UBLife Logo
Кино

Валентины баяраар бэлэглэх хайрын тухай сэтгэл догдлом 15 ном

Валентины баяраар бэлэглэх хайрын тухай сэтгэл догдлом 15 ном

Хамгийн оюунлаг бэлэг ном гэдэгт эргэлзэж, үүнтэй маргах хүн үгүй биз. Гэгээн хайрын баяраар сэтгэлтэй хүндээ ном бэлэглэнэ гэдэг үнэхээр сайхан биш гэж үү? Тийм ч учраас та бүхэнд шинэ, олны дунд ихээхэн алдартай болж буй номуудыг санал болгож байна. Түүндээ сэтгэлд тод мөр үлдээх ном зохиол бэлэглээрэй.

Нийтлэлийн зургуудыг: Medium, Facebook, Internom, Tagtaa Publishing, Book.mn

1. Намайг бүү явуулаач - Казүо Ишигүро

2005 онд бичсэн "Намайг бүү явуулаач" хэмээх энэ зохиол нь Ишигүрогийн зургаа дахь роман. Энэ зохиолыг дистопи хэмээх төрөлд хамааруулан авч үздэг. Романы үйл явдал 1970, 80 ба 90-ээд оны Англи оронд өрнөх авч тэрхүү Англи орон бидний мэддэгээс ондоо. Тэндхийн хүмүүс маш урт наслах агаад дундаж наслалт нь зуу хэдийнээ давжээ. Учир нь клонын аргаар өөрсдийн хувилбарыг бүтээж, хэрэгцээтэй цагтаа эд эрхтнийг нь сэлбэг болгон авдаг юм санж. Эдгээр клонууд “жирийн” хүмүүсээс алс тусгаарласан байранд, хаалттай газарт амьдарна. Ийм байрнуудын нэг, тун ч тав тухтай тансаг газар болохыг нь уншигчид тун удалгүй олж мэдэх Хэйлшэмд зохиолын Би баатар Кэти.Ш бүсгүйн хүүхэд ахуй болон бага залуу нас, хайр дурлал өнгөрнө.

2. Чамтай учрахаас өмнө - Жожо Мойес

Тэр нэгэн өдрийн санамсаргүй осол Уилл Трейнорын амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Түүний хувьд бүх зүйлс дэндүү өчүүхэн, уйтгар гунигтай, бас ямар ч утгагүй болсон бөгөөд энэ тавиланг хэрхэн өөрчлөхөө тэр сайн мэдэж байлаа. Гэтэл гэнэт Луи гарч ирнэ. Бүсгүй түүний амьдралд орж ирснээр бүгдийг эргүүлж, цоо шинэхэн өнгө аяс нэмэхийг Уилл үнэндээ яахан мэдэх билээ.

3. Тэмдэглэлийн дэвтэр - Николас Спаркс

Чин үнэнч, агуу хайрын түүхийг сэтгэл догдлом гайхам сайхнаар хүүрнэх алдарт Николас Спарксын “Тэмдэглэлийн дэвтэр” ном худалдаанд гарлаа. Өсвөр насны хүү, чинээлэг айлын эрх охины дурлал зуны нэгэн үдэш санамсаргүйгээр эхэлсэн нь тэдний хувь тавилан болон хувирч хос хоёрын хайр дурлалыг, эрх мэдэл, мөнгө хөрөнгө, өвчин зовлон, дайн тулаан ч үл зогсоон, 60 гаруй жил үргэлжилж эцсийн мөч хүртлээ нэгнээ халамжлах ажээ. Зохиолч Николас Спаркс нь энэхүү зохиолоо бодит түүхээс сэдэвлэн бичсэн ажээ.

4. Дур булаам

"ДУР БУЛААМ" түүвэрт дэлхийн нэн шинэ үеийн зохиолчдын шилдэг өгүүллэгүүдийг эмхэтгэн оруулсан аж. Тус номыг “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн эмхэтгэн орчуулсан юм. . Номонд уншигчдын дунд нэлээд алдаршсан “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” номын зохиолч Милан Кундера, 2013 онд “Орчин цагийн өгүүллэгийн их мастер” гэсэн тодотголтойгоор утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн Элис Энн Мүнро, Италийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч Умберто Эко , “Амьдрахуй” романы зохиолч Юй Хуа, ХХ зууны Италийн хамгийн чухал зохиолч Итало Кальвино  зэрэг нэн шинэ үеийн шилдэг 21 зохиолчийн бүтээл багтжээ.

