UBLife Logo
Эдийн засаг

#WomenWhoDare | Томоко Ибүкүро: Баялаг амьдралтай учир маргааш үхнэ гэсэн ч харамсахгүй л явдаг

#WomenWhoDare | Томоко Ибүкүро: Баялаг амьдралтай учир маргааш үхнэ гэсэн ч харамсахгүй л явдаг

Зөгийн бал монголчуудын хэрэглээнд төдийлөн өнөөгийнх шиг нэвтрээгүй, нэг хүнд ногдох зөгийн балны хэмжээ 100 гр хүрдэггүй байх 2015 оноос Томоко Ибүкүро зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Зөгийн балыг өдөр тутамд хэрэглэх ёстой хүнс хэмээх бидний танин мэдэхүйд түүний “Михачи” компанийн оруулсан нөлөө их. Энэ удаагийн “Women who dare” булангаараа Томоко Ибүкүрог танилцуулж байна.

-Та саяхны нэг ярилцлагадаа “Манай аав намайг царай муутай гэдэг байснаас би толинд харахаа больсон” гэсэн. Монголчууд үр хүүхдээ цагаан хэл амнаас төөрүүлэхээр “муухай” гэж энхрийлэх домтой байсан шиг чингэдэг байсан юм болов уу?

-Өө, Японд тийм дом үгүй. Манай аав хоёр охинтой, би айлын том. Аав хоёр ахтай, гэр бүлдээ эгч, охин дүүгүй өссөн юм. Миний өвөө дайнд явсан, чанга хатуу хүн байж л дээ. Тэгээд хөвгүүдээ ч хуучинсаг хүмүүжүүлсэн, том болж гэрээсээ явахад нь эргэж ирэх гэргүй мэт санаарай гэж хэлээд гаргадаг. Тухайн цаг үед япон хүмүүс эрэгтэй хүүхдүүдийг айл гэр авч явах хүн гэж хатуу чанга өсгөдөг уламжлалтай байсан юм. Ингээд аав маань том хүүхэд нь охин мэндлэхэд намайг яаж өсгөх ухаанаа ч ололгүй өөр шигээ бие даасан хүн болгохыг л хичээсэн хэрэг. Чингэхдээ боловсролтой хүн бол, их дээд сургуульд суралц, түүнээс цаашихыг би хариуцахгүй гэж л захьсан. Миний ээж аавтай гэрлээд л ажил хийгээгүй. Аав надаар гэрийн ажил огт хийлгэдэггүй, ээждээ туслахаас хүртэл чөлөөлсөн. Мөнгө төгрөг, ерөөс хичээлээс өөр юунд ч толгой ажиллуулах хэрэггүй л гэдэг. Охин хүүхэд байж ингэлээ тэглээ ч гэж байсан удаагүй. Одоо бодоход аав маань миний тухайд хүнтэй суугаа ч уу, үгүй ч үү гэж санаа нь зовдог байсан шиг. Тэгээд л хичээлдээ үргэлж хичээж шамдахад “ташуур” болгож “Томоко, чи царай муутай шүү. Чамд мэдлэг боловсрол, ажил мэргэжил л сайн хань болно шүү” гэдэг байсан болов уу. Гэтэл тэр үг намайг Японы шилдэг их сургуулиудын нэг Васэдагийн шалгалтад тэнцтэл хичээллүүлсэн ч гэсэн гоо сайхандаа анхаарах бүү хэл толинд ч харах дургүй хүн болгож орхисон. 

-Гэтэл одоо Та гоо сайхны брэндийн нүүр царай болчихсон байдаг?

