Өнөө өглөө босож ирээд ийм нэгэн пост олж уншсан юм. Баримттай, нотолгоотой хэмээн ийм итгэлтэйгээр бичсэн постын араас мэдээж хэрэг жаахан судалж, ухаад үзтэл дээд ангийн ах эгч нараа хүндлэх ёстой, хэлснийг нь хийх ёстой гэсэн нэгэн төрлийн дээрэлхэлт, хүчирхийлэл үнэхээр их байсныг бас одоо болтол байж болзошгүйг харууллаа.
Энэ пост дөнгөж саяхан устсан. Бас яагаад устах болсныг мэдэхгүй ч энэхүү хэрэг яг одоо олон нийтийн дунд шуугиан болж буй учир энэхүү нийтлэлийг "Cancel Culture" буюу "Татгалзах соёл"-ын тухай илүү их мэдээлэл, баримт хүргэхээр та бүхэндээ зориулан бичиж байна. Энэхүү тохиолдолд хэн нэгэн гүтгэгдсэн, буруу ойлголт төрүүлсэн байх хандлагатай тул мөн олон нийтийн сүлжээгээр хэт их давшилж, муу муухай үгээр дайрахгүй байх нь нэн чухал.
"Cancel Culture" бол буруутай зүйл хийсэн, тэр нь илэрсэн хэн нэгнийг олон нийтээрээ буруутгаж, хариуцлагаа хүлээхийг шаардаж, хийсэн бүхнийг нь ил гаргаж, одоо хийж буй чухал төслүүдийг нь хүртэл зогсоож, олон нийтээрээ үл хүлээн зөвшөөрөх соёл юм. Гэхдээ энэ нь хэрээс хэтэрвэл буруугүй хэн нэгэн бусдын худал үгнээс болж асар их хохирол, сэтгэл санааны дарамтыг үүрч, эцэст нь амиа хүртэл егүүтгэж байсан харамсмаар түүхүүд олон бий. Иймээс аливаа юм хэмжээ хязгаартай байх нь нэн чухал билээ.
Гэхдээ манай улсын хувьд нэгэн асуудал байдаг нь гэнэт шуугиан тарьж, аливаа асуудалд бүгд анхаарлаа хандуулдаг ч долоо хонолгүй мартаж орхидог явдал юм. Үүнээс үүдэж аливаа том асуудалд орооцолдсон "олны танил" гэх хүмүүс хэсэг хугацааны дараа юу ч болоогүй мэт эргэн урлаг эсвэл соёл, олон нийтийн, улс төрийн ажил хэрэгтээ эргэн ордог тохиолдол их байна.
Хамгийн тод санаж буй нэгэн тохиолдол нь Б.Батчулуун болон С.Сэрчмаа хоёрын "онигоо" ярьдаг бичлэг. Хэн нэгэн эмэгтэй хүнийг тасартал нь согтоочхоод бэлгийн ажил хийхийг оролдсон нь нэг ёсондоо хүсээгүй байхад нь, өөрийгөө хянах боломжгүй байхад нь ашиглах гэж оролдсон буюу хүчингийн хэрэг гэхэд буруудахгүй. Гэтэл энэ тухай хөгжилтэй явдал хэмээн ярьж байсан нь, түүнийг нь сонсоод инээж суусан нь бүхэлдээ нийгмийг ихээхэн бухимдахад хүргэж байсан. Уучлал гуйсан удаа харин бий билүү? Нэг нь "Би инээд муутай, юуг нь ч мэдэлгүй инээсэндээ уучлал хүсье" гэсэн яриа өгч өөрийгөө өмөөрөөд явж байсныг харин тодхон санаж байна. Өөрийн групп дээрээ "Бүгд л ийм юм ярьдаг. Дархлааг нь дэмжиж инээлгэснийх нь төлөө миний крашийг буруутгаж байвал түй *** шүү" гэж бичээд л сууж байсан. Гэхдээ л эцэст нь энэ бүхэн мартагдаж, удалгүй өнөөх хоёр урлагийн хүн маань эргээд л үйл хэрэгтээ орж, бүгд юу ч болоогүй аятай хүлээн авсан. Бид хэзээ хэн нэгнийг буруу юм хийснийх нь төлөө жинхэнэ утгаар нь шийтгэж, жинхэнээсээ уучлал гуйтал нь ойлгуулдаг болох юм бэ? Энэ үйл явдал болоод жил ч болоогүй байхад нь нэвтрүүлэгт урьж, сурталчилгаанд тоглуулж байсан газрууд өөрсдөө бас буруутай гэдгээ ойлгох хэрэгтэй.
