Гурван сарын хугацаанд дөчин мянган удаа Дарь эхийн тарни унших гэрийн даалгавартай бүсгүйчүүлийн тухай нэгтээ уншсан юм. 108 удаа аялгуулан уншсан бичлэгийн хугацаагаар тооцож үзвээс өдөрт зургаан цаг зарцуулбал арав арай хүрэхгүй хоногт ард нь гарах тоо ажээ. Барахгүй даваа гэдэг нь илт тул өдөрт нэг цаг хэмээн зориглобоос жил тойрохоор. Аль эрт бурхан зүг одсон буурал өвөөгөөс үлдсэн эрхи гэрт байх, хэрэг болгож цүнхлэв. Ингээд Дарь эхийн тарни уншин гэгээрлийн мөр хөөе гэтэл л гурав хонохгүй бууж өглөө дөө. Тарнийн нарийн учрыг орхиод, сүсэг гэх харь мэдрэмжийг ч огоороод тооны араас хөөцөлдөж буй хэрэг шүү дээ. Тарниа шивнэхээ мартаад түмэн бодолд живж, эрхиэ хий эргүүлж суухыг яана. Нэг бодлоос нөгөө бодол руу шилжих хурд минь гэрлийн эс гэхэд дууны хурдтай тэнцэх вий. Бодлоо цөөлөх, үгээ танах, унших, үзэх, харахаа багасгахаас нааш амаргүй даалгавар ажээ. Уул нь яаж ийгээд уншсаны ард бодол хэдийнээ цэгцэрсэн байж мэдэх л.
Түүний дараахан Тайландад Будда дор нь сууж гэгээрсэн бодь модыг бэлгэдсэн төмөр навчийг худалдаж аваад хүслээ бичиж өлгөдөг тухай уншив. Ноднинг оролцуулан тоолбол сүүлийн 24 жилд тус улсад нэг сая дөрвөн зуун мянга гаруй жуулчин очжээ. Тэдний хэд нь ч мөнөөх навчинд хүслээ шивнэсэн юм, түүн дунд Будда мэт гэгээрэх сэн гэх хүсэл бий болов уу, бодь модны навч шүү дээ. Заавал Тайланд орох хэрэг ч алга, монголоор нэг байх хүслийн хад, уул, мод, шонгуудын нэгэнд шивнэх хүсэл минь даян дэлхийн энх тайван лав биш байж таарна. Жаргах гэхээр л дутаад болж өгдөггүй хүслийн жагсаалт хэчнээн урт вэ?
Мөнөөх Буддагийн сургаалаар бол тоостын орчлон бүхэлдээ зовлонгоос бүтдэг гэнэм. Зовлон нь хүсэл шуналаас үүддэг гэнэм. Хүсэл шунал гэгчийн орогнох овоохой нь сэтгэл гэнэм. Тэрхүү зовлонг гэтлэх, нарийндаа сэтгэлээ номхотгох гэх хүний тэмүүлэл, арга хэчнээн олон хувилбартай билээ дээ. Тэр хувилбарууд зөвхөн буддизм байж таарахгүй. Хүн төрөлхтний гэм нүглийн төлөө загалмайд цовдлуулсан Есүсийн сургаалд ч дээш үсчих оч адил зовлонгийн төлөө л хүн төрдөг гэх юм. Зовлонг түргэн урсгалт гол хэмээн төсөөлбөөс амь наана, там цаана урсаж яваа зовлонтны зүг мөчрөө сунгасан модыг ямар гэдгийг анзаарах сөхөө байх уу даа, зуураад авахыг л хүснэ. Амьд үлдсэн хойноо ачлалт түүнийгээ ажвал ямаршуухан эд байсан юм бол? Чухам тэр мөчир хийгээд зуурагчийн түүхийг та одоо унших гэж байна. Тэд нэрээ, дүрсээ ил гаргахыг зөвшөөрсөн хэдий ч би төвдөхгүй л. Угтан ирэх өдрүүдэд хэнтэй учирч, яаж амьдрахаа хэн чиг л мэдэхгүй атал тэр замд нь тээг болж мэдэх хувийн түүхийг нь дэлгэж буй учраас тэр. Урьдчилан өгөх мэдээлэл гэвэл 40 гаруй насны эмэгтэйчүүд. Хүний зайлшгүй, наад захын хэрэгцээний тухай Маслоу тэргүүтний онолоор материаллаг болон оюун санааны хэрэгцээ хүн төрөлхтөнд байх агаад түүнийг нь хангах нийгэм бүтээх ёстой. Хязгааргүй хэрэгцээг хэрхэн хангах вэ гэж тал талд толгойгоо гашилгаж байх зуурт эдгээр хэрэгцээг үл хэрэгсэж, сэтгэлийнхээ учрыг л олох, олоод амар амгаланд уусах санаалаг зорилгын төлөө бэдрэх хүмүүн байх л.
Сэвхэт борыгоо унаарай, хө
Сэтгэл байвал эргээрэй дээ.
Баруун аймгийн аялгуугаар дуулсан “Сэвхэт бор” хэмээх дуу бий. “Сэтгэл байвал эргээрэй дээ” хэмээх мөрийн цаана сэтгэл нь намайг л гээсэй хэмээх горь тэмтрэгдэнэ. Ийм горь тээн харуулдсаар хожмоо сэтгэл нь ч хэрэггүй, сэтгэл нь байлаа чиг эргэж буцах шаардлага үгүй төгсгөл цэгт тулсан эмэгтэйг "А" гэе. Тэр хэдэн жилийн хойдод сахил хүртэн ани болох төлөвлөгөөтэй. Ани эсхүл гэцэлмаа болох гэдэг нь энгийн хувцсаа номынхоор сольж, амьтны амь эс таслах, ариун бусыг үл үйлдэх тэргүүтэй 36 сахил хүртэхийг хэлэх ажээ. Гэцэлмаагаас цааш 300 гаруй төрлийн сахилыг сахидаг эмэгтэйчүүдийг “гэлэнмаа” хэмээнэ. Орчлонг огоорохын нэр ч байж магад. “А”-ын шалтгаан юу юм бол? Хуваалцсан түүхээс нь амьдралыг нь таамаглая л даа.