-(инээв) Жил гаруйн өмнөөс шүү дээ. Нээрэн би арьсаа арчилдаг болоод жил гаруй хугацаа өнгөрчихөж. Миний хувьд үнэхээр цоо шинэ зүйл. Нүүрээ будахаар өөр Томоко болон хувирч байгаа минь надад их сонирхолтой санагдсан. Энэ бол миний амьдралын нэгээхэн л хэсэг. Би чинь комеди хийдэг болсон, энэ тайзан дээр гарахаас өмнө бас их удаан бодсон шүү. Коронагийн үед гэртээ сууж байхдаа хоол их хийлээ, олныг ч нэмж сурлаа. Миний гарын тэмпүра, тонкацү, карэрайс, бургер үнэхээр дажгүй шүү. Ирээдүйд уран зохиол бичдэг хүн болж ч магадгүй. Өөрийн гэсэн контент хийгээд эхэлсэн. Баялаг амьдралтай учраас маргааш үхнэ гэсэн ч харамсахгүй л явдаг (инээв).  

-Томоко одоогоос 27 жилийн өмнө маш залуу байхдаа Монголд ажиллаж амьдрахаар үлдсэн нь шинээр хөгжиж байгаа улс оронд өөрийн гэсэн орон зайг олж амжилт үзүүлэхэд Японы өрсөлдөөнт зах зээлээс арай хялбар байх магадлалтай гэж ирээдүйгээ сайтар тооцоолж гаргасан шийдвэр байв уу?

-Яалаа гэж дээ, та ч хэллээ шүү дээ, намайг маш залуу байсаан гэж. Би оюутан байхдаа Монголд нэг жил сураад Япон руугаа буцаж очоод их сургуулиа төгссөн. Энд суралцсан хугацаандаа би монгол хэл ч сураагүй, нийгэм түүхээ ч судалсан юмгүй, монголчуудын талаар ямар ч мэдлэггүй, ээж болоод харьсан юм. Тэгээд нэг л дутуу санагдсан. Би чинь их шартай хүн байхгүй юү. 

-Монголд буцаж ирсэн бас нэг шалтгаан хүүхдийнхээ эцэгтэй эргэж нийлэх оролдлого байв уу? 

-Таарч тохирохгүй гэдгээ дэндүү сайн ойлгож авсан учраас тэр хүнд ч горьдлого үлдээгүй, миний зүгээс ямар нэг оролдлого огт хийгээгүй. Би салж холдсон шийдвэртээ үнэнч байсан. Гэхдээ тэр хүн монголчуудыг ганцаараа төлөөлөхгүй, Монголыг харах миний нүдийг бид хоёрын явдал өөрчилж чадахгүй шүү дээ. Монголын талаарх дутуу ойлголтоо бүрэн болгох, хүүхдээ ч энд өсгөх гэж эргэж ирсэн юм.

-Одоогийн “Михачи” компанийг үүсгэн байгуулагч Томоко болох хүртлээ ямар ямар бизнес эрхэлж хэр зузаан туршлага хуримтлуулсан бэ? 