Гэтэл БНСУ-д болсон хэргүүдийг аваад үзье. Хамгийн сүүлийн буюу яг одоо өрнөж буй нэгэн шуугиан бол " Marry My Husband" олон ангит киноны жүжигчин Сон Ха-юн өмнө нь нэгэн эмэгтэйг цаг гаруй алгадаж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байсан тухай мэдээлэл ил гарсан явдал юм. Энэ талаар агентлагаас түүнийг сургуулийн хүчирхийллийн хэрэгт холбогдсоноос болоод өөр ахлах сургууль руу шилжиж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн, харин жүжигчин бүсгүй алгадаж байсан гэдгээ үгүйсгэсэн байна. Агентлагийн зүгээс алгадуулсан хохирогч эмэгтэйтэй уулзъя гэсэн боловч өнөөх эмэгтэй айгаад уулзаагүй гэх мэдээллүүд гарсан даруй харин жүжигчин бүсгүйн карьерт хэрхэн нөлөөлсөн гээч?
Түүний гол дүрд тоглосон “History of Lovers” драманы гарах хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, мөн интернэт даяар түүнийг карьер нь ийнхүү нуран уналаа хэмээн ярьж байна.
2021 оны хоёрдугаар сард мөн БНСУ-ын алдарт ихэр волейболчид болох Да Ён, Жэ Ён нар үндэсний шигшээ багаасаа хөөгдөж байсан. Тэд өмнө нь дунд, ахлах ангидаа тамирчдыг элдэв үгээр доромжилж, дарамталдаг байсан бөгөөд хутга барьж тулгаж айлган сүрдүүлдэг байсан нь илчлэгдэж хоёулаа дахин волейбол тоглох эрхээ хасуулсан. Тэднийг улс даяар буруутгаж, дахин ямар ч амжилтад гарах боломжгүй болтол нь бүх зүйлээр нь хааж боосон гэхэд болно. Улсаасаа хөөх тухай хүртэл хүмүүс ярилцаж байсан. Энэхүү шуугианаас хойш хүүхдүүдийг дээрэлхсэн асуудлууд илүү хурцаар тавигдах болж, цаашид амжилттай байх эсэхэд нь ч нөлөөлдөг болжээ.
Бидний сайн мэдэх "The Glory" драма баг зураг авалт эхлэхээс өмнө бүх жүжигчдийн хүүхэд байхдаа бусдыг дээрэлхэж, асуудал гаргаж байсан эсэхийг шалгаж байж гэрээ хийн, тоглуулж байсан байна. Мөн Өмнөд Солонгост сургуулийн дээрэлхэлтийн түүх 2026 оноос эхлэн элсэлтийн шалгалтын үр дүнд нөлөөлдөг болно гэх мэдээллийг өнгөрсөн жил гаргасан.
Гол нь БНСУ-д гэрчийг хамгаалах, өөрийн түүхээ хуваалцсан нэгнийг буруутгахгүй байх тал дээр анхаардаг. Харин манай улсад эсрэгээрээ.
Яг одоо шуугиан тариад буй жүжигчдийн дээрэлхэлтийн тухай асуудал дээр "Арчаагүй болохоороо дээрэлхүүлж байгаа юм", "Амжилт гаргаад ирэхээр нь л худлаа ингэж байна", "Угаасаа л байдаг зүйл, шалтгаантай болоод зодож байгаа юм" гэх мэт сэтгэгдэл маш ихээр харагдаж байна. Хохирогчийг буруутгах үзэл их учраас манайд хүмүүс тэр болгон өөрт тохиолдсон зүйлээ бичихээс айдаг гэхэд буруудахгүй. Магадгүй ямар ч арга хэмжээ авч, байдал дээрддэггүйн шалтгаан нь бид шүгэл үлээсэн нэгнээ огт хамгаалж чаддаггүйд л байгаа юм.
Энэ бүх үйл явдлаас хүүхдүүд ямар үлгэр дуурайлал авах вэ?
Солонгос улсад одоо хүүхдүүд нэгнээ дээрэлхэхгүй, хүн ёсоор харилцах ёстой, энэ нь буруу зүйл юм байна гэдгийг улс даяараа ойлгож эхэлж байна. Харин манайд яаж ч дээрэлхэж, юу ч ярьж, ямар ч асуудал тарьж байсан тэгээд л мартагдана гэж бодож байвал яах вэ? Нэг нь хэвлэл мэдээллээр мөнгө өгч худал мэдээлэл цацуулдаг, нэг нь өөрийн хүрээллийн хүмүүсээрээ худал яриа тарааж, гэрчийг, хохирогчийг буруутгаж, дарамталдаг, хэсэг бүгж байгаад л эргээд гараад ирэхэд нь хэн ч юу ч хэлдэггүй, бас ийм шуугианд холбогдоод байхад нь үргэлжлүүлэн зар сурталчилгаанд тоглуулж, кино дууг нь цацаж, түүнийг үзэж л байдаг. Энэ байдал засагдахаас нааш бид хэзээ ч бүрэн утгаараа хүнтэй хариуцлага тооцож чадахгүй.
