Кино театр, галерей, номын сан, театр, концертын танхим, музейнууд хаагдаад жил орчим хугацаа өнгөрлөө. Энэ зуур туйлын нар шиг хэсэгхэн хаалгаа нээж, хөг эгшиг, өнгө төрх, ой дурсамж, гэрэл гэгээ түгэх төдий буцаад хаалгануудын түгжээ торхийн дуугарч, хаалттай, цоожтой, аюултай гэсэн цаасан хэвлэмлүүд үүд хаалгыг нь сахин үлдэх ажээ. Яг л дэлхийн олон хотод галерейтэй бүтээл цуглуулагч Дэвид Звернерийн “Нью-Йорк Таймс” сэтгүүлд “Бидний ертөнц тод гэрэлтэй дулаахан газар байснаа гэнэтхэн л бүх юм хар цагаан болж хувирах шиг санагдаж байна” гэдэг л хоолойд тулж ирээд байна. Зах, хүнсний худалдаа үйлчилгээ, томоохон сүлжээ дэлгүүр гээд өдөр тутмын хэрэгцээт салбар, үсчин, гоо сайхан, цэнгээний болон уушийн газар гээд энэ бие, ахуйгаа цэнгүүлэн тэтгэх газрууд онгойх ч тэд амьдралд өнгө будаг нэмдэггүйг, амьдрал яг л маск зүүсэн нүүр шиг хагас хугасхан мэдрэгдэхийг мэдэрсэн өдөр сар өнгөрч байна.
Гэрлийн хурдаар урагшилж буй гэж итгэсэн иргэншил чин үнэндээ зүгээр л дороо хий эргэн сэнсэрч байсныг, тэр дунд толгой тархиа зайлуулж, гашилгахгүй өөрийгөө аварч үлдэх ганц барьц нь урлаг байсныг бид өвчин тахал, олон сая хүний амь насаар төлөөс болгон ухаарч байх шиг санагдана. Энэ бол нэг улс, нэг хотын бус хүн төрөлхтний анхны тэг зогсолт. Цаг хугацаа амсхийж, байгаль хүнээс тусгаарлагдаж, хүн нийгмээс салсан тэр зааг. Анх удаа зааглагдаж, тусгаарласан цаг хугацаа, орон зай, нийгмийн заагийг эргүүлэн холбох гүүр нь урлаг юм гэдгийг бид “одоо л” ойлгож байна.
Энэ ажин түжингийн дунд хэсэгхэн амьсгал авсан нь медиа урлагийн наадам байлаа. Саяхан л бид медиа арт гэх нэр томьёоны өмнө заавал “шинэ” гэсэн тодотгол бичдэг байв. Одоо бол медиа урлаг уран зураг, дуурь, балет гэсэн сонгодог урлагийн зэрэгцээ эгнээнд суудал эзлэн тухалжээ. Хурдацтай өөрчлөгдөх технологийн дэвшлийг урлагт саунд арт, гэрэл зураг, видео, өрөг бүтээл, дуу, хөгжим зэрэгтэй найруулан бүтээсэн холимог, цогц бүтээлч ажиллагааг медиа урлаг гэнэ. Цаг хугацаа, орон зай, хэлбэрт үл баригдах чөлөөт бүтээлч сэтгэлгээг онцлон үздэгээрээ бусад төрлөөс ялгаатай, агуулгыг үзэгч тус бүрд таавар мэт үлдээдгээрээ шинэлэг гэж хэлж болох юм. Урлагийн хүч нь цаг хугацааг даван туулахад оршдог бол медиа арт цаг хугацааны асуудлыг яг тэр хоромд нь хадгалан үлдэж, үзэгчдэд шууд дамжуулдаг. Хоёр жилийн өмнө Тайванийн Тайнан хотод зохиогдсон Азийн медиа арт биенналыг үзэх завшаан надад тохиосон юм. Азийн бүх л орнууд өөр өөрсдийн асуудлыг видео, дуу чимээ, хөгжим, дүрслэл, баримал, холимог техник, өрөг бүтээлээр дамжуулан илэрхийлсэн байв. Тархи, сэтгэлд хамгийн тод үлдсэн бүтээл нь Японы уран бүтээлчдийн Англид суралцсан анхны япон оюутнуудын түүхийг өгүүлсэн бүтээл байв. Дэлгэцэн дээр 1800-аад оны эхэнд Англид сурахаар явсан таван оюутан гарч тэдний түүхийг айдас төрүүлэм хахирган дуу чимээтэй өгүүлэгч хүүрнэнэ. Эцэстээ бүтээлийн агуулга Зүүн Азийн орнуудад их дээд сургууль хэрхэн бий болсон түүх рүү эргэн үргэлжилнэ. Гэвч эцэстээ бүтээлийн санаа япон оюутнуудын түүх, их дээд сургуулийн чанарын аль нь ч биш, харин барууны капиталист соёлын нөлөө боловсролоор дамжин Зүүн Өмнөд Азид хэрхэн түгсэнийг илэрхийлэх аж. Энэ мэтээр ямар нэг санаанд баригдаж, агуулгад чиглүүлэх үүргийг медиа урлаг хүлээдэггүй. Түүнээс сарын дараа “Найрагчийн мөрөөр” төсөл маань саунд арт, видео