Намайг 18 нас хүрэхэд Монголд ардчилсан хөдөлгөөн ялсны дараа шинэ тутам Үндсэн хуулиа өлгийдсөн анхны сонгууль болсон юм. Тэр бол 1992 он. Ангийн найзын аав нормчноор нь ажилладаг Гутлын үйлдвэрээсээ гарч галт тэргээр “гахай” зөөдөг наймаачин болж билээ. Үр ашиггүй хэмээгдэн улсын үйлдвэр, албан газрууд ээлж дараалан хаалгаа барьж, инженерүүд, сэхээтнүүд, албан хаагчид, мэргэшсэн ажилчид өглөө гараад орой ирэхдээ маргааш очих газаргүй, ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байлаа. Ийнхүү ажилтай байсан хүмүүс гар хоосон хоцорсон юм. Гэсэн ч тэгэхэд гол зогоох зүйл байлаа. Шинэ цаг ирж яваа, тэнд дэвшилт үзэл, бидний мэдэхгүй, бас үзээгүй сайн сайхан хүлээж байгаа, одоо ингэж үймэлдэн хоосровч эндээс л бүх юм цэвэрхэн эхэлнэ гэх итгэл байж. Энэ итгэл олонхийнх байсан. Итгэлээрээ ижилссэн олон түмэнд эв нэгдэл мөн байсан. Улс төрийн, эдийн засгийн олон ч өөрчлөлт шинэчлэлтэд хүлээцтэй хандсан он жилүүд ходоод хоосон ч сэтгэл дүүрэн монголчуудын нийгэм, хямарсан ч хямраагүй юм шиг цөлх ахуйн хүчээр улиран оджээ.
Томоохон үйлдвэрүүд, аж ахуйн газруудын өмчийг хувьчлахад ард түмэн хэн эхэлж зүтгэсэндээ, зориглосондоо өгөхөөр нэгдэж, оногдсон тасалбараа нийлүүлж байлаа. Тэр үед тийм л байсан. Тэр үеийн тэр самбаа зоригт хэн нэгэн гэдэг нь одоо эргээд харахад өмч хувьчлалд хуудуутай, шударга бус гараанаас орсон улс төр, эрх мэдэлд ойр тодорхой бүлгүүд байж. Иргэдийн мэдээлэлгүйг, дийлэнхийн итгэлийг л ашигласан байж. Үүнийг нийгэм цагтаа мэддэггүй юм байна, арав, хорин жилийн хожимд л сая нэг хардаг аж.
Одоо бид 2023 онд амьдарч байна. Монголд ардчилсан хөдөлгөөн ялсны дараа шинэ тутам Үндсэн хуулиа өлгийдсөн анхны сонгуулиас хойш УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль нэг жилийн дараа болно. УИХ-аар хэлэлцэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд ирэх сонгуулийг явуулах тогтолцоо, гишүүдийн тоо зэрэг ид яригдаж байгаа ч бидний анхаарал тэс өөр зүйлд чиглэж байна.
1993 оноос эхтэй Боловсролын зээлийн сангийн тухай мэдээллүүд цахим орчинд эрчийг авч, өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэгчдээс улстөрчдийн булаасан зээлийн араас бухимдаагүйгээрээ бухимдаж байна. Үе үеийн хүүхэд залуустаа хүртэл шударга бус хандсанд уурссан иргэдийн бухимдал тэнгэрт туллаа. Шударга бус зүйлс цэцэглэн хөгжиж улс төр-бизнесийн тариалсан хогийн ургамал нэлэнхүй болжээ. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны луйвар, ЖДҮХС, БЗС-гаас гадна 47 сангийн мэдээлэл ээлж дараалан ил болох тусам улс төр, мэдээлэлд ойр байсан хэсэг бүлэг хүмүүсийн нэрс торойн дурайсаар. Авлигыг илчилж буй энэ хөдөлгөөнийг зөв эргэлт боллоо, чухам эндээс л ирээдүй сайхан болно гэх давын өмнөх хүлээлт, итгэл үнэмшил алга болжээ.
Ингээд л “цэвэршчих” нь энэ үү? Энэ их бухимдал, үзэн ядалттайгаа бид хаачих вэ? Олон чухал сэдэв улс төр-нийгмийн агуулга болж гүнзгийрэх гэж байна. Сонгуулийн тогтолцоог холимог болгож, гишүүдийн тоог олшруулахад голчилсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд итгээд үзэхийг ятгаж байгааг нь анзаарахгүй байх аргагүй. Зүгээр л улс төрд үе солихын тулд ингээгүй гэх, шинэ сонгуулиар хуучин руугаа эргэж буцахгүй гэх баталгааг иргэдэд өгөхийн тулд улстөрчдийн өвөрт анх удаа авлигын эсрэг жинхэнээсээ тэсэрдэг бөмбөг хийгээд Үндсэн хууль руу чиглэж явааг бид тайлбаргүй харж байна. Нийгмийг бухимдуулсан сангуудын санхүүжилтийн мэдээлэл дундуур УИХ-аар ҮХНӨ-өө шургуулах гэлээ гэж хардах байр суурь ч зөв юм. Тэгэх тусам нягтлах, орхигдуулалгүй анхаарах чиг яг одоо УИХ, сэдэв нь Үндсэн хууль байх учиртай.
32 жилийн өмнөх хүмүүс одоо өөрчлөгдсөн. УИХ-ын сонгууль бүрийн дараа Засгийн газар болгон дэндүү сайхныг амлахад итгэсээр, горьдсоор анхны сонгуулиар 18-тай байсан хүмүүс 50 нас шүргэв. Улстөрчид 1990-ээд онд Монголоо Азийн бар болгоно гэсэн, 2000-ад онд Өмнөд Солонгос шиг үсрэнгүй хөгжинө гэж тодруулсан, 2010-аад онд Сингапурын амжилтыг давтахаа тухайлан амалсан. Бид залуу насаа, хүсэл мөрөөдлөө, эрч хүчээ, хөлс хөдөлмөрөө, хамгийн аймшигтай нь итгэл үнэмшлээ тонон дээрэмдүүлсэн 50 настнууд л боллоо. Бидний үр хүүхдүүд хэдийн нас биед хүрчээ. Одоо бид улстөрчдийн хэнд, юунд, яагаад итгэхээ мэдэхгүй байна. Одоо бид аль нэг улс оронд биш, Монголдоо итгэлтэй амьдармаар байна. Шинэчлэл бол зүй ёсных, маргашгүй. Өнөөдөр Үндсэн хуулийг ярьж байж, маргааш нийгмийн шинэчлэл болох ёстой. Энэ дараалал ч зүй ёсны зүйл юм. Өөрөөр ярих аргагүй. Харин итгэл..?