтний түүх өчүүхэн жижиг тоосонцроос эхтэй. Дэлхий бол усан гариг. Тэгэхээр сансрын уудамд хаа нэгтээ ус, тоосонцор бий, бас амьдрал ч ялгаагүй. Магадгүй тэр нь биднийхээс маш өөр хэмжээст орон зайд байгаа байх л даа” хэмээн ярив. Ангараг гариг руу зорчих нэг талын тасалбар олгоод, бүх насаар нь тэнд амьдруулж, туршилтад орох хүмүүсийг бүртгэж буй “Mars 1” төслийн тухай асуухад боломж олдвол явахыг хүснэ гэдгээ хэллээ. Яагаад гэвэл энэ дэлхий одоо байдаг л нэг газар, шинэ юм юу ч хүлээгээд нэмэргүй оромж болсон шиг түүнд санагддаг аж. Харин тэнд бол бүх юм шинэ...
“Чиний хүссэн ирээдүй ямар байх вэ?” гэсэн асуултын хариу тааварлашгүй байлаа. Магадгүй зарим хүнд хүйтэн цэвдэг ч санагдаж магадгүй. “Бүх жинхэнэ хүнийг үлдээгээд, хэрэгцээгүй хүмүүсийг огт байхгүй болгохыг хүснэ. Хэрэгцээгүй гэдэг нь хуурамч, өөрийн гэсэн үнэт зүйлгүй, мэдрэмж төрүүлдэггүй хүмүүсийг хэлж байгаа юм” хэмээн эрсхэн хариулсан юм. Харин өөрийнх нь хүслэнт ирээдүй гэвэл “Залуу насаа Токио ч юм уу, Нью-Йорк шиг хурдтай, хөдөлгөөнтэй газар өнгөрүүлээд, хожим харин хамгийн гоё байгальтай, хамгийн алслагдмал газар, одон орны дурантай футурист байшин бариад амьдрах”. Мөн хэрэв тэр үед хүн төрөлхтөн хүүхдэдээ супер чадвар захиалж болдог болчихвол цаг хугацаагаар аялдаг хүүхэдтэй болохыг мөрөөддөг. Тэгээд орчлон ертөнцөөр аялж, ондоо цаг үеүдээр дамжиж явахыг тэр хүсдэг. Учир нь тэр бол МАРГААШИЙН ХҮН юм.