Амьдрал гээч нь урд цэлийгээд л, ирээдүй цаг нь уужим, итгэл найдвар нь шинэхэн байх тэр цагт нэгэн залуутай учирч, нэг хөнжилд багтаж, нэг дээвэртээ цуглаж, ижий-аав гэх хоршоо үгийн эзэд болжээ. Гал халуунаар дурлалцсан байж таарна, залуу явсан юм чинь дээ. Хань минь, эр минь, үрсийн минь эцэг гэсээр хорин жил өнгөрчээ. Хэдий тийм ч тэрхүү хорин жилийнх нь талд хөнжлөө бүлээцүүлсэнгүй. Орны дэвсгэр даавуу амрагийн цэнгэлд толботсонгүй. Хөнжил нь ямар хийц, хээтэйг би мэдэхгүй. Хорин жилийн тал гэдэг нь хэчнээн шөнө болохыг ч тооцохгүй. Тэр зуурт бүсгүй эр нөхрөө хайрлаад, харуулдаад, шаналж гомдоод, уучлаад дуусчихжээ. Хэн нэгнийг гэх тэмүүлэл барагдахтай хамт хүлээхээ ч больдог биз. Хаа нэг бороо, цастай, бүрхэг өдрүүдэд л харин амандаа гэнгэнэнэ. Эхэндээ бол ч “Сэвхэт борыгоо унаарай даа, сэтгэл байвал эргээрэй дээ, хөндий дундуур манантай байна, хөөрхий намайгаа эргээрэй дээ” хэмээн гэнгэнэдэг сэн. Сүүлдээ бол ч “Арын ногоо хөөрхий, алаглаад байна аа хө, аашийг нь бодохоор хөөрхий, өрөвдөөд байна аа хө”. Хааяа нэг аашийг нь бодохоороо өрөвдөх мэт болоо юм болов уу?. Харин хэнийг вэ? Түүнийг юм болов уу? Урваж яваа сургийг нь өвөртлөөд нулимсаараа гэтэлдэг урт урт шөнүүд дэх өөрийгөө юм болов уу? Арван жил эмийн жаргал амссангүй ээ. Хэдий тийм ч анх нийлэхдээ амласан үгэндээ багтаж амьдрая гэж эрс шийдсэн биз. Шийдсэнээ өөрөө ч анзаараагүй биз. Илүү харсангүй, эмийн жаргал хөөсөнгүй. Хэдий "эр нь биш" болсон ч нөхөртөө цайныхаа дээжийг бариад, цагаан сараар дээлийг нь зэхээ юм болов уу. "За, хүүхдүүд минь хөл нь дөрөөнд, гар ганзганд хүрэг" гэж бодоо болов уу. Эхлээд ингэж бодсон бол яваандаа дөрөөгөө жийгээд, ганзгаа дайгаад аяндаа гараг, гараад бүүр буцаж ирэг! хэмээн товоо хойшлуулаа болов уу. “Бүтэлгүй дурлалын үр сад минь элэг бүтэн өсөг дөө! Эцэгтэйгээ байг дээ! Ээж би илүү юунд тэлчлэх...” гээ юм болов уу. Хаа нэг сэтгэл хоёрдуулсан учрал тохиох ч сэтгэл нь эргээд л байдгийнхаа баруун хаяанд очно. Тийм мөчүүддээ өөрийгөө харин ч нэг зүхнэ дээ. Тэрхүү зүхэл дундаас олсон найдвар нь үсээ хусч, эрх эргүүлж, маань уншиж, бодол нь гагц нинж төлөвт шилжих тэр мөч. Салах товоо хойшлуулсаар асан нь хэчнээн ч удаагийн юм цөхрөлийн эцэст сахил хүртэх товоо хойшлуулах болон өөрчлөгджээ.
Түүний энэхүү шийдвэрийг анх сонсоод сахил авахгүйгээр амьдралаас олж болох жаргалын тухай, цаг хугацаанд найдах тухай, өөр хайр дурлал хайх талаар ч зөвлөв. “Салаач, наадхаасаа! Би л бол тэвчиж чадахгүй. Ганц амьдрах хорвоо биз дээ?” хэмээн хайр найргүй зэмлэсэн удаа ч бий. Гэхдээ сүүлд түүнийг юунаас харамлаад байгаагаа ойлгов оо. Нэгдүгээрт, түүний үзлээр бол бид ганц амьдрахгүй. Хүмүүн гээч нь тоолшгүй олон төрөл авч, тэр тоолон хүсэл, шуналынхаа боол болдог л. Хоёрдугаарт, хэн нэгнийг хүсэл, шуналаасаа ангижрах, зовлонгийнхоо эх үндсийг таслахаас харамлаж ер нь болох уу даа? Тэгээд ч үлдээх гээд буй энэ эгэл амьдрал маань тийм хүсүүштэй сайхан зүйл мөн ч юм уу даа. Магадгүй уншигч та “Сэтгэлийн зовлон буй юм бол сэтгэл зүйчид л очно биз дээ?” эсвэл “Салаад өөр эртэй л нийлнэ биз дээ?” хэмээн бодож болох юм. Гэхдээ очоогүй гэдгийг нь яаж мэдэж байгаа билээ?. Сэтгэлийн бүх асуудлыг тун шинжлэх ухаанчаар шийдэх боломж бий бил үү? Хараахан тэр түвшиндээ тултал хөгжөөгүй байх аа, ер магад!.