бүтээлээрээ Солонгосын Гванжугийн медиа наадамд оролцсон юм. 1926 онд Герман, Францад сурахаар явсан 35 монгол сурагч, тэдний араас явсан гурван залуу гээд хоёр өөр аяллын түүх эцэстээ монголчуудын оюун санаа, ой дурсамжийн нүүдлийн тухай үзэгчдэд сануулна. Галт тэрэгний өрөө шиг бэлдсэн үзэсгэлэнгийн танхимд дүрс, дуу авиагаар дамжуулан цаг хугацаагаар аялах боломжийг бүрдүүлж өгсөн. Уг бүтээлийг үзсэн өрөөл бусдад огт өөр сэтгэгдэл үлдсэн ч байж мэднэ. Өнөөх л баригдмал биш байх зарчим энд дахин сөхөгдөнө.
Медиа урлаг “шинэ” гэх тодотголоо орхин орон зай, агуулгын хувьд хүч түрж байгааг Америк, Герман, Нидерланд, Швейцарын медиа арт наадмуудын цар хүрээ, нэр хүнд баталж байна. Дэлхий дахинд алдартай медиа арт наадмууд гээд хайхад уламжлал болсон 30 орчим наадам гарч ирнэ. Түүний нэг нь зургаа дахь жилээ зохиогдож буй “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам. Өнгөрсөн зургаан удаагийн наадамд дэлхийн 15 орны медиа урлагаар дагнан ажилладаг шилдэг уран бүтээлчид оролцсон нь чанар чансаа, хүртээмжийн хувьд хэрхэн өсөж байгааг харуулна. Медиа урлаг тухайн орны урлагийн хөгжил, уран бүтээлчдийн чадал чансаа, урлагийн боловсролыг илэрхийлэх хэмжүүр байдгийг медиа урлагийн наадам тогтмол зохиодог улсын жагсаалтаас харж болох юм.
Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам цахим болон үзэсгэлэн гэсэн хосолмол байдлаар зохиогдлоо. Цар тахлын нөлөө хүний бүтээлч байдлыг хумьж буй цаг үед медиа урлаг орон зайнаас ангид байж болохыг харуулсан нь зургаа дахь наадмын тодотгох шигтгээ байв. Сэдэв нь харин “XXI”. Сонирхол, гайхшрал төрүүлсэн энэ нэршил давхар далд утгатай. Нэгт, бидний туулж буй иргэншсэн, технологижсон, тэр хэрээрээ айдас, хөндийрлөөс холдоогүй зууныг хоёрт, хүний нэгэн насны амьдралын шилжилт заагийг төлөөлнө. Тиймээс ч энэ эриний асуудлыг хурц тодоор илэрхийлсэн “Лус”, “Хүн Хүрд”, “Хосолмол соёл”, хүний энэ насны амьдралын эргэцүүлэл “21 бүүвэй”, “Дүр-Үгүй” зэрэг бүтээлүүд сонгогдон оролцжээ.
“21 бүүвэй” хэмээх хэмжээс
Нэр: 21 бүүвэй
Хэлбэр: Орон зайн өрөг
Уран бүтээлч: С.Ганзүг, саунд артист Марек Брандт (ХБНГУ)
Домогт өгүүлснээр бурханд зориулж их тахил үйлдсэн Ишдаваа бүсгүйг өөрийн элчээ болгон, 21 дарь эхийн дүрээр хүний ертөнцөд буулгажээ. Богд хааны ордон сүмийн гадаа 21 дарь эхийн тойм дүрс буулгасан 21 торон хаалт байршуулжээ. Энэ бол уран бүтээлч С.Ганзүг, Германы саунд болон гэрлийн уран бүтээлч Марек Брандт нарын “21 бүүвэй” орон зайн өрөг бүтээл. Үзэгч анхдугаар Богд Занабазарын бүтээсэн 21 дарь эхийн дүр бүхий торон хаалтны ард зогсон орчны дуу чимээ, хөгжим, ардын дууны хослол бүхий саунд, солонгорох гэрлийн нөлөөн дор өөрийн доторх эх болсон зургаан зүйл амьтанд туслагч чанарыг нээх, эсвэл өөрөөсөө алдагдаж буй 21 дарь эхийн шинжийг эрж хайна. Эсвэл аль ч цагт үл өөрчлөгдөх эмэгтэй хүн, эх хүний нандин чанарыг өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан бясалгаж ч болох. Уран бүтээлчид бүтээлийнхээ танилцуулгад “Дэлхий даяар тахал, байгалийн гамшиг зовлон нүүрлэж буй энэ үед 21 дарь эх бүтээлээс сэдэвлэн эх хүн, эмэгтэй хүний агуу хайр хувирашгүй хүч чадал, дээдийн мөн чанарыг орчин үеийн урлагаар дамжуулан энэ цаг үетэй уялдуулан, хойч үед тус эрдмийг нь түгээх зорилготой 21 бүүвэй орон зайн медиа бүтээл хийгдэж байна” хэмээн тодотгожээ.
