UBLife Logo
Эгэл хүмүүс, эгэл бус түүхүүд

Эгэл хүмүүс, эгэл бус түүхүүд: ГУНИГ ТОРООГҮЙ ЦЭНХЭР НҮД

Эгэл хүмүүс, эгэл бус түүхүүд: ГУНИГ ТОРООГҮЙ ЦЭНХЭР НҮД

Волкова Яковлевна Маргарита 

ОХУ-ын иргэн

"Төрсөн хүүхэд шигээ хүлээн авсан хадмуудынхаа ачаар ганц ч удаа харийн нутагт байна гэсэн хүйтэн мэдрэмж авч байгаагүй"

Умрын салхины үзүүр жихүүн ч нам гүмхэн зуны шөнө охин гэзгээ салаалж сүлжсэн орос бүсгүй дорно зүгээс ирсэн, өөрийгөө Монгол хэмээн танилцуулсан залуугийн гараас атган хилийн дээс алхаж байсан тэр үед очиж, өөрийгөө оронд нь тавин төсөөллөө. Би уг нь аль хэдийнэ түүний насан дээр ирсэн ч надаас тийм зориг гарах эсэхэд эргэлзэж байна. Харин би энд тамир муутай гарыг нь чанга атган алхах монгол хархүү, энгэртээ нааж тэвэрсэн нялх үрээс нь өөр таних дотно хүнгүй, харийн нутгийг зорихоор сэтгэл шулуудсан бүсгүйн бодит амьдралаас танд өгүүлнэ, Яг одоо миний өмнөөс хараад сууж буй тэр хүний.  

Волкова Яковлевна Маргарита 1937 онд хойд хөршийн баруун хязгаарт орших Кирсанов хэмээх нэгэн багашаархан хотод айлын отгон охин болон мэндэлжээ. Дэлхийн бөмбөрцгийг хоёр том үзэл суртлын лагерьт хуваан, хэдэн сая хүний амийг авч одсон аймшигт дайн эхлэх үед тэр ердөө хоёр настай бяцхан охин байв.

Эцэгт нь эх орныхоо нэрийн өмнөөс тулалдах тушаал, үүрэг хоёр зэрэг үүрүүлж фронт руу илгээхэд дөрөвхөн настай эрхлэх, нялхрахаас бусдыг мэдэхгүй бяцхан охин байлаа. Хуучны орос киноноос л үздэг дайны түгшүүр ямар байсны амьд гэрч нь Маргарита Волкова. Хүүхэд насны дурсамжууд ой тойнд нь бүдэгхэн үзэгдэх ч өвлийн нэг жихүүн өдөр цэцэрлэгтээ тоглож байхад нь чангаас чанга хангинах аюулын дохио дуугарч, бүх цэцэрлэгийн хүүхдүүдийг хоргодох байр луу оруулж байсныг тодоос тод санадаг тухайгаа хуучиллаа. Азаар өрнөөс туссан тэр сүүдэр татрахын үед эцэг нь амьд мэнд гэртээ иржээ. 

“Аав минь дайнаас өмнө Намын хорооны гишүүн байлаа. Харин дайнаас ирсний дараа ажил олдохгүй, ард түмний амьдрал их хүнд байсан шүү дээ. Харин ээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд багшилдаг байв. Эгч ээжийн мэргэжлийг өвлөсөн. Харин ах Их сургуульд байхдаа шалгалтдаа унаад Усан цэргийн ангид элсэн орсон юм. Тэнд байхдаа хорт туяатай ойр ажилладаг байснаас болоод их бие муутай болсон.”

Фронт дээр буун дуу татарсан ч өлсгөлөн, өвчин, гачигдлын зовлон үргэлжилж, дэлгүүрийн тавиур дээр хатсан талхнаас өөр зүйлгүй болсон тэр цагт бие султай, дуу цөөтэй Маргарита дунд сургуулийн бага ангид суралцаж байжээ. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хичээлдээ их хоцрогдолтой болсныг дуулгахаар нэг удаа ангийн багш нь ээжтэй уулзжээ. Үнэхээр л гүйцэж чадахгүй байгаа бол улираан суралцуулсан нь дээр гэж шийдсэн ээжийнх нь буруу болохыг тэр хожим баталж, олон шөнө нойроо хугаслан хичээсний эцэст онц сайн дүнтэйгээр улирлын хичээлээ хаажээ. 

Дунд сургуулиа төгсөөд удаагүй байтал айдас түгшүүрээс илүүтэй хагацал зовлонгийн сүүдэр түүнийг дайрчээ. Аавыг нь дайнд явсны дараа үрсийнхээ төлөө бүхнээ зориулсан ижий нь бурхны оронд одлоо. Дөнгөж амьдралд хөл тавих насан дээрээ эхийгээ алдсан Маргарита охин шинээр амьдралаа зохиосон эцгээ орхиод их амьдрал буцалсан Москва хотод хөл тавихаар зүтгэв. Ингээд Москвагийн Мах хөргөлтийн техникумд элсэн оржээ. Эндээс түүний Монголтой холбогдох их замын эхлэл тавигдсан гэхэд болно. 