-Надад одоо ч тийм их туршлага гэхээр зүйл байдаггүй юм шүү дээ. Бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр суралцаагүй. Ер нь бизнес гэж хэлэхэд ч ахдах юм шиг санагдаж байна. Би найзуудтайгаа Японоос машин оруулж ирснээр эхэлсэн юм. Тэгээд гааль дээр явж байтал дэргэдэх чингэлэг нээгдэхэд дотроос нь дугаартай машин буудаг байгаа. Тэгээд л хулгайн машин авчирч зарж байгаа хэсэг бүлэг байгаа цагт үнээр өрсөлдөх ямар ч боломжгүйг ойлгоод тэр наймаагаа зогсоосон. Нөхөр бид хоёр хамтын амьдралынхаа эхний жилүүдэд нэг жаахан юм эхлүүлээд, дампуурахаасаа өмнө болих маягаар ажиллаж байлаа. Тухайн үеийн олон монголчуудын амжиргаа бас тиймэрхүү маягтай явдаг байсан шиг гэх үү дээ. Энэ зүгээр юм уу гээд нэг юм эхлүүлээд, болиод, тэр ч зүгээр юм уу гээд дараагийн юм руу шилжээд, ямар нэг аж ахуйг тогтвортой эрхэлж туршлага хуримтлуулсан нь үгүй. Одоо бодоход дурлаж хийх ажлаа л олоогүй л явж л дээ. Би бичгийн орчуулгад дургүй хэрнээ ном орчуулж ч байлаа. Харин миний баяртайгаар дуртай хийдэг ажил Японоос кино, телевиз, рекламынхан ирэхэд тэдэнд үйлчлэх. Ихэвчлэн алдартай уран бүтээлчид, жүжигчид ирнэ, даанч би багадаа Японоос гарчихсан болохоор тэднийг огт танихгүй. Монголд ирсэнтэй нь танилцсаар Японы алдартнуудын цөөнийг мэдэх болсон. Ажлын үйл явц богино хугацаанд үргэлжлээд, үр дүнд нь ямар кино, реклам, уран бүтээл болсон нь сарын дараа л цацагдчихдаг нь, би өөрөө маш их мэдээлэлтэй болдог нь надад таалагддаг юм. Японы телевизийнхэн “Дэлхийн зөгийчид” нэвтрүүлгийнхээ “Монгол зөгийчин” дугаарыг бэлтгэхээр энд ирэхэд нь би хамт явж, зөгий гэдэг амьтантай анх танилцаж, тэр цагаас л анх удаа зөгийн аж ахуйг сонирхож эхэлсэн. Удалгүй Японд очиж зөгийн аж ахуйнуудаар явж судалгаа хийн, зөгийн балны чанарын талаар болон энэ бизнесийг хийх хүний мэдвэл зохих бүхий л мэдээллийг цуглуулж ирсэн. Тэгээд л “Михачи” компаниа үүсгэн байгуулсан түүхтэй. Зөгий бол үнэхээр өөр. Зөвхөн цэцгээр хооллодог нь маш хөөрхөн, бас тархиндаа орон зай тогтоодог GPS шиг системтэй, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж, бүхий л амьдралаа үнэнчээр зориулдаг маш ухаантай, сэтгэл татам амьтан. Одоо би өөрийгөө хүний хорвоод амьдардаг юм уу, зөгийний хорвоод амьдраад явна уу гэдгээ ч ялгахгүй шахам гүн орчихсон хүн шүү дээ (инээв). 

-Зөгийн бизнесийн тань хамгийн өндөр орлоготой цаг хугацаа хэдийд байв?

-Яг одоо. Манай компанид өсөлт ирсэн.

-Их дэлгүүрийн зөгийн балны лангуу 50 орчим сантиметр байсан бол нэг метр урттай болсон гэж Та дөрвөн жилийн өмнө хэлж байлаа. Харин одоо энэ мэт бидний тухай статистик хэр өөрчлөгдсөн бол?

-Гадаадаас оруулж ирж байгаа импортын хэмжээг өнгөрсөн жилийн эхний хоёр улирлын статистикаас харвал нэг их буураагүй, харин ч багахан нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ ч нэлээд өссөн. Тэгэхээр монголчуудын зөгийн балны хэрэглээ өссөөр байгаа гэж үзэж болно. 

-Өнгөрсөн долоон жилийн хугацаанд зөгийн балны хамгийн өндөр борлуулалттай үе хэдийд байдаг нь тодорхой болсон байх?

-Жуулчид хамгийн их худалдан авдаг. Шинэ жил, цагаан сар гэх мэт баярын үеэр мөн өснө. Гэхдээ хамгийн өндөр борлуулалтыг гадаадын жуулчид хийж өгдөг. 

-Хөл хорио тавигдсан энэ зун ирэх жуулчдад зориулан балаа их нөөцлөв үү?

-Зун бол жуулчдын оргил улирал боловч яг тэр үе нь бидний намар авсан балны нөөц бараг дуусах тийш хандсан, шинэ бал хураах цагаас өмнөхөн таардаг. Тиймээс зөгийн балны орц найрлагатай өөр бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын нэр төрлийг олшруулах чиглэлээр ажиллаж байна.   

