UBLife Logo
Ном

Яруу найрагчдын санал болгож буй хайрын өдөр унших ЕСӨН шүлэг

Ub.life
Ub.life
Яруу найрагчдын санал болгож буй хайрын өдөр унших ЕСӨН шүлэг

Монголын яруу найрагт сэтгэлгээ, өвөрмөц шүлэглэлийн арга хэлбэр, өнгө аяс, онцлогоороо хэдийн ялгараад буй орчин үеийн шилдэг яруу найрагчдын төлөөлөл Г.Лхагвадулам, Ж.Оргил, Э.Бүжинлхам, Л.Лхагвасүрэн, Ц.Гончиг, Л.Хасар, Х.Нямхишиг, Б.Батзаяа, Тө.Бямбасүрэн нар гурван жилийн өмнөх энэ өдөр өөрсдийн дуртай хайрын тухай шүлгүүдийг хуваалцсан байдаг. Бид энэхүү нийтлэлийг сэргээн уншигч та бүхэндээ ахин хүргэж байна.


Ганбатын Лхагвадулам

Г.Лхагвадулам нь яруу найргийн төрлөөр "Эцэсгүй замын дунд", "Борооны зүрх", "Эрвээхэй зүүд", "Дотно алс" номуудаас гадна Эмили Дикинсоны шүлгийн түүврийг орчуулан "Орчлонд илгээх захидал" нэрээр хэвлүүлсэн билээ. Тэрбээр э.э.каммингсийн дараах шүлгийг санал болгосон юм. Уг шүлгийг яруу найрагч Г.Лхагвадуламын өөрийнх нь орчуулгаар хүргэе. 

аз болоход, ямраар ч болов мэдрээгүй, 

аялж ч үзээгүй газрын минь нам гүм чиний харцанд байдаг. 

үл мэдэг дохих чинь 

намайг хөшөөж, дэндүү ойрхон учир 

хүрч болохгүй бүхэн болдог. 

гарын хурууд шиг биеэ эвхсэн намайг 

зэрвэсхэн харах чинь л нээж орхидог. 

хавар цаг анхны яргуйгаа дэлбээлүүлэх шиг 

хачин урнаар, нууцлаг гэгч нь чи намайг 

дэлбээ, дэлбээгээр минь нээдэг. 

чи л намайг хумьж атгахыг хүсвэл 

энэ л цэцгэн зүрхэн дээр их цасан 

эмзэг, алгуурхнаар буух нь төсөөлөгдөх шиг 

цэвэр ариунаар, гэнэтийн сайхнаар 

энэ бие минь, амьдрал минь төгсөнө. 

энэ ертөнцөөс хүмүүний ойлгож мэдэх юу ч 

эгшин зуурын эрхшээл, хүчтэй чинь эгнэхгүй. 

тэр л хүчний өнгө бүрт нь би автаж, 

амьсгалах бүртээ өнө мөнх хийгээд 

энүүхэндээ үхлийг таньж явна.

 

(чиний энэ, нэг хаагдаж, нэг нээгддэг зүйл 

чухам юу болохыг би мэдэхгүй. гэхдээ 

харцны чинь дуу бүх сарнайн дуунаас 

хүчтэй гэдгийг 

хаанаасаа ч юм бэ, ойлгоод байна) 

хэн ч, бүр бороо ч, 

чинийх шиг жижигхэн гаргүй.

Жаргалсайханы Оргил

Ж.Оргил яруу найргийн төрлөөр "Саранд үүрлэсэн шувуу", "Одод бороо шиг байхад" номуудыг хэвлүүлээд буй юм. Тэрбээр яруу найрагч Ц.Батбаатарын "Чамдаа-3" шүлгийг санал болгов.

Ахиад бид уулзахгүй ээ

Араас нь цас дарчихсан ийм үгийг 

Аргагүй дассан чамдаа л айлган гомдож хэлсиймаа

Аргагүй дассан ертөнцийн ус нь мэлтэлзэх хавраар

Ахиад л уулзах гээд зогсож байвал намайгаа уучлаарай

Хэзээ ч бид уулзахгүй ээ

Хэлтэрхий нь зүрхэнд шивсэн энэ үгийг

Хэтэрхий дассан чамдаа л хэгжүүрхэн гомдож зохиосиймаа

Хэтэрхий дассан ертөнцийн улиас нь шарлах намраар

Хэнээс ч асуусан олдохгүй бол намайгаа уучлаарай.

