Хөвсгөлийн Хатгал тосгоноос дэлхийн нэр хүндтэй хөтөлбөрт тэнцэн суралцах эрхээ авсан сурагч хүүхдүүд болон тэднийг чиглүүлэн, мөрөөдлөө биелүүлэх замд нь хөтөлсөн багш нарын түүхийг энэ удаагийн "Humans of UB" булан онцолж байна. Хатгал ЕБС-ийн 9-р ангийн сурагч А.Гантигмаа, 12-р ангийн сурагч О.Баяржавхлан нар Хатгал ЕБС-ийн багш Ж.Сэрдамба, Э.Нэргүй нарын удирдлага дор бэлтгэгдэн АНУ-ын шилдэг сурагч солилцооны FLEX хөтөлбөрт тэнцэн, АНУ-ыг зориод байгаа бол Хатгал ЕБС-ийн багш А.Азжаргал, Э.Нэргүй нар тус тус АНУ-ын Фулбрайтын багшийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцээд байгаа юм.
#1 А.Азжаргал, Хатгал ЕБС-ийн англи хэлний багш
Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж өссөн. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд англи хэлний багшаар 3 жил ажилласан. Сүүлийн хоёр жил аймгийн төв Мөрөн хотод ажиллаж байна. Анх 2015 оны зун найзынхаа хуримд оролцохоор ирээд хуримын дараа Хөвсгөл нуурыг зорин аялж байсан юм. Тэр үед их хоргодонгуй буцсан ч англи хэлний багшийн сонгон шалгаруулалт болж байгааг сонсоод шалгалт өгөөд нэгдүгээр байранд жагссан. Тэгээд л шууд үлдчихсэн. Сургуулийн ойролцоо айлын хашаанд гэр бариад л амьдарч эхэлсэн дээ.
Байгалийн сайхан бүрдсэн газар болохоор хүний сэтгэл тогтож, ажиллаж амьдрахад үнэхээр таатай газар. Анх Хатгалд очоод хөдөө их хүйтэн, өвөл цас их унана, таних хүн ховор, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бараг байдаггүй байлаа. "New Roots" гээд дулаахан, тухтай, маш гоё кофетой газар хүнтэй ч хүнгүй ч яг л цагийн хуваарийн дагуу үйлчилнэ. Энэ газар надад хамгийн их хань болж, би тэнд л мөрөөдөл, зорилгоо цаасанд буулгаж төлөвлөдөг байсан. Мөн Хатгалын хүмүүс маш хөдөлмөрч. Зун цагт гадаад дотоодын жуулчид ирэх үеэр хүүхэд хөгшид гэхгүй бүгд л ажилладаг. Өвөлдөө гар урлалын зүйлээ хийгээд зундаа зарж борлуулдаг хүмүүс бий. Миний бодлоор англи хэл ч гэлтгүй ямар нэгэн гадаад хэлийг сурах гэж байгаа бол төлөвлөх, сурах арга барилаа олох, тууштай байх нь хамгийн чухал гэж бодож байна. Төлөвлөхгүй хэт богино хугацаанд их үр дүн хүссэнээр өөрийн сурах урам зоригийг мохоох, сурах арга барилаа олохгүйгээс залхах, тууштай хичээхгүйгээс ахиц, үр дүн гарахгүй байна уу гэж хардаг. Харин цар тахлаас үүдээд бие даан суралцах болон онлайн орчинд суралцах чадвар нэлээн чухал болоод байна.Багш хүн ажлын байранд гарсан ч үргэлж хүүхдээс суралцаж тэдэнтэй хамт хөгжиж байдаг үнэхээр гоё мэргэжил. Харин мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байгаа бол сайн судлаад чи өөрөө юу хүсч байна түүнийгээ сонгоосой гэж хүсч байна. Чи сайн сурч чадвал аль ч салбарт боломж бий. Хүн хариуцлагаа өөрөө үүрээд сонголтоо өөрөө хийхэд болохгүй зүйл гэж байхгүй гэж боддог. Би 2015 оноос хойш төрөлх нутагтаа ажиллаж, амьдарч байна. 2021-2022 оны хичээлийн жилд Фулбрайтын FLTA буюу гадаад хэлний туслах багшийн хөтөлбөрөөр Вашингтоны Их Сургуульд ажиллахаар явах гэж байна. Цаашдын зорилго гэвэл эргэж ирээд сурсан мэдсэн зүйлээ мэргэжил нэгт багш нартайгаа хуваалцаж тэдний хөгжилд түлхэц үзүүлэх, академик англи хэлийг Хөвсгөлийн хүүхэд залуустаа заан олон олон хүүхэд залуусыг тэтгэлэгтэй суралцахад нь туслах юмсан гэж боддог.
