Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Алисагийн тэмдэглэл: Миний дурсамжид үлдсэн "хамгийн анхны" гэх 7 чухал зүйл


Алисагийн тэмдэглэл энэ удаа бидний амьдралд тохиодог чухал зүйл болох "анхны" гэх мөчүүдийн тухай хуваалцах гэж байна. Та бүхний хувьд ч бас анх удаа тохиосон бүхэн маш их ухаарал, том дурсамж үлдээсэн байх. Гэхдээ яагаад юм бол гэж гайхаж үзсэн үү?

Бид өмнө нь хэнээр ч заалгаагүй тийм том хичээлүүдийг "анхны" гэх мөчөөс сурдаг юм билээ.

Та бүхэн миний "♡ Алисагийн тэмдэглэл (HeavenPage) ♡" группт нэгдээд, хүссэн асуултаа асууж, ярилцах боломжтой юм шүү. Мөн энэ тухай ч ярилцаж болох юм. Ухаарал, шинэ үүд хаалгыг нээсэн анхны мөчүүдээ сэтгэгдлээр хуваалцаарай!



1. Анхны краш

Өсвөр насанд бид нэгнээ шохоорхож, татагдаж, харахдаа ичингүйрч, тэнэг үйлдлүүд хийдэг шүү дээ. Миний хувьд анхны краш нэг ангийн эсвэл нэг сургуулийн хүн байгаагүй. Бас надад дэргэд нь ичингүйрч яваад шон мөргөх гэж мэт зүйл огт тохиолдоогүй. Учир нь миний анхны краш гадаад жүжигчин байсан юм. 10 жилдээ нэг өдөр яагаад ч юм бусдаас эрт ангиасаа гарч явахдаа би хороололд байх Өргөө кино театрт очиж "The Hunger Games" киног үзсэн. Бүх зүйл яг тэр киног үзэхэд нөлөөлж, цаанаасаа бүтсэн юм шиг л. Тэр үеэс хойш би ганцаараа кино үзэх дуртай болж, тэр кино, номын улаан фэн болсон. 

Тэр хүний бүх киног үзэж, зургийг нь хадгалж, төрсөн өдрөөр нь жижиг аяган торт авч дээр нь лаа асааж, хүмүүстэй тэр киноны тухай ярилцаад л, яагаад ч юм өдөр хоногууд үнэхээр өөр, ягаан өнгөөр бүрхэгдсэн мэт болж билээ. Краштай болно гэдэг ийм л нандин юм байна даа гэж тэр үед мэдсэн байдаг. "Зөв", "эрүүл" гэж хэлж болох шохоорхол таныг илүү сайн болгодог. Хэрэв буруу хүн бол, тэр хүнээс буруу үлгэр дуурайлал авсан бол шал өөрөөр хүмүүжих байсан ч юм бил үү гэж хааяа боддог шүү.

2. Анхны бие даасан аялал

Хамгийн анх би бусдын нэгэн адил Эрээн явснаар гадаад руу хийх аяллаа эхлүүлж байв. Гэхдээ бүх зүйлээ ганц өөрөө төлөвлөж, бие даан явсан анхны аялал минь ОХУ-руу, тэр дундаа Москва, Санкт-Петербург зэрэг том хотуудыг чиглэсэн юм. Тэр аяллаас би мөрөөдлөө биелүүлсэн нандин мөчүүдийг олж авч, маш олон зүйлийг сурч ойлгосон юм. Хэзээ ч мартагдашгүй энэ аялал миний ирээдүйд үзэх олон аяллыг ч зөгнөсөн мэт санагддаг. Үүний дараагаас би аялалд идэвхтэй дурлах болсон билээ. Нэг буландаа шигдэн суусаар байх биш, улам тэлэх ёстойгоо ингэж ойлгосон.

3. Анхны цалин

Ээж минь анхны цалингаараа эмээд цамц авч өгсөн тухай би багадаа сонсож байсан юм. Дараа нь оюутан болж, хичээлийнхээ хажуугаар UB LIFE сайтад ажиллах үедээ анх удаа цалингаа аваад ээждээ мөн л хувцас авч өгсөн байдаг. Яагаад ч юм ээжийн яриа сэтгэлд тод үлдсэн учраас тэр үед би үнэхээр жаргалтай байсан. Ирээдүйд миний хүүхэд ч бас ингэх болов уу гэсэн бяцхан догдлол дотор буй. Зүгээр л идэж уугаад үрэх бус, хайртай хүмүүстээ мартагдашгүй дурсамжийг мөн анхны цалингаараа бүтээж өгөөрэй. Мэдээж өөрийгөө шагнахаа ч мартаж болохгүй. Өөрийн хүч хөдөлмөрөөр олсон гэж бодоход ямар нандин санагддаг гээч. Гэр бүлийн бяцхан уламжлал байвал бас сайхан байгаа биз?