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Э.Бүжинлхам яруу найргийн төрлөөр "Намрыг мартагсад", "Сүнс урлал" номуудыг хэвлүүлсэн билээ. Түүний хувьд яруу найрагч Б.Батзаяагийн дараах шүлгийг санал болгож байна.

Гэрэлтэгч бяцхан охин минь,

одоо бүх юм сайхан болно

Гэрт чинь сэтгэл татам нэгэн хүү ирнэ

Дэргэд чинь сууна

Гал түлж, чамд хөгжим тоглож өгнө

Гараас чинь атгаад л тэр цаг хугацааг зогсооно.

Үргэлж түүнийг л хүлээдэг байснаа

уйтгар гуниг дунд хэр удаан амьдарснаа

Үүд рүү ширтэж, чимээ чагнаж

хичнээн шөнө уйлснаа чи мартана

Үнэмшин байсан бүхэн чинь

чам руу жаргалтайгаар ширтэхэд

Үнэхээр дулаахан болно

Чи минь ганцаардахаа болино.

Ламжавын Лхагвасүрэн

Л.Лхагвасүрэн яруу найргийн төрлөөр "Танихгүй ертөнцөд илгээх миний нэрийн хуудас", "Үндэс" номуудыг хэвлүүлсэн. Тэрбээр яруу найрагч Б.Болдсайханы "Мөрөөдөл" шүлгийг санал болгосон юм.

Дээлийг минь нөмрөөд 

Гадар жихүүцэлээ 

тайлж байгаасай билээ

Дэргэдээс минь налаад

Дотор жихүүцэлээ мартаж байгаасай билээ

Дорноос наран мандахад

Надад цай аягалж байгаасай билээ

Дуугүй бодлогошироход минь 

Духаа нийлүүлээд 

эрхэлж байгаасай билээ

Сарны гэрэлд шүлэг бичэхэд минь

Санаа алдаад

зөөлөн үнэрлэж байгаасай билээ

Сархад хундагалахад минь болиулж

Дарс мэт уруулаа өгч байгаасай билээ

Өдөртөө яваад ирэхэд

Өнө хол одсон мэт

санасан байгаасай билээ

Өвдгийг чинь дэрлээд хэвтэхэд

Үсийг минь илэн дуулж байгаасай билээ

Дээлийг минь нөмрөөд

Гадар жихүүцэлээ

тайлж байгаасай билээ

Дэргэдээс минь налаад

Дотор жихүүцэсээ мартаж байгаасай билээ

Цэрэннадмидын Гончиг

Ц.Гончиг нь яруу найргийн төрлөөр "Дээврээс дуслах хавар", "Цэцгийн нэртэй сууринд" номуудыг хэвлүүлээд буй. Тэрбээр яруу найрагч Б.Эрдэнэсолонгийн "Хийлийн тав дахь чавхдас" шүлгийг санал болгов.

Хайрлаж дурлана гэдэг

Хатталаа уйлж, нортлоо хүснэ гэсэн үг

Хайрлаж дурлана гэдэг

Чи бид хоёр хийлийн тав дахь

Чавхдас болно гэсэн үг

Хамгийн анх чиний надад өгсөн

Хав халуун шөнөөр

Ганцхан минь чиний надад бэлэглэсэн

Гал улаан хийлийн тав дахь утсан дээр

Гараа эсгэн байж хамтарч тоглосон

Гал халуун аяз болно гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Нэг лууван, хос вандуй

Нэжгээд бадамлянхуа цэцэг болно гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Чи над дээр авирч гараад

Чичирхийлсэн нүцгэн биеэр

Намайг таална гэсэн үг

Тэгээд, сүмийн алтан ганжир шиг

Чиний хоёр сайхан хөх хоорондоо мөргөлдөж

Тэгээд, сүмийн хүрэл хонх шиг

Дүн дүн дүнгэнэнэ гэсэн үг

Тэгээд, сар яг салж унах нь

Гэвч, муужгай минь

Сарних туяагаар нь тоглож амжина гэж би

Шивнэн хэлнэ гэсэн үг.

