"Гэрээсээ музейд" төслийн хүрээнд уншигч танд хүрч буй ээлжит нийтлэлийг хүргэж байна. Бид энэ удаад хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын түүхийг тод, томруунаар дэлгэн харуулдаг "Улаанбаатар хотын музей"-г онцоллоо.
Гэрэл зургийг: Б.Ирээдүй
"Зориг" сангаас хэрэгжүүлдэг "Залуусын манлайлал" (YLP) хөтөлбөрөөс төрсөн төслийн багийн залуус "Улаанбаатар музей" төслийг санаачлан хэрэгжүүлж, тус музейн өнгө төрхийг шинэчлэн сэргээж, үзэсгэлэнгийн танхимыг засварлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Та Улаанбаатар хотын ой санамж гэж нэрлэгдэх музейн төлөө санаа нэгдсэн залуусын хүч, хөдөлмөр, сэтгэлээр шинэчлэгдэж бий болсон танхимын анхны үзэгч, зочин болж буйг дуулгахад таатай байна.
Эх орны маань нэрийн хуудас, нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг нийслэлийн иргэд, зочид гийчдэд таниулах зорилгоор тус музейн анхны суурь 1956 онд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэйгээр байгуулагджээ.
Улаанбаатар хотын музей нь Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн үечлэлээр нь Нүүдлийн Өргөө, Их хүрээний үе /1639-1778 он/, Их хүрээ хот /1778-1911 он/, Нийслэл хүрээний үе /1911-1924 он/, Улаанбаатар хотын үе /1924-1990 он/, /1990 оноос хойш/ хэмээн хуваан үзэж, үзүүлэнгийн гурван танхимаар үзмэрээ дэлгэн үзүүлдэг.
Музейн сан хөмрөг 3300 гаруй үзмэртэйгээс үзүүлэнгийн танхимд нийт үзмэрийн гуравны нэг нь тавигдаж үзэгчдийн хүртээл болж байна.
Ингээд эрхэм үзэгч таныг Улаанбаатар хотын виртуал аялалд урьж байна.
Хэрэв та гар утаснаасаа үзэж байгаа бол ЭНДдараарай.
Та тус музейн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
Хаяг (what3words): ///соёлжих.сугалах.уярах
Цагийн хуваарь:
Даваа - Баасан 09:00-18:00
Бямба, Ням гарагт амарна.
Зарим тохиолдолд тогтсон хугацаанд үзэсгэлэн гарч буй үед Бямба, Ням гарагт 10.00 – 17.00 цагийн хооронд ажиллана.
Тасалбарын үнэ:
Цэцэрлэгийн хүүхэд үнэгүй
Хүүхэд 500 төгрөг
Оюутан 1000 төгрөг
Том хүн 1500 төгрөг
Жич: Гадаад, дотоодын иргэдийн музей үзэх төлбөр адил байна.
Энэ ташрамд сонирхуулахад Юнивишнийн Видео сангийн "Үзүүштэй" цэсэнд удахгүй "Музей үзэх моод" цуврал нэвтрүүлэг байрших аж. Тус нэвтрүүлэг нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үеийн нөхцөл байдалд тохируулан үзэгчдэд музейг зайнаас үзэх боломжийг олгоно.
"Музей үзэх моод" нэвтрүүлгээр үзэгч, олны нийтийн хүндэтгэлийг хүлээсэн олны танил эрхмүүд музейн сор болсон цөөн тооны үзмэрүүдийг сонирхолтой хэлбэрээр тайлбарлан хүргэх юм.
"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ын ООГСТ-ийн харьяа Сансар, од эрхсийн ордны онцлох танхим, үзвэрүүдийн талаарх цогц мэдээллийг цувралаар уншигчдадаа хүргэх юм. Төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой. Та "Гэрээсээ Музейд" төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэж, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.
Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ музейд" төслийн хамт олон