Хэдий “А”-ын түүх ийм ч буддизмаар хатуу замнаж буй бүх хүний шалтгаан тийм бус. Яагаад? гэх асуулт тавихдаа л урьдчилан таамагласан ахуйн зовлон, магад “А”-тай адил түүх ярихыг нь хүлээх өрөөсгөл. Анхлан би яг таг хатуу сахил хүртсэн эмэгтэйтэй л ярилцмаар байлаа. Миний төсөөллөөр бол тэд халзан, үс зүс, хумс хуруу нь будаггүй, улаан шар хувцастай байлаа. Тэгээд зогсохгүй сэтгэл шимширч, нулимс урсам түүхийн эзэн мөртлөө эв энгийн, дав даруу амьдарч байх ёстой. Хясахад ганц нэг нь миний төсөөлөлд яв цав таарч болох ч үлдэх 99 нь ер таарахгүй байхыг яана! Өрөө дүүрэн зул, лаатай хэрнээ асаах ганц ч шүдэнз үгүй нэгэнтэй таарахдаа үнэмшил буурсан удаатай. Яваандаа шалтгаан, үзэгдэх хэлбэр тийм ч чухал бус гэдгийг анзаарч эхэллээ. Монголын буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбооны тэргүүн Ч.Гүнзээ “Буддын эмэгтэйчүүдийн өв уламжлал” номоо бичихдээ монгол, гадаад 1000 гаруй буддист эмэгтэйчүүдийн түүхтэй танилцжээ. Тэрхүү мянган эмэгтэйн буддизмын мөр хөөсөн замнал ижилхэн байх боломжгүй, тэр нь ч эл номд бий. Ч.Гүнзээ бээр хэлэхдээ “Хүн зовж, шаналсан үедээ л бурхны шашинтай амьдралаа холбодог гэдгийг би үгүйсгэдэг. Гэвч хүнд урьд насны эсхүл энэ насны үрээс үүдсэн салж өгөхгүй хэцүү мэдрэмж олон. Үүнд нэмэгдэн эмэгтэй хүн арай онцлогтой. Хүүхэд төрүүлж нэг үзнэ, өсгөж нэг үзнэ, үр хүүхэд, хань ижлээ алдаж, хагацаж нэг үзнэ. Амьдралтай зууралдах хүлээс олонтой. Ирээдүйд яана аа? гэх сэтгэл зовнил нь ч их. Сэтгэл, бие махбод нь тун мэдрэг учраас сэтгэлийн бэрхшээлтэй илүү тулгарч, тэр бүрийдээ шантардаг шиг. Тэр мэдрэмж өөрөө зовлон. Эд бүгдээсээ гэтлэх гэж оролдох замдаа их юм үзэж, туулна. Тийм үед сэтгэлээ уудалчих ганц газар нь сүм хийд. Амьдралд шантрах үед хамгийн ариун газар сүм. Тэнд л очвол сэтгэлийн амар амгаланг олно гэх эцсийн найдвар бүгдэд бий” хэмээсэн юм.
- Алтан гинжийг таслах тун!
- Юугаар?
“А”-ын тухай үргэлжлүүлэн ярилцъя. Түүнд өмнө дурдсанчлан эр нөхрийн шалтгаант сэтгэлийн зовлон бий. Нэмэгдэн “сэтгэл гутрал” хэмээх дахин нэг зовлон бий. Өнгөц харахад нөхөр нь эргээд хайрлахад л шийдэгдчих мэт. Гэвч бас ч үгүй ажээ. Ужиг гутралыг өдөөгч нь л хосын хэрүүл, маргаан, хүйтэн хөндий харилцаа болохоос шалтгаан нь яг ч биш. Тэр зарим өдөр тэнгэрт дүүлж явна, зарим өдөр газарт мөлхөж явна. Газар, тэнгэрийн дунд “хэвийн” алхаж явах мөч цөөн. Хайр, магтаал дутаж удсан хүний шинж ч юм уу, үргэлж өөрийгөө бодит байдлаас дутуу үнэлнэ. Орчлон бүхлээрээ чамайг л тойрч эргэлдэж буй мэт өдрүүд хаа нэг тохиож л байдаг, гэвч тийм нэг өдөр нь түүнийг тойрч эргэлдюү гэтэл “Энэ үнэн үү? Нээрэн би үүнийг хүртэх эрхтэй гэж үү?” хэмээн уйлж билээ. Сүүлийн жил харин “А” улам улмаа эдгэрч, удаан жилийн гутралын ард нууж орхисон үнэн төрхөө харуулах нь олшров. Нээрэн тэр минь ийм хүн шүү дээ. Юу туслав аа гэвээс түүний сүсэг бишрэл, өөртөө нээсэн зам мөр нь.
Зарим өглөө орноосоо босмооргүй, амьдармааргүй байсан гэх?
Арван жилд байхаасаа л тийм мэдрэмжтэй байлаа. Манайх ядуу, хойд аав архи уухаараа ээжийг зоддог тийм л амьдралтай, түүндээ би дургүй. Оюутан болсон хойноо амиа хорлох гээд эм уух үед ээж минь аманд сүү цутгаж, амьдралд үлдээж байлаа. Амиа хорлох шийдвэрийн бодит шалтгаан гэвэл мөнгө байх аа, өдөр бүр багш нэр цохож төлбөр нэхнэ, төлж чаддаггүй байлаа. Өөр гүний шалтгаан ч өдөөсөн байхаа магад. Олон жилийн турш өглөө сэрээд үхэх сэн, зүрх зогсчхоосой гэж бодно. Тэр агшин их хэцүү. Учир нь амиа хорлож чадахгүй. Амьдралд дурлах шалтгаан дэндүү олон шүү дээ гэж хоргодно. Нартай бороо, борооны дараах солонго гээд гоё агшин хэчнээн их билээ дээ. Ээж болсны дараачаас үрдээ хоргодох нь хамгийн том шалтгаан болов.