#2 О.Баяржавхлан, Хатгал ЕБС-ийн сурагч, АНУ-ын FLEX хөтөлбөрийн шилдэг 20 сурагчийн нэг
Найзууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Оюунбилэгийн Баяржавхлан гэдэг. Би англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хатгал ЕБС-ийн 11б ангийн сурагч. Би FLEX ( Future Leader Exchange Student Program) хөтөлбөрт 3 жил дарааллан оролцож 3 дахь жилдээ тэнцээд байна. Энэ хөтөлбөр нь Америкийн Засгийн Газраас явуулдаг 100 хувийн тэтгэлэгтэй 9-11-р ангийн хүүхдүүд оролцох боломжтой сурагч солилцооны хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн онцлог нь англи хэл гол шалгуураас гадна бие даах, өөрийгөө илэрхийлэх чадварууд голлодог. Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд ч тэгш нээлттэй явагддаг давуу талтай. Би ихэнх ЕБС-ийн хүүхдүүдтэй адилхан 5-р ангиасаа англи хэл үзэж эхэлсэн. Би одоогоор мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа ч Америкт суралцахаар болсон хугацаа маань өөрийгөө олж нээх, цаашдын мэргэжлээ сонгоход чухал түлхэц өгөх байх гэж бодож байна. Бас би зураг зурах, хөгжим сонсох гэх мэт олон сонирхолтой учраас миний ирээдүйн мэргэжил маань урлагтай холбоотой бас үр дүн нь хүмүүст сайнаар нөлөөлдөг байгаасай гэж хүсдэг.
Хатгал цөөхөн хүн амтай учраас манай сургуулийн бүх хүүхдүүд болон багш нар хоорондоо халуун дулаан уур амьсгалтай. Мөн багш нар маань бидэнд чин сэтгэлээсээ боловсрол олгохыг үргэлж зорьдог. Бас нэг онцлог нь Хөвсгөл далайтай ойрхон учраас гадаад дотоодын жуулчид их ирдэг. Манай сургууль бол гадаад дотоодын харилцаа сайн хөгжсөн сургууль.
Хөл хорионы үеийн хичээл энгийн үеэс багагүй хоцрогдолтой байсан. Ихэнхдээ теле хичээл үзсэн. Гэхдээ зарим талаар нөхцөл байдал хэцүү байсан. Багш нар маань ч гэсэн өөрсдийнхөө боломжоороо хичээл зүтгэл гаргаж байсан. Яг энэ цаг үед гэртээ сууж байгаа хүүхдүүдээс илүү их хичээл зүтгэл шаардаж биеэ дааж мэрийх чадвар шаардсан үе байсан. Гэсэн ч багш нарынхаа дэмжлэгээр олон улсын хөтөлбөрт зориг гарган материалаа явуулж тэнцсэндээ баяртай байгаа.Бага байхад хаана сурч, хаана байгаа маань тийм ч чухал санагддаггүй байсан ч том болох тусам үнэ цэнэтэй болж азтай хүн шиг санагдаж байна. Би энэ нутагт амьдардагтаа үргэлж талархдаг. Хатгал бол Хөвсгөл далайн захад оршдог далайн боомт бүхий байгалийн цогцолборт газар. Сүүлийн үед дотоодын амрагчид их ирж амардаг болсон. Тиймээс амрахаар ирж байгаа хүмүүст хандаж байгалиа хайрлаж хамгаалж, үүргээ сайн ухамсарлаад сайхан амраад яваасай гэж төгсгөлд нь дурдмаар байна.
#3 Э.Нэргүй, Хатгал ЕБС-ийн англи хэлний багш
Хатгал ЕБС нь 1923 онд байгуулагдсан Монгол Улсын анхны 13 сургуулийн нэг, Хөвсгөлийн ууган сургууль. 1980-аад онд манай сургууль 2000 гаруй сурагч 100 гаруй багш нартай байсан. Урлаг, спортын алдартнууд, гавьяат эрдэмтэд маш олноор Хатгал ЕБС-аас төрөн гарсан түүхтэй. Хөвсгөл аймгийн дунд сургуулиуд дундаас ганцаараа англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай нь онцлог. Анх 2017 оноос англи хэлний гүнзгий сургалтын хөтөлбөр боловсруулан батлуулж хичээллэж эхэлсэн. Тэгээд 6-9-р ангиудад 7 хоногт 4 цагаар хичээллэх болсон. Орон нутгийн сургууль англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай байх нь маш олон давуу талтай. Ялангуяа Хөвсгөл шиг аялал жуулчлалын бүс болсон нутагт англи хэлний мэдлэгтэй байх нь сурагч, багш нарт олон давуу талыг олгож байдаг. Цаашлаад их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахад давуу тал болж өгдөг. Гүнзгий ангийг төгссөн хүүхдүүд шууд тэнцэх гэх мэт.
