Бидний хот өдөр ирэх тусам сайн сайхан хүмүүсээр өнгө нэмж, улам баялаг, бялхам болсоор байна. Энэ хотоос бид хүний сайхныг, хүсэл бодлын соргогийг Ub Passport-той хамтран онцлон танилцуулж эхлэхээр боллоо. Та ингэхэд UB Passport-ийн тухай дуулаагүй юм биш биз? Зөвхөн паспорт эзэмшигч л сонгогдсон 60 хүртэлх газруудаар үйлчлүүлэхдээ онцгой 1+1 эрхүүдийг эдэлдэг. Бас мэдээж тэр нь хамгийн содон, гоё газрууд байгаа гэдгийг дуулгах нь зүйтэй. Энд орсон хүмүүс бүгд л [Д]Улаанбаатартай холбоотой юм шүү. Fencing клуб, Little Heaven, ROC, Soup Bar бас Чойжин ламын сүм музей гээд л. Энэ бол зөвхөн эхлэл юм шүү. Ub Passport-ийн хамт олны зүгээс явуулж байгаа [Д]Улаанбаатар аянд нэгдэж, хотын дулаан газруудаар аялаарай.
Гэрэл зургуудыг: Г.Булгантамир

М.Нарангэрэл (32 настай)
Керамик артист @Little Heaven

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?
Манай нэг найз архитектор, нөгөө найз маань эрүүл хооллолт, эрүүл хүнс шимтэн сонирхдог хүн л дээ. Бид гурвуулаа хамтраад кофе шоптой бас керамик урлантай нэг тийм өвөрмөц газар байгуулахаар шийдсэн нь "Little Heaven". Би бүр жаахан байхдаа өнгө өнгийн керамик тоглоомуудаар байшин хийсэн тухай Оросын нэвтрүүлэг үзэж байсан юм. Тунгалаг цэнхэр, бас алагласан олон өнгөтэй керамик бүтээлүүдийг хараад маш их таалагдсан. Тухайн үед Монголд керамик урлагийн сургууль, сургалт байдаг эсэх талаар мэдэхгүй, энэ талаар судалж ч байсангүй. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байх үедээ хүртэл би өөрт тохирох мэдрэмж, өөрийгөө хайгаад л яваад байсан. Нэг удаа "Керамик арт студи"-ийн хаалгыг татаад би бүр шоконд оров. Мөрөөддөг, хайж байсан зүйлээ олсон юм шиг санагдсан. Түүнээс хойш тэр студийн хүмүүсийг бараг залхтал очиж керамикаар юм хийдэг болсон юм. Захирал нь надад "Чи үнэхээр ингэж их сонирхоод, цааш ажилламаар байвал сургуульд нь сурах хэрэгтэй" гэж зөвлөв. Би шууд л Дүрслэх урлагийн сургуульд элсээд орчихлоо. Керамикийн ангид материаллаг бааз маш муу, хэдхэн хүүхэд сурдаг байж таарсан л даа. Ийм гоё урлагийг хүмүүс ерөөсөө мэдэхгүй, тэгээд материал нь дутмаг байсанд гуниглана. Харин "Little Heaven"-ээ би дэлхийн керамикийн төв гэгддэг Хятад улсад сурж ирээд байгуулсан юм. Монголд керамик урлагийн тухай ойлголт, мэдээлэл их хомс болохоор урлаг талаас нь хүлээж авах хүмүүс тун цөөн. Манайд ирээд халуун дулаан уур амьсгалыг мэдрээсэй, залуус керамик урлагийг ойлгоосой гэж их хүсдэг. Энэ урлагаар дамжуулж залуу үеийнхнээ зөвөөр хүмүүжихэд нь нөлөөлөхийг хүсдэг. Яагаад гэвэл залуу үеийнхэн хамтдаа цуглаад ярилцаж, уулзах нь хүмүүжилд маш их нөлөөлдөг. Бас бид цаашид олон салбар нээх зорилгой байгаа. Керамик студи, цэцгийн дэлгүүр, кофе шоп гэж цогц болгоод авсан одоогийн энэ төрхөөр нь дахин салбар нээхийг хүсдэг. Хүссэн хэн бүхэн хүрч ирээд уулзаж кофе уунгаа урлагийн тухай ярилцаж, керамикаар юм хийгээд цор ганц өөрийнхөө урлагийг бүтээвэл сайхан шүү дээ.
-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?
Би хүүхдийн паркт хайртай. Анх газрыг нь жижигхэн болгоод хумигдах үед нь маш их харамсаж байсан. Бас Их дэлгүүрийн урд байдаг фонтаны тэр хэсэг хотын хамаг л дурсамжийг хадгалдаг газар шиг санагддаг даа.

