Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2022 онд гаргасан мэдээлэлд 1224 хүүхэд суудлын машинд зорчих үедээ, 1566 хүүхэд явган зорчиж байх үедээ, 222 хүүхэд мотоциклтой зорчих үедээ зам тээврийн осолд орж гэмтсэн гэх тоо баримт дурдагджээ. Хүүхдүүд ихэвчлэн сургууль, цэцэрлэгийн орчинд, асран хамгаалагчгүйгээр зам хөндлөн гарах, машины урдуур гүйх зэрэг үед энэ төрлийн осолд өртдөг байна. Энэ нь нэг талаараа сурагчид багачуудын замын хөдөлгөөний дүрмийн тухай ойлголт, мэдээллээр дутмаг байгаагийн илрэл юм.
“Тоёота” брэндийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Toyota Safetybook” төсөл нь бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийг хялбар, сонирхолтой байдлаар ойлгуулан таниулж, улмаар зам тээврийн осолд өртөх эрсдэлийг бууруулах зорилготой аж. 2021 оноос эхлэн комик номын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч “Тото Лулу хоёрын адал явдал” зурагт номыг бүтээн, замын хөдөлгөөний эрсдэл бүхий сургуульд суралцдаг 1-5 дугаар ангийн сурагчдад тараан, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг тайлбарлан таниулж ирсэн байна.
Уг төсөл энэ жил амжилттай үргэлжилж “Тото Лулу хоёрын адал явдал” зурагт номын II цувралыг гаргасан бөгөөд уламжлал ёсоор нийт 15 сургуулийн бага ангийн хүүхдүүдэд уг комик номоо үнэ төлбөргүй тараажээ. Мөн төслийн хүрээнд “Тото Лулу хоёрын адал явдал” фэйсбүүк хуудсанд номын анги бүрийг нийтлэн хүргэхээс гадна Youtube-ийн “Тото Лулу хоёрын адал явдал” сувгаас номын богино хэмжээний анимэйшнийг хүлээн авч үзэх боломжтой гэнэ.