Амьдрах ёстой шалтгаан ч, нөхрөөсөө салаагүй шалтгаан ч үр тань?
Нөхөртэйгээ суусан шалтгаан ч хүүхэд. Өнчин өссөн гэж хэлсэн дээ, өнчин мэдрэмж үнэхээр хэцүү шүү. “Миний нөхөр хүүхдээ битгий орхиосой” гэж хүсдэг байлаа. Хэзээ ч хүүхдээ орхихгүй характертай хүн мэт бат итгэл төрж, тэгээд л гэрлэсэн дээ. Хүүхэд өнчин өсч болохгүй л гэж боддог.
Өнгөрсөн дэх сэтгэлийн шарх, гутралаасаа салахад сүсэг бишрэл тань хэрхэн, яаж нөлөөлөв өө?
Яахаа мэдэхгүй удаан явав, ямар ч байсан бясалгах хэрэгтэй гэж бодсон учраас эрж хайж яваад, випашянаг олж суув, 10 хоногийн бясалгал дууссан өглөө амьдрал гэдэг чинь нээрэн ийм сайхан зүйл билүү? гэж бодож билээ. Нэмээд “Агнистын гэгээ” цуврал, Шантидэва гэгээний “Гэгээрлийн хөтөч” номууд харанхуй сэтгэлд минь гэрэл татуулсан юм. Ер нь сэтгэл гутралаасаа салахад Буддизмын бүх зүйл чамаас шалтгаална, чиний сэтгэлээс үүднэ гэх философи их нөлөөлсөн. Хүн л хойно гомдож, шаналдаг маань хэвээрээ. Гэвч түүнийг өмнөх шиг хүндээр биш хамаагүй хөнгөн хүлээж авдаг болсон доо. Мэдээж үйлийн үрийн тухай ойлголтыг дурдах ёстой. Урьд насны үйлийн үрээсээ салж, дараа төрөлдөө ариун номтой ойрхон амьдрах сан, түүний төлөө өөр рүүгээ улам гүн орохыг хичээх ёстой гэж боддог. Өөр рүүгээ хандах тусам гомдоллох шалтаг, шалтгаан багасдаг юм шиг санагддаг.
Хүний сүсэг, итгэл үнэмшлээс үр дүн асуух эвгүй л байна. Гэхдээ буддизм танд хамгийн чухал нь яг юу өгсөн бэ? Нигүүлсэл?
Зөндөө зүйл өгсөн дөө. Сэтгэл гутралаас салахад 100 хувь нөлөөлсөн гэж хэлнэ. Нигүүлсэл бол одоохондоо надад арай томдох ойлголт байна. Хүнд гомдохгүй, өөртөө амгалан оршиж чаддаг болж эхэлсэн нь том ололт юм. Хүн л болсон хойно атаархах, өсөрхөх зэргийн сөрөг мэдрэмжүүд надад байсан л байх, өнөөгийн оршихуйгаар тэр мэдрэмжүүдийг ор тас гээсэн. Өмнө нь бөөн тээг болж харагддаг бүхэн одоо огт өөр, шууд л орхидог. Өөрийнхөө сэтгэлдээ төвлөрч, ажиглаад амгалан байхаар эргэн тойрон аандаа гэрэлтээд, ойр тойрныхондоо чадах хэрээрээ гэгээ түгээх гэж оролддог, тэр нь амьсгалахтай адил жамын зүйл болдог юм уу даа.
Дуртай сургаалаасаа хуваалцаач?
Өөрөө өөртөө гэрэл бол!. Энэ эшлэл “Агнистын гэгээ”-д гардаг юм. Буддаг биеэ орхихын өмнөхөн шавь Ананд нь түүний хөлд сөхөрч, цурхиртал уйлангаа “Таныг орхин одохоор би эргээд л түнэр харанхуйд унана шүү дээ” гэж гэнэ. Будда хариуд нь “Би чиний гэрэл гэгээ биш. Чамд өөрт чинь гэрэл байгаа. Зоригтой бай! Өөрөө өөртөө гэрэл бол!” гэж хэлсэн гэдэг.
Буддизмын үүднээс сэтгэл гутралыг юу гэж үздэг юм бол хэмээн сонирхвоос яруу найрагч, лам Б.Одгэрэл “Бурхны шашинд эгэл хүмүүн бидний сэтгэл хэмээгч нь хөөрөл, догшрол хэмээх хоёр туйл руу савчдаг гэж үздэг. Бүгдэд ийм савлагаа бий ч далайц нь бага, харин сэтгэл гутралд орсон хүмүүсийнх мэдэгдэм их. Товчхондоо бодит байдлыг хэтрүүлэн үнэлж, дөвийлгөх үзэл, хандлагаас болж хөөрөл, догшролын савчаан дунд амьдардаг. Зовлонгийн, тэр дундаа сэтгэл гутралын шалтгаан бидний дотор оршиж, үр дүн нь гадна талд илрэх бөгөөд тэрхүү шалтгааныг тасалбал гадаад, дотоод бүх зовлонгийн үр дагаврыг хорих юм” хэмээв. Үргэлжлүүлэн тэрээр “Сэтгэл гутралтай хүмүүс өөртөө цаг гаргахгүйгээр түүнээс тийм амар салахгүй. Хүн бүрт тохирох шалгарсан ганц арга гэж үгүй. Тохирох бясалгалын аргаар, миний зөвлөхөөр бол Минжүүр ринбүүчийн бясалгалын аргаар эхний ээлжинд сэтгэлээ намжааж аваад, аажуухан бие, сэтгэлийг хамтад нь эмчлэх хэрэгтэй. Ер нь их шамдал, цаг хугацаа хэрэгтэй” гэх бол “Эрдэнэзуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Сэтгэл хөдлөл өндөр байх тусам зовлон ихэсдэг. Амархан баясч, гуньж, айх зэрэг бол сэтгэлийн савлагаанууд. Бясалгал хийнэ гэдэг дүүжин шиг савлаж буй сэтгэл хөдлөлийг луужин шиг тогтоон барьж байгаа хэрэг” гэлээ.
