UBLife Logo
Humans of UB

Паралимпын тамирчдын урам зоригийн түүх

Паралимпын тамирчдын урам зоригийн түүх

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, илүү тэгш хүртээмжтэй нийгэм бий болгохыг уриалсан “Бэрх биш ээлтэй” аяныг тохиолдуулан, бид өнгөрсөн зун болж өндөрлөсөн Токиогийн паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчдыг урьж ярилцсан юм.

Г.Болор-Эрдэнэ 

Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин 

Бага байхдаа гараа бэртээгээд, түүнээсээ болж хүүхдүүдэд дээрэлхүүлэх болсон учир тулааны спортоор хичээллэж эхэлсэн. Байрны ах нар маань хичээллэдэг байсан юм. 2008 онд Сүхбаатар аймгийнхаа Н.Нэргүй багшид шавь орж, удалгүй аймгийн аваргаас медаль авч урамшин, дагнаж хичээллэх болсон. Гарын гэмтэл учраас бусдаас нэг их дутаад байх зүйлгүй. Дотоодын тэмцээнд бүх тамирчидтай зэрэгцэж оролцдог, харин олон улсын тэмцээнд пара ангилалд оролцдог. 

Таэквондо бол хүмүүжил, хүндлэлийг эрхэмлэдэг, гайхалтай спорт. Анхны багш маань (Н.Нэргүй) намайг хатуужуулж, зоригжуулсан хүн. Багшаасаа хатуу үг ч сонсоно, урам авна. Больё гэх бодол төрсөн ч гэсэн давж гараад бэлтгэлээ таслахгүй хийгээд явах л чухал. Хүнд “За би ингээд л үхдэг юм байж” гэмээр, тэвчээр тасарлаа гэх бодол зурсхийдэг үе байдаг даа. Тийм үед тэсвэрлэшгүй санагдавч нэг л алхчихвал би ард нь гарчих юм байна гээд шүд зууж байгаад урагшилчихвал даваад л гарчихна. Хязгаартаа тулсан ч зориглоод урагшлах ёстой. Би өөрийгөө хангалттай дайчилж сурсан гэж боддог. 

Энэ сард болох ДАШТ-д амжилт гаргаж, дэлхийд тав дахь удаагаа түрүүлэх зорилго тавиад шаргуу хичээллэж байна. 2016 оноос хойш хожигдол гэдэг зүйлийг мэдэлгүй явж байгаад Токиогийн олимпоор том сургамж авлаа. Хоёр дахь тулаандаа хожигдоод, тэр цочролоосоо гарахгүй явсаар хүрэл медалиа алдсан. Алтан медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Хүн алдаанаасаа суралцдаг хойно үүнээс ухаарал аваад 2024 оны олимпод том амжилт гаргана даа. Их үнэтэй сургамж болсон. 

Хөгжлийн бэрхшээлтэй гээд гэртээ байдаг ч юм уу, ямар нэг бие эрхтний дутагдлаасаа ичиж, үеийн хүүхдүүдтэйгээ харилцаж, найзалж нөхөрлөхөөс санаа зовсондоо гадуур явдаггүй залуус байгаа бол нийгмийн амьдралд аль болох оролцоорой гэж хэлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэгтээ баригдалгүй, мартаад зорилгынхоо төлөө явах нь чухал. Гэртээ бүгж л болохгүй. Ер нь хүмүүс тэр хүнийг харах гэхээс илүү тухайн хүн өөрийгөө хэрхэн харж байгаа нь илүү чухал гэж би боддог. Энэ залуу ирээдүйнхээ төлөө ингэж хөдөлмөрлөж байна, ийм зүйл хийж байна гээд харвал аяндаа л хүндэлнэ шүү дээ, хөгжлийн бэрхшээлтэй ч, бэрхшээлгүй ч, хэн бүхний хувьд адилхан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд ялгаварлах, ер нь бусдад ялгавартай хандах нь тухайн хувь хүний хүмүүжил, ёс суртахуун хэр байгааг харуулж байгаа хэрэг. 

С.Ядамдорж 

Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин 

Багадаа бие бялдрын хөгжил тааруу, туниа муутай, үеийнхнээсээ жижигхэн хүүхэд байлаа. Тийм болохоор, би болоод үеийн хүүхдүүдийн дунд үүссэн тэр заагийг ойртуулъя гэж бодож анх хичээллэж эхэлсэн юм. 2018 онд хичээллэж эхлээд спортдоо дурлаж, удалгүй Туркт болсон насанд хүрэгчдийн тэмцээнээс медаль хүртэж билээ. Тэмцээн уралдаанд түрүүлж, амжилт гаргаад ирэхээр улам л дурлаж байгаа юм чинь. 

