Р.Даваажав
Сэтгүүлч
Түүний талаар “Сайн сэтгүүлч байсан даа” гэж шогшрох хүмүүстэй сонин хэвлэлийнхний дунд мундахгүй тааралдана. Үүн дээрээ нэмээд тэд “Одоо ч тийм сэтгүүлч ховор доо, хаана явдаг вэ” гэж асуухаа ер мартахгүй. Хүмүүсийн ярих нь тэрбээр 90-ээд оны эхэн үед Артур Конан Дойлын нэгэн романы дүр шиг бадрангуй явжээ. Тэр нь мэдээж Шерлок Холмс байсан нь гарцаагүй.
Тэр ердийн нэг бичээч байсангүй. Арваад жилийн өмнө хэвлэгдсэн хуучин сониноос миний уншсанаар бол түүнийг “чөтгөрөөс яриа авчээ гэхэд гайхаад байхааргүй” тийм л хүн гэнэ. Эцэстээ юу түүнийг ийм олны анхаарлын төвд, эсвэл эрсдэл рүү зүглүүлснийг мэдэхийн тулд уулзах хэрэгтэйг ойлгов.
Өөрийнх нь талаар хөрөг бичих хүсэлтэйгээ баахан сунжруу тайлбарлан утсаар ярихад тэр “За, үгүй” гэхийн оронд зүгээр л гэртээ ирж кофе уунгаа ярилцахыг санал болгосон юм. Аль нэг сонины газрын харанхуй мухарт хэвтээ хуучин сонинууд, эсвэл танил дотно явсан хүмүүсээс асууж сураглахаас өөрөөр, 15 жилийн өмнө нийгмийн амьдралаас татгалзсан түүний талаарх мэдээллийг олно гэдэг бараг л боломжгүй хэрэг. Цахим орчноос гэхэд л цайвар шаргал өнгийн саравчтай малгай, бараан шилтэй ганцхан зургийг нь олж үзэх жишээний. Харин С.Зориг агсны гэргий Булганыг баривчилсантай холбоотой мэдээллийг хэвлэлүүд нийтлэхдээ хуучин баримтаар урцалдан цуурч байсан учраас энэхүү хэргийн талаар түүний бичсэн цуврал нийтлэлийг олж уншихад тийм хэцүү биш байв.
Хоёр сарын өмнөх анхны уулзалтаас хойш бид таван ч удаа уулзжээ. Үүнээс ганцхан тохиолдолд бидний яриа асуулт, хариултаар өрнөсөн бөгөөд бусад үед нь хэвлэл мэдээллээс эхлээд буддын шашны бясалгал, бурхад, чөтгөр, чихэр жимс, идэж уух зүйл, хөгжим ном, бүр заримдаа сексийн тухай яриа руу хүртэл орчихдог байв. Хэрвээ чинээнд нь хүртэл мэтгэлцэж чадна гэвэл түүнтэй ямар ч сэдвээр ярихад асуудалгүй. Заримдаа асуултыг маань “Ямар ч хэрэггүй асуулт. Сэтгүүлчдийн энэ балай юмыг чи сурчихаа юу ” хэмээн үгүйсгэж, уцаарласан шинжтэй хариу барина. “Тэрэнтэй нөхөрлөхөд тэрнээс дутуугүй олон талтай, тэрнээс дутуугүй зальтай, тэрнээс дутуугүй ад мөрийн байх шаардлагатай” гэж хуучны нэгэн хамтрагчийнх нь хэлсэн ортой бололтой. Гэхдээ энэ нь хариулахаас татгалзснаа илэрхийлэх бяцхан заль гэдгийг сүүлд мэдэх болсноор яриагаа өрнүүлэхэд хялбар болсон юмдаг.