Ханилж суугаад хагацсан дор бол
Харийн танихгүй нь ч дээр үү дээ.
“Миний бага, өсвөр, залуу нас тэр чигтээ сэтгэл гутралаар дүүрэн байжээ” хэмээн өгүүлэх бүсгүйг "Б" хэмээн нэрийдье. Зүрхнийхээ багтаамжийн хэрээр ахуйн буулганд дарагдаа юу гэмээр амьдрал туулсан энэ бүсгүй ингэж хэлэхдээ санаа алдсан болов уу, харц нь ямар байсан бол гэж хааяа хааяа бодох боллоо. Хараагүй юм аа, зүрхшээгээд л тэр.
“Аав нь архины хамааралтай айлын том хүүхдийн ачаа их. Багаасаа л шил, яс түүн тушаах, элсэн чихрээр хийсэн модтой чихрээ зарах, дүү нараа харах гээд тоглох ч завгүй. Үүндээ тэгтлээ гунихгүй л дээ. Харин ангийн багш надад дургүй, аавыг архичин гэж ангиар нэг зарлах нь, есдүгээр сарын нэгэнд хуучин гуталтай ирдэг ганц хүүхэд гээд дургүйцэх нь л хүүхэд насыг минь сэтгэл гутралтай болгосон санагддаг. Арай жаахан томроод ажилд орж болохуйц насандаа ирээд ажилд орлоо. Өсвөр, идэр залуу насандаа сэтгэлээр унаж, гутарч явах шалтгаантайгаа учрах эхлэл энэ байв. Учир нь тэнд би анхны хайртайгаа учирсан юм. Бид маш дотно. Арван жилээ төгсөх үедээ хэзээ язааны улс боллоо. Хүсч дурласан мэргэжлээрээ их сургуульд орсон ч удалгүй сургуулиа ч орхилоо. Ээж минь эрт тэтгэвэрт гарч, дүү нар минь нас бага, аав уусаар л, амьдрал тарчиг хэвээр, би ажил хийх ёстой шүү дээ. Анхны үрээ хэвлийдээ тээсэн хэдий ч түүний шаардлагаар эмнэлэгт биш олж өгсөн нэг эмчийн нь гэрт хөндүүллээ. Миний амьдралын хамгийн харанхуй, хүйтэн дурсамж энэ. Энэ үеэс өмнө бол хэдий хэцүү амьдралтай ч гэрэл гэгээ дүүрэн охин явсан юм. Түүнээс хойш шашны тухай, хүний тухай, хайрын тухай, мөнгөний тухай, гэгээн амьдрал байдаг тухай сөрөг бодолтой болсон юм. Зургаан жил үерхсэний эцэст ингээд саллаа. Түүний ар гэрийнхэнд болоод ирээдүйн зорилго, мөрөөдөлд нь би, манайх тэнцээгүй хэрэг л дээ. Аав архи уугаад зогсохгүй хүүтэй мөнгө зээлчихдэг болохоор өр ширтэй, үр хөндүүлсэн, нөгөө залуугаасаа салсан, бие тааруу, бүүр үсэрч үхэхээр шийдээд, байшингийн дээвэрт зогсож үзлээ. Ийм хүнд найз нөхөд ч үлддэггүй юм билээ. Аргаа барж, ганцаардсан хэдэн жилийн дараа Христийн цуглаанд очсон юм. Цуглаанд урьсан хүмүүсийн найрсаг зан нөлөөлөөд цуглаанд яваад байгаа хэрнээ хоосон зүрхтэй хэвээрээ л. Нэг Ням гарагийн цуглаанаар " ...эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ! Бүгд Над руу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн..." гэж сонссон. Энэ үгийг сонсоод л зөв юм хийжээ, зөв газар иржээ гэж анх удаа бодов. Тэгээд “Миний сэтгэлд амар тайван хэрэгтэй байжээ. Би ямар их ядарч байна аа... Ингэж амарч болох тухай хэлсэн өөр шашин надтай таараагүй юм байна. Гэтэл би яаж үхэх тухай бодож чадав аа?” гэж анх удаа өөрөөсөө асуусан...”
Анхнаасаа учраагүй болоосой! хэмээн сүүрс алдам учралтангууд байх. Ханилж суугаад хагацсан дор бол харийн танихгүй нь ч дээр үү дээ хэмээн дуурсах “Гавалмаа” хэмээх монгол ардын дуу сонсмоор болсон нь дээрх түүхээс болсон хэрэг. Нэгэнт учраад хагацсаны ард амьдралыг ер яажшуухан туулмаар, хар барааныг нь хэрхэн цайлгамаар ч юм бэ дээ. Түүнээс асууя.
Мэдээж Ням гарагийн цуглаанд сонссон ганц тэр үг таныг сэтгэл гутралаас гаргаагүй байх ?