Харааны бэрхшээлтэй учраас гэрийнхэн маань ямар нэг спортоор хичээллүүлье гэдэггүй байсан. Одоо бол их дэмждэг. Олимпын наадмын үеэр, оролцож байгаа тамирчдыг хараад биширсэн шүү. Нэг хөлтэй мөртлөө гүйж байгааг хүнийг хараад бишрэлгүй яах вэ. Тэр хүн өөрийгөө ялчихсан гэсэн үг шүү дээ. Пара спортын тамирчид энгийн тамирчдаас их хүч чадал, тэсвэр тэвчээр гаргадаг учраас илүү л бахархмаар санагддаг юм.  

Биднийг бусадтай адил амьдруулах тухай ярьж байгаа ч “хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг үгээрээ нийгмээс тусгаарлаад байдаг. Тодотгоод байгаа нь буруу санагддаг юм. Гэхдээ хүмүүсийн хүлээж авах байдал өөрчлөгдөж, залуус соёлжиж байна. Өмнөх үеийн тамирчид маань “Бид нарыг анх хичээллэж байхад хавьгүй хүнд байсан” гэж ярьдаг. 

Өөрийгөө харааны бэрхшээлтэй гээд бусдаас дутуу гэж ер боддоггүй. Хүссэн номоо өөрөө уншчихаж чадаж байна шүү дээ. Үзэх, сурах зүйл их байна. Дөрвөн жилийн өмнөх Ядамдорж, одоогийн Ядамдорж хоёрыг харьцуулаад харахад газар тэнгэр шиг ялгаатай. Энэ спортоороо хичээллэж эхлэхээс өмнө хилийн дээс ч алхаж үзээгүй байлаа. Хүн өөрийнхөө итгэл үнэмшлийг дагаад, хүссэн замаараа замнаж амьдрах л аз жаргал гэж боддог. Нэг зүйлээрээ дагнаад, шантрахгүй хичээвэл үр дүн заавал гарна шүү дээ. Он гараад ДАШТ, Азийн наадам болно. Урьд нь 60кг-д барилддаг байсан бол ирэх жил жин өгсөж барилдана.

МУБИС-ийг биеийн тамирын багш, дасгалжуулагч чиглэлээр төгссөн, одоо тэндээ мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалах гэж байна. Дипломын ажлаа пара спортынхоо сэдвээр бичиж байгаа. Манайд пара спорт нэлээн хожуу хөгжиж эхэлсэн болоод ч тэр үү орчин нь бүрдээгүй. Паралимпын ордон гэх мэт тусгай барилга байгууламж байхгүй, нарийн мэргэжлийн дасгалжуулагч, мэргэжилтэн тун дулимаг. Иймд энэ чиглэлээр ажиллаж, энэ байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй. 

З.Ганбаатар 

Пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин 

2008 онд Бүх ард түмний спортын наадамд санаандгүй явж байгаад оролцсон юм. Тэр наадмаас хүрэл медаль авахад гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр, Л.Ундралбат хоёр “Чамд авьяас байна. Хичээллэж байгаагүй хэр нь ингэж медаль авна гэдэг тэр болгон тохиодог зүйл биш” гээд дасгалжуулах санал тавьсан. Буудлагын спортоор хичээллэх болсон минь эндээс эхтэй. Оролцсон анхны олон улсын тэмцээн Гаунжоугийн наадам байлаа. Бэртэл гэмтэлтэй, суугаа хүн гадаадад тэмцээн уралдаанд оролцож байна гэхээр тухайн үедээ итгэмээргүй санагдаж байсан шүү. 2011 онд Дубайд болсон Дэлхийн наадмаас анхны олон улсын тэмцээний медалиа (мөнгөн медаль) хүртсэн. Өдгөө тасралтгүй 10 гаруй жил хичээллэж, гурван Азийн наадам, хоёр олимпод оролцоод байна. 

Спорт надад тэсвэр хатуужил суулгасан. Спорт хүнд шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй, нэн ялангуяа тулгуур эрхтний бэрхшээлтэй хүнд хүндрэл их. Орц гарц, 00 гээд л стандарт хангагдаагүй асуудал хаа сайгүй тулгардаг. Тэргэнцэртэй тамирчин урьд нь бараг байгаагүй болохоор арваад жил ганцаараа шахам л байсан. Би бэлтгэлээ хийх гэж Баянхошуугаас Улаанхуаран хүртэл явдаг. Заримдаа ч ингэж явах хэрэг байна уу гэж өөрөөсөө асуух үе байсан ч даваад гарсан. Бэлтгэл сургуулилт хангалттай хийгээд, тэмцээн уралдаанаас шагнал авсны дараа хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөх хамгийн сайхан мэдрэмж. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хүн өөрийнхөө зорилгыг улам бататгаж, урам зориг авч байна гэсэн үг. 