5. Тахлын үеийн дурлал - Габриель Гарсиа Маркес

Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын “Тахлын үеийн дурлал” ном анх нь 1985 онд хэвлэгдэн гарчээ. Энэхүү романаас бид хайрын хамгийн өндөр дээд, хүндлэм байдлыг ч, адгийн, шившигтэй байдлыг ч аль алийг нь харна; залуусын хайр дурлал, идэр насныхны бас өтөл насныхны хайр дурлалтай бүгдтэй нь таарна. Ихэнх зохиолчид, бүр алдарт зохиолчид ч хүртэл зохиол бүтээлдээ хайрын зөвхөн нэг талыг барьж авах нь элбэг бол Маркес харин Тахлын үеийн дурлал романаараа нэг ёсондоо роман хэлбэрээр хүүрнэсэн, хайрын лавлах толийг бүтээсэн гэж хэлж болох юм.

6. Бахархал ба бардамнал - Жэйн Остин 

Хүн төрөлхтний бүх цаг үеийн шилдэг 100 утга зохиолын жагсаалтад эмэгтэйчүүдэд онцгойлон зориулж бичсэн бүтээлүүд олноор багтдаг юм. Тэгвэл дэлхийн эмэгтэйчүүдийн шилдэг хэвлэл болох Францийн "ELLE" сэтгүүлийн газраас "Эмэгтэй хүний заавал унших ёстой" 10 сод бүтээлийн жагсааалтад ордог "Бовари хатагтай", "Агуу Гэтсби" романуудын хамтаар тус номыг санал болгодог. Хайр дурлалын тухай хамгийн нарийн торгон мэдрэмжийг өгөх болно. Монгол хэлээр орчуулагдсан байгаа.

7. Жич: Би чамд хайртай - Сисилиа Эхэрн

Заримдаа бүх зүйл түүний хувьд буруугаар эргэсэн мэт санагддаг байсан. Нөгөө талаас харахад тэрээр сая сая аз жаргалтай дурсамжтай, жинхэнэ хайр дурлалыг мэдэрсэн, амьдралаа шинээр эхлэж, шинэ хайр дурлал , шинэ дурсамжуудыг бий болгоход бэлэн болсон. Арван сар эсвэл арван жилийн дараа ч гэсэн Холли Жерригийн сүүлийн захиаг дагах болов уу?

8. Жамиль - Чингиз Айтматов

Чингиз Айтматов 1958 онд буюу ердөө гучин настайдаа өөрийн хамгийн их уншигдсан бүтээл Жамиль туужаа бичжээ. Тууж анх Новый Мир утга зохиолын сэтгүүлд, орос хэлээр нийтлэгдэж, 1959 онд Луи Арагоны (1897–1982) орчуулгаар Франц улсад хэвлэгдэж байв. Арагон уг туужийг “дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” хэмээн дүгнэсэн нь бий. Тэгвэл уг туужийн герман орчуулга нь 1500 гаруй номоос бүрдсэн ер бусын нэр хүндтэй “Зуркампын номын сан” цувралын хамгийн өндөр борлуулалттай бүтээлээр шалгарч байв. Жамиль тууж цааш олон хэлнээ хөрвүүлэгдэж, өдгөө дэлхийн уншигч олонтой, бараг бүх хэл дээр хэвлэгдэж гарсан гэж хэлэхэд буруудахааргүй болжээ.

9. Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд - Элена Фавилли, Франческа Кавалло

Энд өгүүлэх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшируулах болно. Номыг уншсан хүн бүр хүсэл тэмүүлэл, сониуч зан, өгөөмөр сэтгэлээр дүүрэн явах нь жинхэнэ амжилт, аз жаргал гэдгийг олж мэдээсэй. Амьдралынхаа үнэ цэнтэй хором мөч бүрд аз жаргалтай байж, шинийг эрэлхийлж явах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай.

10. Жинхэнэ хайр - Франсин Риверс

Зохиолд 1850 оны алтны хот Калифорний амьдралыг дүрсэлсэн бөгөөд тэр цагт эрчүүд өөрсдийн бардам зангаа нэг уут алт, харин эмэгтэйчүүд өөрсдийн биеэ хоноглох газрын төлөө наймаалдаг байв. Анжелийн хувьд эр хүн гэдэг бол гай зовлон байлаа. Гэтэл тэр нэгэн өдөр Майкл Хосетай учирна...Тэрээр Анжелийг ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж эхэлдэг. "Жинхэнэ хайр" зохиолоос та ямар ч нөхцөлгүй, үл хувирах, үл дийлдэх хайрын тухай унших болно.