“Би өөрийгөө жаргаж үхэж байна л гэж боддог. Хүнтэй муудсан, сайдсан, алдсан, оносон бүхэн минь жаргал байсан” гээд хэсэг чимээгүй боллоо. Гэр орон, хүсэл сонирхол, амьдралын хэв маяг гээд зөвхөн өөртөө зориулаад бүтээчихсэн энэ ертөнцдөө тэр 15 жил бүгснээ ингэж цомхон тайлбарлана. Нэг л өдөр ямар ч шалтгаан тоочихгүйгээр хэвлэлийн амьдралаа орхиход хамтрагчид болоод уншигчид нь маш олон таамагтай үлджээ. Ихэнх нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрөөр орсонтой холбон “Зоригийн хэргийн мөрөөр орсон нэрт сэтгүүлч Р.Даваажав яагаад айдас түгшүүрт автан лам болж нуугдмал амьдрах болов” хэмээн бичиж, зарим нь “Хачин Даваажав хаана явна” гэж санагалзаж, үлдсэн хэсэг нь зүгээр л мартчихсан байлаа.
“Харин миний хувьд тэр хамгийн аймшигтай үе байсан” гэж тэр хэлэв. Сэтгүүлчийн ажлаа орхисны дараах нэг жилийн хугацаа түүний амьдрал дахь шокийн үе байжээ. “Тэгвэл буцаад орчихож яагаад болоогүй юм бэ” гэж асуухад “Сэтгүүлчийн амьдрал гоё, гэхдээ Буддын амьдрал түүнээс ч гоё. Ахиж хэзээ ч сэтгүүлзүй рүү орохгүй. Гэхдээ сэтгүүлч байсан үе маань миний нэг төрлийн дур ханалт байсан нь үнээн” гэсэн хариу өгсөн юм.
Ихэнхдээ хар бараан өнгийн хувцас өмсдөг, эгээ л 80-аад оны барууны детектив киноны гол дүрийг санагдуулам энэ эрийг лам болсон гэхэд эхэндээ бараг л итгээгүй. Үүнийг мэдсэн юм шиг “Шашин надад амьдрал өгсөн учраас авсан шигээ өгье гэж бодсон. Арван хэдэн жил лам хувцас өмсөөд сүүлдээ больсон доо” хэмээн ярьж эхлэв. “Яагаад гэнэтхэн лам болохоор шийдчихсэн юм бэ” гэхэд “Амьдрал гэдэг хаалганы хонхыг дараад үхэл зогсож буйг мэдсэн хүн шал өөр болдог юм шүү” гэснээ дуу хураагчаа түр зогсоохыг нөхөрсгөөр хүсэв. Тэгээд сэтгүүлзүйгээс хөндийрсөн шалтгаан нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой дарамт шахалтнаас өөр зүйл байсныг, гэхдээ нийтэд дэлгэх хүсэлгүй байгаагаа ярилаа. Дуу хураагчтай өрнөсөн ганцхан удаагийн ярилцлагын явцад тэр хэд хэдэн удаа зогсоохыг хүсч, би ч тэрийг ёсчлон биелүүлж байв. Учир нь дуу хураагчийг зогсооно гэдэг өмнө нь магадгүй хэний ч сонсоогүй зүйлийг би мэдэж авах болохоор нэг талаар завшаантай, түүнийг нийтлэлдээ оруулж болохгүй гэхээр нэг талын гунигтай санагддаг байв.
Албан яриа дууссаны дараа тэр “Би сэтгүүлч хийдэг байхдаа биеийнхээ аль нэг хэсэгт нууц дуу хураагч заавал авч явдаг байлаа” гээд ёжлох мэт писхийтэл инээх нь миний хор шарыг хэдэнтээ хөдөлгөөд авсан билээ. Ер нь түүний ямар ч шалтгаангүйгээр ийн писхийн инээх нь дасаагүй хүнд этгээд санагддаг зангийн нэг нь. Би үргэлжлүүлэн үнэхээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоогүйгээр сэтгүүлзүйгээс гарсан эсэхийг мэдэхээр махарсаар байлаа. Түүний талаар мэдээлэл цуглуулах явцдаа уулзсан хүмүүсийн нэг Ч.Мөнхбаяр надад “Дүр эсгэх зүйлгүй, уран бүтээлийн эрх чөлөөг эрхэмлэдэг тийм л залуу байсан даа. Хэдэн жил хүмүүс түүнийг хааччихав гэж ярьсан. Миний бодлоор ороо бусгаа, хүнд хэцүү нийгэмд дургүй нь хүрээд өөрийгөө хадгалахын тулд тусгаарласан байх” гэж хэлсэн юм. Байж болох л таамаглал.