Мэдээж. Түүний дараа Эрдэнэт рүү нэг сургалтад явсан юм аа. Вакуум орчинд, итгэмжит уур амьсгал дунд, чадварлаг сэтгэл зүйчээр удирдуулсан “Дотоод эдгэрэл”-ийн хичээл ордог юм. Тэр үеэр дотроо бугшсан хамгийн хэцүү зүйлсээ гаргаж хуваалцсан. Маш их уйлсан шүү. Хамгийн түрүүнд аавынхаа тухай бодож, туулсан амьдрал, өссөн орчинг нь эргэцүүлсний дүнд аавын минь бага нас л буруутай байж гэж дүгнээд, анх удаагаа аавдаа “хайртай шүү” гээд захидал бичиж үзэв. Цуглаанд явж эхлэхэд гэрийнхэн маань их хориглодог байлаа. Захидлын дараа ээж, аав эргэж ирээд, аавтайгаа эвлэрч билээ. Хүн зөвхөн өөртөө, тухайн цагт тохиолдсон зүйлсдээ л ач холбогдол өгөөд бусдыг анхаардаггүй юм байна гэж бодсон шүү.
Хэдий ард нь гарсан ч гэлээ үзэж, туулсан хэцүү зүйл хэзээ ч мартагдахгүй байх. Тийм үедээ яадаг вэ?
Хатуу хэцүүг туулж байх үедээ хүн найдах зүйл хайдаг. Тэр нь ямар нэг шашин, итгэл үнэмшил байх. Христ итгэлийн үнэт зүйл бол хувь хүний үнэ цэнийг маш сайн ойлгуулдаг. Өөрийнхөө үнэ цэнтэйг мэдсэн хүн л өөртөө тохирсон жороо олдог, жороо олчхоор юмс хөнгөрдөг юм шиг. Сэтгэлийн шарх сэдрэх үед жишээ нь, би оёх, зурах гээд гараараа ямар нэг зүйл хийх юм уу аялж, зураг авах дуртай. Эсвэл хүнтэй сайхан ярьж суудаг юм. Ер нь сэтгэлийн асуудлаа дотроо бугшуулж, бусдаас нуугаад байвал сэтгэл гутралд ордог юм шиг ээ. Болж өгвөл гадагшлуулж сурах хэрэгтэй. Манай гэрийнхэн багаас минь л “зовсон ч зовоогүй мэт яв” гэж сургадаг байсан. Энэ сургаал намайг лав их түгжсэн дээ. Одоо ээжтэйгээ их ярилцаж, гол нь ээжийг их яриулдаг, ээжийгээ надад ярингаа эдгэрээсэй гэж хүсдэг учраас.
Аав, анхны хайрт гээд эрэгтэй хүнээс их том шарх авчээ. Хожим тэднийг уучилсан уу?
Аав минь өөрийнхөө үүргийг хүүхэд гэлтгүй надад тохож, би ч ганцаараа тэвчиж, гүрийж, үүнийгээ ч зөвд тооцож явлаа. Анхны хайртайгаа учрахдаа амьдралд үүнээс өөр хайр байхгүй мэт туйлчилж хүлээж авсан шиг байгаа юм. Христ итгэлтэй болсноороо би бусдыг олон талаас нь харах тэнхээ суусан шиг санагддаг. Уучлал бол чиний хийх сонголт юм, эс уучлах нь чамд ямар нэг бурууг дагуулна. Уучлалд хүрэх зам бол тэр хүний төлөө залбирах юм гэх Христ итгэлийн зарчмыг их хүндэлдэг. Аавыгаа ч, нөгөө залууг ч маш сайн ойлгож, уучилсан даа. Олон жилийн дараа түүнтэй таараад уучилснаа хэлэхэд тэр намайг их уужим сэтгэлтэй гэж хэлж байсан шүү. Ямар ч мухар сүсэг, бас хүлээс байхгүй юм. Бас аврал гэдэг бол өөрөөсөө чөлөөлөгдөх юм гэж ойлгосон.
Эрэгтэй хүнд итгэхээ больсон байх аа?
Намайг цуглаанд анх урьсан хүн бол нөхөр минь. Анх ер итгэж өгөхгүй, бусад эрчүүдтэй яг адилхан гэж боддог байлаа. Гэрлэсний дараа ч муухай ханддаг байлаа. Аажим аажмаар нөхрийн минь амлалт намайг эдгээсэн юм. Христ итгэлтнүүд гэрлэхдээ номлогчийн өмнө ёсолж, Библи дээр гараа тавьж амлалт өгдөг юм. “Жаргасан ч зовсон ч ....бүхий л үеийг хамт туулна” гэж. Нөхөр минь энэ амлалтдаа яг таг хүрсэн дээ. Миний төлөө маш их зүйлээ зориулсан. Эд мөнгө яриагүй шүү, сэтгэл, тэвчээр, хүндлэл, халамжийг ярьж буй юм. Нөхөр маань орой бүр намайг сонсохын тулд дагуулж салхинд алхдаг юм. Эдгэрэхэд цаг хугацаа, тэвчээр их хэрэгтэй юм билээ.
Ингээд бодоход хайр гэж юу байх юм?
Хайр уу? Хариу нэхдэг сэтгэл лав биш. Өмнөх амьдралаа бодоход “хайртай шүү” гэж сонсоогүй өссөн. Одоо ч ээж минь “миний охион” гэж хэлсэнгүй энд хүрлээ. Эцэг эхээсээ энэ үгийг сонсоогүй хүн үнэ цэнийг нь мэддэггүй. Тийм болохоор хамгийн түрүүнд хайртай гэж хэлсэн хүнийг л үнэн гэж хүлээж авдаг, итгэдэг, догдолдог шиг. Өрөвдмөөр байгаа биз? Олонх итгэгч гэр бүлүүд хүүхдийнхээ нүд рүү харж “Хайртай” гэдэг үгийг хэлдэг. Энэ бол манайх шиг үндэстэнд сайн зүйл гэж би боддог. Библи дээр “Бурхан бол хайр. Тэр үүрдийн хайраар хайрласан билээ” гэсэн ишлэлүүд байдаг. “Хайраараа зүрхийг минь дүүргэж өгөөч” гэж ч залбирдаг. Учир нь өөрөө хайраар дүүрэн бол бусдыг хайрлаж чадна гэж үздэг.
