Хэтэрхий олон хуушуур идчихсэн эсвэл бүр одоо ч идэж сууна уу? Энэ мэдээлэл танд бага ч атугай тус болох болно.
1. Дасгал хийх
Гайхамшиг гэж байдаг бол тэр нь дасгал гэж ойлгох хэрэгтэй. Та зөвхөн хоолоо шингээгээд зогсохгүй стрессээ бууруулж, янз бүрийн өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалж, эрүүл байх боломжтой болно. Дугуй унах, гүйх зэрэг нь хамгийн үр нөлөөтэй гэнэ.
Судалгаагаар 30 минут алхаж, гэртээ 11 минут дасгал хийх нь мэдэгдэхүйц үр дүн өгнө гэжээ.
2. Эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэх
Энэ төрлийн хүнс, бүтээгдэхүүн нь хоол шингэх явцад маш сайн нөлөөтэй гэнэ. Жимсгэнэ, авокадо, алим, бүхэл үр, самар гээд та эслэгийг олон төрлийн хүнснээс авах боломжтой.
3. Илүү их ус уух
Уудгаасаа ч ихийг ууна гэсэн үг. 2.7 орчим литр ус уух нь хамгийн зөв гэнэ. Гэхдээ усаа зөв уухад анхаарах хэрэгтэй. Цүлхийтэл ууж болохгүй шүү. Тогтмол бага багаар уугаарай.
4. Нойр
Өмнөх өдрийн нойр дараа өдрийнхөө хоол шингээх явцад нөлөөлдөг. Тиймээс та хангалттай чанартай нойр авах хэрэгтэй. Цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, саад болох бүхнээс холдож бөх нойрсоорой.
5. Стрессээ аль болох бага байлгах
Стресс нэмэгдэх нь ходоодны болон биеийн бүхий л эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Бас стресс их идэхэд ч хүргэдэг. Тиймээс хоолоо сайн шингээхийг хүсвэл тайван байж, уур бухимдлаасаа салах хэрэгтэй.
6. Хоолоо маш сайн зажилж ид
Та шууд үмхэлж эсвэл бага зажилж болохгүй. Тэгвэл хоол шингэхэд улам л бэрх байх болно. Та хэтэрхий их хуушуур идсэнийхээ араас дахиад юм идэх гэж байгаа бол хангалттай сайн зажилж идэх ёстойгоо санаарай. Үгүй бол улам л бэрх байж, бие хүнд оргиж, дотор муухайрах болно.