UBLife Logo
ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малон: Монголын залуу үе өөрчлөлт шинэчлэл хийж чадна гэдэгт итгэдэг
Хөрөг

ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малон: Монголын залуу үе өөрчлөлт шинэчлэл хийж чадна гэдэгт итгэдэг

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирснээсээ хойш дөрөв дэх жилээ үдэж буй Филип Малонтой ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. Аргентин, Гватемал, Бруней тэргүүтэй найман улсад дипломат алба хашсан туршлагатай тэрбээр 2012-2015 онд Лаос дахь Элчин сайдаар ажиллаж, улмаар Монголд ирэх хүртлээ Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Зүүн өмнөд Ази, Номхон далайн хэрэг эрхэлсэн газрын дэд даргаар ажиллаж байв.

- Өөрсдөдөө хамгийн ойр асуултаас эхэлье. ИБУИНВУ-ын ЭСЯ манай редакцтай хамтран “Ok To Be Different’’ аяныг хэрэгжүүлж байгаа шүү дээ. Таныхаар, хүн бүр ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрч, тэгш байдлыг дэмжих нь яагаад чухал вэ?

- Хүн бүр өөрийн мэдлэг чадвараа хүссэнээрээ чөлөөтэй хэрэгжүүлж, нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Хүний энэ эрхийг хэвшмэл ойлголт, зарим тохиолдолд бүр хуулиар хязгаарлаж, хүн амын тодорхой хэсгийг тусгаарлачих нь бий. Жишээ нь эрчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш биш байгаа нийгэмд хүн амын тал нь хаягдаж байгаа хэрэг. Эрх тэгш байдлаараа зарим улс бусдаасаа давуу байна. Хаана ч гэлээ, хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага гэх зэргээсээ үл хамааран, хэн бүхэн өөрийн хүссэнээр амьдралаа зохион байгуулах боломжтой байх учиртай. Энэ боломж хүн бүрийн хувьд адил тэгш байх ёстой шүү дээ.

Цагаан арьстан, эрэгтэй хүний хувьд би тэрхүү хязгааруудыг мэдрэлгүй, зарим талаар бусдаас илүү амар хялбар амьдарч ирсэн болов уу. Хүмүүс тийм саад бэрхшээлтэй нүүр тулж байгаа нь зүй бус. Би гэр бүлтэй, охинтой хүн. Охин минь амьдралыг хүүтэй минь адил шалгуураар туулж, адил боломжуудыг эдлэх ёстой гэж итгэдэг. Миний хувьд энэ бол шударга ёс, хүний ёсны асуудал. Хүссэн амжилтдаа хүрэх боломжийг хангах тухай юм.

- Сүүлийн жилүүдэд гагц Монголд гэлтгүй, дэлхий нийтэд ардчилсан зарчмаас ухарч, авторитар шинжтэй засаглал руу хэвийх хандлага ажиглагдах болсон шүү дээ. Энэ таны хувьд санаа зовоосон асуудал болов уу гэж бодно? 

- Гарцаагүй тийм шүү. Британи ардчиллын арвин түүхтэй улс. Мэдээж улс бүр өөрийн онцлог, арга барилтай. Гэхдээ Британи болон өөр олон орны хувьд ардчилал засаглалын хамгийн зохимжтой хувилбар байна. Британичууд ардчилсан зарчимд бат итгэдэг. Хүн амьдралаа өөрийн хүссэнээр удирдан зохион байгуулах эрхтэй гэж. Гагцхүү, ёс суртахууны тодорхой хэм хэмжээнд захирагдах учиртай. Гэхдээ туйлын бус харьцангуй ёс суртахууны тухай ярьж байна л даа. Хүн өөрийгөө хэр чөлөөтэйгөөр мэдэрч байна төдий чинээ ихийг бүтээж, шинийг сэтгэдэг. Жишээ нь АНУ-д энтрепренёрууд хэчнээн өсөж дэвжиж байна вэ. Ийм ч учраас олон улсад ардчилсан зарчмаас ухрах, ардчиллыг буруу зөрүү хэмээн, автократ засаглалыг илүүд үзэх хандлага тэлж байгааг аюултай үзэгдэл гэж бодож байна. Өдгөө ардчилсан болон авторитар дэглэмийн сөргөлдөөн үүссэн, цаашлаад мөргөлдөөн болохоор харагдаад байх шиг. Ингэвэл бүхий л улс орнуудын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Бид өөр гээд хойш суулгүй бүгд л хамтарч ажиллах хэрэгтэй байна.

