UBLife Logo
The New York Times

ГЭРЭГ АРХИВ | “The Hu”-гийн тухай бид юу мэдэх ёстой вэ?

ГЭРЭГ АРХИВ | “The Hu”-гийн тухай бид юу мэдэх ёстой вэ?

Энэхүү нийтлэл нь “Гэрэг” сэтгүүлийн “The New York Times”-тай хамтарсан “Turning Points 2020” тусгай дугаарт багтсан бүтээл болно.


Оршил

 “Хүннү рок” урсгалыг үүсгэж, өдгөө олон сая үзэгчийг байлдан дагуулаад буй“The Hu” хамтлагийн талаар бид ихийг мэдэх болжээ. Тэднийг “инноваци” хэмээх үгээр итгэлтэй тодорхойлохын учир энэхүү нийтлэлээ бэлтгэх явцад хөгжмийн салбарт шинэчлэл хийснийг баттай олж мэдсэнийх. Асар богино хугацаанд дуулиан тарьсан эл хамтлагийн талаарх мэдээг бид хөөрч баярлан хүлээн авсан. Бас баярлах эсэхтээ эргэлзэж, хэдийн танил болсон хөгжмийг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй хоцрогсод ч бий. Иймээс хамтлагийн үүсгэн байгуулагч, МУГЖ, хөгжмийн зохиолч Б.Дашдондог, хөгжим судлаач, хөгжмийн ухааны доктор Д.Энхцэцэг, хөгжим судлаач С.Энхбулаг, “Noise Metal” фестивалийн захирал У.Үнэнхүү нартай ярилцаж, “Тhe Hu” хамтлагийн талаар нэгдмэл ойлголтод хүрэхийг хичээлээ. 

Тэд “The Gereg” нэртэй анхны цомгоо гаргаж, The Guardian, The GQ тэргүүт томоохон хэвлэлд ярилцлага өгч, энэ оны наймдугаар сар хүртэл олон олон аялан тоглолт хийх хуваарьтай байгаагийн дээр дэлхийн хөгжмийн хамгийн том наадам болох Coachella, Lollapalooza-гийн тайзнаа ододтой мөр зэрэгцэн гарах болсон нь энэ оны хамгийн хүлээлттэй үйл явдал болоод байна. 

Урсгал 

“The Hu”-гийн хөгжим нийтлэг метал хөгжимтэй ямар талаараа ижил, өөр, шинэлэг байгаа тухай У.Үнэнхүүгээс асуулаа. “Миний хувьд өнөөгийн метал болон рок урсгалаар тоглодог хамтлагуудыг аль нэг тодорхой урсгалынх гэж тодорхойлоход хэцүү болсон мэт санагддаг. Бүгд л ямар нэгэн байдлаар хольж өөрийн гэсэн онцлогтой fusion гаргасан байдаг болохоор тэр. Баруунд, ялангуяа Скандинавын орнуудад викингчүүдын түүх домгийг магтан дуулсан nordic folk rock, metal стилийн хамтлагууд цөөнгүй бий. Үүний жишээ нь, Wardruna, Heilung хамтлагууд. Харин иймэрхүү хөгжимд илүү нээлттэй ханддаг барууны “metalhead”-уудад “The Hu”-гийн овог аймгийн маяг (tribal) нь сонсоход их ойр санагдсан болохоор өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан байх.

Тэгэхээр "The Hu” хамтлаг бол 100 хувь метал хамтлаг биш, харин метал болон рок хөгжим сонирхогчдын хувьд шинэ салхи гэж хэлж болно.” 

Харин судлаач С.Энхбулаг энэ талаар “Анх “Хүннү рок урсгал” гэхэд нь ямар зоригтой нэршил гаргаж ирээ вэ гэж бодож байлаа. Сонсоод байхад нээрээ л барууны рокоос өөр, үндэсний хэв шинж давамгай агуулсан хөгжим санагдсан. Сонсоход тааламжтай, сайхан ч хөгжим, продюсер нь ч их хөдөлмөрлөжээ. Энэ чиглэлийн хамтлагуудаас “Алтан ураг”-аас бусад нь фолк талаа барьсан. “Алтан ураг” өрнийн рокийг монгол хөрсөнд буулгасан, харин “Тhe Hu”-гийн хөгжим тийм биш. Өрнийн рок хэмнэл, аргил гитар дээр нэмээд гоцлол гитар дээд регистрт тоглодог нийтлэг шинжтэй. “Алтан ураг”-ийнх шингэн дуугаралттай бол “Тhe Hu”-гийн дуугаралт доод регистрт дуугарч байна. Монгол туургатнууд, хятад, дундад азийн хамтлагуудтай харьцуулж үзэхэд яг ийм дуугаралт олдоогүй. Хамтлагийн агуулгаас цогцлон гарсан хувцас, хэрэглэл, хөгжмийн зэмсэг, жижиг хэрэглэл сэлт нь судалгаатай, удаан хугацааны багийн ажил гэдэг нь харагдаж байна” хэмээв.