Нээлтийн үеэр Богд хааны ордон музейн гадаа байршуулсан “21 бүүвэй” бүтээлийн зэрэгцээ ордны хаалганы харалдаа DJ уран бүтээлчид (DJ Anu Dol, DJ Бодьхүү, DJ OG, DJ Deez, DJ Gerlee Merlee, DJ Psychedelicprism DJ Harono, DJ Temka) гэрлийн шоу, хөгжмийн хослолыг үзүүлж, байгалийн дуу чимээ, бороо, орчны уур амьсгалтай нэгдсэнээр тухайн хоромд бие даасан медиа бүтээл төрүүлж байх шиг сэтгэгдэл үлдээлээ.
Усны тухай хүүрнэл
Нэр: Лус
Хэлбэр: Видео бүтээл
Уран бүтээлч: Ц.Ариунтөгс, саунд артист Х.Цэцэн
Монголчуудын хувьд байгаль бол эзэнгүй, эзэмшилгүй зүйл биш. Монголчуудын байгаль хамгаалах үзлээс үүтгэсэн эзэд болон хамгааллын уламжлал өдгөө мартагдсанаар байгалийн тэнцвэр, хамгаалал алдагдаж байгаа нь нүдэн дээр илхэн буй. Хүн, байгалийн тэг дунд оршиж байсан Лусын дүр бүдгэрч, хүн, байгальтай шууд харилцаанд орох болсон нь экологийн тэнцвэрт ямар үр нөлөөтэйг уран бүтээлч Ц.Ариунтөгс, Х.Цэцэн нарын “Лус” бүтээл өгүүлнэ.
“Лус” бүтээлд дүрслэгдэх байгаль, нийгэм гэсэн зэрэгцүүлсэн холимог дүрслэл, хүлээлт, түгшүүр мэдрүүлэх дуу чимээ, асуулт, эргэцүүлэл төрүүлэх дуу хоолойн нэгдэл өнгөрсөн ямар байсан бэ, одоо ямар болсон бэ? гэсэн эргэцүүлэлд хөтөлнө. Уг бүтээл нэг талдаа байгалийн тэнцвэр, нөгөө талд хүний хөгжлийн үр нөлөө, хотжилт “Лус”-ыг хайх мөнхийн эрлийг тулгах, эс бол хайж олох зайлшгүй шаардлагыг толин тусгалаар харуулах шиг.
Тэсрэх хэмжүүр
Нэр: Хосолмол соёл
Хэлбэр: Видео бүтээл, цуврал
Уран бүтээлч: Жон Уэллэс (АНУ), Сатоши Мураками (Япон), Ц.Отгонбаяр, Д.Одончимэг
Бидний амьдрал үргэлж хоёрдмол шинжтэй байдаг. Энэ санаа урлагийн бүхий л төрөлд тусгалаа олон биежиж, тэр зүгт биднийг анхаарал хандуулахыг санал болгодог. Хүн төрөлхтөн асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ эриний бүтээгдэхүүн үү, эсвэл үүсэл гарвалаас нь эхлэн хүрээлэлд нь багтсан байгаль дэлхийн үр сад уу? Аль ч талд нь гарч болдоггүй хоёр үзүүртэй жад шиг хачин асуулт. Нэг нь үгүй бол юу болох, эсвэл аль нь ч хэрэггүй бол яах билээ. “Хосолмол соёл” видео медиа бүтээл нь нийгэмд тулгамдаж буй угжирсан асуудал, тулгарч буй бэрхшээл, хөл хорионоос үүдсэн бухимдал, үнийн хөөрөгдөл, хүнсний аюулгүй байдал, оюун санааны төөрөгдөл, харилцааны үнэт зүйлсийн талаар сануулахыг зорьсон цуврал юм.