Харин өөрөө энэ талаараа “Талийгчийн хэргээс болж элдэв янзын дарамт байсаан, зөндөө байсан. Ер нь дарамтгүй сэтгүүлзүй гэж хаашаа юм байдгийн. Нөгөө “гоё өвдөв” гэдэг шиг байх ёстой зүйл ш дээ. Байх ёстой юм л гэж хүлээж авдаг байсан болохоос эмзэглээд намайг дарамтчихлаа гэж байсангүй дээ” гэж илт булзсан байдлаар хариулдаг. “Тэгвэл энэ хэргийн араас хаанаас хаана хүртэл явсан юм бэ” гэхэд “Эхнээс адгийг нь хүртэл явсан. А-Я хүртэл явж чадсан. Тэгээд ч Зоригийн хэрэг шиг том хэргүүд, эзэнтэй хэргийн араас явахад ардаа хамгаалах тулгуур хүчгүй бол сэтгүүлч хүн дан ганцаараа хөөцөлдөөд хэрэггүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Тийм хэргийн араас явахад найдвартай аргүй бол зарим юмыг хийгээд хэрэггүй юм гэдгийг л ойлгосон” гээд энэ яриаг дуусгахыг хүсэв.
Сүүлд нь түүний хуучны хамтрагч, дотнын найз сэтгүүлч Б.Ганчимэгээс толгойдоо хүнд гэмтэл авсныг нь, түүгээр ч зогсохгүй хэрэгтэй холбоотой зарим зүйлс тэр халдлагын үеэр алдагдсан байж болохыг мэдсэн юм. “Даваажавын гэрт дуудагдаж очиход суултуур луу толгойгоор нь цохиод гэрийг нь бусниулаад хаячихсан байсан. Тэр явдлын дараа тэгээд л гарчихсан” гэж ярих зуураа тэр “Ардчилсан үзэлтэй сонгодог сэтгүүлч. Тийм сэтгүүлч хааяа л төрдөг байх” гэсэн үгсээр чимэглэсэн нь ердийн зулгуй үг биш гэдгийг мэдэж байлаа. Ялангуяа “Мань хүн маш ааштай, түргэн уурладаг. Бас тэрэн шигээ түргэн тайвширна. Ер нь л багтаж ядсан энергитэй хүн. Тэрийгээ аль нэг хатагтайд зориулаад, цүнхийг нь бариад зах дээр явахыг тэвчихгүй байх. Би л лав тэрийг нь энэ насандаа үзэхгүй байлгүй” гэсэнтэй нь бүрэн санал нийлнэ. Өөрөө бол үүнийгээ “Чимээгүй амьдрал аягүй аз жаргалтай. Ялангуяа хүн танихгүй амьдрах сайхан. Олны танил байхад бүх хүн масктай харилцдаг шүү дээ” гэх мэтээр амархаан аргалаад өнгөрнө.