Идеологи

Тэдний уран бүтээлийн үзэл санаанд түүх, уламжлал, соёл заншил шингээстэй. Судлаач Д.Энхцэцэг энэ талаар “Рок хөгжмийн дуулалтын илэрхийллийг хашхираан гэж бид ойлгодог. Метал гэж миний үздэг дийлэнх хамтлагуудаас хөгжмийн хувьд “The Hu” нүргээн багатай, өгүүлэмж нь хэн хүнд ойлгомжтой байна. Уран бүтээлийнх нь төрлийг харахад дуу ч юм шиг, тууль ч юм шиг, дууль ч юм шиг. Ямар нэг ангилалд хамруулах боломжгүй, синтез маягийн хөгжим. Сэдэв талаасаа нийгэм, улс төрийн ёгтлол, язгуур ахуй, түүх соёл агуулагдсан зэргээс үзэхэд бидэнд нэг төрлийн шинэ судлагдахууныг бий болгож байгаа юм. “Yuve Yuve Yu” дууг сонсоход шударга бус байдлыг ёгтолж, төр засгийнхныг шүүмжилж, тэр нь дэлхий нийтийн үзэл санаа болон харагдаж байна. Бас шүлгүүд нь монгол шүлгийн айзамтай юм билээ” гэсэн бол судлаач С.Энхбулаг тэдний шинэчлэлийн талаар “Тэдний хөгжим сүүлийн 2000-аад жилийн агуулгыг багтаахын зэрэгцээ өнөөгийн нийгмийг шүүмжилж ёгтлоод, хүмүүсийг уриалан дуудсан шинжтэй, бидний сэтгэлгээний тусгал болж байна. 1970, 80-аад онд рок урсгал ихэд хөгжсөн ч сүүлийн үед зогсонги байдалтай болчихсон юм шиг санагддаг. 

Ийм үед “Тhe Hu” шинэ сонсогдох нь дамжиггүй. XX зууны дунд үеэс европын симфонизм зогсонги байдалтай болох үед гарсан (1988 онд) Б.Шаравын “Хоёрдугаар симфони” шинэчлэл хийсэнтэй үүнийг адилтгаж үзнэ. 

Симфонийг цөөнхүүд сонсдог ч тухайн үедээ мэргэжилтнүүдийн дунд шуугиулж чадсан бүтээл байлаа. Хөгжмийн хэллэг, зарчмын талаасаа сонгодог симфониуд аялгуу, сэдэв, ая, түүнээс эхтэй форм бий болдог бол Б.Шаравын симфонид үндсэн ая гэж байгаагүй. Нэг ангитай мөртлөө таван хэсэгтэй. Агуулгын хувьд мөнөөх л эртний түүхээ өгүүлнэ. Тэр үед европын хөгжмийн зэмсгийг ашиглаад монгол хөгжмөө гаргаж тавих арга барилыг хэн ч сэтгээгүй байлаа. “The Hu” хамтлагийнхан рок гэдэг араг ясан дээр монгол язгуураар бүрж бүтээгээд гаргаж ирснийг би үүнтэй л дүйцүүлмээр байна” гэлээ.

Хөгжим шинэчлэл 

Тэдний талаар дуучин, продюсер Элтон Жон “Удаан хугацаанд сонсоогүй цоо шинэ хөгжим. Үнэхээр гайхамшигтай” хэмээсэн байхад Foreign Policy сайтад “XX зуунд монголчууд үндэсний хөгжмөө системчилж, сургалт бий болгосны хэрэг гарлаа” гэсэн нь бий. Тэгвэл тэдний хөгжмийн гүн рүү оръё.

Б.Дашдондог “Хуурын хөглөгөө бага октавыг фа, си-бемоль буюу кварт интервалтай. Энэ хөг дээр хөөмийчид хархираа, шахааг хийхлээр нарийн сонстоод байдаг тал бий. Тэр нь ч өөрийнх нь онцлог. 