- Их Британи ОХУ, БНХАУ-ын аль алинтай амаргүй харилцаатай. Энэ хоёр улсын дунд оршдог Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд Европт, тодруулбал Украинд үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

- Өдөөн хатгаагүй байхад, ямар ч шалтгаангүйгээр тусгаар улсад ингэж халдана, иргэдийн амьдралыг сүйтгэнэ гэдэг байж боломгүй, аймшигтай зүйл гэж бид үзэж байгаа. Үүгээр зогсохгүй Оросын төрөөс ичгүүргүйгээр бодит байдлыг гуйвуулсан, өөрсдийгөө зөвтгөсөн ухуулга мэдээлэл цацаж байна. Их Британи аль болох хурдан зогсоохын төлөө Украиныг дэмжин ажиллаж буй.

Монгол дахь Элчин сайдын хувиар хэлэхэд, энэ хоёр том гүрний дунд оршдог нь Монголыг амаргүй нөхцөл байдалд оруулж байгааг харж байгаа. Хятад, Оросын аль аль нь түүхэн харилцаа, худалдааны эргэлт зэрэг олон шалтгаанаар Монголын хувьд ихээхэн ач холбогдолтой. Ингээд харвал, энэ эгзэгтэй нөхцөл байдал цааш хэрхэн өрнөхийг ажиглах нь сонирхолтой. Монгол Украины л адил, ардчилсан улс болоод удаагүй, урьд нь ЗХУ-ын дагуул байсан улс. Монголд ардчиллын итгэл үнэмшил хүчтэй болохоор Украинд юу болж байгааг хараад олон хүн айдаст автсан байна. Нөгөөтээгүүр, Оросыг дэмжиж байгаа хүмүүс ч байна. Үүнд олон шалтгаан бий л дээ. Ийм ч учраас Монголын Засгийн газар хавчигдмал байдалд байна гэж хэлж болох юм. Аль аль талыг бодолцохоос аргагүй учраас Украиныг шулуухан дэмжчихэж бас болохгүй. Хэдий даамай хүнд нөхцөл байдал ч гэлээ цэвэр өөрийн ажлын үүднээс авч үзвэл энэ үед Монголд байгаа минь тун сонирхолтой байна.

-Таны анхны ажил Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Зүүн Европ, ЗХУ-ын хэрэг эрхэлсэн атташе байсан юм билээ. 

Тийм ээ, манай хамт олон тэр үед Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны чуулга уулзалттай холбоотой асуудлыг хариуцдаг байлаа. Өдгөө Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гэгддэг болсон, Монгол гишүүн улсуудынх нь нэг. Хүйтэн дайн дуусаагүй, зүүн, баруун гээд хуваагдчихсан байсан үе. Удалгүй ЗХУ задарч, Зүүн Европын нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр бүсийн улс орнуудын харилцаа мэдэгдэхүйц сайжирсан. Түүнээс хойш, олон жил улс орнуудын харилцаа тун аятайхан байлаа шүү дээ. Даяарчлал явагдаж, улсуудын харилцан хамаарал ихэссэн ч бас нөлөөтэй. Украины асуудлаас шалтгаалаад Хүйтэн дайны үеийнхтэй төстэй нөхцөл байдал үүсээд буйг харахад харамсалтай байна.

Саяхан НҮБ-ын гишүүн орнуудын 141 нь ОХУ-ын Украинд явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцсэн тогтоолыг дэмжлээ. Энэ явдал улс орнуудын дийлэнх нь Украины асуудлаар Оросын эсрэг байр суурьтай байгааг харуулж байна. Үүнийг хараад, харилцан ойлголцож, зөвшилцөх замаар асуудлыг шийдэх нь зөв гэж үздэг хүмүүс давамгай байна даа гэж бодож, итгэл найдвар сэргэх юм. Хөрш орон руугаа дайрах биш.

- Хүн төрөлхтөнд тулгараад байгаа өөр асуудал буйн дотроос хамгийн аюултай нь уур амьсгалын өөрчлөлт гэхэд санал нийлэх биз ээ. Их Британи Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдсэн улс орнуудын XXVI чуулга уулзалт буюу COP26-ыг даргалсан. Уур амьсгалын өөрчлөлт Хатан хааны Засгийн газрын гадаад бодлогын гол чиглэл юм билээ. Их Британи уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах талаар хөгжиж буй болон буурай орнуудтай хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?