Заавал тамирчин ч гэлтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмд хүлээж авах байдал нэлээд өөрчлөгдсөн. Би 2002 онд аваарт орж гэмтээд суугаа болсон юм. Эхэндээ хүн болгон л над руу эргэж хараад байх шиг санагддаг байлаа. Залуухан ч байсан даа. Сэтгэл ч дагаад тэгсэн байх, угаасаа ч ер нь тиймэрхүү л байсан юм чинь. Тэр үед бараг хаана ч налуу зам байгаагүй, дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээ бүгд л бидэнд хаалттай байсан гэж хэлж болно. Одоо бол нэг үеэ бодоход өөр болж. Зогсоол, 00 гээд л дэд бүтцийн асуудал сайжирч байна. Дэд бүтэц сайжрахаар аяндаа нийгмийн орорлцоо нэмэгдэнэ. Тэр үед сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн цөөн байсан бол одоо бараг бүгд сургуульд сурч байна. Мэдээж бид чинь нэг нэгнээ харж урам авна. Өөрийгөө энэ тал дээр үлгэр дуурайл болж, хэвшмэл ойлголт өөрчлөгдөхөд дусал ч гэсэн нэмэр болсон болов уу гэж итгэж явдаг. 

Өвчин хэлж биш хийсэж ирдэг, хэн ч таашгүй. Надад тохиолдсон шиг зүйл болохоос сэргийлж, бүгд бүсээ зүүж яваарай гэж захья. Мэдээж, спорт гэдэг бие эрхтний гэмтэлтэй, гэмтэлгүй бүх л хүнд хэрэгтэй учраас спортоор хичээллэж, дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй. Пара спортоор хичээллэх сонирхолтой хүн байвал бидэнтэй холбогдоод ирээд шалгуулж болно. Бид үргэлж л шинэ хүмүүс элсүүлэхээр эрж хайж байдаг. 

Н.Алтанцэцэг

Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин  

2009 онд анхныхаа УАШТ-д орж байлаа. Аав маань их дэмждэг байсан учир аавынхаа нэрийг гаргахыг л их хүснэ. Эхэндээ тэмцээн уралдаанд хувийнхаа зардлаар ордог, тун амаргүй байсан. Спорт намайг хатуужуулсан даа. Одоо эргээд санахад, спортоор хичээллэхээс өмнө сэтгэлийн хат тэвчээр гэж юм надад ер байгаагүй шиг санагддаг. Би ийм тийм гээд л өөрийгөө гоочилно. Анх Улаанбаатарт ирээд Хараагүйчүүдийн үндэсний холбоонд элсэхэд нүд нээгдсэн шүү. Би харааны бэрхшээлтэй ч гэсэн тодорхой хэмжээгээр хардаг, гэтэл таг хараагүй хүн ингэж биеэ авч явж, хөдөлмөрлөж чадаж байна шүү дээ гэж бишрэн, урам зориг авч, “Эд маань ингэж нийгмийн амьдралд оролцож, ийм сайхан, идэвхтэй амьдарч байхад би юундаа шантраад байгаа юм” гэж бодсон. Төрөлх байдал минь л ийм юм чинь эвгүйрхэж эмзэглээд байх зүйлгүй. 

Дэлхийн цомын тэмцээнд явах гэж байгаад хөлөө бэртээгээд хэсэг спортоосоо бүр холдчихсон байж байгаад 2013 онд Азийн наадамд явах эрх авч, улмаар Азийн аварга болж байлаа. Олимпын наадамд оролцох гайхалтай. Найман тэрбум хүнээс шилэгдэж гарч ирсэн тамирчидтай зэрэгцэнэ гэдэг ховорхон мэдрэмж, зол завшаан. Одоо бол ирэх жилийн Азийн наадам, ДАШТ-дээ бэлдэж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл хүмүүстэй адилхан л зүрх сэтгэлтэй гэдгийг сануулж хэлэхийг хүсдэг. Гадуур ялгаварлан гадуурхах үзэгдэл маш их. Жишээ нь дэлгүүрт ороод үнэ асуухаар “Бичээтэй байгаа шүү дээ, уншаач” гээд хэлж өгөхгүй байх нь олонтоо. Хүмүүсийг ялгаварлалгүй, эрх тэгш үйлчилж байгаач ээ гэж хэлье. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.