Манай сургуулийн А.Гантигмаа, О.Баяржавхлан нар АНУ-ын 100 хувь санхүүжилттэй солилцооны хөтөлбөрт тэнцсэн нь үүний нэг жишээ болов уу. Уг хөтөлбөр нь Монгол Улсаас 20 хүүхдийг шалгаруулан авдаг. Өнгөрсөн жилийн тухайд хичээл цахимаар орсон нь олон бэрхшээл бий болгосон боловч хүүхдүүд, багш нар маань давуу тал болгон ашиглаж, үр бүтээлтэй хичээллэж чадлаа. Дээрх хөтөлбөрт бид бүгд нутгаасаа бэлтгэн, бүх шалгаруулалтад онлайнаар хамрагдсан. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд сурагчдынхаа идэвхийг хангахад анхаарч, ОХУ, Хятад, Монголын хамтарсан цайны фестиваль гэх мэт томоохон үйл ажиллагаануудад оролцсон нь туршлага боллоо.
Багш хүний хувьд сурагчдаасаа хоцрохгүйн тулд өөрийгөө байнга хөгжүүлж, олон улсын хөтөлбөрүүдэд өөрийгөө сорихыг чармайдаг. 2014 онд АНУ-ын Монтана хотод багшийн хөтөлбөрт хамрагдан явж байсан бол өнгөрсөн онд АНУ-ын Засгийн Газрын Фулбрайтын тэтгэлэгт өргөдөл өгөн тэнцээд байна.
#4 А.Гантигмаа, Хатгал ЕБС-ийн сурагч, АНУ-ын FLEX хөтөлбөрийн шилдэг 20 сурагчийн нэг
Би Хатгалын ууган хүүхэд. Одоогоор Америк улсад ирээд, хөтөлбөрийнхөө дагуу ахлах сургуулийн 10-р ангид суралцаж байна. Энэхүү FLEX хөтөлбөр нь тухайн улсын талаар сурч, өөрийн улсаа сурталчлан таниулах боломжийг олгодог нь сайхан санагдсан. Би 5-р ангиасаа эхлэн англи хэл сурсан. Ихэвчлэн англи хэл дээр шоу, кино үзэж, дуу сонсох дуртай. Дуртай зүйлсээ орчуулах нь таалагддаг. Хатгал ЕБС-ийн англи хэлний гүнзгий ангид суралцах үедээ хэлээ маш сайн сайжруулсан гэж боддог.
Манай сургуулийн давуу тал нь нас насанд нь тохирсон англи хэлний гүнзгий ангиудтай. Хувиар дээр заагдсан хичээлүүдээ үзэхээс гадна хэрвээ өөрөө хүсвэл нэмэлт цагаар багш нараасаа давтлага авдаг. Хатгалын сургуульд олон төрлийн клубууд байдаг. Клуб болгон удирдсан багштай, хүүхдүүд бие даан сонирхолтой шинэ зүйлс зохион байгуулах боломжтой. Сургуулийн зүгээс маш олон сонирхолтой тэмцээн, аян тогтмол зохион байгуулдагт би маш их дуртай. Мөн Хатгалын сургуулийн багш нар маш эелдэг олон дахин давтаж асуусан ч төвөгшөөлгүй тайлбарлаж өгдөгт маш их талархаж буйгаа дуулгамаар байна. Ковидын нөхцөл байдалд ихэвчлэн теле хичээлээ үзээд давхар Хатгалын багш нарын онлайн хичээлд суудаг байсан. Миний хувьд теле хичээл үзэхээс илүү багш нарынхаа онлайн хичээлийг илүү сайн ойлгосон. Ковид 19-ийн үед манай англи хэлний багш бидэнд үргэлж нэмэлт давтлага өгч тест ажиллуулдаг байсан. Би англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшихийг хүсдэг. Учир нь англи хэл надад зорьсон мөрөөдөлдөө хүрэхэд тус болно. Мөн дэлхий нийтээр бусад улсын хүнтэй харилцахын тулд ихэвчлэн англи хэлийг ашигладаг, ихэнх мэдээлэл болон хэрэгтэй зүйлсийн талаас их хувь нь бүгд англи хэл дээр байдаг. Тиймээс сурчихвал миний шинэ зүйлсийг сурах цар хүрээг нэмэгдүүлж мэдэхийг хүссэн мэдээллээ дэлгэрэнгүй тодорхой олж авч чадах боломжийг бүрдүүлнэ гэж боддог. Би шинэ зүйлсийг харж мэдэн, дэлхийн улс орнуудаар аялж, очиж үзэхийг мөрөөддөг. Тиймээс ажиллангаа аялаж, аз жаргалтай байж болохоор мэргэжил сонгох байх.