- Ирэх арваннэгдүгээр сард Египетэд чуулга уулзалт болох хүртэл, нэг жилийн турш Их Британи уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой НҮБ-ын үйл ажиллагааг ахлан ажиллаж байна. COP26-аар зөвшилцөж тогтсон төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тэр дундаа улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах амлалтыг ажил хэрэг болгохыг онцгойлон чухалчилж буй. Хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтыг нь илүү өндөр түвшинд аваачихын төлөө улс орнуудтай нэг бүрчлэн тулж ажиллаж байна, Монголд ч мөн адил. Хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын төлөөх үндэсний зорилтуудаа хэрэгжүүлэхэд дэм болох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нь мөн ажлын маань нэгээхэн чухал хэсэг. Глазгогийн чуулга уулзалтаар улс орнууд олон чухал амлалтуудыг өгсөн. Харин одоо тэрийгээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт, тус дэм болох олон улсын сангууд байгааг, заавал олон улсын сангаар дамжилгүйгээр, шууд хэлэлцээрийн дагуу Өмнөд Африкт хэрэгжиж байгаатай адил хөтөлбөр хэрэгжүүлж ч болох юм гэдгийг ойлгуулахаар ажиллаж байгаа юм. Энэ чиглэлээр Өмнөд Африктай хамтран ажилласан жишгээрээ өөр улс орнуудтай хамтарч ажиллахад болохгүй зүйлгүй гэж бодож байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өмнөх томоохон уулзалт болох Парисын хэлэлцээрээр хэлэлцэж тохирсон олон зүйлийг Глазгогийн чуулга уулзалтын үеэр эцэслэн шийдвэрлэж, баталгаажууллаа. Энэ ч утгаараа ихээхэн ач холбогдолтой уулзалт болсон. Өмнө нь хэлэлцэж амжаагүй олон чухал асуудлаар зөвшилцөлд хүрлээ. Тухайлбал, үйл ажиллагааны санхүүжилтийг зохицуулах, хүлэмжийн хий ялгаруулах эрхийг арилжих зах зээлийн тогтолцоог бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын төлөө улс орнуудын хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал дээр санал нэгдсэн, өөрөөр хэлбэл ойлголтоо нэгтгэж чадсан. Эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувийг бууруулахаар тохирсныг онцолмоор байна. Зарим нь цаашид огт ашиглахгүй гэсэн бол зарим нь нүүрсний хэрэглээг бууруулахыг хэсэг азнаач гэсэн. Ямартай ч, ирэх 20-30 жилд дэлхий даяар нүүрсний хэрэглээ буурахаар болж байна.

- Тогтвортой хөгжлийн чиглэлээр санаачлан, удирдан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн тухайд? 

Байгаль орчныг хамгаалах зорилгоор цөөнгүй жил амжилттай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирлээ. Тэр дундаа, ховор амьтдыг агнах, тээвэрлэхээс сэргийлэх, байгаль хамгаалах хөтөлбөрийг онцолъё. Лондонгийн амьтны хүрээлэнгийн толгой байгууллага болох Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг Британийн төрийн санхүүжилтээр Монгол дахь ховордсон амьтдын олон төрөл зүйлийг устахаас сэргийлэхээр ажиллаж байна. Энэ бол асар чухал, ач холбогдолтой ажил. Монголд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой Британийн хөрөнгө оруулагчид байна. Нарны эрчим хүч хийгээд ялгадаснаас эрчим хүч гарган авах шинэ эх үүсвэрийг их сонирхож байгаа. Энэ чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг санхүүжүүлэх нь уламжлалт эрчим хүчний эх үүсвэрийг санхүүжүүлэхээс хавьгүй илүү амархан болсон. Монгол нүүрсээс аль болох татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж эхэлж байгаа өнөө үед энэ талын хамтын ажиллагаа аяндаа өргөжих биз ээ. 

- Цаашид цар тахал дахин нүүрлэх магадлал өндөр, иймд дэлхий дахины бэлэн байдлыг сайжруулахын төлөө ажиллана хэмээн танай улс бодлогын баримт бичигтээ тусгажээ. Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг авсан арга хэмжээ олон талаар дутагдалтай байлаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломж хэр бол? 

- Урьд хожид байгаагүйгээр газар авсан энэ цар тахлын эсрэг тэмцэл бүхий л улс оронд хүнд туслаа. Улс орнуудын бэлэн байдлын түвшин харилцан адилгүй байгааг харлаа. Одоо ч байдал хүнд л байна шүү дээ. Цар тахал өндөрлөөгүй байна, цөөнгүй улс дархлаажуулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бүгд дархлаажаагүй нөхцөлд шинэ хувилбарууд гарч ирсээр л, бид дарлуулсаар л байх болно. Тэгэхээр бидний өмнө хийх ажил их байна. Вакцин, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад хөгжиж буй орнуудад дэм болох зорилгоор манай улс саяхан санхүүжилтийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Их Британи цар тахлын эсрэг улс орнуудыг манлайлан ажиллаж байна.

Аз болоход Их Британид эмийн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Ковид-19-ийн эсрэг анхны вакцинуудын нэгийг манай эрдэмтэд гарган авсан шүү дээ. Бид бэлэн байдлаа сайжруулахын төлөө шамдан ажилласаар, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байх болно. Олон улсын сангууд хөгжиж буй орнуудад энэ цар тахлыг болон цаашид гарах магадлалтай цар тахлуудыг даван туулахад тусална. Хумхаа, сүрьеэ гэхчлэн бусад өвчнийг бас мартаж болохгүй. Хүүхэд бүрийг эдгээр өвчний эсрэг дархлаажуулах шаардлагатай. Улс бүр дархлаажуулалтын хөтөлбөрөө сайжруулах хэрэгтэй байна.