Үүнийг өтгөлж, доогуур зөөлөн дуугаргах санаагаар ми-бемоль, си-бемоль хөгөөр буюу квинт интервалаар хуурыг хөглөсөн. Тэгдэг ч уламжлал бий. Энэ хөгөө гитар дээр хөрвүүлснээр илүү монголжуу болж ирсэн юм. 

Гитар мөртлөө хуурдаад байгаа ч юм шиг сонстоно. Үндсэндээ гитарын европ хөгөөс зайлсхийсэн гэсэн үг. Ийм шинэ хөг дээр суурилсан гармонийн талаа бид одоо ч судалсаар байна. Тембрийг бид хамгийн түрүүнд чухал гэж үзсэн болохоор ийм өөрчлөлтийг хийсэн юм шүү. Цаад санаа нь үүлний, эсвэл хөшигний цаана дуугараад байгаа юм шиг зэвүүн мэдрэмжийг өгөхийг зорьсон учраас рок шиг хурц биш, бөглүү байгаа юм. Суурь дуугаралт ихтэй учраас европ роктой харьцуулахад өтгөн, нүсэрдүү сонсогдож байгаа байх. Метал, хард, алтернатив шиг чихарсан биш ний нуугүй ярихад тэнгэрийн маягтай рок байлгая гэж санасан. Үүний цаана өвөг дээдэс маань ямар ухаантай, мундаг хүмүүс байсан бэ гэх уур амьсгал үнэртээсэй гэж хүссэн. Гадныхан ч үүнийг цоо шинэ рок байна гэж тодорхойлоод байна.” 

Энэ талаар судлаач С.Энхбулаг “Тэргүүн эгнээнд хөөмэйч, цуур (мөн төмөр хуур), морин хуурч, товшуур гээд дөрвөн хөгжимчин, арын эгнээнд бөмбөр, хэнгэрэг, аргил гитар, ритм гитар хөгжим явж байна. Зэмсгүүдийг орчин үежүүлж, ялангуяа морин хуур, товшуурыг цахилгаанжуулсан нь дэвшил. Өрнөөс ялгаатай нь даралтат хөгжмийг хэргээр оруулаагүй нь дуугаралтыг өөрчилж байна гэж харсан. Хэрэв даралтат хөгжим ороод ирвэл европын өнөө диатоник хөг, гармони дуугарах нь гарцаагүй байх байсан. Хуур, товшуур бол үсрээд хоёр эгшиг интервал тоглохоос биш гурван эгшигт бүтэцтэй аккорд тоглохгүй. Ингэхээр үндсэндээ дандаа кварт, квинтийн интервалаар пентатоник дуугараад байгаа юм. Диатоник хөггүй учраас мажор минорын ойлголт байхгүй болчихно. Хааяа нэг их терц сонсогдоно. Энгийн хэлбэртэй, нэг л зүйлээ давтаад, богино багтаамжид “дуулаад” байгаа учраас хүнд ч хурдан хүрнэ. Дуугаралтын талаасаа хөөмийн хархираа суурь ихтэй, өтгөн. 

Яагаад ч юм өөрсдийн чихэнд дассанаараа, эсвэл европ чихээр сонсвол “AC DС” шиг дээгүүр улиад ороод ирэх нь үү гэмээр болно. Тэгсэн “The Hu” огт тэгээгүй, цаашдаа ч тэгэх шинжгүй. Ингээд бодохоор зөв л юм байна. Нээрэн л барууныхантай адилхан дээшээ дуулаад байвал хөгжмийн хэллэг талаасаа дуурайсан болчихно. Том хүрээгээр үзвэл дорно дахины соёл уламжлалын суурь нь өөрөө байгаль руугаа, эх дэлхий рүүгээ хандсан. 

Дорнын хөгжмүүд бемолийн буюу уруудсан дэвсгэр хөг дээр нийцтэй байдаг бол баруун руу диезийн хөгүүд зонхилно” хэмээн ярилаа.

Өтгөн дуугаралт бол Б.Дашдондог продюсерын зориуд шийдэл. Хөөмийн төрлүүдийн талаар тэрбээр “Арын дөрвөн хөгжимчнөө дөрвүүлэнг нь хөөмийлүүлнэ гэж анхнаасаа тооцсон. Одоо ч тэд сурсаар яваа. Хөөмийн төрлүүд болох шахаа, хархираа, исгэрээ гээд бүгд явж байгаа. Хэрвээ чи сонсвол хөгшин хүний хоолойгоор дуулаад байгаа юм шиг байна уу? Тэр нь өөрөө учиртай юм” хэмээсэн юм.