Христ итгэл таныг ганцаардлаас гаргажээ дээ?
Христ итгэл бол миний бодлоор шашин биш итгэл үнэмшил юм. Хэнд ч, юу ч тулгадаггүй, цэвэр сонголт байдаг. Библийг унших бүрдээ хүний амьдралд тохиолдож болох бүх зүйлийг бичжээ гэж ухаардаг. Бидэнд тохиолддог л амьдрал, хууралт, завхайрал, хүчирхийлэл, аллага, өвчин эмгэг, хүний амьдралын мандал, буурал цөм бий. Тэндээс би бурхны нигүүлсэл, уучлал, хүний гэмшлийг харсан. Тэр бүгд миний амьдрах итгэл, гэмшил, уриалга, уучлал юм. Хамгийн чухал нь хүн ганцаараа биш, энэ дэлхийг бүтээсэн Бурхан байгаа, тэр Бурхан өнчирсөн сэтгэлтэй надтай хамт байж, хамт тэмцдэгт итгэдэг. Мөн Бурханд хандаж, өөрийн үгээрээ сэтгэл зүрхээ уудалж, залбирч болдог нь надад маш энгийн, сайхан байдаг. Би бурхныг ийм энгийнээр бодохдоо дуртай.
Өөрийн үгээр залбирах гэдэг нь?
Тарни, шившлэг бус өөрийнхөө бодож, санасан, хүссэн, илэрхийлмээр, ярилцмаар буй бүх зүйлээ санаа зовох зүйлгүй ярих юм даа. Яг л хүмүүс хоорондоо ярьж буй мэт л.
Та Библиэс дуртай эшлэлээсээ хуваалцаач?
Бурхан, бидний хоргодох газар ба хүч,
Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж. /Дуулал 46:1/ гэж энэ эшлэлд хамгаас дуртай.
“Б”-ийн түүх ийм байх нь ээ!. Мэдээж хэрэг сэтгэл гутрал бүрийн шалтгаан хүнээс, тодорхой үйл явдлаас хамааралтай биш, Христэд итгэгч бүрийн шалтгаан сэтгэлийн зовлон биш нь тодорхой. Гэвч анхны шалтгаан юугаас үл хамаарч хүн бүр л их, бага хэмжээгээр сэтгэлийн зовлон амсдаг нь тодорхой. Амьдрал шүү дээ. Энэ талаар өөр нэг итгэгч “Сэтгэлийн асуудлаа шийдэхийн тулд залбирна, магтуу дуулна, уйлна. Ням гараг болгон сүмдээ очдог болохоор ямар ч сэтгэлийн асуудлаа нэг их удаан тээж явдаггүй. Бас Бурхан гэж нэг дээд хүч байгаа гэх итгэл маань аливаа зүйлийг хэт хүндээр тусгаж авахгүй байхад дэм болдог. Ямар нэг асуудал байвал юунаас болоод энэ асуудал үүсэв, миний хүлээлт юу байв гэх талаас нь их боддог. Өөрийн хүлээлт, бодит байдал хоёрынхоо зөрүүг олчихвол л арга зам нь дандаа олддог. Энэ талаар ч Библид сургадаг.” хэмээв.
Сүсэг бишрэлд сэтгэл эмчлэх хүч бий юу?
Энэ хүртэл сүсэг бишрэлийнхээ хүчээр сэтгэл гутралаасаа салсан, салж буй хувь хүний түүхийг өгүүлэв, одоо харин шинжлэх ухаанчаар харах гэж оролдъё л доо. Америкийн сэтгэл судлалын холбооны (APA) судалгааны санг шүүрдэхэд сэтгэл зүйн эрүүл мэндэд шашин эерэгээр нөлөөлж болох талаарх судалгаа цөөнгүй, биш ээ олон байх юм. Боулинг Грин их сургуулийн (АНУ) сэтгэл судлалын профессор, сүсэг бишрэл хийгээд сэтгэл зүйн эрүүл мэнд хоорондын хамаарлыг дагнан судлаач Кеннет I. Паргамент бээр “Хэдийгээр сэтгэл судлаачид эмнэлзүйн практикт шашин шүтлэгээс зайлсхийж ирсэн. боловч өнөө үед үүнийг анхаарах, мэдрэмжтэй хандах талаар практик нотолгоо хэдийнээ бүрэлджээ. Сэтгэл гутралд орсон хүмүүст төдийгүй хүний амьдралд тохиох уй гашуу, хагацал, өвчин зовлон гэхчлэн хэцүү хөтүүг туулахад шашин, сүсэг бишрэлийн хүч зохих тусаа өгч буй. Нуулгүй хэлэхэд эдгээр нөхцөлд буй хүмүүс гэр бүл, найз нөхөд, сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцооноос илүү итгэл, сүсэгтээ ханддаг. Зохих судалгаанаас харахад тухайн шашнуудын үзэл (номлол, сургаал, зарчим) болон зан үйл эерэгээр нөлөөлж байна.” хэмээжихүй.