- Манай хоёр улс боловсролын чиглэлд онцгойлон анхаарч, хамтран ажиллаж ирсэн. Монголд бүрэн дунд боловсролын хүртээмж тэгш бус байгаа болон цар тахлаас шалтгаалсан хоцрогдлын талаар сүүлийн үед нийгэм даяар яригдаж буйг та мэдсэн байх. Боловсролын чиглэлээрх хамтын үйл ажиллагааг дээд боловсролоос бүрэн дунд боловсрол руу хандуулах төлөвлөгөө бий юү?

- Цар тахал хүүхдүүдийн боловсролд аймшигтайгаар нөлөөлсөн. Нэн ялангуяа Монгол Улсад энэ асуудал хурцдаж, боловсролын салбарынхан ихэд зовниж байгааг мэдэж байгаа. Тэр дундаа бага насныхан сурлагын хувьд ихээхэн хоцрогдож. Гагц хичээл сурлага гэлтгүй, нийгмийн харилцаа хангалтгүйгээс хохирч үлдэж байна. Манай хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа хоёр чиглэлээр голчлон явагддаг. Нэгдүгээрт, магистрын түвшний, Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр. Хоёрдугаарт, бүрэн дунд боловсролыг хамарсан, хэрэгжээд цөөнгүй жил болж байгаа Кэмбрижийн хамтарсан хөтөлбөр. Боловсрол, шинжлэх ухааны яам хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр саяхан Кэмбрижийн боловсролын үнэлгээний төвтэй хамтын ажиллагааны шинэ гэрээ үзэглээд байна. Сургалтын хөтөлбөр, багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоог хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана. Энэ мэтээр, цаашид бүрэн дунд боловсролын чиглэлд илүү анхаарч ажиллах болов уу. Монгол Улсын Засгийн газар боловсролын шинэчлэл хийхээр төлөвлөж, тэр дундаа бага болон суурь боловсролд илүү анхаарч байгааг мэднэ. Өнгөрсөн сард л гэхэд боловсролын суурь судалгаа хийхээр хэд хэдэн групп Их Британид очиж туршлага судалсан. Өөр улсуудаас ч мөн туршлага судалж байгаа юм билээ.

- Боловсролын хоцрогдол манай улсын хамгийн ноцтой асуудал гэж зарим нь хэлж байна. 

- Боловсрол яагаад чухал гэдэг дээр бодож цөхөх зүйлгүй. Аль ч оронд байлаа гэсэн сайн боловсрол эзэмшсэн бол учраа олж болно. Хорвоогийн зөв сайн бүхэн чанартай боловсролоос эхтэй. Боловсролын тогтолцоо сайтай улс орнуудыг хар л даа: Сингапур, Япон, Скандинавын орнууд гээд л. Тэр улсуудын боловсролын тогтолцоо сайн учраас эдийн засгийн хөгжил, нийгмийн тэгш байдал, уялдаа холбоо төдий хэрээр өндөр байгааг харж болно. Бас боловсролын тогтолцоо нь зах зээлийнхээ хэрэгцээ шаардлагатай нягт уялдсан байдгаараа онцлог. Залуус нь эзэмшсэн боловсролоо үр ашигтайгаар хэрэгжүүлж чаддаг гэсэн үг шүү дээ. Боловсролын тогтолцоо, нийгмийн хөгжил шууд хамааралтай. Аль нэг улсыг, дэлхий дахиныг хөгжүүлэхэд боловсрол хамгаас чухал үүрэгтэй. Мэдээж, эрүүл мэнд боловсролоос дутуугүй чухал л даа. Сайн боловсрол эзэмшсэн хүн заавал хожно гэж боддог.

- Та төрийн албан хаагч, элчин сайдын хувиар олон чиглэлийг хамарч ажиллах учиртай. Гэхдээ хувь хүнийхээ зүгээс илүү анхаарч үздэг чиглэл байдаг л байх? 