“Техникумд орсны дараа жил дээ. 1955 оны намар байх. Манай сургуульд Монголоос хоёр сахилгагүй бор залуу ирж билээ. Нэг удаа багш тэр хоёроос өглөө юм идсэн эсэхийг асуусан юм. “Да”, “Нет” хоёроос өөр үг мэдэхгүй өнөө хоёр маань “Нет” гээд аваад хаячихсан. Тэгсэн багш тэр хоёрыг дагуулж яваад баахан идэж, уух юм авч өгсөн. Дараа өдөр нь тэр хоёр хичээлдээ хоцорч ирээд, багш “Хоцорсон гэдгээ та хоёр зөв юм хийсэн гэж бодож байна уу” гэж загнахад, өчигдөр “Нет” гээд хэлчихсэн юм чинь одоо “Да” гээд хэлчихье гэсэн байгаа юм даа. Тэдний нэг нь ирээдүйн хань Н.Юндэн нь байлаа.”

Оюутны дотуур байранд анх танилцсан залуу хос бусдын адилаар бие биенээ шохоорхон, үдшийн болзоонд явж, кино үзэж, дурсамжтай мөчүүдийг өнгөрүүлсэн аж. Анх орос хэлээр ганц ч үг мэдэхгүй ирсэн хүүг хотоор дагуулан, сонирхолтой газруудыг үзүүлж, толь бичгээс шаардлагатай түлхүүр үгсийг нүдлүүлж, ойлголцдог байсан хөгжилтэй дурсамжаа инээд алдан дурсах түүнийг хараад төрсөн нутгаас нь үүрд салгаж чадах тийм нэг хайрын хүчийг мэдрэх шиг болов.

Тэд үлдсэн амьдралаа хамт туулахаар шийдсэн тэр цагтаа л Монголд ирж амьдрах төлөвлөгөөгөө аль хэдийнэ боловсруулчихсан байжээ. Энэ шийдвэрийг гаргахдаа Маргарита Волкова огтхон ч эргэлзээгүй гэдэг. Тухайн үед яг түүнтэй адил монгол залуутай гэр бүл болж, энд амьдрахаар ирсэн орос бүсгүйчүүд замаасаа буцсан тохиолдлууд цөөнгүй. Харин тэр ямар ч үед хөдлөхгүй бат бөх зогссон хэвээр.

Залуу хосууд нэг жил үерхэн дотноссоны дараа Москвад хуримаа хийж, амьдралаа холболоо. Тэд 1957 онд үрийн зулай үнэрлэн Серёжа хэмээх том хүүгээ өлгийдөн авчээ. Ингээд нэг настай хүүгээ тэвэрсэн 21 настай бүсгүй ханийнхаа төрсөн нутаг, ижий аав дээр нь очиж, амьдралаа босгохоор хилийн дээс алхан гарав.

“Төрсөн хүүхэд шигээ хүлээн авсан хадмуудынхаа ачаар ганц ч удаа харийн нутагт байна гэсэн хүйтэн мэдрэмж төрж байсангүй. Бид ирээд анх хадмынхаа хаяанд, гэр хороололд амьдралаа эхлүүлж байлаа. Би Сүүний үйлдвэрт ажилд орж олон жил ажилласан даа. Серёжагийн дараагаар Төмөр, Бор нэртэй хоёр хүү, Таня гэдэг бас нэг охинтой болсон”. 

Амьдрал түүнд аз жаргал өгсөн шигээ авч бас чадсан юм. Эх хүн амьдын хагацал үзнэ гэдэг юунаас ч илүү харуусал. Том хүү нь Оросын иргэншилтэй учир Москвад ажиллаж, амьдарч байгаад орос бүсгүйтэй гэрлэж хүү, охинтой болжээ. Гэвч 2001 онд хүүгийнхээ оршуулган дээр уулзсанаас хойш ач нараа нэг ч удаа харсангүй. “Одоо мэдээж хүнтэй суугаад, хүүхэд гаргачихсан аз жаргалтай амьдарч байгаа биз” хэмээн уртаар санаа алдлаа. Олон жил харийн нутагт өмөг түшиг болсон хань нь өнгөрсөн жил өөд болжээ. Сая л харин минийх гэж өмчлөх хүнгүй хүний нутаг мэт санагдаад ирэв. 

“Хань минь өөд болсноос хойш амьдрал их хэцүү болсон. Гэхдээ зүгээр ээ, эмээ нь ахиад таван жил хүүгийнхээ хажууд амьдарчих байлгүй” хэмээн инээмсэглэх энэ бууралд таван жил байтугай тавин жил амьдрахаар сэтгэлийн хат, тэвчээр бий. Учир нь тэр цагийн салхинд гуядуулсан ч гуниг тороогүй цэнхэр нүдэн билээ. 

Сэтгүүлч Г.Ариунзул

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.