4. Анхны сонгууль

Анхны сонгууль минь туйлын сонин содон байж билээ. Саналаа өгөх гээд зогсож байхад нэг л тийм хариуцлагатай, чухал мэдрэмж төрж байсан. Би нас биед хүрч, нийгэмд нөлөөлж, үүргээ биелүүлэх тийм хүн боллоо гэж үү хэмээн гайхан баярлах, догдлох, бас сандрах... Хэнийг дугуйлснаа яг үнэндээ санадаггүй юм. Гэхдээ миний иргэний үнэмлэх дээрх аймшигтай зураг том зурагтаар дүүрэн харагдаж байсныг л маш сайн санадаг даа. Эргээд бодоход тун хөгжилтэй бас нандин санагддаг. Би аливаа зүйлд нөлөөлөх хүчтэй гэдгээ мэдрэх, ямар нэгэн зүйлийн нэг хэсэг гэдгээ мэдрэх сайхан байсан. Түүнээс хойш сонгууль өгөх нь ямар чухал бас тоохгүй орхиж боломгүй зүйл гэдгийг мэдэрсэн юм. Санал өгөхөөр явахад тэгтлээ удахгүй шүү дээ. Бүтэн өдөржин тэнд биднийг саналаа өгөөсэй гээд хүмүүс хүлээж, ажлаа хийж суудаг. Ямар нэгэн зүйл амлах үед нь л очдог биш үүргээ ухамсарлаж очдог хүмүүс гоё шүү! Бидний хөнгөн хандаж, үл тоомсорлож болшгүй зүйлсийн нэг энэ гэж санагддаг.

5. Анхны тэжээвэр амьтан


Өнгөрсөн шинэ жилийн баярын өмнөхөн манай гэрт нэгэн шинэ гишүүн нэмэгдсэн нь 1 нас ч хараахан хүрээгүй байгаа Мика юм. Орцонд даараад сууж байхдаа хаалга онгойхтой зэрэгцэн гүйгээд ороод ирсэн болохоор "бэлэг" гэх утгатай энэ нэрийг өгсөн юм. Их сахилгагүй, гэхдээ бас хүний арга олоод, өрөвдүүлээд, хайр хүргээд өөрийн хүссэнээ хийлгэж дөнгөдөг адтай амьтан. Холдоод явахаар санана, хааяа хийдэг үйлдэл нь чухал хурлын үеэр бодогдож инээд хүргэнэ. Тэр чигтээ л шинэ туршлага байсан даа. Элсийг нь яаж цэвэрлэхээ, ямар хоол авч өгөхөө мэдэхгүй л эхэлж байлаа. Харин одоо бол манай гэр нэг атамантай болчихсон. Магадгүй ирээдүйд өөр хэн нэгэнд анхаарал халамж тавьж, хүүхэдтэй болохын бэлтгэл бололтой гэж бодсон шүү. Бяцхан тэжээвэр амьтад бол яг л хүүхэд гэсэн үг. Эхний өдрөөсөө л таны зүрхийг, хайрыг булааж, таны дэргэдээс холдохгүй хань болно доо. 

6. Анхны хагацал

Та хамгийн хайртай хүнээсээ хагацаж үзсэн үү? Дахин хэзээ ч эргэн ирэхгүйгээр яваад өгөхөд нь яг үнэндээ бидний амьдрал хэмнэлээ алдаж, яахаа мэдэхээ байдаг. Яг л энэ мөчөөс том өөрчлөлт ирнэ. Маш олон зүйлийг сурч, олон сорилттой нүүр тулна. Магадгүй бид жинхэнэ утгаараа өөрсдийгөө олж авдаг, таньдаг тэр үе байх. Хагацал гэж үзээгүй надад тэр мөч цочирдом, урьдчилан таамаглаагүй байдлаар ирсэн. Тийм ч болохоор би өөрийн хамгийн өрөвдөлтэй байдлыг олж харж чадсан билээ. Бас хамгийн хүчтэй байж чадахаа ч мөн адил. 

7. Анхны бичвэр

Хамгийн анх би 60 гаруй хуудастай дэвтэр дээр гараараа анхны бичвэрээ буулгаж байв. Тэр их хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл намайг өдий хүргэсэн гэлтэй. Яг тэр л бичвэрээс хойш би өөрийгөө бичгийн хүн болохыг мэдсэн байх. Хүн өөрийн ирээдүйн мэргэжлийг, сонирхлоо багадаа л олж мэдэж авдаг юм билээ. Яаж ч тойрч зугтсан, сатаарсан байлаа гэсэн бид хамгийн дуртай, түүнийг хийх үедээ таашаал авдаг зүйлээ хэзээ ч хаяж чадахгүй.

Та анхны гэх мөчүүдээ нандигнан хайрлаарай. Бас түүнээс сурсан, мэдэж авсан зүйлээ ухаарч, сэтгэлдээ тусган аваарай. Бид анх удаа ямар нэгэн зүйлтэй нүүр тулахдаа олон алдаа гаргана, төсөөлөөгүй зүйлийг ч хийнэ. Гэхдээ эцэст нь бид ямар нэгэн зүйл олж авсан байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.