Б.Амарзаяа (20 настай)
ХААИС-ийн ЭЗБС-ийн 3-р курсын оюутан / Ub Fencing клубын багш

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?
Би туялзуур сэлэмний спортоор 5 дахь жилдээ хичээллэж байгаа. Энэ хугацаандаа багагүй амжилт гаргасан. Туялзуур сэлэмний спортын хамгийн сайхан нь тулааны зам руу гарах догдлол, өрсөлдөгчөө хүндлэх хүмүүжил, ялалт, эсвэл ялагдал амсах мэдрэмж гэж боддог. Энэхүү спортоор хичээллэснээр надад олон сайхан боломж шинээр бий болсны нэг нь олон улсын тэмцээн уралдаанд оролцох байсан. Цаашдаа дасгалжуулагч болно гэж бодоод олон улсын багш дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, олон улсын туялзуур сэлэмний дасгалжуулагчийн сертификаттай болсон доо. "UB Fencing" клубт 7 хоногт 3-4 удаа хүүхдийн ангид багшлах боломж олдсон тул одоо дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Дасгалжуулагч хүн бусдад заахын хажуугаар үргэлж шинэ зүйлсэд өөрөө суралцаж байдаг болохоор надад үнэхээр сонирхолтой байна. Ирээдүйд мундаг дасгалжуулагч болно гэж боддог. Өөрийн мэдэж сурсан зүйлсээ хүүхдүүдэд зааж сурган, тэднийгээ өдрөөс өдөрт өсөн дэвжиж байгааг нь харахад төрдөг мэдрэмж хамгийн сайхан.
-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?
Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь эерэг, зөв хандлагатай хүмүүс олон байдаг. Мөн манай хотод залуучууд чөлөөт цагаа өгөөжтэйгөөр өнгөрүүлэх газрууд бий болсоор байгаа нь сайхан.
Г.Золжаргал (28 настай)
"ROC Caffeine Bar"-ийн бариста

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?
Нэг ажлын ярилцлагад орсон чинь намайг аваагүй юм. "Кофег урлаг гэж боддог" гэх мэтээр бурж гарсан л даа. Уг нь бол кофе үнэндээ яг яагаад урлаг болохоо ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд намайг ажилд аваагүйд яагаад ч юм шар хөдлөөд л яваад байлаа. Өмнө нь би Оросын компанид IT инженер хийдэг байсан юм. "Энэ чинь нэг зөөгчийн л ажил биз дээ, яагаад намайг авдаггүй юм" гэж бодоод л. Тэгээд би өөр газар орохгүй яг тэндээ ажилд орно гэж бодоод дахиж ярилцлагад ороод тэнцсэн. Дараа нь "Peaberry"-д ажиллах болж, тэр үед л кофены тухай мэдлэгтэй болж, тархи минь арай задарч эхэлсэн гэж хэлж болно. Харин "ROC"-д орсноос хойш өнөөг хүртэл хөгжөөд л явж байна. Манай "ROC"-ийн Ш.Уртнасан маань сая Германд "Probat Popup Roastery" тэмцээнд ороод гуравдугаар байр эзэлсэн. Энэ бол олон улсын том тэмцээн л дээ. Үүнд хамт олноороо маш их баяртай байгаа. Цаашид маш олон сайн баристаг бэлтгэнэ гэж бодож байгаа. Би одоо баристагаар багшлаад л явж байна.
-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?
Ер нь бол Улаанбаатар их "хастл" хот. Өнөө үед олон нийтийн сүлжээ маш их хөгжөөд, амьд харилцаа багасчихсан шүү дээ. Гэхдээ миний хувьд бол яг тэр амьд харилцаа нь кофе шоп, энэ тэндэхийн үдэшлэг дээр өрнөдөг юм шиг санагддаг. Бодьхүү бид хэд 1vs100 лэйбэлийн DJ нараараа "CUE+"-д үдэшлэг хийж байсан юм. Тамхины өрөөнд ороод зогсож байсан чинь нэг хүн нэг нөхрийг ажилд авч байхтай таарав. Өдөр ажлын ярилцлагад орсон, хассан хоёр. Мань нөхөр маш даруухан хүн, ажилд авах гэж байсан хүнд анхны сэтгэгдлээр таалагдаагүй юм гэнэ. Тэгсэн чинь орой үдэшлэг дээр тохиолдлоор дахин нэг уулзтал тэд адилхан хөгжим сонсдог болж таарч. Тэгээд "Бидний сонсдог хөгжим ижилхэн юм байна. Хүнийг сонсдог хөгжмөөр нь дүгнэж бас болдог. Би чамайг ажилд авлаа" гэж. Кофе шоп ч ялгаагүй маш "амьд" газар. Хотын хамгийн сайхан санагддаг хэсэг нь харин яг УИД-ийн ойр орчим. Өсвөр нас өнгөрсөн болохоор ч тэр юм уу.
Мануэль Мартин (36 настай)
"Soup Bar & Restaurant"-ийн үүсгэн байгуулагч

