Зарим улс орон аялах таатай нөхцөлийг нь ханган, гадаадын жуулчдыг урьж, гуйдаг. Аргагүй, тэдний оруулдаг ашиг орлогоос ДНБ нь хамаардаг орон маш их. Тэгвэл жилийн 4 улирал гадаадын жуулчдаар хахаж цацдаг Итали, Испани, Португал улсуудад гадаадын жуулчдын эсрэг тэмцэж эхэлжээ.
Испани
The New York Times сонинд бичсэнээр Барселона хотын гудамжинд хэдэн мянган хүн усан буугаар зэвсэглэн гарч ирж, гадаадын жуулчдын эсрэг байгаагаа мэдэгдлээ. Тэд “Жуулчдаа, гэртээ харь” гэсэн утгатай лоозон барьсан байв. Зүгээр жагсаад зогссонгүй алдартай Louis Vuitton дэлгүүрийн гадаа байсан жуулчид руу ус цацаж, зочид буудлын ажилтнуудтай зодолдсон байна. Цагдаа нар жагсагчдыг “Саграда Фамилия” сүмийн өмнө зогсоож чаджээ. Louis Vuitton дэлгүүрийн өмнө ус цацуулсан Өмнөд Солонгосын жуулчин “Ингэж болохгүй. Тэд биднийг зэрлэг амьтан мэт ад үзэж байлаа” гэж гомдол гаргасан байна.

Харин жагсагчид өөр бодолтой. Амьдралын өртөг өндөр, байрны үнийн өсөлт, байгаль орчны бохирдол гээд бүх бурууг хэт ихээр ирдэг жуулчдад оноож байна. Барселонагийн иргэн, 31 настай Жоан Мас “Гадаадын жуулчид нутгийн биднээс илүү мөнгөтэй гэсэн ойлголт түгээмэл. Тэд зугаацахаар энд ирж, бидний авч чадахгүй байрыг хөлсөлж байна. Бүх асуудал аялал жуулчлалын хэлбэр, зохион байгуулалтад байна. Хотын захиргаанаас бүхнийг жуулчдад зориулаад уугуул иргэдээ тоохоо больжээ” гэж ярьсан байна. Уг нь Испанийн ДНБ-ий 12 хувийг аялал жуулчлал эзэлдэг.
Сан-Себастьян хотын Асьер Басурто “Бидний дайсан бол гадаадын жуулчин биш. Харин жуулчлалаар бамбай барин, орон сууц, хоолны үнэ өсгөж байгаа этгээдүүд буруутай. Хотын захиргааны бодлогоор Сан-Себастьян хотыг зүгээр нэг жуулчдад зориулсан үзэсгэлэн шиг болгосон залуучуудыг манай хотоос явахад хүргэж байна” гэж хилэгнэжээ.
Жагсаал мөн Испанийн Майорка, Менорка, Ибица гэсэн алдарт амралтын арлуудад боллоо. Тус бүр нэг сая хүн амтай энэ арлууд жилд 15 сая жуулчин хүлээн авдаг. Харин одоо нутгийн иргэд өөрсдөө байрны үнийг дийлэхээ байжээ.
Итали
Италийн Генуя хотод жагсагчид чемодан барин явж, хэт их шуугиантай гадаад жуулчдыг дүрсэлсэн. Ром, Венецид гадаадын жуулчдаас өдөр бүр татвар авч байх санал дэвшүүлжээ.
Португал
Лиссабонд удахгүй баригдах гэж байгаа 5 одтой зочид буудлын өмнө жагсаал болсон.