Аа... ааа.... амраг минь тэгээд,

Аянга урсаж, тэнгэр оддоор шуурна гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Олон хөөрхөн хүүхдүүд болчихоод

Онцолж тэдний нүдээр өөрсдийгөө харна гэсэн үг

Хайрлаж дурлана гэдэг

Хамгийн өндөр, бараг зуун давхар барилгын оройгоос

Хамтдаа доош үсэрнэ гэсэн үг

Өндрөөс огцом унах зуур

Нэг нь улайм цайм атгасан гараа тавьж,

Өөр хуруу, хумс, хөх, бөгс

Өөр эрхтэн, өр зүрхнээс

“Өрсөн барих вий” гэж цочирдон түгшинэ гэсэн үг.

Өдөр ч, шөнө ч гэрэлтэй эсвэл,

Таг харанхуй болно гэсэн үг

Өд сөд, даль жигүүр, хурц хумс

Урт соёо ургана гэсэн үг.

Хос Дракула, эсвэл хос хун,

Хоёр заан, усны үхэр, матар, могой, мэлхий,

Хос наймаалж болно гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Ажил дээрээ өөр юм бодно гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Хэвийн биш болж эхэлнэ гэсэн үг

Хэвийн биш зүйлс ярьж эхэлнэ гэсэн үг

Хэвийн биш зүйлс ярих нь

Хайрлаж дурлана гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Хатталаа уйлж, нортлоо хүснэ гэсэн үг

Хайрлаж дурлана гэдэг

Үхтэл амьдарч, үхтэл хуурч,

Амьдартал итгүүлнэ гэсэн үг.

Хайрлаж дурлана гэдэг

Хав хар, цав цагаан болно гэсэн үг

Хайрлаж дурлана гэдэг

Өөрөө үхмээр, эсвэл түүнийг

Хөнөөмөөр санагдана гэсэн үг.

Лхагвасүрэнгийн Хасар

Яруу найрагч Л.Хасар "Зүг чиггүй гурвалжин", “Бурханы нулимс” номуудыг хэвлүүлсэн билээ. Тэрбээр гурван жилийн өмнөх энэ өдөр өөрийн бичсэн "Хайр" шүлгийг санал болгож байв.

Миний хайр улаан өнгөтэй

Кармений даашинз шиг

Галзуурсан бухын нүд шиг

Миний хайр хөх өнгөтэй

Үзэгний бэх шиг

Тэнгэр шиг хөх

Миний хайр шар өнгөтэй

Хамба ламын дээл шиг

Хар тамхины цэцэг шиг

Миний хайр ногоон өнгөтэй

Усны замаг шиг

Ногоон дарь эх шиг

Миний хайр хар өнгөтэй

Хэрээ шиг

Шөнө шиг

Миний хайр

Солонгийн долоон өнгөтэй

Миний хайр солонго шиг 

Тэнгэр мэгшсэний дараа

Энд тэндгүй татдаг.

Миний хайр

Солонгийн долоон өнгөтэй

Миний хайр

Солонго шиг хоосон.

Хандхүүгийн Нямхишиг

Х.Нямхишиг яруу найргийн төрлөөр "Бөгтөр хөх өвс", "Зун гээсэн чөдөр", "Нэргүй ном", "Хөх цэгцгий жиргэнэ" номуудаас гадна Туркийн алдарт яруу найрагчдын шоронд бичсэн шүлгүүдийг "Хоёр үетэй үг" нэрээр хэвлүүлээд буй юм. Тэрбээр яруу найрагч А.Эрдэнэ-Очирын "Голын тохой дээр" шүлгийг санал болгов.

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад

Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой

Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран

Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл

Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов

Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш

Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж

Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү

Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж

Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод

Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө

Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж

Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад

Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна

Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж

Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэргэлээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд

Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой

Амрагийн санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа

Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа.

Батхүүгийн Батзаяа

Яруу найрагч Б.Батзаяа "Баяртай, гуниг минь...", "Догдлолууд", "Лонхонд байсан шүлгүүд" номуудыг хэвлүүлсэн билээ. Тэрбээр яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадуламын дараах шүлгийг санал болголоо.