- Боловсролын чиглэлээр ажиллахдаа би хамгаас дуртай. Аав хүн болохоор ч тэр байх. Манай Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр хэчнээн амжилттай хэрэгжиж байгааг, жил бүр олон гайхалтай залуус бүртгүүлж байгааг харахад сайхан байдаг. Илүү олон хүнд тэтгэлэг өгөх боломжтой байсан ч болоосой гэж боддог юм. Тэтгэлгийн шалгуурыг хангалттай давахуйц мэдлэг чадвартай залуус олон байна. Бид тэтгэлэгт шалгарсан залуусаа Их Британи руу үдэж нэг, эргээд нутагтаа ирэхэд нь угтаж нэг үдэшлэг зохиодог юм. Их Британид нэг жил сураад ирэхэд тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн, юуг шинээр сурч мэдсэнийг нь сонсоход үнэхээр сонирхолтой байдаг. Эх орондоо ирээд карьер нь хэрхэн өсөж хөгжиж байгааг харах бас сайхан. Чевнингийн тэтгэлгээр суралцаж байсан зарим залуус өдгөө Монголын төр засаг, бизнесийн салбарыг манлайлан ажиллаж байна.

Ярилцлага өгөх бүрдээ би Монголын залуус хэчнээн чадварлаг болохыг заавал онцолж хэлэхийг хүсдэг. Монголын хүн ам их залуу, 60 хувь нь 35 хүртэлх насныхан байдаг шиг санагдана. Маш чадварлаг, бүтээлч залуустай. Тэд өөрчлөлт шинэчлэлийг авчирч, магад 20 жилийн дараа байдал тэс өөр болсон байх болов уу гэж би боддог юм. Энэ бүхнийг харахдаа би туйлын баяртай байдаг шүү.

- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үүднээс, Монголын эдийн засгийн аль салбарууд илүү ирээдүйтэй гэж харж байна вэ? 

- Юун түрүүнд уул уурхай, эрдэс баялгийн салбарыг дурдах нь зүй. Британи, Австралийн хамтарсан компани болох “Рио Тинто” эндхийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг. Монголд уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулсан өөр тоглогчид ч бий. Тэгэхээр энэ талын хамтын ажиллагаа үргэлжлэх болов уу. Боловсролын тал дээр хамтран ажиллах боломж их бий гэж бодож байна. Кэмбрижийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг, хувийн сургууль Монголд хэд хэд байгаа шүү дээ. Бас англи хэлний сургалтыг хөгжүүлэх боломж байна. Хөгжиж буй орнуудад англи хэлний сургалтыг сайжруулах асуудал их анхаарал татаж байгаа. Монгол Улсын Засгийн газар англи хэлийг улсын хоёрдогч хэл болгохоор зориод буй энэ үед чухалчлах нь зүйн хэрэг. Сүүлд Британийн хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээжийг танилцуулах үзэсгэлэн худалдааг Шангри-Ла худалдааны төвд зохион байгууллаа. Манай хоёр улс хол зайтай оршдог ч гэлээ британи хүнсний бүтээгдэхүүнийг сонирхох хүмүүс нэмэгдсээр байна.

- Монголд ирснийхээ дараахан нийтэлсэн мэндчилгээндээ та батлан хамгаалахын хамтын ажиллагаандаа анхаарна гэж байсан. Энэ талын хамтын ажиллагаа хэр амжилттай байна вэ? 

Батлан хамгаалах миний онцгойлон анхаардаг чиглэлүүдийн нэг. Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн атташе энд одоогоор байхгүй, Токиогоос хамааран (Бээжингээс Токио руу шилжсэн) ажиллаж байгаа. Эхний хоёр жилд манай хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа сайжирсан. Манай улсын цэргийн албан хаагчид олон улсын энхийг сахиулах ажиллагаа, Монголд болдог “Хааны эрэлд” сургуулилалтад тогтмол оролцдог. Жишээ нь Өмнөд Суданд хоёр улсын цэргүүд маань энхийг сахиулах ажиллагаанд зэрэгцэн оролцсон, ойр харилцаатай. Монголын энхийг сахиулагчид Британийн албан хаагчдад үндэсний бөхийн барилдаанаасаа сургасан бол британичууд монгол албан хаагчдад англи хэлээ сайжруулахад нь тусалсан байх жишээтэй. Британийн цэргийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудад Монголын цэргийн ахлах цолтнуудыг хамруулсан. Манай улсын батлан хамгаалахын тэргүүлэх сургуулиудын нэг Хатан хааны нэрэмжит батлан хамгаалахын коллежийн нэг жилийн хөтөлбөрт энэ жил анх удаа Монголоос элсэн суралцаж байна. Монгол Улсын Батлан хамгаалахын яамтай хамтран, энхийг сахиулагчдыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, англи хэлний сургалтад хамруулахаар төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энхийг сахиулах ажиллагаа хаа ч байлаа гэсэн англи хэл харилцааны гол хэрэгсэл болдог учраас хэлний мэдлэгийг нь ахиулах шаардлагатай. 

- Олон улсын тавцанд Их Британийн эзлэх байр суурь хэр өөрчлөгдөв, цаашид хэрхэн өөрчлөгдөнө гэж үзэж байна вэ? 