-Таны бизнес ковидын дараах өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн өөрчлөгдөж байна вэ? 

-Жилийн өмнө би Сэнтрал телевиийн Профит нэвтрүүлэгт орсноор зөвхөн хөрөнгө оруулалт авч чадсан төдийгүй хамгийн чухал нь хөрөнгө оруулагчийн оролцоо, зөвлөгөөг авсан. Ингээд манай компани засаглалтай, стратегитай, маркетингтай болох зам дээрээ гарч ирсэн. Томоко брэндинг бий болголоо, жигнэмэг зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гаргаж байна. Гурвуул эхэлж, зөгийчидтэйгөө тавуулаа, дараа нь үйлдвэр ашиглалтад орсноор арвуул ажиллаж байсан бид одоо өргөжиж 20 гаруй хүнтэй болсон. Зөгийн аж ахуйд ийм том бүтэцтэй компани одоогоор байхгүй. Компани, хүний нөөц, оффисын үйл ажиллагаа эмх цэгцтэй, ойлгомжтой, борлуулалтын баг хүчтэй, санхүүгийн менежмент сайтай, мэргэшсэн “Михачи” бий болсон нэг жил өнгөрлөө. Компанийн менежмент бол миний хийх ажил биш байхгүй юү. Одоо энэ оффис, маркетинг надтай надгүй явчихаар болоод ирж байгаа учраас би хөдөөнөө хэдэн зөгийгтэйгөө л ажилламаар байна. Энэ нь би зөвхөн хөдөөд дуртай, зөгийндөө л хайртай гэдэгтээ ч биш энэ компанийн эзний хувьд тэнд хийх ажил маш их байна. Зөгийн аж ахуй маань Сэлэнгэд байдаг, бид мөн бусад зөгийн аж ахуйдаасаа бал худалдан авна. Адилхан шаардлага тавигдана. 

-Зөгийн балны тухай үргэлж хэлмээр байдаг зүйл тань юу вэ?

- Зөгийн бал гэсэн шошготой ч найрлагадаа элсэн чихэр, ус, үнэр амт оруулагчаас өөр шидгүй бараа худалдаанд маш их бий. Цэвэр зөгийн балыг мэргэжлийн лабораторийн шинжилгээгээр баталдаг. Хэрэглэгчид дэлгүүрийн лангуун дээрх зөгийн балыг хараад, үнэрлээд таних боломжгүй учраас хуурамч зөгийн бал гэж байдаг юм шүү гэж хэлмээр байдаг. 

-Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн доторх нэг япон эмэгтэй нь би юм даа гэх ялгааг хэр их мэдэрдэг вэ?

-Би саяхан ХААН Банкны сургалтад суулаа. Манай ангийнхан дандаа монгол эмэгтэй захирлууд байсан. Тэднийг харахад уян хатан, ямар ч нөхцлөөс компаниа аврах чадвартай, сэтгэлзүйн хувьд амь бөхтэй хүмүүс шиг санагдсан. Би ч нэг их дор орохооргүй хүн л дээ (инээв). 

-Япон улсын нэр хүнд манай иргэдийн дунд тун эерэг байдаг нь Таны ажил амьдралд ашигтай байдлыг бий болгодог уу?

-Заримдаа ашигтай, заримдаа ашиггүй. Япон хүн хуурамч юм хийдэггүй, чанартай бүтээгдэхүүн л хийж таарна гэх хүлээлтэд нийцүүлэх, итгэлийг нь алдаж болохгүй гэх шаардлагыг тавьж ажилладаг. Япон эмэгтэй гэдгийг монголчууд яг хэн гэж ойлгодог юм бол оо гэмээр үе бишгүй. “Ошин” гэж киноны гол дүр монголчуудын сэтгэлд гүн шингэсэн бололтой юм. Хатуужилтай, гүргэр, ажилсаг, эелдэг гээд ерөөсөө яг л хүсэл бүрийг биелүүлэгч бурхан шиг Ошиноор намайг харах гэвэл би чинь Томоко шүү дээ. Соошлд их мэдрэгддэг.

