Амстердам хотноо төвтэй олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах сан 2020 оны дэлхийн “Хүүхдийн эрхийн индекс”-ийг танилцууллаа. Энэхүү индекст нь дэлхийн хэмжээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, ашиг сонирхлыг нь хамгаалах, улс орнууд хүүхдийн эрхийг сайжруулах тал дээр хэр ахицтай байгааг дүгнэдэг ганц үзүүлэлт юм.
Ингэхдээ үндсэн таван шалгуурын хүрээнд 13 тоон үзүүлэлт, 7 чанарын үзүүлэлт, нийт 20 үзүүлэлтэд үндэслэн индексийг гаргадаг байна. Үндсэн таван шалгуур үзүүлэлтэд:
Хүүхдийн амьд явах эрхийг хангаж буй байдал
Хүүхдийн эрүүл мэндийн эрхийг хангаж буй байдал
Хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангаж буй байдал
Хүүхдийн хамгаалуулах эрхийг хангаж буй байдал
Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж буй байдал багтдаг.

2020 оны “Хүүхдийн эрхийн индекс”-д 182 орон хамрагдсан бөгөөд дэлхийн нийтийн хэмжээнд үүсээд буй КОВИД-19 цар тахлын улмаас олон сая хүүхэд өлсгөлөн нэрвэгдэж, хүүхдийн эрхийг хангах тал дээр сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшил алдагдах аюулд хүрээд байна гэж тайланг гаргасан судлаачид дүгнэжээ. Нэгдсэн дүнгээр:
Исланд
Швейцар
Финланд
Швед
Герман
Нидерланд
Словени
Тайланд
Франц
Дани улс эхний 10 байранд бичигдсэнээр хүүхдэд хамгийн ээлтэй, хүүхдийн эрхийг хүндэтгэдэг улсууд болохоо харууллаа.
Харин Чад, Афганистан, Сьерра-Леоне, Экваторын Гвиней, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Папуа Шинэ Гвиней, Ардчилсан Конго Улс, Гвиней, Сальвадор, Гвиней-Бисау гэсэн 10 улс сүүл мушгилаа.
Тэгвэл Монгол Улс

Хүүхдийн амьд явах эрхийг хангаж буй байдлаар 108 дугаарт
Хүүхдийн эрүүл мэндийн эрхийг хангаж буй байдлаар 116 дугаарт
Хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангаж буй байдлаар 81 дүгээрт
Хүүхдийн хамгаалуулах эрхийг хангаж буй байдлаар 89 дүгээрт
Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж буй байдлаар 123 дугаарт бичигдэж, нэгдсэн дүнгээр 182 орноос 95-д жагслаа.
Тайлантай бүрэн эхээр нь танилцах бол ЭНД дарна уу.