Үүний зэрэгцээ хөгжмийн давталт, дахилт монгол ахуйтай хэрхэн холбогддог талаар доктор Д.Энхцэцэг “Дууны өгүүлэмж хэл сэтгэхүй, аялга, эрчүүдийн намба зэргээр илэрч гарчээ. Магадгүй өөр үндэстнүүд дуулсан бол зохихгүй ч байх. Бүтэц талаасаа маш давтамж ихтэй. 

Давталт гэдэг зүйл манай язгуур урлагт байдаг хамгийн чухал элемент гэдгийг судлаачид тогтоосон. Үүний наад захын жишээ нь морин хуурын татлага. Онц ая байхгүй хэр нь давтаад л байдаг. Тэр нь бүхэлдээ өгүүлэмжтэй, бүхэллэг болж чаддаг. Нөгөөтээгүүр давталт гэдэг ер нь аливаа урлагийн чухал хүчин зүйл шүү дээ. Давталтаар амьдралын тойргийг илэрхийлдэг. Түүн дундаа монгол хүний амьдралын тойрог гэрт өрнөдөг. 

Ингэхээр монгол угсаа, уламжлал үнэхээрийн ундаргатай. Үүнийгээ таньж мэдэж яваа бидний сэтгэлгээний нэгэн толь нь “The Hu” юм” гэлээ.

Барууны поп хөгжмийг илүү даяар болгож, чихэнд хоногшуулахын тулд дууны оршил, бадаг, дахилт, өргөлт зэргийг тооцоолж бүтээдэг гэлцдэг. Тэгвэл “Тhe Hu”-гийн хөгжмийг тэр талаас нь бодоо болов уу гэсэн асуулт надад эрхгүй төрлөө. Тэдний “Гэрэг” цомгийн есөн дуу сонсогчийг залхаахуйц урт бишээс гадна цомогт ямар ч уянгын, баллад маягийн дуу орсонгүй. 

Хөгжмийг зохиолч Б.Дашдондог “Энэ бол цэвэр төсөөллөөс гарсан хөгжим. Тодорхой форм бол бий. Гэхдээ яг тийм ийм формоор хийлээ гэхгүй. Мэдээж хэрэг болж л өгвөл пентатоник эгшиглэгээгээ оруулахыг бодсон. Энэ нь нэг ёсондоо миний амбиц мөртлөө монгол хүний амбиц байх учиртай гэж харж байна. Хоёрдугаарт, монголчууд дандаа уянгын дуу дуулдаг ард түмэн биш. Миний төсөөллөөр морин дэл дээр хийсч, нум сум харваж хийморио сэргээгээд, орой нь орж ирээд уянгын дуу дуулмааргүй л баймаар. Ийм баримт байхгүй л дээ. Гэхдээ тийм төсөөллөөр л бодож хийсэн юм” гэв.

Зэмсэг хийгээд интепретац

Монгол этно хамтлагуудад бүгд морин хууртай. Үүний дараа ятга хөгжим дийлэнхэд нь байх жишиг байна. Яагаад товшуур, хуур, төмөр хуур гурвыг Б.Дашдондог хангалттай гэж үзсэн талаараа “Ятга хөгжим дуугаралтыг зөөллөж, уянгалуулдаг зэмсэг. Би нарийн хөгжмийг судлаагүй ч өвөг дээдсээс уламжилж ирсэн хамгийн дээр үеийн зэмсэг нь морин хуур, товшуур гээд харчихсан байсан юм. Уул нь ширэн цартай хуурыг икэл чигээр нь явуулбал цаанаа бөглүү дуугаралттай сонин сайхан хөгжим шүү дээ. Гэвч олон орны уур амьсгалд арьс ширний боловсруулалт тэсэхгүй гэдгийг ойлгосон” хэмээсэн бол хуурын талаар судлаач Энхцэцэг “Хуур бол хөрвөдөг хөгжим. Биелгээ, ерөөл магтаал, уртын дуу, тууль гээд бүгд хууртай хамсарч, хуураа тойроод хөгжимддөг. Ер нь бүх л төрлийн хөгжимд хуур зохицоод байдаг тал бий. “The Hu”-гийн бусдыг татаад байгаа нь тайзны хөдөлгөөн, интерпретац бөгөөд хүчээр биш, хөгжим агуулгаас гарч ирсэн зүйл нь анзаарагдаж байна” хэмээв.