- Их Британи баялаг түүхтэй улс. Колоничлолын үеэс өгсүүлээд Дэлхийн II дайн, эдүгээ хүртэл дэлхий дахины явдалд чухал оролцоотой явж ирсэн. Түүхэн онцлогийнхоо ачаар бид хүчтэй брэнд бүтээж чадсан улс. Их Британи дэлхийн томоохон гүрнүүдийн нэг хэвээр байна. Нэгэнтээ дэлхийн дөрөвний нэгийг хянаж асан Британийн эзэнт гүрний үетэй бол харьцуулшгүй л дээ. Гэхдээ 50 гаруй улсыг нэгтгэсэн Хамтын нөхөрлөлийн орнуудаас одоо ч эзэнт гүрний нөлөөг харж болно

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын нэг, олон улсын голлох байгууллагуудын нөлөө бүхий гишүүний хувиар бид улс төр, эдийн засгийн нөлөөллөө идэвхтэй хэрэгжүүлдэг. Зөөлөн хүчний бодлого маань ч амжилттай буй. Аль ч газар очсон Британийн спорт, соёл урлаг, түүхийг шимтэн сонирхдог хүмүүстэй таарч байна. Өдгөө Их Британи эдийн засгаараа дэлхийд тэргүүлдэг таван улсын нэг. Олон улсын асуудлаар байр сууриа цаг үргэлж илэрхийлж, ардчилал, шударга өрсөлдөөн, хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, нөхөрсөг хамтын ажиллагааг эрхэмлэж ирсэн манай улс цаашдаа ч энэ зарчимдаа үнэнч байх болно.

- Брексит манай хоёр улсын харилцаанд ямар нэг байдлаар нөлөөлсөн үү? 

- Сөргөөр лав нөлөөлөөгүй. Брекситтэй холбоотойгоор Их Британи Европоос бусад бүс нутгуудтай худалдааны эргэлтээ эрчимжүүлж, шинэ зах зээлүүдэд, ялангуяа Азид илүү төвлөрөхөөр төлөвлөж байгаа. Энэ бол Монголд үр ашигтай бодлого. Европын холбооноос гараад Их Британи худалдааны хөнгөлөлтийн системээ шинэчлэн гаргасан. Энэ дагуу Монголоос Их Британи руу гарах экспорт тарифгүй болсон. Ирэх жилүүдэд монголчуудтай хамтрах сонирхолтой Их Британийн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэх болов уу гэж таамаглаж байна. Британи Азитай өргөн хүрээнд хамтарч ажиллах хэрээр хоёр улсын харилцаа улам бэхжих юм. 

- “Global Britain” стратегид Их Британи дэлхий дахиныг сайн сайханд түүчээлэгч байна гэж тусгасан байсан. Тэр их сонирхол татсан л даа. 

- Тэр бол британичуудын ардчиллын үнэт зүйлс, эрх чөлөө, чөлөөт зах зээл зэргийг эрхэмлэх үзлээс улбаатай. Бид дэлхий дахинд сайн сайхныг урин дуудаж, нийгэмд тустай үнэт зүйлсийг сурталчлан таниулахыг хүссэн. Ардчилсан тогтолцоог сонирхон, авч хэрэгжүүлэхээр бодолцож байгаа улс байвал Британи дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ энэ нь бид хаа сайгүй очиж шахаж шавдуулаад, ингэх ёстой, тэгэх ёстой гээд ухуулга хийнэ гэсэн үг биш юм. Бүгд үүнийг хүснэ ч гэж үгүй. Биднээс өөр үнэт зүйл, үзэл баримтлалтай улс орнуудтай бид үг хэлээ ололцож, санаа нэгдэн хамтран ажиллахын төлөө ажиллах болно.

- Британийн соёл урлаг дэлхий дахинд танай улсыг сурталчилдаг гол зүйлсийн нэг. Монголд Соёлын яам эргэн байгуулагдаж, Засгийн газар бүтээлч үйлдвэрлэлийн ач холбогдлыг онцлон авч үзэх болсонтой холбоотойгоор энэ талаарх хамтын ажиллагааны хандлага хэр байгааг асууя гэж бодлоо. 

- Соёл урлаг бол Монгол, Их Британийн харилцан өгөөжтэй хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийн нэг мөн. Таны хэлсэнчлэн, Их Британи бүтээлч үйлдвэрлэлийн салбарт томоохон орон зайтай, арвин туршлагатай улс. Тухайлбал, Монгол Улс кино урлагаа хөгжүүлж, байгалийн сайхнаа ашиглан кино зураг авалтын нэгэн чухал төв болох эрмэлзэлтэй байна. Их Британийн кино салбарынханд энэ талаар хуримтлуулсан мэдлэг туршлага, кино студи их бий. Кино урлагийн бүхий л хүрээг хамарсан томоохон арга хэмжээнүүдэд оролцож, олон улсаас туршлага судлах сонирхолтой байгаа юм байна гэж ойлгосон. Энэ тал дээр бид хамтран ажиллах боломжтой. Жишээ нь Монголд саяхан гарсан “Ододтой бүжиглэсэн нь” британи шоу шүү дээ. Бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжил Монголд одоо л хүчээ авч байгаа болохоор цаашид хэрхэн өрнөх, хамтран ажиллах ямар боломжууд гарч ирэх нь одоогоор бүрэн мэдэгдээгүй байна. Би Соёлын сайдтай уулзаж энэ талаар ярилцсан.