Сэтгэл засалд түгээмэл ялангуяа манайд гол төлөв хэрэглэдэг психодинамик урсгалыг жишээ татвал өвчтөн аль болох сэтгэлийн зовлон, түүнийхээ шинж тэмдгийг бусдад ярих тусам тэдгээр шинж тэмдэг төдийгүй шалтгаан арилдаг гэнэ. Түүнчлэн АНУ-ын сэтгэл судлаач Алберт Эллисийн бий болгосон сэтгэл заслын урсгалаар бол аливаа сэтгэлийн зовлон, бэрхшээл тухайн хүний бодлоос голчлон шалтгаалдаг ажээ. Эхлээд хүнд зовлонт мэдрэмж үүснэ, мэдрэмж зовлонт бодол төрүүлнэ, тэрхүү бодол хортой шийдвэр гаргуулна, аажмаар энэ нь амьдралын хэв маяг болно, улмаар дахиад зовлонт мэдрэмж үүсгэнэ гэх зэргээр төгсгөлгүй эргүүлэг ажээ. Эдгээр тайлбарууд дээрх шашнуудын “сэтгэлээ ажих” тэргүүт сургаал, ярилцах, сонсох, залбирах зэрэг аргуудтай давхцаж байна. Үндсэндээ шашин, сэтгэцийн эрүүл мэнд хоорондын хамаарлын талаарх судалгаануудаас дараах дүгнэлт хийж болох юм. Нэгдүгээрт шашин зөв зүйл хийх, энэрэх, нигүүлсэх, уучлах, хайрлахад сурган чиглүүлдэг, хоёрдугаарт шүтлэг нэгтэй хүмүүстэй нөхөрлөх буюу ямар нэг бүлэг, цул зүйлийн нэг хэсэг болсноор ганцаардахаа больдог, гуравдугаарт сүнслэг мэдрэмж төрөх буюу өөрсдийнх нь оршихуйгаас том, чухал зүйлсийг мэдрэх нь амьдралын утга учир, хэрхэн амьдрах ёстойд нь хариулт өгөх, дөрөвдүгээрт бясалгал, залбирал зэрэг зан үйл нь тайвшрах, өөртөө төвлөрөх боломж олгодог. Энэ жагсаалтыг цааш хэчнээн л бол хэчнээн үргэлжлүүлж болохоор.
Гэхдээ ямар шашин, зан үйл ингэж тус болоод байна вэ? Буддизм, христ, ислам гэдэгтээ ер биш зөв, эерэг шашин, түүний урсгал гэх өнцгийг орхиж хэрхэвч боломгүй. Энэ талаар ахиад Кеннет I. Паргаментын хэлснийг эш татвал "Шашин, сүсэг бишрэлийн эерэг нөлөөллийг анхаарахын сацуу зарим тохиолдолд эсрэгээрээ зовлон зүдгүүрийн эх сурвалж болдог талыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тухайн шашны эерэг, сөрөг нөлөөллийг судлах нь мэргэжлийнхэнд эдгээр нөлөөнд буй хүмүүстэй ажиллахад дэм болох учиртай" гэнэ. Түүний анхлан боловсруулж, өдгөө практикт хэрэгжиж буй RCOPE буюу амьдралд тохиох хямралыг шашны аргаар даван туулж буй эсэхийг үнэлэх арга зүйн дагуу хийсэн хэд хэдэн судалгааны дүнг харвал шашны сэтгэл зүй дэх эерэг, сөрөг нөлөөлөл тод томруун харагдах аж.
Төгсгөлд нь Буддизмын гол төлөөлөгчдийн нэг XIV Далай лам “Дэлхийн бүх үндсэн шашнууд хайр, нигүүлсэл хийгээд өршөөж уучлах явдалд сургадаг билээ. Шашин бүр өөрийнхөөрөө эдгээр үнэт чанарын мөн байдлыг нотлоход нөлөөлдөг” гэж хэлснийг цохууштай. Хэдий сүсэглэж бишрэхгүй ч сэтгэл судлал, шашин хоёр аль аль нь “сэтгэлийг танин мэдэх” гэсэн нэг л цэгт огтлолцож буй тул түүнээс нь хишиг хүртэж болохгүй нь юу билээ дээ?!. Мэдээж хэрэг асуудлаа шашинд, бурханд даатгаад орхихоос арай гүнзгийрүүлсэн хэмжээнд судалж, бие сэтгэлээ дадуулах учиртай биз ээ. Түүнээс гадна сүм, хийд, лам, пастор зэргээр шашны байгууллага, цол мяндагтан цөм нийгмийн эд эс болсон хүмүүсийн сэтгэлийг анагаах чиглэлд дорвитой зүтгэх, үйл ажиллагаагаа ийш чиглүүлэх учиртай санагдана. Тийм хэрэгцээ буйг Монголын нийгэм бэлхнээ нотлох буй за.
Эртний ромчууд жил бүрийн эхэнд эхлэл, төгсгөл хийгээд цаг хугацааг эрхшээгч Янус бурханд амлалт өгдөг асантай дүйцүүлж бодвол хүн төрөлхтөн эрт үеэс л хоёр оны заагт хойдох, урдахаа эргэцүүлж, хийж бүтээсэн, олсон хураасан, амжуулсан, амжуулаагүйгээ дүгнэсээр иржээ. Олны дүйвээнээр ч гэх үү, өөрийн санаачлагаар ч гэх үү хорин хоёр оны эхэнд ажил, амжилт төлөвлөхөөсөө урьтаж сэтгэлээ ажих эрэл минь энэ удаад ийм байлаа. Ингээд Янус бурханд ч биш, Будда, Есүст ч биш өөртөө амлаж сууна. Энэ онд сэтгэлээ л цэгцлэх юм шүү. Ямар арга сонгох нь тусдаа хэрэг.
Ярилцсан: Ч.Бат-Уянга Гэрэл зураг: А.Баттулга /Tulgaa SkizzӨмнөх дугааруудыг дараах холбоосоор орж уншина уу. :Сэтгэл гэдэг эрхтэн: Надаас “Амьдралынхаа аль үеийг давтахгүй вэ?” гэвэл тэр л үеийг хэлнэСэтгэл гэдэг эрхтэн: Энэ бүрхэг тэнгэр хэзээ онгойхыг үүлнээс асуух уу?
Сонсохыг хүсвэл “DEEP TALK with SANAA”-д хандана уу.