Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Алисагийн тэмдэглэл: "Joker" киноноос сурч болох амьдралын 7 чухал зүйл


"Алисагийн тэмдэглэл" булан хэдэн өдөр нам гүм байлаа. Энэ хугацаанд би кино үзэж, кино тэмдэглэл хөтлөх, ном унших зэргээр цагийг өнгөрүүлж байв. Энэ үедээ нэг л зүйлийг улам ойлгож авсан нь сүүлийн хэдэн жилд хамгийн их хайрлан үзсэн кинонуудын нэг "Joker" байж гэх бодол. Түүнийг хүмүүс "азгүй амьтан" гэх өнцгөөс хардаг нь намайг бухимдуулдаг байв. Үнэндээ түүнд бүх асуудал дангаараа оршиж байна уу эсвэл энэ нийгэм, тэр дундаа хүмүүс бид хэн нэгнийг тийм байдалд түлхдэг үү? Бас ийм зүйл болгохгүйн тулд хүмүүс бид дор бүрнээ хандлага, харилцаагаа өөрчлөх ёстой гэдгийг хүмүүс ойлгож авсан болов уу?

Энэ удаа Артур Флек гэх хүнээс, энэ кинонд гардаг үйл явдлуудаас суралцан ойлгож авч болох зүйлсийн тухай өгүүлье. Үүнээс хойш ямар нэг кино, номоос ойлгож болох зүйлсийн тухай нийтлэл оруулж байх болно оо. Ямар ном, кино вэ гэдгийг санал болгон хэлж болно шүү.

Миний "♡ Алисагийн тэмдэглэл (HeavenPage) ♡" группд нэгдэж, юуны ч тухай хамаагүй сэтгэлээ нээн ярилцаж болно шүү.


Оскарын шагнал хүртсэн агуу хөгжмийн зохиолыг хамтдаа сонсоцгооё.

Spoiler warning!

1. Бусдад эелдэг хандаж бай.

Энэ бол кинонд хамгийн тод дүрслэгдсэн санаануудын нэг юм. Та бүхэн кинонд гардаг Гэри гэдэг одой залууг санаж байгаа биз дээ? Тэр юу ч шаардаагүй, зөвхөн Артуртай сайхан харилцахыг л хичээдэг байсан. Киноны турш Жокерын "өршөөсөн" ганц хүн тэр байсан юм. Өөрт нь муу санасан, муу зүйл хийсэн хүмүүс ямар нэг байдлаар шангаа хүртэж байсан ч түүнд сайн хандсан энэ залууг толгой дээр нь үнсүүлээд явуулсан нь маш том мессеж юм шүү. 

"Гэри, чи явж болно. Би чамайг өвтгөхгүй. Чи надтай сайхан харьцдаг байсан цор ганц хүн."

2. Бусдын яриаг анхааран сонсож бай.

Үнэндээ хүнийг чин сэтгэлээсээ анхааран сонсож, ойлгохыг хичээх тийм хэцүү зүйл биш л дээ. Харамсалтай нь надад хүртэл заримдаа ганц хоёр хүний яриаг анхаарахгүй байх асуудал тулгардаг. Энэ нь ярилцаж буй хүндээ сэтгэл өвдөм, таагүй мэдрэмж төрүүлдэг. Бид нэгнээ сайн сонсож чадвал түүнд гарах арга зам олж, түүний нөхцөл байдлыг илүү сайжруулж чадах ч юм билүү. Ердөө л сонсох. Гэхдээ толгойдоо "нэрж" сонсох. Ганц тэвчээртэй сонсож чадсанаараа та хэн нэгнийг аварч байж ч мэднэ.

3. Бусдыг дооглон доромжилж хэзээ ч болохгүй.

Заримдаа онцгүй, доромж үг хэллэг хүмүүсийн амнаас яаж тийм амархан гардаг юм бол гэж гайхахад хүрч байсан уу? Та нэг хүнд зүгээр л "царай муутай, бүдүүн" гээд хэлчихсэн байлаа гэхэд тэр хүн хэчнээн урт хугацаанд тэр үгийг мартаж чадахгүй, өөрийгөө зовоож явах бол? Та магадгүй хэлээд л орой нь мартаж болох ч муухай үгс хүний сэтгэлд яг л шимэгч адил наалдаж, улам томорсоор байдаг. Тэр хүний ухаангүй яарсан шийдвэрийн шалтгаан нь таны хэлсэн нэг үг, үйлдэл ч байж болно. 

Мюррей Франклиныг Артур маш ихээр хүндэлж, нэг л өдөр шоунд нь оролцоод тэвэрч байгаа мэтээр, түүнийг сайхан дулаахан хүн мэтээр харж мөрөөдсөөр ирсэн. Гэтэл Мюррей шоугаа хөгжилтэй болгож, дооглох гэж түүнийг урьдаг шүү дээ. Хэн нэгнийг хүндлэх сэтгэл үзэн ядалт руу хувирахад тийм ч хэцүү биш гэдгийг санаж явах хэрэгтэй. Хүнийг тоглоом мэтээр үзэж огт болохгүй.

4. Сэтгэц мэдрэлийн өвчин бол хамгийн том асуудлуудын нэг.