Хэрвээ энэ дуурьсал Өвөр Монгол хуураар гарсан бол шингэдэх байсан болов уу? (Өвөр Монгол хуурыг нэг тонн дээр хөглөдөг) гэхэд тэрбээр “Шингэдэхээр барах уу. Монгол морин хуурын зохицол үүндээ л байгаа юм. Манай дуурьсал эх сурвалж, үндсийг нь авч яваад байгаа юм. Магад ширэн царыг цахилгаан болгох технологийн туршилт хийвэл өнгө нь бүр тослог болохыг үгүйсгэхгүй” гэсэн.

Тэгвэл бидний сонсдогоос “Nine Treasures” хамтлагтай харьцуулахад ямар ялгаа байгаа талаар Үнэнхүүгээс асуулаа. “Энэ хоёр хамтлаг сэдвийн хувьд төстэй зүйл ихтэй. Харин хөгжимдөө морин хуурын аялгуу оруулдгийг эс тооцвол их ялгаатай. “Nine Treasures” илүү метал нөлөөтэй бол “The Hu” рок нөлөөтэй. Миний анзаарснаар Өвөр Монголоос этно рок хамтлаг олон төрсөн шүү. Учир нь, тэд Хятадын харьяа автономит улс учраас өөрсдийн ялгамж чанараа хадгалах, өөрсдийгөө монгол гэж харуулах, түүх соёлоо авч үлдэх гэсэн сэтгэлгээ хүчтэй байдаг болов уу. Тиймээс ч Өвөр Монголоос “Nine Treasures”, “Hanggai”, “Tenggri Cavalry”, “Liberation” гээд олон хамтлаг бий” гэлээ.

Дуугаралтын чанар зах зээлийн үнэт зүйл 

Аливаа дуу хөгжим бичлэг, миксин, мастерин гэсэн гурван үе шатыг дамжиж бидний чихэнд хүрдэг. Ялангуяа монгол хамтлагууд мастерыг ихэвчлэн гаднын мэргэжилтнүүдээр хийлгэсээр ирсэн нийтлэг тал байна. Энэ ч замаар “The Hu” хамтлаг явжээ.

Б.Дашдондог “Миксийг хамтлагийн товшуурч Тэмка бид хоёр хийсэн. Үндсэн тембр, дуугаралтыг эндээс гаргаж авдаг чухал ач холбогдолтой шат болохоор хамтарсан юм. Хийсэн миксээ би өөрөө голсон ч лэйбл компани маань мастераа хийлгүүлэхийг зөвшөөрсөн. Ингээд энэ чиглэлийн шилдэг мэргэжилтэн Хоувий Вайнбергээр мастераа хийлгээд цомгоо хэвлүүлсэн дээ” гэв.

Хамтлаг шуугиан тарьснаас хойш л монголчуудын сонирхож байгаа нэг асуултыг би тэсэлгүй асуув. Гаднын лэйблийн сонирхлыг хэрхэн татсан бэ? Тэрбээр “Ерөөсөө ямар уран бүтээл хийснээс л шалтгаалдаг зүйл. Хага ташсан юм хийхгүй л бол хоёрын хооронд юм гадаадад гарахгүй. Гаднын лэйбл өөрсдөө сонирхоод гэрээгээ байгуулсан” гэсэн товч, тодорхой хариу өгөв.

Цаашид

“The Hu” хамтлагийн ирээдүй хэрхэх нь хэн хүний сонирхлыг эрхгүй татна. Ямартай ч сонсогчдод хүрсэн байдлаас нь харахад “The Hu” рок хөгжмийг бусдад ойртууллаа гэж үзэж болох юм шиг. Энэ тухай Үнэнхүүгээс асуухад “Нэг талаас бол тэгж хэлж болно. Ялангуяа нийтийн дуу, поп болон хип-хоп хөгжим сонсдог сонсогчдод рок болон метал хөгжмийн ертөнцийг бага ч болов нээж, ойртуулж өгсөн байх. 

Харин гадаадын сонсогчдод “The Hu” хамтлаг Монголыг ойртуулж өглөө. Монголчууд саяхныг хүртэл метал, ер нь амьд хөгжим сонирхогчдыг хар тамхичин, нийгмийн хар бараан, сөрөг үзэгдэл гэж үздэг байсан шүү дээ. Тэгтэл энэ хөгжим дэлхийд Монголыг таниулж байдаг. Биднийг шүүмжлээд, үзэн ядаад байсан нөхдүүд өнөөдөр гэнэт рок хөгжим ойлгодог, олон жил сонсож ирсэн мэт ярьж яваа нь инээд хүргэж байна шүү” гэв.