- Та ямар төрлийн кино, хөгжимд дуртай вэ?

- Би “James Bond” цувралын шүтэн бишрэгч. Британийн тод илэрхийлэл болсон дүр гэж боддог. Бүтээгдэхүүн байршуулалтыг нь ч гэсэн бодоход. Жишээ нь унадаг машин нь “Aston Martin” байдаг даа. Ерөнхийдөө, адал явдал, тулаант кинонд дуртай. Бас түүхэн сэдэвтэй кино үзэх дуртай. Британи түүхэн сэдэвтэй кинонуудаараа дэлхийд танигдсан. “Downton Abbey” цуврал, Жэйн Остины романуудаас сэдэвлэсэн кинонуудыг нэрлэж болох юм.

Хөгжмийн тухайд, би залуудаа панк хамтлагийн бөмбөрчин байлаа. Залуу ахуйдаа сонсдог байсан хөгжмөө одоо ч дурлан сонсдог. Сонгодог хөгжимд бас их дуртай. Ер нь олон төрлийн хөгжим сонсдог юм байна. Гэхдээ өнөөгийн хөгжим онцгүй, урьд нь илүү дээр байсан гэж боддоггүй ээ. Харин ч их дуртай шүү. Олон чадварлаг уран бүтээлчид байна. Билли Айлишийн дуулсан, сүүлийн “James Bond”-ы дуу их таалагдсан. Өнөө үед дуу хөгжим асар өргөн сонголттой болж. Дуу бүтээх, түгээх явц бас миний хамтлагт тоглодог байсан үеийнхтэй харьцуулахад хавьгүй амар хялбар болсон нь анзаарагддаг.

- Танай хамтлагийн нэр?

- “Nuclear Socketts”.

- Ямар сонирхолтой нэр вэ. 

- Интернэтэд манай хамтлагийн видео мэр сэр бий. 40 гаруй жилийн өмнөх явдал даа. 

- Та Азийн хэд хэдэн улсад томилогдон ажилласан туршлагатай. Монголыг юу онцгойруулдаг гэж боддог вэ? 

- Би энд томилогдон ажиллаж эхлэхээсээ өмнө ирж ер үзээгүй байсан. Мэдээж Монголын тухай зөндөө их зүйлс уншиж судалсан л даа. Урьд нь дандаа Зүүн өмнөд Азийн орнуудад ажиллаж амьдарч байлаа. Ялгаа нэлээн бий шүү. Гэр бүлийн харилцаа хамаарал, танилын холбоо сүлжээ нягт, ахмадаа хүндэтгэдэг зэрэг, азиудад нийтлэг шинж чанарууд энд ч бас ажиглагдсан. Гэхдээ Европ, Евразийн гэхээр соёлын нөлөө төдий их байна гэж огт төсөөлөөгүй. Монголчууд их нээлттэй, шулуухан зантай учраас ажил хэргээ явуулахад амар санагддаг. Зүүн өмнөд Азид ажиллахад буруу зүйл хэлээд бусдыг гомдоочих вий гэж эмээн, ер бусын хянуур болгоомжтой байх хэрэгтэй байсан бол монголчууд тэр тал дээр нэлээн өөр. Амархан эмзэглэдэггүй гэх үү. Европ, Азийн “гүүр болсон” гэмээр энэ шинж чанар нь Монголыг онцгойруулдаг гэж боддог. Ийм онцлогтой газар олон биш. Их Монгол Улсын үеэс улбаатай зүйл байх.

Бас нэг сайхан санагддаг зүйл гэвэл хувцаслалт. Монголчууд тун загварлаг хүмүүс гэж боддог. Ялангуяа эмэгтэйчүүд их сайхан хувцасладаг.

- Шинэ газар, орчинд амьдрахаар үнэт зүйлс, үзэл бодол дагаад өөрчлөгдөх нь бий. Монголд ирснээс хойш хувь хүний тань хувьд гарсан хамгийн том өөрчлөлт юу байв? 