Хэн нэгэн буруу зүйл хийхээсээ айдаг, өмнө нь алдаа гаргасан бол гэмшиж явдаг байх ёстой атал харин ч буруу зүйл хийсэн нэгэн нь илүү чадалтай, мундаг харагддаг хортой цаг үед бид амьдарч байна.
Дээрэлхэлт хүүхдүүдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалд өртөж сэтгэл санаа, эрүүл мэнд, авьяас, чадвар, амь насаараа хохирч буй олон тохиолдол бий. Мөн хэчнээн том болсон ч сэтгэлийн шархтай үлдэж, айдастай хоцордог. Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэгдсэн дүрэм, журам гэх зүйл тэр тусмаа манай улсад байдаггүй учир энэ тал дээр бид илүү нухацтай хандах шаардлагатай байна.
Монгол улсын 12-18 насны нийт 4264 хүүхдийг хамруулсан судалгааны үр дүнд хүүхдүүдийн 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэх дүгнэлт гарсан байдаг. Хүүхдийн эрхийн үндэсний комиссоос 10 хүүхэд тутмын 8 нь дээрэлхэлтэд өртдөг гэх судалгааг мөн гаргасан. Мөн сургуулийн орчинд дээрэлхэлт үйлддэг хүмүүсийн 47.5 хувь нь дээд ангийн хүүхдүүд, 15 хувь нь багш нар гэх үр дүн гарсан байна.
Гэхдээ хэрхэн хэтрүүлэхгүй байх вэ?
Аливаа зүйл хэт дутуу эсвэл хэт ихдэх үедээ л алдаа болдог. Жишээ нь БНСУ, АНУ-д "Cancel Culture" нэг хэсэг хэрээс хэтэрсэн гэхэд болно. Үүнээс болж хэн нэгний гаргасан цуурхлаар бусдыг шууд доромжилж дайрах, хохироох явдал их бий. Иймд бид аливааг хийхдээ цаад утга санааг нь илүү ойлгож байх хэрэгтэй юм. Тэр хүн рүү үгийн муухайгаар дайрч, сүрдүүлж, шившиг болголоо гээд бид эцэст нь тэр хүмүүсээс ямар ялгаатай болох билээ?
Тиймээс "cancel" хийх хамгийн зөв бөгөөд эрүүл арга нь тэр хүний уран бүтээл, хийдэг зүйлийг нь дэмжихгүй, үзэхгүй байх явдал юм. Ийм асуудал нь баттай нотлогдсон жүжигчний киног үзэхгүй байх, сурталчилдаг бүтээгдэхүүнийг авахгүй байх, олон нийтийн сүлжээг нь дагадаг бол дагахаа болих. Бизнес эрхэлдэг хүн байлаа гэхэд тэр бүтээгдэхүүнийг нь худалдан авахаа болих хэрэгтэй. Ингэж байж л жинхэнэ үр дүн өгөхөөс биш мянга хараал урсгаж, тэр хүний хамаг амьдралыг дэлгэж, олон нийтийн дунд шившиг болголоо гээд дээрдэх зүйл үгүй. Гол нь бидэнд яагаад ийм үйлдэл нэн чухал байна вэ гэвэл бид өнгөрсөн хугацаанд ямар ч олигтой үйлдэл хийж арга хэмжээ авч чадаагүй хүмүүс. Ганц хоёр жишээгээр ч болтугай бид үнэхээр буруу зүйл хийсэн хүнийг бурууг нь хүлээлгэж чадна шүү гэдгээ харуулахгүй л бол нийгэмд энэ бүхэн гаарсаар л байдаг. Энэ бүхнээс хүүхдүүд үлгэр дуурайлал авдаг. Бид буруу хүмүүсийг од, олны танил болгох тусам асуудал улам бүр нэмэгдэж, нийгмийн өнгө төрх тэр хэрээр л муухай харагдах болно. Иймд "Cancel Culture" буюу "Татгалзах соёл"-ыг бид эрүүл байдлаар нутагшуулах хэрэгтэй байна. Ядаж л тэр хүн олны өмнө гарч ирээд ёс суртахуунтайгаар уучлал гуйдаг болтол нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж л энэ нийгэмд үлгэрлэж байгаа, авч явж байгаа хүмүүсийг бид зөв хүмүүсээр дүүргэх боломжтой болж мэдэх юм. Гэхдээ юу ч баталгаатай биш. Олон нийт яаж дайрч давшлахыг хэн ч мэдэхгүй...
Тэгэхээр, буруутай хүмүүс улам бүр алдаршиж, хохирогчид буруудаж байгаа энэ үед хамгийн зөв гарц юу байх вэ?