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?
Би 2014 онд “Soup Bar & Restaurant”-ийг эхнэрийн хамтаар ажиллуулж эхэлсэн. Бидний хувьд хамгийн анхны бизнес, эхлүүлж байгаа том ажил байсан болохоор маш онцгой бас сэтгэл хөдлөм байсан. Бид өдөр болгон л хүмүүст хамгийн тухтай, сайхнаар үйлчлэх гэж чадлаараа хичээдэг. Би гал тогоонд төрж, өссөн гэж хэлж болохоор. Эцэг эх маань өөрсдөө ресторантай байсан. Аав минь тогооч байсан л даа. Тийм болохоор энэ бүхэн цусанд минь байдаг гэж боддог доо.
-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?
Улаанбаатар хотод үзэж харах сонин содон зүйл их байдаг. Бас маш тайван, чимээ аниргүйгээс гадна эелдэг сайхан хүмүүсээр дүүрэн.

Л.Чулуунцэцэг (47 настай)Чойжин ламын сүм музейн үзмэр харгалзагч, тайлбарлагч

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?
Дунд сургуулийн сурагч байхдаа улирлын амралтаар Улаанбаатар хотын бүх музейг үзэж, тайлбарлаж байгаа зүйлийг нь шимтэн сонсдог байлаа. Зарим музейг зургаан удаа үзжээ. Тэр үеэс эхлэн музейн тайлбарлагч болох юмсан гэж битүүхэн мөрөөдсөн. Музей үзэж байгаа үзэгчид тайлбар сонсоод нүүрэндээ инээмсэглэл тодруулаад, сэтгэл хангалуун гарах хамгийн сайхан байдаг. Дурсамжтай зүйл ч их тохиолдоно. 2010 онд манай музейд шинээр нэг охин ажилд орсон юм. Эхний өдрөө цаасан шуумал үзмэрийг цэвэрлэх гээд хувинд ус хийчихсэн, алчуураа базаад яг арчих гэж байдаг шүү. Цаасан шуумал үзмэрийг гөвүүр болон багсаар цэвэрлэдгийг ёстой л ганцхан хормын өмнө амжиж хэлж билээ. Музейн өнцөг булан бүрийг хайрлан хамгаалж, сурталчлан таниулна гэдэг маш сонирхолтой.
-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?Улаанбаатар хотод байгаа түүх соёлын өвүүд бидний нандигнан хайрлаж, цаашид хамгаалах ёстой зүйлс. Музейд тогтвор суурьшилтай ажиллаж, шинээр орж байгаа ажилчдад чаддаг зүйлээрээ тус дэм болж, түүх соёлын өвийг хадгалж хамгаалан хойч үедээ сурталчлан таниулж өвлөн үлдээх нь миний эрхэм зорилго. Цаашид Монгол Улсын гайхамшигт сайхан түүх соёлын өвүүд маань он удаан жил энэ хэвээрээ хадгалагдан үлдээсэй гэж хүсдэг. Тийм ч болохоор хотын хамгийн сайхан зүйл нь бидний өв соёл гэж хэлнэ.
Дулаан бүхэн энд