Хөгжмийн талаас судлаач Энхцэцэг “Хөгжмийн талаасаа “The Hu” өрнөлгүй санагдах нь бий. Хархираа хөөмий нь арвин ч шахаа хөөмий хааяа илүү орчхоосой гэсэн мэдрэмж эрхгүй төрөөд байдаг юм. Доод өнгүүд хэдий тогтвортой ч хөөмийч байнга цэвэр хоолойгоор хархирахад хэцүү, амархан ядарч цуцдаг талтай. Үүний зэрэгцээ хамтлагийнхан олонд танигдаж байгаагийн хэрээр өөрсдийн хөгжмийн түүхээ илүү гүнзгий судлаасай. Судлаачид бид ч энэ үед зөв мэдлэг мэдээллийг түгээх үүрэгтэй. Хэрэв цаашид энэ хамтлагийг удаан энэ хэвээр нь хадгалъя гэвэл дэргэдээ судалгааны багтай болгох хэрэгцээ байна. Улсын нэр, төрийн даалгавар маягийн болж байгаа учраас үүнийг хамтдаа хийвэл оновчтой болох биз” гэсэн бол Энхбулаг “Манайд нийтийн дууны тоглолт болоход очдог шиг олон хүн рок тоглолт дээр очдоггүй. Баруунд рок хөгжимд хэдэн үеэрээ чанагдчихсан учраас олон хүн үзэж, сонсоно. “The Hu”-гийн гаргасан урсгал яах аргагүй шинэчлэл. Харин энэ нь урсгал болж төлөвшихөд цаг хугацаа хэрэгтэй. Шилээ дагаад гарч ирэх хамтлагууд байж болох л юм. Одоохондоо гарч ирж чадахгүй болов уу. Ер нь хамтлагууд гарч ирээд, тэднийг давах гэж оролдох нь “The Hu”-гийн жинхэнэ мөн чанарыг бэхжүүлнэ” гэж ярьсан юм.

Өдгөө “Eleven Seven Lable Group” компанид харьяалагдаж буйн хувьд цаашид хэрхэх талаар Дашдондог “Бидний одоо хийчхээд байгаа зүйл бол хөгжлийн шат. Дараа дараагийн цомгийг энэ байгаа байдал, уур амьсгалыг алдуулахгүй хийх нь хамгаас чухал байна. Санаанаасаа хийсвэрлээд зохиочихвол европ хөг аялга ороод ирэх магадлал өндөр. Тийм болохоор цомгуудаа өөрөө концепцоор бодоод гаргачихсан байгаа. Ялангуяа хоёр дахь цомог бол “The Hu” хамтлаг цаашид явах эсэх, реитинг унах өгсөхийг шийдэх хөгжим байна. Энэ цомог ямартай ч эрч хүчтэй, тоглох арга барилын хувьд хөгжингүй байна.

“The Hu”-гийн араас хамтлаг гарч болно. Үгүйсгэхгүй. Гол нь тэднээс дордуулахгүй, тэднээс илүү байх нь чухал. Дордуулбал ямар ч хэрэггүй. “The Hu”-гээ баллаад хаяна. “Алтан ураг” хамтлагийг тэгж л алсан. Тэд шинэлэг байсан, сайн уран бүтээл хийсэн. Харамсалтай нь, дуурайсан хамтлагууд шилээ дарж гарсан нь “Алтан ураг”-т хортой зүйл болсон. Нэг хөвгүүдийн хамтлаг гарахаар хойноос нь борооны дараах мөөг шиг баахан ижил хуулбарууд гардагтай яг адил. Өрсөлдөөн гэж зарим нь хэлдэг. Тийм биш. Өрсөлдөөн гэдэг нь маш чанартай зүйлийг олон жил бодож, оюунаа шингээж, боловсруулж, давуу зүйл бүтээхийг хэлдэг. Дордуулаад хийвэл би хувьдаа түүнийг мөнгө бодож хийсэн ажил байна даа гэж дүгнэдэг” гэлээ.

Эцэст нь, “The Hu”-ээр дамжуулан бидний түүх, соёл уламжлал, хөгжим, тэр дундаа морин хуур сонирхогчид улам олшрох нь зайлшгүй. Үүнд харин бид хаа хаанаа бэлэн байх учиртайг сурвалжлагынхаа төгсгөлд ухаарав.

2020 оны хоёрдугаар сарын 14

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.