UBLife Logo
Newsfeed

Тамхинаас татгалзах өдөр буюу муу зуршлаа хаяж чадсан 8 алдартан

Тамхинаас татгалзах өдөр буюу муу зуршлаа хаяж чадсан 8 алдартан

Тамхинаас татгалзах олон улсын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь пүрэв гарагт тэмдэглэдэг. 2026 онд энэ өдөр өнөөдөр /2026.11.19/ таарч байна. Гол зорилго нь тамхи татсанаас үүдэлтэй сөрөг ур дагаварт олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм.

Та тамхинаас гарахыг хүсэж буй ч нэг л чадахгүй байна уу. Тийм ээ, таныг ойлгож байна. Никотинд донтох үзэгдэл бол бусад донтолтын нэгэн адил хүчтэй, гарахад сэтгэлийн хүч шаарддаг донтолт юм. Тэгвэл магадгүй олны танил хүмүүс, алдартнуудын тамхинаас хэрхэн гарсан түүхүүд танд үлгэр жишээ болохыг үгүйсгэхгүй. Тэдний зарим нь шуудхан л нэг өдөр гарч орхисон байхад зарим нь бусдын дэмжлэгтэйгээр, урт хугацааны турш хичээж байж гарсан байх жишээтэй. Ямартай ч дараах одууд бүгд л тамхи татдаг байсан ба түүнээ зогсоож чадсан байна. Та ч гэсэн чадна. ''Жаахан' зориг л хэрэгтэй.

Адель

Өдөрт нэг хайрцгаар тогтохгүй их тамхи татдаг байсан дуучин Адель тамхиа хаяад 9 жил болж байна. Тэрээр тухайн үед “Би тамхи татах дуртай л даа. Гэхдээ бахархах зүйл биш. Тамхинаас болоод өвчин тусч, үхэх дээрээ тулбал сайхан байхгүй нь лавтай.” гэж ярилцлага өгч байж. Тэр 2011 онд хоолойн хөвч нь гэмтснээс болж мэс засалд орон, аялан тоглолтуудаа цуцлахаас аргагүйд хүрч байсан юм. Тэр үед эмч нар түүнийг тамхиа хаяхгүй бол дуучны карьер чинь энд хүрээд дуусна гэж сануулж байжээ. Тиймээс тэр эрс шийдвэр гаргаж тамхиа хаясан билээ. Түүнд тамхи татахгүй байж чадна гэдгийг нь мэдрүүлж тусалсан ховс эмчилгээнд тэр ихэд талархдаг.  

Барак Обама

Өсвөр наснаасаа эхэлж тамхи татсан Барак Обама 2010 онд энэ зуршлаа ялан дийлжээ. Мэдээж түүнийг дэмжиж, муу зуршлыг нь болиулж чадсан хүн Мишел байх нь гарцаагүй гэж тухайн үед хэвлэлүүд бичиж байв. 2013 оны НҮБ-ын чуулган дээр тэрээр эхнэрээсээ айсандаа л тамхиа хаясан хэмээн хошигнож байж. Мөн зарим хэвлэлд Трампынхан Цагаан ордонд ирснээс болж Обама буцаад тамхинд орсон байвал бид гайхахгүй гэж бичжээ. Гэхдээ л тэр бүр мөсөн больж чадсан ба хүүхдүүддээ сайн үлгэр дуурайл үзүүлэх нь эцэг эхчүүдийн үүрэг гэж үздэгээ хуваалцжээ.

Женнифер Анистон

Жүжигчин Женнифер Анистон 20 жил тамхи татсны эцэст гараад 8 жил болж байна. Тэр тамхиа хаяад иог хийж, хэсэгчилсэн мацаг барьж эхэлсэн ба энэхүү эрүүл амьдралын хэв маяг нь түүний никотины донтолтыг эдгээж чадсан юм. 

Ханхүү Харри

Эрүүл хоолтон, иоги эмэгтэйтэй гэрлэсэн ханхүү маань эхнэрийнхээ амьдралын хэв маягаас суралцаж, үлгэр дуурайл аван, муу зуршлуудаа хаяж чаджээ. Тэр гэрлэхээсээ урд хуруундаа Марлборо салаавчилж, үдэшлэг хэссэн залуу байсан нь олон ч хэвлэлийн хараанд өртөж байлаа. Харин үр хүүхэдтэй болж, гэр бүл зохиохдоо тэр үлгэр жишээ аав болж чадсан юм. 

Жизель Бюндхен

Модел болсон эхний хэдэн жилдээ тэр маш их тамхи татжээ. Энэ нь жингээ барихад туслана гэж эндүү бодсон тэр өөрийнхөө эрүүл мэндэд хортой зүйл хийж буйгаа 2003 онд ойлгосон юм. Тэр тамхиа хаясан тухайгаа “Harper’s Bazaar”-т ярихдаа “Би улаан дарс ууж, хайрцаг хайрцгаар нь тамхи татаж, өдөржин чийзбургер иддэг байсан. Миний хамгийн сайн найз болох өөрийн биетэйгээ би хамгийн муу дайсан лугаа харьцаж байсан.” Хэмээжээ. Одоо тэрээр ээж болж, эрүүл амьдралын хэмнэлтэй болсон нь үе үе хэвлэлийн дуранд өртдөг. 

Матт Дэймон

Зүрхний анд Бен Аффлекаа тамхинаас гарах ховс эмчилгээнд ятган явуулж, муу зуршлаа хаяхад тусалж байсан Матт Дэймон өөрөө бас татдаг байжээ. Тэрээр тамхиа хаясныхаа дараах нэгэн ярилцлагатаа “Би үүнийг аль эрт л хийх ёстой байсан харин ч оройтож гарсан. Одоо би тамхи татмаар огт санагддаггүй. Гайхалтай биш гэж үү” хэмээсэн юм.

Эллен ДеЖенерес

Ток шоуны од, энтертайнер Эллен ДеЖенерес тамхи татдаг байсныг та мэдэх үү? Мөн тэр муу зуршлаа хаяж чадсан үлгэр жишээ хүмүүсийн нэг гэдгийг сонсоод гайхаж байна уу? Ммхн, хүмүүс хэн байхаасаа үл хамааран янз бүрийн зүйлд донтож болно. Шүүмжлэх хэрэггүй. Зөвхөн түүнээ болиход нь дэмжиж, урамшуулаарай. Эллений хувьд тэр “Тамхиа хаях хялбар аргууд” номыг уншиж, зорилгодоо хүрсэн тухайгаа өөрийн шоуны үеэр ярьж байсан юм.

Вүүпи Голдберг

Жүжигчин маань зурагтаар төрөлхийн уушгины өвчтэй бяцхан хүүхдүүдийн тухай нэвтрүүлэг үзээд тамхи гээч зүйлийг хаяхаар шийдсэн тухайгаа нэгэн ток шоуны үеэр ярьсан юм. “Цистик фиброз” оноштой тэр бяцхан жаалууд ганцхан ширхэг цээж дүүрэн амьсгал авч чадахгүй тарчилж байхад эрүүл саруул төрсөн бид юунд амьсгал уушгиа гаргуунд нь гарган байж тамхи татна вэ? Гэж бодсон тухайгаа ярьж. Ийнхүү никотингүй цэвэр болж буйгаа Твиттер, Фэйсбүүктээ 2012 онд зарлаж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...