11. Уншигч - Бернхард Шлинк 

Германы орчин үеийн романч Бернхард Шлинкийн “Ном уншигч” хэмээх энэхүү роман 1995 онд гарсан даруйдаа бестселлер болоод гучин таван хэлнээ хөрвүүлэгджээ. Шлинк эл зохиолоороо Европ, Америкийн нэр хүндтэй олон шагнал авсан байдаг. Арван таван настай хөвүүн хийгээд хэдийнэ нас бие гүйцсэн эмэгтэй хоёрын холбоо Ханнаг хэл үггүй алга болсноор өндөрлөнө. Ингээд найман жилийн дараа хуулийн ангийн төгсөх курсийн оюутан болсон залуу нэгэн цагт хайрлаж явсан эмэгтэйгээ нацистуудын хэргийг шүүн таслах шүүх хурал дээр олж харах ажээ.

12. Дурлал зохион бүтээгч - Г.Аюурзана 

Г.Аюурзанын “Дурлал зохион бүтээгч” хэмээх хүүрнэл зохиолын номыг та бэлэглэж болох юм. Эхний өгүүллэгээр нь зохиогч номоо нэрлэжээ. Постмодерн шийдэлтэй тэрхүү өгүүллэгийг залгуулаад “Домгоос ирсэн захидлууд”, “Илгээмж”, “Мэдэх”, “Эцгийн үхэл”, “Солгой гарын ноктюрн”, “Амьдрал нүцгэнээрээ”, “Аз жаргалгүй хүмүүс”, “Эртний гүүр” зэрэг амьдралын тухай эргэцүүлэл, өнөө цагийн хүмүүсийн дотоод монолог шингэсэн 16 өгүүллэг багтсан байна.

13. Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй - Милан Кундера 

"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман нь зохиолч Милан Кундерагийн нэрийн хуудас болсон бүтээл юм. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай философийн эргэцүүлэл гаргалгааг орчин цагийн хөнгөн тогтворгүй амьдралын хэв маяг бүхий дэвсгэр дээр гарамгай уялдуулан сүлдэг бичлэгийн арга барил егөөдөл шогийн мэдрэмж урсгал яруу хэл найруулга зэргээрээ Милан Кундера дэлхийн утга зохиолын хорхойтнуудын талархлыг хүлээж, орчин цагийн хүүрнэл зохиолын гарамгай мастеруудын нэг хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байна. Энэ роман бол гашуун үнэний яруу дуулал. Амьдралын үнэн атлаа хийсвэр мөн чанарыг уншигч өөрийн дотоод сэтгэлдээ нэгэн зэрэг тусган тольдох боломж...

14. Норвегийн ой - Мүраками Харүки

Японы орчин үеийн уран зохиолын онцгой нэгэн төлөөлөгч бол яахын арагүй Харуки Мураками юм. "Норвегийн ой" хэмээх роман нь гарсан даруйдаа Муракамиг дэлхий дахинаа алдаршуулж, зөвхөн Японд л гэхэд хоёр сая хувь борлогдож, түүний эл номыг тавиуртай залаагүй сэхээтэн гэр бүл байгаагүй гэлцдэг. Энэ зохиолд амьдралд хөл тавьсан нэгэн залуугийн амьдрал, хайр сэтгэл болоод хүмүүний нандин харилцааны тухай өгүүлнэ.

15. ХАЙР: Цэгцрээгүй сэтгэл - Ричард Давид Прехт

Энэ номд эрчүүд болон эмэгтэйчүүдийн тухай, тэдний хооронд өрнөдөг хачин жигтэй үзэгдэл буюу хайрын тухай өгүүлнэ. Хайр юунаас ч илүү бидний амьдралыг орвонгоор нь эргүүлж, бүх эмх цэгцийг алдагдуулдаг. Гэтэл бид хайр гэж чухам юу вэ? гэдгийг сайн мэддэггүй. Бэстселлер бүтээлийн эзэн Ричард Давид Прехт энэхүү цэгцрээгүй сэтгэлийг цэгцлэх болно. Тэрээр хайрыг генийн биологитой ямар хамааралтай хийгээд ямар гээч романтик тэмүүлэл, хүлээлт биднийг түүнтэй холбодог болохыг судалжээ. Хайрын идеал бүхий замбараагүй ертөнц, бодит байдлын заагийг нарийн хэмжиж, яагаад бидэнд хайр хамгаас чухал болохыг, яавал түүнийг хэзээ ч алдахгүй тухай зугаатайгаар тайлбарлана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.