- Би Их Британиас гадна найман улсад томилогдон ажилласны нэг нь Монгол. Ингэж ажиллах хугацаандаа ойлгож авсан зүйл гэвэл, энэ газар үүгээрээ өөр гээд, буруу зөв гэх зүйл үгүй. Британичуудын амьдралын хэв маяг зөв, монгол, аргентинчуудынх буруу гэсэн зүйл байхгүй. Өөр өөрийнхөөрөө онцлог л хэрэг. Ер нь ч тэгээд өөр өөр газар очиж ажиллаад дасчихжээ. Тухайн улс орноо дагаад харах өнцөг мэдээж өөрчлөгдөнө л дөө.

Монголд надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүлж, анхаарал татсан зүйл гэвэл эмэгтэйчүүдийн үүрэг, нөлөө. Монгол эмэгтэйчүүд үнэхээр хүчирхэг, ухаалаг, боловсролтой, чадварлаг гэж би хардаг. Эндэх эмэгтэйчүүд гэр бүл, карьераа хэрхэн авч явж байгааг хараад бахархалтай санагддаг.

- Таны амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ? 

- Бусдад шулуун шударга, адил тэгш, хүндэтгэлтэй хандах. Бусдад өөрийн үзэл бодлоо тулгахгүй байх.

- Та Монголд ажиллаад багагүй хугацааг үдлээ. Хэдий түүх бичигдэж дуусаагүй ч олон жилийн дараа энд хийж бүтээснээсээ онцлон дурсах зүйл юу байх бол? 

- Монголоос нутаг буцах үедээ би энд хамгийн олон жил алба хаасан Элчин сайд болсон байна. Голлож анхаардаг хоёр зүйлээ хэлье. Нэг нь, гадагш хандсан ЭСЯ-ны үндсэн ажил бол удаах нь яамны маань дотоод үйл ажиллагаа. Ажлын аль ч газар багийн үнэ цэн хамгийн чухал гэж би боддог юм. Ийм ч учраас ЭСЯ-ныхаа ажилтан нэг бүрд үнэ цэн, ач холбогдлыг нь мэдрүүлж, тайван тухтай ажиллуулахын төлөө мэрийн ажилладаг. Ажиллах хугацаандаа энэ талаар ахиц дэвшил гаргаж, өөр орчин бүрдүүлж чадсан болов уу гэж найдаж байна. Урьд нь муу байсан гэж байгаа юм биш шүү.

Гадаад ажлын тухайд, орон даяар явж хэрэгжүүлсэн ажлууд маань Монгол Улс, Их Британийн харилцаа холбоо, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд нэмэр болсон гэж найдна. Би хүмүүстэй сэтгэлээсээ харилцдаг. Хүмүүстэй харилцаа холбоо тогтоох боломж олгодог ажлынхаа энэ талд дуртай ч. Хоёр орны харилцааг сайжруулахын төлөө ажиллах үнэхээр сайхан.

- Их Британийн Хатан хаан, Хатан хааны гэр бүлийнхэн дэлхий даяар нэр хүндтэй. Монголд ч мөн ялгаагүй. Нөгөөтээгүүр, хаант засаглал үеэ өнгөрөөсөн зүйл гэж хэлэх хүмүүс цөөнгүй байдаг шүү дээ. Британийн хаант засаг өнөө хэр нь ийм нэр хүндтэй байгаа нь юутай холбоотой гэж боддог вэ? 

- Британийн хаант засаг олон зуун жилийн түүхтэй. Британийн нийгмийн суурь үнэт зүйл болж тогтон, түүх уламжлалтай нягт холбогдсон зүйл. Бид Хатан хаанаа дээдлэн хайрладаг. 1920-иод онд мэндэлсэн хүн шүү дээ. Улсынхаа түүхэн хөгжлийн хэчнээн үеийг туулж өнгөрүүлсэн билээ. Дэлхийн II дайн эхлэхэд залуу бүсгүй байлаа, гэтэл өдгөө хатны сэнтийд заларсны 70 жилийн ой нь тохиож байна. Олон олон британичууд Хатан хаан II Элизабетыг төрсөн цагаасаа л мэднэ. Тэрхүү залгамж холбоо, тогтвортой байдал британичуудын амьдрал ахуй, түүхийн салшгүй нэгэн хэсэг болж уламжлагдсан юм.

- Их Британи бол Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Барууны анхны улс. 2023 онд манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ? 

- Их Британи, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн буюу очир эрдэнийн ой ирэх жил болох гэж байна. Дипломат харилцаа нэгдүгээр сард тогтоосон учир оны эхнээс тэмдэглэлт үйл ажиллагаанууд эхлээд жилийн турш явах байх. Яг ямар арга хэмжээ, хэрхэн зохиохыг одоогоор шийдээгүй байгаа. Цар тахлын дэгдэлт саарч байгаа учир арга хэмжээгээ төлөвлөснөөрөө зохиож чадна байх гэж найдаж байна. 

- Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.