Энэ кинонд Артур анхнаасаа л хорон санаат алуурчин гэж гарсан гэж үү? Тэр бусдад инээд бэлэглэхийг л хүсдэг байсан. Эм ууж, цаг товлон нийгмийн халамжийн ажилтантай ярилцаж, ажлаа хийж, ээжийгээ асраад л. Гэвч түүнд хар багаас нь үүссэн шарх, сэтгэц мэдрэлийн өвчин эмгэг байсан юм. Үүн дээрээ хангалттай ажиллаж, эмчлэх гэж оролдоогүй, бас энэ тал дээр улс орон нь хангалттай анхаарал хандуулдаггүйгээс болж тэр асуудал улам бүр томорсон. Дээрээс нь санхүүжилт байхгүйгээс болж тэр эмчтэй уулзаж, эм ууж чадахаа больдог. Гэвч түүнийг аймшигт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг зүйл бол бусад хүмүүсийн ёс бус харилцаа, дээрэнгүй байдал байсан юм. Энэ нийгэмд хэрэв сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүст илүү анхаардаг, тусалж дэмжихийг боддог, хүмүүс ч мөн ойлгохыг хичээдэг байсан бол байдал өөрөөр эргэх байлаа.

5. Хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлыг орхилгүй, хүүхдийг багаас нь анхаарч байх.

Хүүхэд байхдаа Артур тийм аймшигтай хүчирхийлэлд өртөөгүй бол бусдын л адил явах байсан гэх бодол хамгийн сэтгэл эмзэглэм. Тэр өөрөө хүсээгүй, өөрт нь ямар ч буруу байхгүй атал бусдын буруугаас болж энэ байдалд хүрсэн юм. Тэр маш хэрцгий хүчирхийллийн зовлонг амсаж, дээрээс нь толгойдоо шарх авч, үүн дээр нэмэгдээд гэнэтийн цочролд орсон. Энэ нь түүнийг бусадтай ижил байх боломжоос хойш татах гол шалтгаан болсон. Тиймээс хүүхдүүдийг бага байхаас нь л эрүүл өсч торних тал дээр анхаарлаа бүрэн хандуулах хэрэгтэй. Мөн хэн нэгэн хүүхэд хүчирхийлэлд өртөж буйг олж мэдсэн бол зохих байгууллагад хандахаас бүү цааргалаарай! Хэн нэгний амьдрал бүрэн өөрчлөгдөж мэдэх тийм чухал зүйл юм шүү.

6. Мөрөөдөлдөө бууж өгөх хэрэггүй.

Артур анхнаасаа л урдаа тавьсан зорилготой байсан. Тэр бусдыг инээлгэж, шоунд оролцохыг хүсдэг байсан ч олон шалтгаанаас болоод бүтэхгүй явсан билээ. Мэдээж хэрэг Мюррейн шоуны үеэр төсөөлснөөс өөр зүйл болсон ч тэр эцэст нь гэхэд зорилгодоо хүрч чадсан шүү дээ. Амьдралд нь асар олон хэцүү зүйл ар араасаа тохиолдсон ч тэр Жокер болон, тэр дүр төрхөө олон нийтийн сувгаар харуулсан. Нэг ёсондоо өөрийгөө чөлөөлсөн. Ямар ч хүнд нөхцөлд байсан хэрэв урд тань зорилго бий бол бүтэхгүй гэх ямар ч зүйл үгүй. Яг хүссэндээ хүрч чадаагүй байлаа ч ямар нэг өөрчлөлт ирэх нь гарцаагүй.

Жокер өдөр болгон бөхийж, итгэлгүйхэн алхаж явсан шатаараа шоунд оролцох өдрөө яаж бүжиглэж буусныг та бүхэн санаж байгаа биз? 

7. Бид бүгд анзаарагдахыг, сонсогдохыг хүсдэг.

Ямар нэгэн зүйлд хамаатай, тэр талаараа адил хүмүүст анзаарагдах хүсэл бидний дотор бий. Бид бүгд л байх ёстой тэр газраа олохыг хүсэж, хайж ирдэг. Артур өөрийг нь барьж ирсэн бүх хүлээсийг тайлснаар бусдад анзаарагдсан. Бүр бусдыг дагуулсан ч гэж хэлж болох. Бас түүний амьдралд (төсөөлөлд) бүсгүй хүн орж ирж, түүнд анхаарал хандуулж буй тэр мөчид Артур байж болох хамгийн энгийн үе дээрээ байсан гэвэл та итгэх үү? Түүнд сэтгэц мэдрэлийн асуудал байхгүй, ямар ч муу муухай зүйл болоогүй мэтээр эмэгтэйтэй цуг эрх чөлөөтэй, жаргалтай байсан. Бид бүгд л хаа нэгтээ хамаатай, чухал, тэр зүйлийн нэг хэсэг гэдгээ мэдрэх дуртай. Тиймээс өөрийн байх ёстой газрыг, таатай орчинг, хамт байх ЗӨВ ХҮМҮҮСИЙГ олохыг хичээгээрэй. Өөрийнхөөрөө байж чадна гэдэг хамгийн том эрх чөлөө юм шүү. Ганцаардал биднийг огт анзаараагүй байхад үгүй хийж, амьдралыг үрж хаядаг учир таатай бүсээсээ гарч, амьдралдаа өөрчлөлт хийхийг хичээгээрэй. 

Сайн ч бай, саар ч бай, ямар ч байсан өөрчлөгдөнө.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.