Чамайг мэндлэхэд 

Тэнүүлч үзэсгэлэн гэртэй болсон 

Ярьж эхлэхэд чинь 

Тэнгэрт чамин үгс дууссан 

Алхах газрыг чинь зөөллөх гээд 

Ээжид чинь нулимс үлдээгүй 

Цочимхой нүдэн минь! 

Энд чамд илүүдсэн зовлон байхгүй 

Миний анх тэвэрсэн цагаан өлгий - 

Үеэлхэн минь! 

Чиний сүүдэр - бидний хайр 

Чамайг дааруулахгүй.

Төмөртогоогийн Бямбасүрэн

Тө.Бямбасүрэн яруу найргийн төрлөөр "Үдэлт", "Өнө удаан" номуудыг хэвлүүлсэн юм. Тэрбээр яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн "Ядуухан шаргалхан минь" шүлгийн санал болгож байна.

Ядуу боловч аз жаргалтай амьдралынхаа тэр үед бид дурлалцаж 

Баян боловч уй гунигтай амьдралынхаа энэ үед бид салцгаажээ. 

Эд баялаг бидний хоорондуур орсон, өөр хэн ч биш. 

...

Олон өрөөнүүд, бидний дундуур түлхэлдэн орж ирээд 

Ойлгож байна уу? Бид гар гараа нэг л мэдэхэд тавилцсан.

...

Үнэт эдлэлүүд өмсөөд чи өөрийгөө л хардаг болсон.

Дараа нь чи өөрийгөө ч хардаггүй болсон.

Үнэгэн дээлээ, булган дахаа үзэхийг чи гуйдаг болсон.

Нэг л мэдэхэд би чамайг биш, хувцсыг чинь хардаг болсон. 

Ээмэгний чинь чулууг, тэр чулуу хэр үнэтэй эсэх миний боддог зүйл болсон. 

Чи биш. Чиний тухай огт биш. 

...

Хичнээн хөөрхөн ядуу байсан юм бэ?! 

Нэг алимыг хичээнгүйлэн таллаж хуваадаг байлаа. 

Чамд би талынхаа талаас бас өгөхөөр үлдээдэг байлаа.

Хичнээн сайхан ядуу байв даа?! 

Дуугардаг төмөр ор, ганц хүний орон дээр хоёулаа тэврэлдэн хэвтдэг байлаа. 

Ганц орон дээр гурвуулаа болсон. Дараа нь дөрвүүлээ. 

Хүүхдүүд орон дээр зэрэгцээд бид хоёр шалан дээр, 

үргэлж хоёул тэр ор луу үнэт гоёхон ертөнц рүүгээ өндөлздөг байлаа. 

Хичнээн гоё ядуухан байсан юм бэ?! 

...

Ямар жигтэйхэн баян болсон юм бэ? Ядуугаас дор баян!

... 

Хүн харахад хүч чадлаар дүүрэн, эвгүй энэ эд баялаг ч бас 

биднийг хүмүүсээс тусгаарлажээ.

Анд нөхөд надтай биш мөнгөтэй ярих, би анд нөхөдтэйгөө мөнгө л ярих

...

Энэ сэдвээр голдуу ярьсаар гол минь царцчихжээ. 

Эд баялгаас өөрийг, хүний тухай, өвгөн аавынхаа тухай хуучилсангүй. 

Өвөөг минь өргөж оршуулсан сайн анд минь, ус мөрөн шиг мөнгөний нөгөө эрэгт үлджээ. 

...

Ямар аймаар баян болсон юм бэ би! 

Яасан их эд баялаг олоод, ямар ихийг би оронд нь өгсөн юм бэ?! 

...

Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь! 

Хоорондуур минь эд баялаг орж ирээд хоёр биесийг минь салгажээ 

Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь, 

Хорлогджээ чи минь, баян цонхигор минь! 

...

Хонгорхон гэнэхэн минь! 

Хоорондуур маань орсон эдийн энэ увдист чи минь илүү 

Хорлогдоод дуусчээ. 

Хонгорхон гэнэхэн минь! Чи минь!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
4
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.