Ерээд оны эхэн үед өрнөсөн чөлөөт хэвлэлийн “бүүм”-тэй давхацсан өөр нэгэн “бүүм” Р.Даваажав өөрөө байжээ. “Улаанбаатар хотын хаа нэгтээ үеийнхэн нь хундага юмны ард түүний талаар бараг л домог шиг хүүрнэлдэнэ. Түүний эрэн сурвалжилж олонд дэлгэсэн “Амьд усны хэрэг”, “Ромбу гариг”, “Зоригийн хэргийн талаарх цуврал нийтлэлүүд”, “Сараагийн папараци”-гаас эхлээд ДОХ-ын халдвар авсан анхны монгол залуу, Ельцин, Горбачёвоос өгсүүлээд эцэг Буш, тэр бүү хэл Болгарын зөнч эмгэн Вангатай хүртэл хийсэн ярилцлага олныг алмайруулж байсан цаг үе бий. С.Зоригийг хороогдсоны дараахан эхнэр Булгантай нь хийсэн дөрвөн цагийн ярилцлага байдаг ч ихэнхийг нь хэвлэлд нийтлээгүй гэж хүмүүс ярилцах нь бий. Нөгөө “түүнийг чөтгөртэй ярилцлага хийжээ гэвэл үнэмшинэ” гэсэн нь ортой болов. Өөрийнх нь хэлэхээр тэр сэтгүүлчийн мэргэжил эзэмшээгүй, амьдралын эрхээр анхны хувийн сонин хийж эхэлж, авторуудынхаа бичвэрийг голохдоо өөрөө бичиж эхэлсэн гэнэ.
“Сэтгүүлч явахдаа алдаа гаргасан, харамсаж явдаг тийм тохиолдол бий юү” гэсэн асуултад “Сэтгүүлчийн амьдралдаа “хүн байхиймсан” гэж л их боддог байсан. Хэн байхаас үл хамаараад хүн байхыг. Гэхдээ ганцхан удаа харамссан нь Шагж гуай дээр. Нобель ч авч мэдэхээр том нээлт хийсэн хүн. Тэр их зөрчилтэй. Ядарсан олон түмнийг хайрлаад ч байгаа юм шиг, нөгөө талаасаа тэр хүнийг баллачихсан ч юм шиг хааяа бодохоор зөрчилтэй байдаг. Бусдаар бол сэтгүүлзүйн замаа би цагаан мөртэй л гэж боддог” гэж хариулав. Ерээд оны эхэн үед шинжлэх ухааны томоохон эрдэмтдийн нэг Шагж крантны түүхий усыг амьд ус хэмээн борлуулж, түүний мөрөөр сурвалжлан, дөрвөн шатны шүүх дээр өөрийгөө өмгөөлөн ялж гарсан сэтгүүлч Р.Даваажавын тохиолдол өдгөө “Амьд усны хэрэг” нэрээр дурсагдах нь бий. Гэвч мань хүн өнөөдрийн сэтгүүлзүйг “Зэлэн дээр үнээ саангаа хов хуучилж байгаа авгай нартай” зүйрлэсэн болохоор тэр талаар дурсах сонирхол тэр болгон түүнд байдаггүй юм уу даа гэж бодогдов.
Ер нь нүүр дүүрэн инээмсэглэлтэй, тарган цатгалан царайтай, түрэмгий дүрэлзсэн гэмээр фигуртэй энэ хүний ааш зангийн талаар тайлбарлахад тун бэрх. Б.Ганчимэг сэтгүүлчийн хэлэхээр “Монголчууд зүгээр л стандарт хүнд дуртай. Тэгээд л тэдэнд сайн дүн тавиад явж байдаг. Даваажав тийм зүйлд зохицохгүй” гэсэн нь ч зөв юмсан уу. Эсвэл нэгэн алдартны халагласнаар “Тэр бол өнөөгийн чөлөөт хэвлэл өнгө төрхөө олоход, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төлөвшилд өөрийн хувийг оруулаад явж одсон “хачин” хүн” юм болов уу. Надад нэгэнтээ “хэзээ ч мэдэж болохгүй үнэн гэж бий” гэж хэлсэн нь энэ мөчид санаанд бууж байна. Ганцхан хариулттай хэрнээ маш олон таамаг дагуулсан энэ “оньсого” шиг эр ер нь хэн юм бэ?
Энэ л хамгийн хэцүү асуулт байлаа.