-Та соошлд идэвхтэй байдгийнхаа үр дүнг хүртэж байна уу?

-Манай компанийн дагагчдын тоо миний хувийн хаягийнхаас давсан нь миний соошл идэвхтэй хөтлөн явуулсны гол үр дүн гэж бодож байна (инээв).  

-Та Монголд ажиллаж амьдарч буй хугацаандаа хамгийн сүүлд Төрийн ордныг бичлэгтээ харуулснаас өөрөөр хууль сахиулагчтай зөрчилдөж байсан удаатай юу?

-Юу? Би ямар хуулийн ямар заалт зөрчсөн гэж? Гадаадын иргэн Төрийн ордныг зураглаж болохгүй гэсэн цаасан дээр бичсэн дүрэм журам байхгүй юм билээ. Үндэслэл би олоогүй. 

-Эрх мэдэлтэй албан тушаалтан танай компаниас шан харамж горилж байсан тохиолдол бий юү? 

-Горилж байлаа ч би мэдрэхгүй өнгөрөөчихдөг байх өө. Арга чарга хэрэглэж ажил бүтээдэг юм байна гэдгийг би гадарлана л даа. Гэхдээ би тэрийг сураагүй. Манай компани хууль зөрчдөггүй, хоёр тайлангүй болохоор асуудалгүй. 

-За би ч яг л япон хүн гэдэг нь энэ юм байна даа гэх ондоошлыг Та ямар үед, өөрийнхөө ямар чанараар мэдэрдэг вэ?

-За байз, ямар үед.., ямар чанар..? Нээрэн юу байдаг билээ... Ёстой бүү мэд. Энэ асуулттай шууд хамаарахгүй ч нэг төлөвлөгөөгөө энд хуваалцахад би хэнтэй ч хамаагүй танилцъя, уулзаж явж контент бэлтгэе гэж зорьсон. Монголд одон медаль гэж өөрийгөө хэн бэ, хэр зэргийн хүн бэ гэдгээ бусдад таниулдаг, ойлгуулдаг зүйл байна. Хүнийг гавьяат гэж дуудахыг япон хүн болохоороо ч тэр үү, би ер ойлгодоггүй. Гэтэл гавьяатгүй ч хүн бүхэн үнэ цэнтэй, амьдрал нь үнэ цэнтэй. Энгийн хүнийг харъя, хүмүүст үзүүлье гэж бодож байгаа.

-Монгол хүний сайн, муу чанарын тухай чухам Танаас л асуух ёстой гэж бодож байна?

-Нүүдэлчин хэв маягаас өвлөгдсөн маш өвөрмөц сэтгэхүйтэй хүмүүс. Сайн ч байна, муу ч байна, гэхдээ нийтлэг нь зөөлөн сэтгэлээрээ ялгардаг. Зөөлөн нинж байх нь хувь хүний сайхан чанар боловч нийгмээрээ зөөлөн байх нь сул талуудтай юм байна гэж би анзаардаг. Японы нийгэм гэхэд гадаад хүнийг өөрийн эн зэрэгт хүлээн зөвшөөрдөггүй, эсрэгээрээ өрөвддөг. Японы нэг нутагт адилхан япон мөртлөө өөр нутгаас ирсэн хүнийг манайх гэж хүлээж автлаа гурван үе болдог хатуу хүмүүс шүү дээ.   

-Ойрын жилүүдэд биелүүлэх ямар шинэ зорилготой болсон бэ? 

-Үйлдвэрийнхээ хүчин чадлыг өсгөж, 2025 он гэхэд Хятадад зөгийн балаа гаргаж эхэлмээр байна. Улсад ч, үндэсний компаниудад ч валют хэрэгтэй. Зөгийн балтай бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хоёр дахин өсгөмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.     

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
11
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.