Хүрд хаашаа эргэдэг вэ?
Нэр: Хүн хүрд
Хэлбэр: Медиа өрөг бүтээл
Уран бүтээлч: Ж.Ариунтуяа
Ертөнц бүрэлдэхийн өмнө их усан мандал байжээ. Энэ бол эхлэл. Медиа уран бүтээлч Ж.Ариунтуяагийн “Хүн хүрд” бүтээлийн усан дусал доторх эмэгтэй энэ ертөнцийн эхлэлийн тухай домгийг сануулна. Яагаад “Хүн хүрд” вэ? Энэ ертөнцийн насыг өчүүхэн бага цаг хугацааны “тасалбар”-тай хүн төрөлхтөн хэмжиж чадах уу? Эхлэл, төгсгөл нь хаана байгааг бүрэн дүүрэн олж мэдэх үү? Үгүй. Харин энэ ертөнцийн цаг хугацааны хэмжүүр нь тасралтгүй ирж, буцах хүн бид. Тасралтгүй үргэлжлэх, солигдох хүний амьдрал яг хүрдний үсэг шиг эргэж, үл төгсгөх хэлхээс болно. Энэ эргэцүүлэл эцэстээ мөнх, мөнх бусын тухай руу хөтөлнө. Уран бүтээлч бүтээлийнхээ танилцуулгад,
“Хорин зууныг элээсэн
Хөгшин салхи цуур үлээхүйд
Хөх усан толбо нэгэнтээ
Харанхуй мандлын дуртгал болно
Харьж алсарна, алсад дөтөлнө” гэсэн нь өнөөх эргэцүүлэлд дөхөх санаа юм шиг бодогдлоо.
Ор үгүй дүр
Нэр: Дүр-Үгүй
Хэлбэр: Медиа бүтээл
Уран бүтээлч:Саунд артист Робберт Липпок (ХБНГУ),
дижитал артист Лукас Гутиеррез (ХБНГУ)
Медиа урлагийн үл баригдах шинжийг хамгийн тод харуулсан “Дүр-Үгүй” 360 медиа бүтээл. СаундартистРоббертЛиппок, дижиталартистЛукас Гутиеррез нарын хамтарсан 360 медиа бүтээлээс хар нүх рүү мушгиран хуйлрах урт хонгилоор сорогдон одох чулуудыг үзэж буй мэт сэтгэгдэл төрнө. Дүр, хэлбэр, агуулга гэсэн баригдмал байхаас зайлсхийж хийсвэр дүрс, дуу, хэлбэр, абстракт дүрслэлийг холимог байдлаар бүтээсэн уг бүтээлд хүний аюун санааны үл баригдах чөлөөт чанар, үл баригдахуйн шинжийг тусгажээ.
Бөмбөгөр оройт орон зайд 360 градус тусгасан өрөг бүтээлийг үзэгчид яг л тэнгэрийг ширтэх шиг дээш харж үзнэ. Энэ нь ертөнцийн гадуурх орон зайг ажиглах шиг, сансар огторгуйд хөвж яваа үй олон одод шиг, эсвэл үзэгч өөрөө тэр хар нүх рүү сорогдон орох шиг мэдрэмжийг төрүүлнэ. Энэ бол зөвхөн ганц л мэдрэмж. “Дүр-Үгүй”-д оноох ямар нэг дүр, агуулгын тайлбар үгүй. Харин түүнийг үзэгчийн дотор бүрэлдэх өөр өөр мэдрэмжүүд видеон дээрх өнгө өнгийн салангид биетүүд шиг хөвж байх аж.
Төгсгөл Үгүй
Орон зайн өрөг, медиа өрөг, видео арт, саунд арт, 360 видео төрлийг танилцуулсан “XXI” медиа урлагийн наадам өндөрлөлөө. Гадаад, монгол уран бүтээлчдийн хамтарсан үзүүлбэр, шинэлэг туршицууд, өнөөдрийн цаг үеийг тусгасан агуулга, цахим зохион байгуулалт зэргээрээ “XXI” наадам нэгэн шинэ хаалгыг нээж өглөө. Монголын урлагт медиа бүтээл шинэ юм биш болсныг “XXI” баталчихлаа. Бас цар тахлын сорилтыг медиа төрлийн онцлогийг харуулан хэрхэн “сөрөх”-ийг харууллаа. Ирэх жилийн медиа урлагийн наадам ямар агуулгын хүрээнд, ямар уран бүтээлчид оролцох нь хүлээлтээс дээгүүр хүлээлттэй үлдэж байна.